• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 Ганц төлөөлөл: МУИС

🇲🇳 Ганц төлөөлөл: МУИС

Огцрох уу, эс огцрох уу? | Трампийн шинэ сенсац | Хүлээлт давсан $PEP

POWERED BY

Өглөөний мэнд! Энэ жил Монгол-Энэтхэгийн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотой Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Энэтхэгт 4 өдрийн айлчлал хийх бөгөөд тус айлчлал өнөөдрөөс эхлэх аж. Сонирхуулахад, өнгөрсөн 70 жилийн хугацаанд 2 улсын хооронд 40 удаагийн дээд түвшний айлчлал, 50 хамтын ажиллагааны гэрээ, санамж бичиг байгуулагджээ. 🇲🇳 🇮🇳 

*Нэг өдрийн өөрчлөлт.

U.S.: Доналд Трампийн Хятадын бараа, бүтээгдэхүүнд 100%-ийн нэмэлт тариф ногдуулах мэдэгдлийн дараа Америкийн хөрөнгийн зах зээл $2 их наядаар, криптовалютын зах зээл 24 цагийн дотор $9.4 тэрбумаар тус тус агшив.

NSO: Өнгөрсөн 9-р сарын инфляц 9%-д хүрлээ.

PPI: Зочид буудал, байр, сууцаар үйлчлэх үйлчилгээний салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс энэ оны 9-р сард 119.3 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны 2024 үеэс 18.4% өсжээ.

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮68 тэрбум болон $62.4 мянгын арилжаа явагджээ. Нийт төгрөгийн арилжааны 43.1% нь анхдагч зах зээлийн арилжаа аж.

🎓 Их сургуулиудын чансаа

Дэлхийн шилдэг их сургуулиудын чансааг тогтоодог Times Higher Education байгууллагын шинэхэн жагсаалт гарч, Английн Оксфордын Их Сургууль дэлхийн чансааг тэргүүлсэн бол Монголоос зөвхөн Монгол Улсын Их Сургууль (МУИС) багтжээ. 

🗺️ 2026 оны чансаа

Энэ жил World University Rankings 2026-д дэлхийн 115 орны 2.2 мянган их сургууль багтсан нь өнгөрсөн оны мөн үеэс 100 сургуулиар нэмэгдсэн үзүүлэлт болов. Тус жагсаалтад орохоор 3.1 мянган их сургууль хүсэлтээ ирүүлснээс 70.7% нь суурь болзлыг хангаж эрэмбээ тогтоолгосон аж. 

  • 🏔️ Ноён оргил: Дэлхийн ууган их сургуулиудын нэг Оксфордын Их Сургууль нь судалгааны орчны үзүүлэлтээр 10 дахь жилдээ дараалан дэлхийд I байр эзэлсэн ба нийт оюутны тоо 22 мянгад, нэг багшид ногдох оюутны тоо 10.4-д хүрчээ. 

  • 🌏 Хүчирхэг Ази: Хятадын 5 их сургууль энэ жил ТОП-40-т багтсан нь өнгөрсөн жилээс 2-оор нэмэгдсэн үзүүлэлт болсон бол Хонконг заах арга, боловсролын орчны үнэлгээ сайжирсны үр дүнд түүхэндээ анх удаа ТОП-200-т 6 их сургууль нь багтсан аж.

🇲🇳 Манай ганц

Энэ жил Монголоос дахин МУИС дэлхийн шилдэг их сургуулиудын тоонд багтаж, 1,501+ байрыг эзэллээ. Ерөнхий оноо өнгөрсөн оны мөн үеэс 8.9% өсөж 23.5-д хүрсэн бөгөөд судалгааны чанар болон гадаад хамтын ажиллагаа дээр томоохон ахиц гарсан нь жинтэй нөлөө үзүүлсэн аж. МУИС-ийн тухай сонирхолтой тоонуудыг харвал:

  • 15.8 мянга: Нийт 15.8 мянган оюутан МУИС-д суралцдаг.  

  • 62%: Оюутнуудын 62% нь эмэгтэйчүүд бол үлдсэн 38% нь эрэгтэйчүүд. 

  • 18.4: МУИС-ийн нэг багшид дунджаар 18.4 оюутан ногдож байна. 

  • 7%: Суралцаж буй оюутнуудын 7%-ийг гадаад оюутнууд эзэлдэг.

Эцэст нь… Дотоодоос МУИС World University Rankings 2026-д багтсан нь бахархууштай үйл явдал мөн ч ганцхан сургууль байна гэхээр гунигтай. Учир нь Казахстаны хувьд гэхэд энэ жил 6 их сургууль тус жагсаалтад багтаад байна. 😐

  • 🧊 Давстай мөс ашиглан цахилгаан үүсгэнэ гэнэ үү? (SCMP)

  • 🧑‍🍳 Монгол хоолны соёл Филиппинд. (ABS-CBN)

  • 🦾 Ерөнхий сайд асан технологийн луугаруудад мэдлэгээ түгээнэ гэнэ. (BBC)

  • 🍰 Төсвийн мөнгөнөөс ийн хумсалсаар байдаг байх нь. (Ikon)

🥤 Хүлээлт давсан $PEP

PEP: Шингэн хүнсний томчуудын нэг PepsiCo-н борлуулалт өнгөрсөн улиралд 2024 оны мөн үеэс 2.6% өсөж $23.9 их наяд болсон ч цэвэр ашиг 11.1% буурч $2.6 их наядад хүрчээ. Нөгөөтээгүүр, нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) $2.29-д хүрсэн нь шинжээчдийн таамгийг эвдсэн үйл явдал байв. Үүний улмаас компанийн нэгж хувьцааны үнэ 3.7% өсөж $150.1-т хүрээд байна. 

📌 Огцрох уу, эс огцрох уу?

Өнөөдөр Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдыг огцруулах санал үргэлжилнэ. Үүний дараа Пүрэв гарагт чуулганы нэгдсэн хуралдаанаар шийднэ гэнэ дээ. Өнгөрсөн хугацаанд бид яг юу туулчхав аа?

‼️ 21 хоногийн тэмцлийн үр дүн

Өнгөрсөн 6-р сард 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ард иргэдийн эсэргүүцэл, шаардлагыг 21 хоног үл тоосны эцэст албан тушаалаасаа буусан билээ. Гэхдээ тэр сайн дураараа бус УИХ-аас өөрт нь итгэл хүлээлгэхийг хүссэн ч тусыг эс олсон учраас л буусан шүү дээ. Харин одоо бол сайд асан маань УИХ-ын гишүүний эрхээ эдэлж “Улсаа MCS гэж нэрлэе“ гээд сууж байна даа.

  • 🔻 121 хоногийн босгон дээрээ: Энэ огцролтоос хойш 10 хоногийн дараа Г.Занданшатар гишүүдийн 92.3%-ийн саналаар Ерөнхий сайд болсон сон. Тэрбээр томилогдсоноосоо хойш 4 хоногийн дотор ЗГ-ын гишүүдээ томилж 121 хоног ажиллаж. Гэтэл өнөөдөр түүнийг огцруулах санал асуулга үргэлжлэх гэж байна.

🔍 Дундаж нас: Богино

Бид өнгөрсөн 15 жилийн хугацаанд 6 ЕС-ын нүүрийг үзсэн. Тэдний ажилласан дундаж хугацаа 2.6 жил. Хамгийн урт нь 4.4 жил, хамгийн бага нь 1.2 жил ажиллаж. Тэгэхээр одоогийн ЕС-ыг огцруулах санал дэмжигдвэл ЗГ-ын дундаж нас бага дээрээ улам буурна гэсэн үг.

Тодорхой & Тодорхойгүй хэргүүд 🆚 Үндсэн ажил

Одоо бол улс төрийн хагаралдаан хурцдаж нүүрсний, мөнгө угаасан, төрийн мөнгөөр сурталчилгаа хийсэн, хуувилдаж явуулга хийсэн гээд маш олон хэргүүд яригдаж байна. Монголыг сурталчлах ажлын цаана хэдэн сая $-ын гэрээ нуугдаж байсан бололтой. Одоо бид энэ асуудлуудаа цэгцэлж үнэн, худлыг дэнсэлж, бидний өмнө тулгарч байгаа түм буман асуудлуудаа шийдэж урагшилмаар байна. Улс төрийн үймээн самуун, попрол дуусаж ажлаа хийдэг болоосой гэж залбиръя даа.

Тэртээ 2013 онд ДЭМБ хамгийн их бохирдолтой 7 голыг нэрлэсэнд Туул гол V-т бичигдэж байв. Тэр цагаас тус голын эко системийг сэргээх тал дээр дорвитой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрчээ. Тодруулбал,

  • Туул голын бохирдолд хамгийн ихээр нөлөөлж буй арьс шир, ноос, ноолуурын үйлдвэр, спиртийн үйлдвэр, эмнэлэг, авто угаалгын газрууд, хүнсний үйлдвэр гэхчлэн нийт 80 ААН байгаа аж.

  • Монгол Улсын Усны тухай хуульд зааснаар эдгээр ААН заавал өөрсдийн урьдчилан цэвэрлэх байгууламжтай байх ёстой ч, өнөөдрийг хүртэл нэг нь ч хуулиа биелүүлээгүй байна. 

  • Одоогоор 20 гаруй ААН л хашаандаа урьдчилан цэвэрлэх байгууламж барих ажлыг эхлүүлжээ. 

Тэгвэл 2027 оноос Туул голыг ихээр бохирдуулагч ААН-үүдийг цэвэр усаар хангахгүй гэнэ дээ. 

🗣️ CallPro Platform: Хэрэглэгчээ сонсоод бизнесээ өсгө

Хэрэглэгчидтэйгээ илүү ойр ажиллах цаг ирлээ! CallPro нь байгууллага-ажилтан-хэрэглэгчийн харилцааг оновчилдог олон улсын Омничаннел системийг Монголд анх удаа нэвтрүүлжээ. 📢

Энэ бол CallPro Platform үйлчилгээ юм. Тус үйлчилгээ нь байгууллагуудын хэрэглэгчидтэйгээ холбогддог утас, и-мэйл, мессенжер гэхчлэн бүх сувгуудыг нэгтгэж нэг интерфейсээс удирдахад тусална. Үүнээс гадна,

  • 🎯 Давуу талууд: Харилцагчийн мэдээлэл, харилцааны түүхийг нэг дор бүртгэх, AI-р хэрэглэгчийн үйлчилгээг автоматжуулах, бодит цагийн тайлан, үзүүлэлтэд тулгуурлан шийдвэр гаргах шийдлүүдийг цогцлоожээ.

  • 💡 Сонирхуулахад, HBR-н судалгаагаар омничаннел стратегийг хэрэгжүүлдэг байгууллагын хэрэглэгчийн үнэнч байдал 91% өндөр байдаг гэсэн шүү.

За тэгээд хэрэглэгчидтэйгээ яриа, мессеж мөн дижитал хэлбэрээр харилцдаг ямар ч түвшний, бүх салбарын компанид CallPro Platform тохиромжтой шүү.

📞 Холбогдох: 72727070

Grafa

🍋 Хятад Энэтхэгээс Америк руу хүнд газрын ховор элемент экспортлохгүй байх баталгаа шаардаж эхэллээ. 2010 оноос Хятад Америк руу хүнд газрын ховор элемент экспортлохоо зогсоосон бөгөөд тэр цагаас Америк шинэ түнш хайх, нөгөө талаар Хятадаас импортлогчид Америк руу дамлан нийлүүлэх гарцыг хайж эхэлсэн. Сонирхуулахад, дэлхийн нийт хүнд газрын ховор элемент олборлолтын 88%-ийг Хятад эзэлдэг.

🍋 Монголоос санаачлан боловсруулсан ISO 22786 стандарт олон улсын стандартаар батлагдав. Энэ нь Монголоос санаачлан боловсруулсан стандарт олон улсын стандартаар батлагдсан анхны тохиолдол болж буй бөгөөд Монгол ямааны ноолуурын үнэ цэнийг нэмэгдүүлж буйгаараа ач холбогдолтой аж. 

🍋 Berkshire Hathaway (BRK-B)-н Япон компаниуд дахь эзэмшлийн хувьцааны үнэ нийт $30 тэрбумыг давжээ. Тэрээр 5 жилийн өмнө 90 насны төрсөн өдрөөрөө Японы Mitsui, Mitsubishi, Itochu, Marubeni, Sumitomo зэрэг 5 компанид хийсэн хөрөнгө оруулалтаа зарласан билээ. Тухайн үед тус компаниуд дахь Berkshire-н эзэмшил нийт $6.3 тэрбум байсан бол өдгөө хувьцааны үнэ нь ийн 392% өсөөд байна. 

🍋 Японы ¥1.8 тэрбумын буцалтгүй тусламжаар Монгол инженерүүдийн боловсролын суурийг бэхжүүлнэ. Тусламж нь Японы дээд боловсролын тогтолцоотой адил түвшинд инженерийн боловсрол олгох зорилготой бөгөөд санхүүжилтээр Нийслэлийн 3 техникийн коллежид практик сургалтын зориулалттай тоног төхөөрөмж нийлүүлж, дадлагын байр барьж байгуулах нь.

  • Даваа: Төв банкны тойм гарна

  • Мягмар: Орон сууцны үнэ хэр өсөж

  • Лхагва: Улсын нэгдсэн төсөвтэй танилцах нь. 

  • Пүрэв: Банкнуудын нэгдсэн балансын үзүүлэлт гарна.

  • Баасан: Банкнуудын харилцах, хадгаламжийн үлдэгдэлтэй танилцах нь ээ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.