• Lemon Press
  • Posts
  • 🤑 Удирдлагын цалин хэд вэ?

🤑 Удирдлагын цалин хэд вэ?

Хонконг баячуудыг татжээ | $200 сая хэмнэх төлөвлөгөө | Lead With: Д.Жамъяншарав

POWERED BY

Morning! Зам хаасаар, ус тасарсаар, зам дээр түгжирсээр. Маргааш Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо, Баянхошууны гудамж дахь Тэс Петролиум ШТС-аас Жива маркет хүртэлх авто замын зүүн урсгалыг 6 цагаас 23 цаг хүртэл хааж, суурь болон өнгө асфальтбетон хучилт хийнэ гэнэ. Дараа нь хаана хаахыг хэн ч таашгүй юм даа. 🤔 Гэснээс бүх нийтийн амралтын өдрийн дараа Мягмар гарагт шинэхэн товхимлоор уулзъя. Өнөөдрийн товхимлоо шимтэн уншина уу. 🙏

*Нэг өдрийн өөрчлөлт.

POL: Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулна. Бүртгэл нь 6 сарын 18-ны өдрийн 17 цаг хүртэл үргэлжлэх аж.

BOM: Банкнууд I улирлын байдлаар ₮2.5 их наядын ногоон зээл олгосон нь нийт зээлийн багцын 5.7%-ийг эзэлж байна. Харин тогтвортой ойн менежмент, ойг хамгаалах чиглэлээр ₮4.7 тэрбумын зээл олгосон нь нийт ногоон зээлийн багцын 1%-д хүрэхгүй дүн гэнэ.

HK: BCG-н 2026 оны Дэлхийн баялгийн тайланд дурдсанаар, Хонконг $2.95 их наядын оффшор хөрөнгөтэйгөөр Швейцарыг гүйцэж, дэлхийн баячуудын хамгийн том санхүүгийн төв боллоо.

MSE: Өчигдөр МХБ (MSE) дээр ₮331.7 саяын арилжаа явагдсанаар Дархан нэхий ХК (NEH), Айтүүлс ХК (ITLS) тэргүүтэй 20 компанийн хувьцааны үнэ өссөн бол 22 компанийн хувьцааны үнэ буурсан байна.

🎙️ Д.Жамъяншарав: Хамгийн сайн ажилтан гэж багийн хамгийн сайн гишүүнийг хэлнэ 

Юнител Групп саяхан ирэх 20 жилийн стратегиа шинэ өнгө төрх, шинэ брэндингтэйгээр олон нийтэд танилцуулсан билээ. Үүнтэй холбоотойгоор бид тус группийн Гүйцэтгэх захирлаар 2022 оноос хойш ажиллаж буй Д.Жамъяншаравын манлайлал, карьерын замналыг хүргэхээр бэлтгэлээ. Тухлан уншина уу. 

Тэрбээр Юнител Группт 2010 онд Санхүү хариуцсан дэд захирлаар томилогдон ажилласнаас хойш карьерынхаа сүүлийн 16 жилийн замналаа тус групптэй хамт бүтээж яваа нэгэн юм. Мөн Юнител Группийн өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх 5 дахь Гүйцэтгэх захирал билээ. 

🤑 Удирдлагын цалин хэд вэ?

Өнгөрсөн онд зарим салбарт цалин эрчимтэй өссөн бол заримд нь өсөлт саарч, тодорхой албан тушаалуудын цалин буурах хандлага ажиглагджээ. Юу болоод байна вэ?

  • 📌 Судалгаа: Энэхүү нийтлэл нь Zangia.mn-н 2025 оны цалингийн судалгаанд үндэслэв. Тэд уг судалгааг 7 дахь жилдээ гаргасан бөгөөд цалингийн үзүүлэлтийг салбар тус бүрээр, албан тушаалаар нарийвчилж гаргадгаараа онцлог. Энэ удаагийн судалгаа 54 компанийн мэдээлэлд тулгуурласан аж. 

🎢 Хамгийн өндөр гэхдээ… 

2018-2025 оныг хамарсан 8 жилийн динамикаас үзэхэд уул уурхайн салбарын цалин хамгийн өндөр өсөлттэй хэвээр. Тодруулбал, уул уурхайн салбарын дундаж цалин 2018 онд ₮2 сая байсан бол 2025 онд ₮3.7 сая болж 85% өссөн. Албан тушаалын ангиллаар авч үзвэл, тус салбарын энгийн хөдөлмөр эрхлэгчдийн цалин 57%, инженер техникийн мэргэжилтнүүдийнх 13% зэргээр өсжээ. 

  • 🙀 Эсрэг үзэгдэл: Нөгөө талд уул уурхайн дунд шатны удирдлагын цалин 18%, дээд удирдлагын цалин ₮9.9 саяас ₮7.2 сая болж 27% буурсан нь компаниуд удирдах бүтцийн зардлаа ихээхэн танасныг илтгэж байна.

🥶 IT хөрөлт

Сүүлийн жилүүдэд цалингийн өсөлтөөр тэргүүлж байсан IT салбар 2025 онд хурд саагчтай тулгарав. Хэдийгээр тус салбарын 2018 оны ₮1.4 саяын дундаж цалин 2025 онд ₮3.4 саяд хүрсэн ч 2024-2025 оны хооронд ямар нэгэн өсөлт гараагүй байна. Нэмээд инженер, техникийн мэргэжилтнүүдийн цалин 24%, удирдлагын цалин 21%, мэргэжилтнүүдийнх 13% тус тус буурчээ.

  • 🤔 Яасан юм бол? Энэхүү бууралт нь компаниуд үйл ажиллагааны зардлаа оновчлох, хэт хөөсөрсөн өндөр цалинг тогтворжуулах, түүнчлэн AI-н нөлөө хөдөлмөрийн зах зээлд бодитоор нэвтэрч эхэлсэнтэй холбоотой байж болох юм.

💸 Хамгийн өндөр цалин

Барилга,ҮХХ-ийн салбарт удирдлагын цалин хамгийн өндөр байгаа аж. Тодруулбал, өнгөрсөн онд ₮8.4 сая болж 31% өсжээ. Удирдлагын цалин өссөн ч гол үйл ажиллагаа эрхлэгчдийн цалин 6% буурсан дүр зураг харагдав. Худалдаа, борлуулалтын салбарын хувьд энгийн ажил хөдөлмөр эрхлэгчид цалингаа 18% нэмүүлж чадсан ч менежерүүдийн цалин 11% буурчээ.

Эцэст нь… Уг судалгаатай дэлгэрэнгүй танилцахыг хүсвэл ЭНД-ээс мэдээлэл аваарай. 

  •  🎬 Монголын кино урлагт тодорхой хэмжээний төрийн оролцоо хэрэгтэй байна. (Baabar.mn)

  • 🌏 Forbes сэтгүүлээс 2026 оны Азийн шилдэг 30 залуу лидерийг тодруулав. (Forbes)

  • 📺 XII зуунд өрнөх “Jaadugar: A Witch in Mongolia” анимэ ирэх 7-р сард нээлтээ хийнэ. (AnimeTV

  • 🏷️ Meta-н Plus багц сарын $19.99, AI багц сарын $49.99-оор тус тус туршигдана. (TechCrunch)

🗞️ $CRM-н өсөлт болон уналт

CRM: Өнгөрсөн I улиралд Salesforce-н орлого өмнөх оны мөн үеэс 13% өсөж $11.1 тэрбумд хүрчээ. Ингэснээр цэвэр ашиг 36.7% өсөж $2.1 тэрбумд хүрсэн ба нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $3.9 болж шинжээчдийн таамгийг давсан байна. Мөн компанийн зүгээс $25 тэрбумын үнийн дүнтэй хувьцаа халааслах хөтөлбөрөө зарласан аж. Гэвч ирэх улирлын орлогын таамаг $11.3-$11.4 тэрбумын хооронд буюу шинжээчдийн хүлээлтээс бага гарснаар хувьцааны үнэ унахад нөлөөлжээ. Сонирхуулахад, он гарснаас хойш $CRM-н нэгж хувьцааны үнэ 33% унаж $177.5-оор арилжаалагдаж байна.

🇨🇳 Хятадад ахмадууд нэмэгдэв

Саяхан Хятадын Үндэсний Статистикийн Газраас 20 сая гаруй хүнийг хамарсан 1%-ийн түүвэр тооллогын дүнг танилцуулжээ. Товчхондоо хөгшчүүдийн тоо нь хүүхдүүдийг давсан гэнэ дээ.

📈 Юу болж өнгөрөв? 

Өнгөрсөн оны 11-р сарын байдлаар Хятадад 65-аас дээш насны хүн ам нийт хүмүүсийн 15.9%-ийг эзэлсэн бол 0-14 насны хүүхдийн тоо 15.3%-д хүрснээр 1949 оноос хойш анх удаа ахмад настнууд хүүхдийн тооноос давсан үйл явдал болжээ. Үүнээс гадна нэг өрхийн дундаж гишүүний тоо 2.5 болсон нь 2016 оны 3.1-ээс буурсан үзүүлэлт байв. 

👵🏻 Шинэ зах зээл

Урд хөршийн ахмад настнууд нэмэгдэхийн хэрээр шинэ зах зээл үүсэж байгаа аж. Тухайлбал, 2025 оны сүүлээр Хятадад 60-аас дээш насны хүн ам 323.4 саяд хүрсэн бөгөөд асаргааны роботын зах зээлийн нийт хэмжээ ¥10 тэрбумыг давна гэж таамаглаж байна. Үүнд өдөр тутмын асаргаа, аюулгүй байдлаас эхлээд нөхөн сэргээх эмчилгээ хүртэлх тусламж үйлчилгээ багтаад буй.

  • 🦾 E-Town: Бээжингийн E-Town дүүрэгт нээгдсэн ухаалаг асаргааны төвд гал тогоо, хоолны үйлчилгээг бүрэн роботжуулжээ. Түүнчлэн нөхөн сэргээх тасагт массаж хийх, шатар тоглох, цай бэлтгэх зэрэг чадвартай роботууд ахмад настнууд өдөр тутамд нь туслах болсон аж.

👥 Асуудлын сүүдэр

Хүүхдүүдийн тоо буурахын хэрээр ажиллах хүчний тоо цөөрөх үзэгдэл ажиглагдах болов. Судалгаанаас харахад, 10 жилийн өмнө нийт хүн амд эзлэх 15-59 насны хүмүүс 67.3% байсан бол өдгөө 61.9% болж буураад байна. Үүнтэй холбоотой Хятадад тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэж тэтгэврийн сангийн орлого багасах эрсдэл үүсжээ.

Эцэст нь… Хятадын Засгийн газар 3 жил тутам хүүхэд төрүүлэхэд ээлтэй 40 хот, 200 ажлын байр зарлах кампанит ажил өрнүүлж, шинэ төрсөн хүүхдэд мөнгөн дэмжлэг олгох бодлогоо үргэлжлүүлж байна. За тэгээд үр дүн нь яаж гарах бол гэдэг тун сонирхолтой. 

… Grammy-н шагналт энэхүү дууг 5 жилийн турш бүтээсэн бөгөөд маркетингийн кампанит ажлын тусламжтай дэлхий 55 улсын хөгжмийн жагсаалтыг байлдан дагуулжээ. Жоохон дөхүүлэхэд, энэ дууг дуулсан уран бүтээлчид Францаас гаралтай ажээ. Энэ ямар дуу вэ? Таасан бол уг дууг өнөөдрийн хийморийн сан гэж бодоод их ажлын өмнө нэг сайхан сонсоно байгаа. 🎧😌 

🍰 Kumo Kumo: Анхны чийзкэйкний concept дэлгүүрээ нээлээ!

Хөвсгөр зөөлөн чийзкэйкээрээ зартай Kumo Kumo брэнд Монголын анхны чийзкэйкний Concept дэлгүүрээ Шангри-Ла-д албан ёсоор нээжээ. Тус салбар нь Япон технологиор шинэхэн чийзкэйкийг хэрэглэгчдэд шууд хүргэдгээрээ онцлог юм. 

  • 🇯🇵 Kumo Kumo: "Kumo" гэдэг нь Япон хэлэнд үүл гэсэн утгатай ба энэ нь бялууны хөвсгөр, зөөлөн бүтцийг илэрхийлдэг. Kumo Kumo нь бусад бялуунаас уурын зууханд, нарийн технологиор жигнэж болгодог гэдгээрээ ондоо аж. 

  • 🎊 Шинэ салбар: Нээлтээ тохиолдуулан Kumo Kumo хэрэглэгчдэдээ ангаахай самар, кири бяслагийн амттай Pistachio Semi чийзкэйк болон Oreo жигнэмгийн амтыг Kumo Kumo-н зөөлөн бялуутай хослуулсан Oreo Semi чийзкэйкийг санал болгож байна.

Хэрэв та Kumo Kumo-н чийзкэйкийг амтлахыг хүсэж байсан ч туршиж үзээгүй явсан бол шинээр нээгдсэн Шангри-Ла дахь салбарын нээлтэд хүрэлцэн ирээрэй! Мөн semi чийзкэйктэй шинэ төрлийн зайрмагийг ч турших боломжтой гэнэ дээ. 🍦😋

Qmerit

🍋 Ирэх 2 жилд Улаанбаатар болон орон нутагт 500 орчим цахилгаан машин цэнэглэх ногоон өртөө барина. Улмаар 300 сая л шатахууны хэрэглээг халж, $200 саяыг хэмнэх гэнэ. ЗГ-ын тооцооллоор 2030 он гэхэд Монголд 50 мянган цахилгаан машины эрэлт бий болох аж. Ногоон өртөөний хүрээнд энэ онд Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулах бөгөөд 40 нь COP-17 хурлаас өмнө бэлэн болно гэнэ дээ.

🍋 KOSPI индекс (^KS11) 1 жил хүрэхгүй хугацаанд 2,000-аас 8,000-ыг давж өссөн нь Өмнөд Солонгосын үнэт цаасны салбарын ажлын байрыг эрс нэмэгдүүллээ. Салбарын ажилтны тоо өнгөрсөн улиралд ажилтан 39,711 хүрч өссөн нь 2008 оны санхүүгийн хямралаас хойших хамгийн өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн Mirae Asset компани 3,475 ажилтантайгаар салбартаа тэргүүлж байна.

🍋 Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Их Монгол Улсын тэгш ойн жилүүдэд 1024 бөх барилдуулах асуудлыг Ерөнхийлөгч тухай бүр шийдвэрлэдэг байхаар тусгажээ. Мөн аймгийн наадамд зургаа давсан бөхөд аймгийн харцага цол олгох зохицуулалтыг шинээр нэмж оруулахаар тусгасан байна. Энэхүү өөрчлөлт нь бөхчүүдийн цолны үнэлэмжийг дээшлүүлэх, түүх, соёлын тэгш ойн ач холбогдлыг нэмэгдүүлэх зорилготой гэнэ.

🍋 Монголбанкнаас Их Эзэн Чингис хааны алтадсан хүрэл баримлын эх загварт тулгуурлан бүтээсэн дурсгалын зоосыг албан ёсоор худалдаанд гаргалаа. Уг зоосыг орчин үеийн дэвшилтэт технологиор алт болон мөнгөн гэсэн 6 төрлийн сонголттойгоор үйлдвэрлэсэн байна. Нарийн хийцтэй, цөөн тоогоор бүтээгдсэн эдгээр зоос нь хөрөнгө оруулалтын болон цуглуулгын шинж чанартай бөгөөд ЭНД-ээс захиалах боломжтой.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.