🍄 Токсик тайлан

$KHAN хаан хэвээр | $TUM: 🅰️ 98.6% | Нийслэл 2040

POWERED BY

Шинэ 7 хоногийн мэнд! Манай Lemonade in Korea цувралын сүүлийн дугаар цацагдаж дууслаа. Маш онцгой зочин орсон шүү. Түүний түүхээр “Хүргэлт ирлээ” нэвтрүүлгийг хийсэн гэдэг. ЭНД дарж үзээрэй. Lemonade in Korea контент бүтэхэд хувь нэмрээ оруулсан бүх хүмүүст баярлалаа. 🍋🇰🇷

*Нэг өдрийн өөрчлөлт

GOV: Нийслэлийн 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан бүс тус бүрийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг эдийн засгийн төслүүдтэй уялдуулан боловсруулна

U.S.: Холбооны шүүгч Дональд Трампын 2 сарын 19-нөөс эхлэн төрсний зарчмаар иргэншил олгохыг хориглох зарлигийг түр хориглолоо

POL: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг батлав

OTC: ББЗЗ дээр өнгөрсөн 7 хоногт ₮29.3 тэрбумын арилжаа хийгдсэний ₮11.6 тэрбум нь анхдагч зах зээл дээр арилжаалагдав.

 👑 $KHAN хаан хэвээр

Монголын хамгийн том, хамгийн олон буюу 2.9 сая харилцагчтай ХААН Банк (KHAN) 2024 оныг ямар амжилтаар үдэв? 

🅰️ Санхүү үзүүлэлт: Ногоон

ХААН Банк өнгөрсөн жил цэвэр зээлийн хэмжээгээ 24.2% нэмэгдүүлж ₮11.2 их наядад хүргэжээ. Учир нь тэдний харилцах, хадгаламжийн нийлбэр дүн жилийн өмнөхөөсөө 14.6% өсөж ₮14 их наядад дөхсөн байна. Улмаар цэвэр ашиг нь 14.3% нэмэгдэж ₮638.5 тэрбумд хүрэв. Тэдний цэвэр ашгийн өсөлт ТОП-5 банк дотроо 4-т эрэмбэлэгдэж байгаа ч нийт дүнгийн 38.4%-ийг дангаараа бүрдүүлж байна гэхээр аргагүй л хаан байгаа биз? 

  • Ногдол ашиг 🆙: Улмаар тус банкны нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) жилийн өмнөхөөсөө ₮41.7-өөр нэмэгдэж ₮333.9-т хүрэв. $KHAN-н ногдол ашиг (НА)-ийн бодлогын хүрээнд энэ дүнгийн багадаа 40% нь 2024 оны НА болж олгогдоно. Угаас тэд 2023 оны цэвэр ашгийн 48.5%-ийг буюу нэгж хувьцаанд ₮141.73-ийн НА тарааж байв. Үүний өгөөжийг 2023 оны хаалтын ханшаар тооцвол 11.78% байжээ. 

🧐 Нарийн ухвал, юу гарах нь уу? 

Тус банкны хувьцааны харьцаа үзүүлэлтүүдийг харвал, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) нь 25.9% байна. Энэ нь банк өөрийн хөрөнгийг үр ашигтай удирдаж, өрсөлдөх чадвар, тогтвортой байдал өндөр байгааг харуулж буй. Нэмээд P/B харьцааг нь 2024 оны хаалтын үнээр тооцоход 0.9 байгаа нь $KHAN зах зээл дээрх үнэлгээгээр өөрийн бодит үнэ цэнээс багаар үнэлэгдэж байгааг харуулж байна. 

💭 Яаж тэлэв? 

Цаашлаад, тэдний 2024 оны үйл ажиллагааны тэлэлтийг харвал, олон улсын зах зээлд Монголоос анх удаа нийгмийн бонд гаргаж ногоон дата платформоо ч танилцуулаад амжсан. Нэмээд 2024 онд 5 удаа ОУ-ын байгууллагуудаас санхүүжилт, эх үүсвэр татсан тэд энэ он гарсны дараа ч $200 саяын санхүүжилт  босгоод байна. 

Эцэст нь… Нээлттэй банкнуудын үйл ажиллагаа тэлж, ашиг орлого нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагч бидэнд илүү өндөр ашиг хүртэх боломжийг нээж байна даа. 

 🅰️ 98.6%

TUM: Түмэн Шувуут ХК 2024 оны компанийн засаглалын кодексийн үнэлгээний тайлангаа гаргажээ. Улмаар 98.6% оноотой буюу засаглал хэвийн, эрсдэлгүй түвшинд үнэлэгдсэн байна. Үнэлгээг тодруулбал, компанийн ТУЗ-ийн бүтэц, зохион байгуулалтын үнэлгээ ганцаараа 100% биш буюу 91.7%-иар үнэлэгдсэн байна. Харин ТУЗ-ийн дэргэдэх хороод, тэдгээрийн чиг үүрэг болон оролцогч талуудын эрх ашгийн үнэлгээ өнгөрсөн жилийнхээсээ сайжирсан байна.

🍄 Токсик тайлан

Монголын цор ганц нийтийн тээвэр болох автобусаар зорчигчдын давтамж 2023 оноос 2.5 саяар нэмэгдэж 142.7 саяд хүрэв. Тус онд автобусны хамгийн эрэлттэй өдрөөр Мягмар гараг, эрэлттэй сараар 4-р сар тодорчээ. 

🐇 Туулайчид 

Монголд биш өөр улсад байсан бол иргэд автобусаар 142.7 сая удаа зорчсон гэхээр Улаанбаатар смарт карт ХХК дор хаяж өнгөрсөн онд ₮71.3 тэрбумын орлоготой ажиллах байсан. Харин Монголд учраас энэ компани бүдүүн бааргаар тооцоход ₮42.6 тэрбум орчмын орлоготой ажиллав.

  • 🫤 Ахиад… Товчоор бол нийт зорчигчдын 59.7% нь л автобусанд төлбөр төлж, үлдсэн 40.3% нь ямар нэгэн хөнгөлөлттэйгөөр төлбөргүй зорчсон гэсэн үг. Ахиад нэг сонин тоо нь тус хугацаанд төлбөртэй зорчилт 3.9% буурч, хөнгөлөлттэй зорчилт нь 11.6% өсөөдхөв. Уг өсөлтөд оюутны сарын хөнгөлөлттэй зорчих эрх 22-44 болж өссөн нь нөлөөлсөн.   

  • 🤦‍♀️ Төрийн минь татаас бат оршиг! Өөр нэгэн асуудал нь автобусны төлбөр 11 жил өсөөгүй явдал. Өсөн нэмэгдэх автомашины хэрэглээ нэмээд төрийн хөнгөлөлт гэсээр Улаанбаатар смарт карт ХХК сүүлийн 10 гаран жил алдагдалтай ажиллаж байгаа. Төр зорчих үнийг нь атгачхаад нэмээд үнэгүй зорчих эрхийг баруун, зүүнгүй тараагаад байхаар компани яаж ашигтай ажиллах вэ? Энэ бизнес эрхлэх эрүүл орчин мөн үү? Ер нь ийм хувьцаа эзэмшигч байх хэрэг байна уу? 

🙃 Урвуу логик 

Бид хаа сайгүй хүний эрх, тэгш байдлыг дэмжиж, ямар ч байдлаар ялгаварлан гадуурхахыг хүний оршихуйн эсрэг хамгийн том гэмт хэрэг хэмээн жигшдэг цаг үед амьдарч байна. Гэтэл энэ үг халамжийн өмнө ямар ч утгагүй буюу нөгөө утгаараа халамжийн хамгийн том халхавч. Мэдээж төрд зайлшгүй халамжлах ёстой хүмүүс байгаа ч бидний гол асуудал хавтгай тогтолцоонд маань оршдог.

Эцэст нь… Монголын төрийн хайр агуу шүү. Иргэдээ А цэгээс Б цэгт хүрэхийг нь хүртэл халамжлаад л. Энэ чигээрээ явбал төр бидний хайр зууны алдарт токсик хайр болж мөнхрөх байх аа даа. Иргэдээ ₮500 ч төлөх чадваргүй гэж харж байхын оронд үнийг нь чөлөөлөөд хүссэн компанийнхаа автобусанд, хүссэн төлбөрөө төлөөд явах орон зайг нь өгөөсэй.

Ажилгүйдлийн даатгалын шимтгэл 2025 онд 0.5% болж 2019 оноос 0.3 нэгж хувиар өссөн байна. Бусад нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээлэл яав ийв?

  • Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд ажил олгогч 2019 болон 2025 оныг харьцуулахад 0.8% ➡️ 0.5%, 1.8% ➡️ 1.5%, 2.8% ➡️ 2.5%-ийн шимтгэл төлдөг болжээ. 

  • Харин ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ 1991-1995 оны хооронд хамгийн бага буюу нийт 13.5% байсан бол 2021 онд хамгийн их буюу 19% болжээ. Харин 2021 оноос хойш энэ дүн 17% болсон аж.

🍋 Rolls-Royce (RYCEY) $11.1 тэрбумаар Их Британийн хааны тэнгисийн цэргийн шумбагч онгоцнуудын цөмийн реактор үйлдвэрлэнэ. Үйлдвэрлэл 8 жил үргэлжлэх бөгөөд 1,000 гаруй ажлын байр бий болгоно. Цаашид Их Британи Батлан хамгаалахын зардлаа ДНБ-ий 0.5% нэмж 2.5%-д хүргэснээр 15-20 жилийн хугацаанд 4 баллистик пуужингийн шумбагч онгоц бүтээнэ гэнэ. 

🍋 Бангкок агаарын бохирдлын түвшнээрээ дэлхийд 7-рт эрэмбэлэгдэж 352 сургуулийн үйл ажиллагааг зогсоов. Учир нь тус хотын агаар дахь хорт хавдар үүсгэгч тоосонцор (PM2.5)-ын түвшин ДЭМБ-аас тогтоосон стандартаас 7.2 дахин их буюу 1 м.кв-т 108 микрограмм хүрсэн байна. Гэтэл Улаанбаатарынх Баасан гаргийн орой 109 микрограмм байсан гэхээр л.   

🍋 Adidas (ADDYY) төв оффисынхоо 500 ажлын байрыг цомхотгоно. Одоогоор төв оффис нь 5,800 ажилтантай бөгөөд цаашид удирдлагын төвлөрлийг улс тус бүрийн жижиг нэгжүүдэд шилжүүлэх аж. Улмаар тэд өөрсдийн зах зээлд тохирсон шийдвэрийг шууд гаргах эрхтэй болох юм.

🍋 JP Morgan (JPM)-н Гүйцэтгэх захирал Жэйми Даймоны цалин 8.3% нэмэгдэж жилийн $39 сая болов. Үүний $1.5 сая нь үндсэн цалин, $37.5 сая нь гүйцэтгэлд суурилсан урамшуулал аж. Тэрээр JP Morgan-г 20 дахь жилдээ удирдаж байгаа бөгөөд ойрын 5 жилд Гүйцэтгэх захирлын албан тушаалаа өгөх гэж буй. Түүний албан тушаалд Марианн Лэйк, Трой Рорбау, Мэри Эрдос нар өрсөлдөнө.

  • 🔓 Жон Ф. Кеннеди, Роберт Ф. Кеннеди, Мартин Лютер Кинг нарын хэрэгтэй холбоотой нууц баримтууд дэлгэгдэнэ. (BBC)

  • 🎬 Дүрүүдийн дуу хоолой, эвлүүлэгт AI ашигласан Emilia Pérez болон The Brutalist оскарын шилдэг зураглал номинацид нэр дэвшжээ. (CNBC)

  • 👴 2025 онд Америкийн хүн амын 25%-иас илүү нь тэтгэвэрт гарна. (HBR)

  • 🗻 Балба Улс Эверестэд авирах уулчдаас авдаг хураамжаа 36% нэмж $15 мянга болгов. (MSN)

  • Даваа: Гаалийн тариф, татварт өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагыг хэлэлцэх гэж байна шүү. 

  • Мягмар: Үргэлжлүүлээд төрийн ордонд татварын тогтолцоогийн өнөөгийн байдал, шаардлагатай шинэчлэлийн талаарх цуврал хэлэлцүүлэг эхэлнэ.  

  • Лхагва: Microsoft, Meta, Tesla-н ээлжит санхүүгийн тайлангийн цуваа айсуй.   

  • Пүрэв: Араас нь Apple, Amazon, Visa өнгөрсөн улиралд хэр ажилласнаа тайлагнана.

  • Баасан: Өнгөрсөн 12-р сарын банкнуудын ногоон зээлийн тайлан гарна.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц.Цэлмэг, А.Бат-Эрдэнэ

Reply

or to participate.