- Lemon Press
- Posts
- 🪤 Найзаа мадлав
🪤 Найзаа мадлав
ШХАБ-ын шинэчлэлт | Шунхлай ХХК-ийн бонд | $XAC ногдол ашиг
POWERED BY
Өглөөний мэнд! Хэрэв өнөөдөр “Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төв”-өөр орж ажил амжуулах хүмүүс байвал цагийн хуваарьт нь өөрчлөлт орсныг мартуузай! Учир нь Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын цагийн хуваарьт өөрчлөгдөж 08:00-17:00 цаг хүртэл ажиллахаар болсон шүү. 😎


*Нэг өдрийн өөрчлөлт.
MOF: Fitch Ratings Монгол Улсын зээлжих зэрэглэлийг B+/ Тогтвортой түвшинд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
BOM: Монголбанк өнгөрсөн сард 690.1 кг үнэт металл худалдан авч, он гарснаас хойш өссөн дүнгээр 7.7 тн үнэт металл худалдан аваад байна.
MSE: Өнөөдөр Шунхлай ХХК-ийн 12 сарын хугацаатай, жилийн 17%-ийн хүүтэй, нэгж бүрийг нь ₮100,000-ийн нэрлэсэн үнээр санал болгож буй бондын эхний транчийн арилжаа явагдана.
SUU: Сүү ХК ТУЗ-ийн Нарийн бичгийн даргаараа Д.Ану-Үжинг томиллоо.

🔜 Сайн уу? Зээлийн онооны систем

Өнгөрсөн 6-р сард Зээлийн мэдээллийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлагдсан билээ. Тэгвэл энэ сарын 10-наас эхлэн тус хууль хэрэгжихэд бэлэн болж 70 мянган иргэн, ААН-ийн зээлийн хугацаа хэтэрсэн хоногийн ангиллын мэдээлэл алга болоод байна.
🗓️ Хуулийн хэрэгжилт
Өчигдөр буюу 9 сарын 1-нд тус хуулийг хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкнаас холбогдох журмыг баталсан ба иргэн, ААН-ийн зээлийн мэдээллийн лавлагаанд өөрчлөлт оруулсан аж. Өмнөх журамд найдваргүй буюу хар жагсаалтад орсон иргэн авсан зээлээ бүрэн төлсөн ч дахин зээл авахын тулд 6 жил хүлээх шаардлагатай байв. Харин шинэ зохицуулалтаар хугацаандаа зээлээ төлсөн бол онооны систем үйлчилж, илүү таатай нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авах боломж нээгдэж байгаа нь чамгүй дэвшил юм.
⭐️ Тусгай финтекүүд
Хамгийн анх 2021 онд Монголбанкнаас зээлийн оноог тооцох финтек компани сонгон шалгаруулалтад 6-7 компани оролцож Бүрэн скор ЗМС болон Сайн скор ЗМС нар шалгарчээ. Зээлийн мэдээллийн тухай хуулийн шинэчлэлтэй холбоотой эдгээр компаниудын зүгээс бэлтгэл ажлаа өнгөрсөн жилүүдэд хангаж ирсэн аж. Жишээлбэл, Бүрэн скор ЗМС нь 2024 оны 4-р сард Монголд анх удаа зээлийн оноог нэвтрүүлсэн ба өдгөө 500 гаруй санхүүгийн байгууллага тэдний оноог ашиглаж, үйл ажиллагаандаа нэвтрүүлж, туршиж үзээд байна.
🖥️ Онооны систем: Бүрэн скор ЗМС-ын зээлжих зэрэглэлийн оноо 300-999 онооны хооронд тооцоолол бол Сайн скор ЗМС-ын хувьд 300-850 онооны хооронд тооцох гэнэ. Иргэдийн зээлийн дундаж оноо Бүрэн скор ЗМС дээр 650 байгаа ба анх удаа зээл авч буй иргэний оноо 511-ээс эхлэх аж.
Эцэст нь… Зээлийн онооны систем нь зээлээ цаг хугацаандаа төлдөг, сахилга баттай зээлдэгч нар илүү таатай нөхцөлөөр, хүү багатай, хурдан хугацаанд зээл авах боломжийг нээх бол зээл олгогч талд зээлдэгчийн санхүүгийн сахилга батыг тодорхой харж, эрсдэлийн үнэлгээний зардлыг бууруулах давуу талтай. Харин амьдрал дээр ирээдүйд гэрлэх хүмүүс нэгнийхээ зээлийн оноог хараад сонголтоо хийх боломжийг олгож байгаа юм уу даа. 😅

💰 $ХАС-н ногдол ашиг ₮18.9 тэрбум
XAC: Системийн нөлөө бүхий ХасБанк ХК-ийн ТУЗ 2025 оны эхний хагаст ₮85.9 тэрбумын цэвэр ашигтай ажилласан ба үүнээс ₮18.9 тэрбум буюу нэгж хувьцаанд ₮18-ийн ногдол ашиг тараах саналыг гаргажээ. Ногдол ашгийг Монголбанкны зөвшөөрлийг авсан эсвэл ногдол ашиг хуваарилах шийдвэр батлагдсан өдрөөс хойш 7 хоногт багтан тараах юм. Тус ногдол ашгийг тарааснаар банкны I зэрэглэлийн өөрийн хөрөнгийн хүрэлцээний үзүүлэлтэд 0.45 нэгж хувийн нөлөө үзүүлэх аж.

🏠 👐 Мандала Гарден - Нээлттэй өдөрлөг

Мандала Гарден Цогцолбор хороолол шинэ загварын байраа танилцуулах “Эдийн засагчтай нээлттэй өдөрлөг” зохион байгуулах гэж байна.
👇 Өдөрлөгт хүрэлцэн ирснээр:
105м² орчин үеийн интерьер засал бүхий цоо шинэхэн загварын байртай танилцахын сацуу нүүж ороход бэлэн болон удахгүй ашиглалтад орох 90-с дээш м2 бүхий орон сууцууд болон тэдгээрийн төлбөрийн нөхцөлүүдийн талаар мэдээлэл авах гэхчлэн тус хороололд орон сууц худалдан авахаар сонирхож буй хүмүүс бүхий л мэдээллээ нэг дороос авах боломжтой аж.
📍 Хаана: Яармаг арцатын ам, Мандала Гарден цогцолбор хорооллын борлуулалтын оффис
📅 Хэзээ: 9 сарын 6-ны өдөр, 10:00 – 17:00 цагийн хооронд
👉 Уулзалтад бүртгүүлэх бол ЭНД дараарай.

📰 Томоохон 30 медиа агентлагийг аль насныхан үзэж байна вэ? (PRC)
♨️ Татварын хуулийн шинэ төслийн секси саналууд болон иргэдийн хожил. (Baabar.mn)
🔻 Оюутан, сурагчдын зуны амралтын үеэр ChatGPT-н хэрэглээ огцом унадаг. (Futurism)
📨 АН үндсэн дүрэм, намын хөтөлбөрийн шинэчилсэн төслөө баталлаа. (iToim)

🆕 ШХАБ-ын шинэчлэлт

Өнгөрсөн Ням болон Даваа гарагт 20 улсын удирдагч нар Хятадын Тянжин мужид цугларч Шанхайн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Энэ жилийн уулзалт өмнөх жилүүдийнхээс хамаагүй илүү шат ахисан уулзалт болов.
👑 Түүхэн уулзалт
Уулзалтын үеэр 20 гаруй баримт бичиг, гэрээ, тунхаглал үзэглэгдсэн буюу том зураглалаараа ШХАБ-ын түүхэнд бичигдэх чухал уулзалт болж өнгөрөв. Мөн Астана хотноо болсон өнгөрсөн жилийн уулзалтыг алгасаж байсан Энэтхэгийн Ерөнхий сайд энэ удаагийн уулзалтад зүгээр ч нэг оролцолгүй Хятад, Энэтхэгийн харилцаа гэсэж буй томоохон дохиог дэлхий дахинаа өгсөн юм.
💏 Дайснууд биш хамтрагчид! Ши Жиньпин болон Нарендра Моди Ням гарагт уулзаж, хилийн маргаан 2 орны харилцааг тодорхойлох ёсгүй, цаашид дотоодын хөгжил, хамтын ажиллагааг тэргүүлэх чиглэл болгож, өрсөлдөгч биш хамтрагчид байхаар санал нэгдэв.
🥶 Найзаа мадлав: Харин Хятад Оросын урт хугацааны мөрөөдөлд мад тавьж, шинэ хийн хоолойн төслийг бус хуучин хийн хоолойн хүчин чадлаа нэмэгдүүлэхээ мэдэгдэв.
🤑🚉 Бодит дэмжлэг, бодит өсөлт
Цаашлаад, Хятад энэ онд ШХАБ-ын гишүүн орнуудад $280 саяын буцалтгүй тусламж үзүүлж, 100 гаруй төсөл хэрэгжүүлэхийн сацуу ирэх 3 жилд ШХАБ-ын банк хоорондын консорциумын гишүүдэд нэмэлт $1.4 тэрбумын зээл олгохоо мэдэгдлээ. Энэ нь удаан хугацаанд яригдаж буй ШХАБ-ын хөгжлийн банкийг аль болох хурдан байгуулахыг эрмэлзэж буйтай холбоотой.
Эцэст нь… Энэ удаагийн уулзалтаар Ши Жиньпин ШХАБ-ын гишүүн орнуудад бүгд хожих хамтын ажиллагааг санал болгож, нягт нөхөрлөе гэх санааг хамгийн их түгээв. Үүний тулд Бүс ба зам санаачилгыг эрчтэй урагшлуулах хэрэгтэй гэсэн юм. Доналд Трамп бүх улстай дайсагнаж буцаад эвлэрч байх зуур Ши Жиньпин нөхөрлөл, хамтын ажиллагаа нэрийн дор манлайллыг гартаа авч ШХАБ-ын сүнсийг буцааж дуудсан бодлого хэрэгжүүлэх нь дээ.

Excel дээр үнэлгээ хийхдээ тоо эсвэл хувь ашиглахын оронд эможигоор үнэлгээ хийвэл илүү сонирхолтой биш гэж үү?
👉 Ингэхдээ…
IF ба REPT функцийг хослуулж, тоон дүнг эможигоор харуулах боломжтой. Жишээ: А багана 1–5 хүртэл үнэлгээ гаргахад =REPT("⭐",A2) томьёог ашиглаад л A2 баганад эможигоо ⭐⭐⭐ гэх байдлаар харах боломжтой.
👉 Сэтгэл ханамжийн үнэлгээг (IF + Emoji)
Хэрэв хэрэглэгчдийн сэтгэл ханамжийн үнэлгээг гаргахаар бол =IF(A2>=4,"😊",IF(A2>=2,"😐","😡")) томьёог ашиглаж болох нь ээ.


Corporate Finance Institute
🍋 Монгол Улсын 2026 оны төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ₮1.3 их наядын алдагдалтай. ЗГ-аас Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барьсан бөгөөд ирэх онд тэнцвэржүүлсэн орлогыг ₮31.6 их наяд, нэгдсэн төсвийн нийт зарлага ₮32.9 их наяд буюу төсвийн тэнцэл ДНБ-ий 1.3%-ийн алдагдалтай байхаар төлөвлөжээ.
🍋 Өмнөд Солонгосын татваргүй барааны дэлгүүрүүдийн ашиг жилийн дотор ₩11.6 их наядаар буурав. Энэ оны эхний хагас жилд тус улс руу аялсан жуулчдын тоо өмнөх оноосоо 14.6% өсөж 8.8 саяд хүрсэн ч татваргүй барааны дэлгүүрүүдийн борлуулалт 14% буурч ₩6.3 их наядад хүрчээ. Учир нь жуулчид хэт үнэтэй тансаг бараа авахаасаа илүүтэй K-поп соёлтой холбоотой боломжийн үнэтэй бараа авах нь ихэссэн байна.
🍋 Өнгөрсөн II улиралд BYD (1211.HK)-н цэвэр ашиг 30% буурч ¥6.4 тэрбумд хүрчээ. Сүүлийн 3 жилийн хугацаанд BYD-н цэвэр ашиг огт буурч байгаагүй ч өнгөрсөн улиралд алдагдалтай ажилласнаа мэдээлснээр хувьцаа нь 1 өдрийн дотор 7% унав. BYD ийн алдагдалтай ажиллахад EV үйлдвэрлэгчид хямд үнийн төлөө хүчтэй өрсөлдөх болсонтой холбоотой аж.
🍋 Хятадын үйлдвэрлэл 5 сар дараалан агшив. Өнгөрсөн 8-р сард тус улсын Үйлдвэрлэлийн PMI индекс өсөлт ба агшилтын зааг болох 50 оноог давж чадалгүй 49.4-д хүрэв. Үүнд дотоодын эрэлт сул хэвээр байгаагийн сацуу үйлдвэрлэгчид Америктай хийх худалдааны тодорхойгүй байдлыг азнаж байгаа нь ихээхэн нөлөөлөв.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply