- Lemon Press
- Posts
- 🤷🏻♂️ Дотоодын бакалавр сонин биш
🤷🏻♂️ Дотоодын бакалавр сонин биш
Финтек VS Банк | ERDN: Анхны алтаа тушаав | НӨАТ-ын буцаан олголт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Өчигдөр УИХ-ын намрын чуулганы нээлт дээр ЕС “Айл бүрд морин цагт шинэ сууц руугаа нүүх баярт өдөр тохиох хүртэл тууштай ажиллана” хэмээв. Одоогийн Ерөнхийлөгч бол ЕС байхдаа чөмгөө дундартал ажиллана гэдэг байлаа. Шинэ ЕС айл бүрийг байртай болгохын төлөө тууштай ажиллах юм байна. Байрыг нь шийдвэл ядуурал, салалт буурах ажгуу. Ай хөө… 😶🌫️


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Ерөнхий сайд 2027 оноос НӨАТ-ын буцаан олголт нэмэгдэж, сар бүрийн ₮500 мянган хүртэлх худалдан авалтын НӨАТ бүрэн буцаан олгогдоно хэмээв.
MNG: Энэ оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын төсвийн алдагдал сүүлийн 4 жилийн түүхэн дээд түвшин болох ₮1.2 их наядад хүрээд байна.
CN: Хятадын эрх баригчид Nvidia (NVDA) 2020 онд Mellanox-г худалдан авсантай холбоотойгоор монополын зөрчил үүсгэн шалгаж эхлэхээ мэдэгдлээ.

📕 Дотоодын бакалавр сонин биш

Улаанбаатарын утаа учиртай, түгжрэл багатай байх тэр цагт ихэнх хүүхдүүд 10 жилээ төгссөнийхөө дараа дотоодын их, дээд сургуульд элсэн ордог байлаа. Гэвч сүүлийн жилүүдэд энэ хандлага эрс буурчээ. Тухайлбал, 2023-2024 оны хичээлийн жилд 2 төгсөгч тутмын 1 нь л дотоодын их, дээд сургуульд элсэн орсон аж.
🐪 Ботго улаан номд орох уу?
Тодруулбал, 2023-2024 оны хичээлийн жилд 35.5 мянган суралцагч 12-р ангиа төгссөнөөс 18.3 мянга буюу нийт төгсөгчдийн 51.5% нь дотоодын их, дээд сургуульд элсжээ. Энэ нь 2015-2016 оны хичээлийн жилээс 27.8 нэгж хувиар буурсан дүн юм. Өөрөөр хэлбэл, төгсөгчид Монголдоо бакалаврт сурахаас илүүтэй завсар жил авах, гадаадад суралцах, хөдөлмөр эрхлэхийг илүүд үздэг болсон хэрэг.
🔎 Хачирхалтай тоонууд
Өнгөрсөн хичээлийн жилд их, дээд сургуульд 117.3 мянган оюутан суралцсанаас хамгийн түгээмэл мэргэжлийн чиглэл нь эрх зүй ба 10.2 мянган оюутан суралцсан аж. Харин хамгийн цөөн нь хөдөө аж ахуйн кибернетик чиглэл бөгөөд ердөө 1 оюутан суралцжээ. Үүнээс гадна өөр хачирхалтай тоонуудыг хуваалцвал:
- 93.3%: Нийт бакалаврын түвшний оюутны 93.3% буюу 109.5 мянга нь Улаанбаатарт суралцдаг. 
- 63.2 мянга: Бакалаврын түвшний оюутнуудын 54% нь төрийн өмчит сургуулийн оюутнууд аж. 
- 64.5%: 2024-2025 онд төгссөн бакалаврын түвшний оюутнуудын 64.5%-ийг эмэгтэйчүүд эзэлжээ. 
🔻 Еэвэнгийн нөгөө тал: Гадагшаа гоожилт
Гадаад улсад суралцах зорилгоор Монголыг орхиж буй хүмүүсийн тоо жилээс жилд олширч 2015-2024 оны хооронд 214.7 мянгад хүрсэн байна. Үүнд бакалаврын түвшний оюутнууд бишгүй хувийг эзэлнэ. Энэ хэмжээгээр боловсон хүчин болон эцэг эхчүүдийн хуримтлал гадагш урсаж буй. Дотоодын боловсрол нь чанартай сан бол бүгд Монголдоо үлдэх байсан биз ээ.
Танд үлдээх асуулт: Монголын боловсрол секси болж чадах уу? Хэрэв тийм бол яаж?

🍾 ERDN: Анхны алтаа тушаав
ERDN: Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшний Баянхөндий төсөл ашиглалтад орж, анхны бүтээгдэхүүнээ Монгол улсын эрдэнэсийн санд тушаажээ. Энэхүү төслийн батлагдсан алтны нөөц 513.7 мянган унц бөгөөд жил бүр дунджаар 85 мянган унц алт олборлох тооцоотой аж. Өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 0.4% өсөж ₮18,970-т хүрчээ. Ингэснээр $ERDN-н зах зээлийн үнэлгээ ₮1.2 их наядад хүрээд байна.

- 🪪 Damn! AI-г хуурамч бичиг баримт үйлдэхэд ашиглаад эхэлж. (BloombergAsia) 
- 🏆 Телевизийн салбарын шилдэг бүтээлүүд тодорчээ. (LATimes) 
- 👨🏻⚖️ Алдарт Rolling Stone-н толгой компани Penske Media Google-г шүүхэд өглөө. (TechCrunch) 
- 👁️ Нүдний дусаалга харааны нүдний шилийг орлох боломжтой гэнэ үү? (TheGuardian) 

Гадаад шилжүүлэг: Банк 🆚 Финтек…

Та гадаад шилжүүлэг хийхдээ банк болон финтек апп-ийн алиныг нь түлхүү ашигладаг вэ?
🤝 Баталгаат уламжлалт сэтгэхүй
Монгол Улсын олон улсын мөнгөн шилжүүлэг өнгөрсөн онд $447 саяд хүрч байв. Ерөнхийдөө гадаад шилжүүлэг жил бүр дунджаар 5%-7% өсөж байна. Трэндийн хувьд уламжлалт банкны хэрэглээ зонхилсон хэвээр байгаа ч финтек шилжүүлгийн апп-ийн хэрэглээ ч зэргэлдээ нэмэгдэж буй.
- 💡 Сонирхолтой судалгаа: Green Insight-н 500 хүнийг түүврийн аргаар оролцуулсан судалгаагаар ХААН Банк (KHAN), TDB (TDB), Голомт банк (GLMT) танигдсан байдлаараа финтек апп-уудынхаас 10 дахин их байжээ. Ер нь л ОУ-ын шилжүүлэг гэхээр хэрэглэгчдийн санаад тус 3 банк нэмээд финтекээс Sendly (SEND), SendMN хамгийн түрүүнд орж ирдэг байх нь. 
🤔 Сонголтод юу нөлөөлөв?
Цаашилбал, судалгаанд оролцогчдын 70%-80% нь олон улсын мөнгөн гуйвуулгын апп-уудын талаар мэдээлэлгүй байгаа нь хамгийн онцлох хэсэг байв. Бодит байдал дээр дийлэнх хэрэглэгчид финтекийг зээлийн апп-аар төсөөлдөг. Гэтэл нөгөө талд SendMN, Sendly гэхчлэн гадаад шилжүүлгийн финтекийг төдийлөн мэддэггүй аж. SendMN-н апп гэхэд нийт үйлчилгээнийх нь 95% нь гадаад шилжүүлэгт төвлөрдөг. Дан ганц шилжүүлэг гэлтгүй хил дамнасан QR төлбөр тооцоо, валют захиалга хийх гэхчлэн гадаад гуйвуулгын цогц үйлчилгээг авчхаж болно.
- 🧮 Тоо яръя: Өнгөрсөн онд SendMN-н дэлхийн 160 гаруй орон руу хийгдэж буй шилжүүлгийн сүлжээгээр $280.8 саяын дүн бүхий 630 мянга гаруй шилжүүлэг хийгдсэн байдаг. Уг үзүүлэлтийг энэ онд 1.3 сая шилжүүлэг, $400.6 саяд хүргэхээр зорьж буй. 
- 🤐 Яг баталгаатай юм уу? Гадаад шилжүүлэг дээр финтек апп-ууд банктай адил, заримдаа нэмэлт баталгаажуулалтыг хийдэг. Ялгаатай зүйл нь банкны шилжүүлэг 2-3 зууч банк дамждаг бол финтекийнх 1 эсвэл шууд шилжүүлдэг. Товчхондоо текнологижиа^2. 
Эцэст нь… Ирэх жил SendMN-н 10 жилийн ой болно. Монголд гадаад гүйлгээг апп-аар хийдэг болоод 10 гаруй жил болсон байна гэсэн үг. Финтек шийдэл бидний өдөр тутмын амьдралд нэвтрээд овоо удчихсан байгаа биз?

Excel дээр тодорхой өгөгдлийг бүх хуудас дээр нэгэн зэрэг хуулах арга сурцгаая. 👇
- Эхлээд Excel файлаа нээгээд өгөгдөл оруулах хуудаснуудаа CTRL дарж байгаад сонгоно. 
- Үүний дараа сонгосон хуудаснуудын нэрийн дээр Excel-н толгой хэсэгт “Group” тохируулга автоматаар гарч ирэх юм. 
- Дараа нь сонгосон хуудаснуудын нэгэнд очиж хуулсан өгөгдлөө оруулаарай. Ингэснээр оруулсан өгөгдөл бүх сонгосон хуудсан дээр ижил нүдэнд автоматаар гарах юм шүү. 
Хэрэв өгөгдлийг нэг биш, хэд хэдэн нүдэнд оруулах бол өгөгдлөө хуулаад эхний үйлдлийг давтаад File➡️Fill➡️Across Worksheets сонгоод болох нь ээ.


IMDb
🍋 Sony Pictures (SONY)-н “Demon Slayer: Infinity Castle” нээлтийн 3 хоногтоо дэлхий даяар $400 сая гаруй орлого олжээ. Тэр дундаа Хойд Америкийн зах зээлээс $70 саяын орлого олж, 26 жилийн өмнөх "Pokemon: The First Movie — Mewtwo Strikes Back" киноны тогтоосон $31 саяын рекордыг эвдсэнээр анимэ киноны түүхэн дэх хамгийн том нээлт болсны сацуу Box Office-г тэргүүлэв.
🍋 Энэ оны II улирлын байдлаар НДШ төлсөн ажиллагчдын 50% нь ₮2.4 саяас бага цалинтай байна. Тодруулбал, энэ хугацаанд НДШ төлсөн ажиллагчдын тоо 7.1% өсөж 830.8 мянга болсон аж. Онцлууштай нь, тухайн байгууллагын ажиллагчдын тоо их байх тусам сарын дундаж цалин нэмэгдэж буй. Үүнээс нийт ажиллагчдын ихэнх нь 50-99 ажилтантай байгууллагад ажиллаж байгааг харж болох нь.
🍋 Тарифын халуурлаас үүдэн BYD (BYDDF)-н зах зээлийн үнэлгээ энэ он гарснаас хойш $45 тэрбумаар агшжээ. Улмаар компанийн Хонконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцааны үнэ 7 сарын өмнө тогтсон дээд түвшнээс 30% унаж HK$105.2 болоод буй. Дайран дээр давс гэж, тэдний өрсөлдөгчид болох Geely (0175.HK) болон Leapmotor (9863.HK) нарын борлуулалт өнгөрсөн сард л гэхэд тус бүр 80% гаруй өсөөд байгаа.
🍋 Нийслэл Өмнөд Солонгосын Posco International корпорацтай хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэв. Энэ хүрээнд талууд саарал ус ашиглан дулаан хангамжийг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийг бууруулах төсөл боловсруулах, мөн төслийн ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллах аж. Гэснээс Posco International нь 2013 онд MCS групптэй хамтран $2 тэрбумаар нүүрснээс шингэн түлш гарган авах үйлдвэр барихаар хэлэлцэж байв.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг


Reply