- Lemon Press
- Posts
- 🇰🇷 10 франчайзын салбар = 1,000
🇰🇷 10 франчайзын салбар = 1,000
MSE H1: Өсөлт, өөрчлөлт | Цэвэр ашиг нь 34.1% өссөн $TGI | Тэгш, сондгойгоор явна
POWERED BY
Өглөөний мэнд! Тэгш үү, сондгой дугаарын хязгаарлалт айсуй. COP17-той холбоотойгоор 8 сарын 15-наас 9 сарын 12 хүртэл тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно гэнэ дээ. Бараг сарын хугацаанд дасал болтол үргэлжлэх нь ээ. 😬


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Энэ оны III улиралд өрхийн орлогын хүлээлт өмнөх улирлаас нэлээд саарах төлөвтэй байгаа бол зардлын өсөлт үргэлжлэх хүлээлттэй байна. Үүнээс үүдэн өрхийн хуримтлал буурах магадлалтай.
TTL: Тавантолгой ХК (TTL)-ийн хувьцааны үнэ сүүлийн 6 өдөр тасралтгүй өссөнөөр нэгж хувьцаа нь ₮44,760-т хүрлээ. Өчигдөр л гэхэд 10.36% өсжээ.
GOV: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын III ээлжийн ажил 21%-тай үргэлжилж байгаа бөгөөд ирэх оны 12-р сард ашиглалтад орно.

🔥 MSE H1: Өсөлт, өөрчлөлт

Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE) 2026 оны эхний хагас жилийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайлангаа танилцууллаа. Компанийн үйл ажиллагаа болон ашигт ажиллагаа хэр сайжрав?
📈 Хөрвөх чадвар нэмэгдэв
МХБ-ийн өнгөрсөн 4-р сард танилцуулсан "Хөрвөх чадварыг нэмэгдүүлэх тусгай хөтөлбөр" эхний үр дүнгээ өгч, хоёрдогч зах зээлийн арилжаа эрс идэвхэжсэн байна. Тодруулбал,
💥 Хоёрдогч арилжааны өсөлт: Үнэт цаасны хоёрдогч зах зээлийн нийт арилжааны дүн өмнөх оны мөн үеэс 13.2% нэмэгдэв. Үүнд хувьцааны хоёрдогч арилжаа 26.2%, бондын хоёрдогч арилжаа 79% тус тус өссөн нь зах зээл дээр бэлэн мөнгөний эргэлт, хөрвөх чадвар сайжирсныг харуулж байна.
📌 Зах зээл үүсгэгчийн үзүүлсэн нөлөө: Зах зээлд тасралтгүй арилжаа явуулж, хувьцааг идэвхжүүлэх үүрэгтэй Зах зээл үүсгэгчид (Market Maker) ажиллаж эхэлсэн нь энэхүү өсөлтөд гол хөшүүрэг болов.
📊 Бодит жишээ: Тухайлбал, Монос Хүнс ХК (MFC) дээр зах зээл үүсгэгч компани ажилласнаар хувьцааны авах болон зарах үнийн зөрүү 1.02%-аас 0.56% болж бараг 2 дахин буурчээ. Зарах, авах үнийн зөрүү ингэж багассанаар хөрөнгө оруулагчид бага зардлаар, илүү хурдан арилжаа хийх боломжтой болж буй.
🧐 $MSE-н тайлан юу болов?
Зах зээлийн хөрвөх чадвар сайжрахын зэрэгцээ Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн санхүүгийн ашигт ажиллагаа нэлээд сайжирчээ. Компанийн цэвэр ашиг 2026 оны эхний хагас жилд ₮23 тэрбумд хүрч, 2025 оны мөн үеэс 1.9 дахин буюу 91.7% өссөн байна. Энэ нь 2024 оны эхний хагас жилийн ₮17.8 тэрбумын ашгаас ч давсан үзүүлэлт бөгөөд хүүгийн орлого болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тэлэлт голлон дэмжжээ.
🔺 Хөрөнгө & Үнэлгээний тэлэлт: Компанийн нийт хөрөнгө 72.6% өсөж ₮1.5 их наядад хүрсэн бол зах зээлийн үнэлгээ нь 38.8% дээшилж ₮129.1 тэрбум боллоо.
👥 Илүү олон: $MSE-н үйл ажиллагааны тэлэлт, санхүүгийн үзүүлэлтүүдийн өсөлт нь жижиг хувьцаа эзэмшигчдийн сонирхлыг өдөөж хувьцаа эзэмшигчдийн тоо нь 3 мянгаар өсөж, 12.5 мянгыг давсан байна.
Эцэст нь… МХБ ирэх хагас жилд зах зээлийг улам гүнзгийрүүлэх зорилгоор Шорт арилжааг нэвтрүүлэх болон олон улсын технологийн салбарын индексэд суурилсан ETF бүтээгдэхүүнүүдийг арилжаалж эхлэхээр төлөвлөж байна. Эдгээр ажлууд ажил хэрэг болсноор зах зээлийн оролцогчдод илүү олон боломж нээгдэх хүлээлттэй байна.

🚨 УИХ-ын дарга Монголбанканд зээлийн мэдээллийн хуулийн хэрэгжилтийг сануулав. (gogo)
✂️ Сэм Альтман AI-н хурдаа сааруулахад бэлэн байна. (TechCrunch)
📚 Монголын төлөө зүтгэсэн анхны гадаад тагнуул хэн байв? (Baabar.mn)
🗯️ FIFA-н $20 тэрбумын хэлцэл UEFA-г уцаарлууллаа. (ESPN)

🤩 Цэвэр ашиг нь 34.1% өссөн $TGI
TGI: Энэ оны эхний хагаст Тэнгэр Даатгал ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 34.1% өсөж ₮6 тэрбумд хүрлээ. Энэхүү өсөлтөд даатгалын цэвэр хураамжийн орлого 36.6% нэмэгдэж ₮15.8 тэрбумд, хөрөнгө оруулалтын олз 32% ихсэж ₮4.5 тэрбумд, хүү, эрхийн шимтгэл болон бусад орлого 9.4 дахин өсөж ₮91.1 саяд хүрсэн нь голлон нөлөөлөв. Нөгөөтээгүүр, компанийн үйл ажиллагааны зардал 34.4% нэмэгдэж ₮5.2 тэрбумд хүрсэн аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар $TGI-н нэгж хувьцааны үнэ 2.7% өсөж ₮793 дээр хаагдлаа.

🇰🇷 Франчайзуудын Монгол дахь тэлэлт

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн Наадмын айлчлалын дараахан тус улсын хэвлэл мэдээллээр “Mongtan”, “Жижиглэн худалдааны шинэхэн тоглоомын талбар” тэргүүтэй мэдээлэл хөвөрснийг анзаарсан л биз дээ?
❌ Эрчимтэй тэлэлт, ✅ Дайлаар мордох…
Эдгээр мэдээ, мэдээлэл бидэнд хатуухан сонсогдож болох ч бодит байдал нь л энэ. Тухайлбал, Монголд хамгийн эрчтэй тэлж байгаа болон сүүлд нэвтэрсэн 10 франчайзын салбарын тоог тооцоод үзэхэд 1,000-ыг давж байна. Үүний дийлэнх буюу 85.8%-ийг монголчуудад 24 цагийн конвиненс сүлжээ дэлгүүрийн үйлчилгээг танилцуулсан CU Mongolia болон GS25 Mongolia бүрдүүлж буй.
🫨 Тэсрэлттэй тэлэлт: CU Mongolia ердөө 7 жилийн дотор 600 салбартай болсноороо энэхүү жагсаалтыг тэргүүлж байна. Дунджилбал, өнгөрсөн хугацаанд жилд 85.7 салбар нээсэн гэсэн үг. Хаяа залгаа GS25 Mongolia 5 жилийн дотор 258 буюу жилд дунжаар 51.6 салбар нээсэн үзүүлтээрээ 2-рт бичигдаж байна.
👥 Цаашлаад, тус 10 фрайнчазаас хамгийн эрт буюу Cafe Bene 2013 онд дотоодын зах зээлд нэвтэрч өдгөө 40 салбартай, Tom N Toms Coffee 2014 оноос үйл ажиллагаагаа эхэлж одоо 37 салбартайгаар үйл ажиллагаа явуулж буй.
🤔 Алтан дундаж нь жилд 3 салбар
CU болон GS25-г хасаад харах юм бол тус улсын франчайзууд жилд дунджаар 3 салбарыг зоолттой нээдэг гэж дүгнэж болохоор. Ялангуяа, 2023 оноос хойш зах зээлд нэвтэрсэн Mom's Touch, Mega Coffee, Dessert 39-н толгой компаниуд Монголын зах зээлээс олж буй ашиг, орлоготой холбоотойгоор цаашид зах зээлд эрчимтэй тэлэхээ ч идэвхтэй илэрхийлэх болсон.
🏃 Хамгийн сүүлийн үеийн жишээ л гэхэд, Mom’s Touch 20 дахь салбараа нээж, салбарын тоогоороо KFC Mongolia-н ард бичигдэх болсноо зарласан юм. Тэд 3 жилийн дотор 20 салбартай болсон эрчээ алдахгүйгээр энэ оны эцэс гэхэд салбараа ахин 5-аар нэмэх төлөвлөгөөтэй байгаагаа ч мэдэгдсэн.
Эцэст нь… Ер нь л франчайз бизнесүүдээр тогтохгүй тус улсын бараа бүтээгдэхүүнийг манай улсад эрэлттэй зарагддаг. Өнгөрсөн онд бол бид тус улсын №1 шар айраг худалдан авагчид болж байлаа. Өмнөд Солонгосын талаас Монгол дахь энэхүү амжилтыг үргэлжлүүлэхэд ихээхэн анхаарал хандуулж байгаагаас харахад уг давалгаа цаашид улам л эрчимжинэ үү гэхээс буурна гэж байхгүй болов уу.

3 сард +30%
Газрын тосны үнэ сүүлийн 3 сар дараалан 30% гаруй өссөн тул Оросоос авах бензиний тогмтол үнийг Оросын биржийн үнээр тооцож авч байгаа аж.
АИ-92 үнэ: +₮250-₮300
Улмаар дотоодын зах зээл дээрх АИ-92 шатахууны үнэ ₮250-₮300-өөр нэмэгдсэн бол дизелийн үнэ ₮100-₮150-өөр буурчээ.
250 мянган тн-ы шатахууны агуулах
Харин дотоодод 18 ААН банкны зээлээр 22 ш 250 мянган тн-ы шатахууны агуулах барьж байгаа бөгөөд 5%-85%-ийн явцтай байна.


Inc Magazine
🍋 Apple (AAPL) бүтээгдэхүүнүүдээ лизингээр худалдаална. Үнийн өсөлтөөс үүдэн хэрэглэгчид нь шинээр гар утас, компьютер худалдан авах нь эрс багассан тул тэд Klarna-тай хамтран 1-3 жилийн хугацаатай лизингийн үйлчилгээг санал болгож байгаа аж. Одоогоор зөвхөн Америкт л гэсэн шүү.
🍋 Америкийн 1 иргэнд ногдох өр $113,000-т хүрлээ. Тодруулбал, өнгөрсөн 6-р сард, Америкийн ЗГ-ын өр $39.5 их наяд буюу цар тахлын өмнөх үеэс 37% огцом өссөн байна. Үүнд Дональд Трамп 2 ч удаа Ерөнхийлөгчөөр ажиллахдаа улсын өрийг $2.2–$2.3 их наядаар нэмэгдүүлсэн нь нөлөөлсөн гэж буруутгаж байгаа аж.
🍋 Өмнөд Солонгос жуулчдыг шулдаг дотоодын үйлчилгээний байгууллагуудтай хатуу тэмцэхээ зарлалаа. Улмаар 8 сарын 4-нөөс эхлэн ЗГ жуулчдаас үндэслэлгүй өндөр үнэ авдаг зочид буудал, ресторан болон таксины үйлчилгээ эрхлэгчдэд илүү хатуу арга хэмжээ авах шинэ журмыг мөрдөхөөр болжээ. Ингэснээр зочид буудал, байр, орон сууцны үйлчилгээ үзүүлэгчид анх удаа зөрчил гаргавал 5 хоног, давтан зөрчил гаргавал 20 хоног хүртэл үйлчилгээг нь зогсоох арга хэмжээг авах нь ээ.
🍋 Энэ өвөл 435 борлуулалтын цэгээр 280,000 тн хагас коксон түлш, 120,000 тн сайжруулсан шахмал түлшийг айл өрхүүдэд борлуулна. Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 573 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ өвөл цахилгаан таслахгүй байх талаас нь Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж байгаа гэнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply