• Lemon Press
  • Posts
  • 🥊 Оны сүүлчийн хүнд цохилт

🥊 Оны сүүлчийн хүнд цохилт

Уул уурхайн шинэ технологи | $GLMT: $20 саяын санхүүжилт | Гэнэтийн уналттай $AVGO

POWERED BY

Шинэ долоо хоногийн мэнд! Өчигдөр ТЦА-аас 2025 он дуустал тээврийн хэрэгслүүдийг дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцуулахаа мэдэгдсэн. Гэвч энэ тухай ТЦА-аас ХЗДХ-ийн сайд болон ЦЕГ-ын даргад мэдэгдээгүй тул энэхүү шийдвэрийг хэдхэн цагийн дараа цуцалжээ. Жинхэнэ холион бантан гэж энэ байх даа. 😂

LSE: ХНС бодлогын хүүгээ бууруулсантай холбоотой зэсийн үнэ түүхэн дээд үнээ шинэчилж $11,906-т хүрэв.

EBRD: ЕСБХБ бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн экспорт, импортыг дэмжих зорилгоор Голомт Банк ХК (GLMT)-д $20 саяын санхүүжилт олгожээ

OTC: Өнгөрсөн долоо хоногт ББЗЗ дээр ₮70 тэрбумын арилжаа явагдсаны 45.2%-ийг нь анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлэв.

🥊 Оны сүүлчийн хүнд цохилт

Татварын Ерөнхий Газраас 2025 оны улсын төсөвт ₮17.9 их наядыг төвлөрүүлэхээр төлөвлөсөн ч одоогийн байдлаар ₮15.5 их наяд буюу 86%-ийн гүйцэтгэлтэй байгааг мэдээллээ. Энэ нь ерөнхийдөө хувийн хэвшлүүдэд төрөөс барих энэ оны сүүлчийн хүнд цохилт бололтой шүү.

⚠️ ₮700 тэрбумын эрсдэл

2025 онд орон нутгийн төсөвт ₮6.5 их наядын татварын орлого цуглуулах байснаас одоо ₮5 их наяд бүрдсэн ба энэ эрчээрээ он дуусахад татварын орлого ₮700 тэрбумаар тасрах эрсдэл үүсээд байна. Уг асуудлын шалтгаан нь анх нүүрсний үнийг төсөвлөхдөө хэт өндрөөр тогтоосонтой холбоотой аж. Үүнийг шийдэхээр ТЕГ-аас хуримтлагдсан татварын өрийг барагдуулах ажиллагааг эрчимжүүлээд эхэлжээ. Тэгвэл татварын өртэй холбоотой анхаарал татах тоонуудын тоймлоё.

  • ₮6.1 их наяд: Татварын албанд 265 мянган татвар төлөгч бүртгэлтэйгээс 26% буюу 72 мянга нь ₮6.1 их наядын татварын өртэй аж. 

  • 30%: Нийт хуримтлагдсан татварын өрийн 30% болох ₮2.1 их наяд нь уурхайн салбарын компаниудад ногдож байна.

  • ₮10 сая: Татварын өртэй татвар төлөгчдийн дийлэнх буюу 54 мянга нь ₮10 сая хүртэлх татварын өртэй бөгөөд эдгээр татвар төлөгчдийн өр нийт өрийн 1.4%-ийг эзэлдэг.

🌪️ Дансыг чинь хаана

Татварын алба 2024 оноос өмнө үүссэн, 2 жилээс дээш хугацаанд хуримтлагдсан өрийг барагдуулахаар 9 мянга гаруй татвар төлөгчид нэхэмжлэх хүргүүлжээ. Хэрэв өрөө барагдуулахгүй бол хуульд заасны дагуу хөрөнгө битүүмжлэх, данс хаах зэрэг арга хэмжээг авч эхэлсэн аж. Үүний нэгээхэн жишээ бол Physical Asia шоунд Монголын багийг амжилт гаргахад томоохон үүрэгтэй ажилласан Spark Agency бөгөөд тэдний дансыг нийгмийн даатгалаас сануулга өгөлгүйгээр хаасан гэнэ. 

Эцэст нь… Ерөнхий сайд төрийн сангийн орлого тасалдахаас сэргийлж төрийн зүгээс төсвийг сахилга баттай зарцуулах чиглэл өгсөн. Нэмээд саяхан яригдаж байсан татварын өршөөлийн энэ байдлаараа хий хоосон үг болоод дуусах шинжтэй. 😶

  • 👤 Тэрбээр Цахиурын хөндийн стартап соёлын сүүдэртэй талыг илчилнэ гэнэ. (TechCrunch)

  • ⛓️ Terra блокчэйнийг үндэслэгч Do Kwon $40 хохиролтой луйврын хэргээр 15 жилийн ял авав. (CNN)

  • 🎮 Энэ оны тоглоомын салбарын шилдгүүд тодорчээ. (TheVerge)

  • 🪩 Танилц: Disco, Google-н цоо шинэ вэб хөтөч. (Blog.Google)

🔻 Гэнэтийн уналттай $AVGO

AVGO: Өнгөрсөн III улиралд чип үйлдвэрлэгч Broadcom-н орлого 2024 оны мөн үеэс 28% өсөж $18 тэрбумд хүрчээ. Тус өсөлтөд AI чипийн борлуулалт 74% нэмэгдсэн нь ихээхэн нөлөө үзүүлсэн бөгөөд нэгж хувьцаанд ногдох цэвэр ашиг (EPS) $1.9-т хүрснээр шинжээчдийн таамгийг эвдээд байна. Гэвч хөрөнгө оруулагчдын AI-тай холбоотой болгоомжлолоос үүдэн компанийн нэгж хувьцааны үнэ нэг өдрийн дотор 11.4% унаж $359.9 дээр хаагджээ.

🆕 Уул уурхайн олборлолтын шинэ технологи 

Канадын уул уурхайн технологийн компани Novamera саяхан “Surgical Mining” хэмээх байгаль орчинд хор хөнөөл хамгийн бага гэх тодотголтой шинэ технологийнхоо анхны олборлолтыг амжилттай хийжээ

  • ⛏️ Тус технологиор Канадын зүүн эрэгт орших Newfoundland and Labrador мужтай ойролцоо оршдог “Golden Promise” гэх алтны ордод олборлолт хийж байгаа аж. Тус орд нь Great Atlantic Resources эзэмшдэг алтны орд юм. 

🔎 “Surgical Mining” гэж юу вэ? 

Уламжлалт олборлолттой харьцуулахад тус технологи нь гүний зураглал, AI-д суурилан хүдрийн биетийг 3D загварчилж, роботын тусламжтайгаар олборлолт хийх буюу зөвхөн ашигт малтмалын илэрцтэй газарт л олборлолт хийх тул байгаль орчинд үзүүлэх нөлөө нь асар бага. Цаашлаад, олборлолт хийхдээ том диаметртэй өрмөөр тооцоолж, зурагласан хэсгээ л ухах юм байна.  

  • Иймээс л байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл нь хамгийн бага олборлолтын технологи хэмээн танилцуулаад буй. Уламжлалт аргаар олборлолт хийх үед ихэвчлэн том талбайг ухаж, зарим тохиолдолд тэсэлгээ хийдэг. 

  • Харин тус шинэ төрлийн технологи нь тэсэлгээ хийх шаардлагагүй төдийгүй олборлолтын хог хаягдал 95% хүртэл багасгаж, нүүрсхүчлийн ялгаруулалт 44% бууруулах, усны хэрэглээ бага гэхчлэн давуу талтай аж. 

🤝 Боломжит хамтрагчид

Great Atlantic-с гадна өнгөрсөн 10-р сард Канадын Northstar Gold, Novamera-н технологийг ашиглах гэрээ байгуулж, Cam Copper төсөл дээрээ ашиглахаар болоод буй. Тус орд нь зэсийн өндөр агууламжтай гэдгээрээ алдартай бөгөөд 93 олборлолтын нүхээр ойролцоогоор 116,000 тн хүдрийг 31 сарын турш олборлохоор төлөвлөжээ.

Эцэст нь… Уул уурхайн салбар, тэр тусмаа хариуцлагатай олборлогч компаниуд байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллөө тогтвортой байлгахын тулд үйл ажиллагаандаа хяналт тавьж, нөхөн сэргээлтээ зэрэгцүүлээд эрчимтэй хийгээд явдаг. Ойрын ирээдүйд уул уурхайн байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг эрс бууруулах шинэ технологиуд ар араасаа гарч ирэх нь ээ. Манайх шиг уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай орнуудад сайн мэдээ юм даа. 

Бидний өдөр тутамдаа өргөнөөр ашиглаж буй AI загварууд аливаа мэдээллийн талаар худал зохиох нь бишгүй олон. Тэгвэл хэн нь хамгийн худалч бол? AI загвар болон худал мэдээллэх эрсдэлийн %-ийг харцгаая:

  • Grok-3: 94%

  • Grok-2: 77%

  • Gemini: 76%

  • Deepseek: 68%

  • ChatGPT: 67%

  • Perplexity Pro: 45%

  • Copilot: 40%

  • Perplexity: 37%

Харж байгаачлан, дэлхий даяар хамгийн өргөнөөр ашиглагдаж буй ChatGPT л гэхэд аливаа мэдээллийн талаар үнэн хэлэх магадлал 40% хүрэхгүй байна даа. Тэгэхээр AI ашиглахдаа 7 хэмжиж 1 огтлох нь байна шүү. 🤥

🍊 Амттан биш, амин дэм бэлэглэ 

Гоё бэлэгний санаа өгөх үү? Чихэр, шоколад лав биш шүү. 🤭 Vitamin House Mongolia-с амин дэмээр баялаг бэлгийн багц гаргажээ. 📢

Vitamin House Mongolia-н бэлгийн багц руу өнгийе:

  • 🧩 Хэрэгтэй чиг, хөгжөөнтэй чиг: Бэлгийн багцад хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон амин дэмүүдийг бяцхан тоглоомуудын хамт цогцлоожээ.

  • 💯 Органик: Vitamin House Mongolia-н амин дэмүүд химийн нэмэлтгүй, байгалийн цэвэр найрлагатай гэдгээрээ онцлог юм.

  • 🎯 1 сумаар 2 туулай: Гэснээс ЭНД дарж тэдний худалдаалдаг ханиад, томууны үед хэрэглэх витаминуудтай танилцаарай.

Сонирхуулахад, 1 удаа 100г чихрийн агууламжтай бүтээгдэхүүн хэрэглэснээс хойш цусны дархлааны эсүүдийн бактери устгах үйл ажиллагаа 1‑5 цагийн турш буурдаг гэнэ шүү.

📞 Холбогдох: 9300-0505

🍋 Lululemon (LULU)-н Гүйцэтгэх захирал Кэлвин Макдоналд ажлаа хүлээлгэн өгнө. Тодруулбал, компани Alo Yoga зэрэг шинэ брэндүүд болон хувийн шошготой хуулбар бүтээгдэхүүн  үйлдвэрлэгчдэд зах зээлийн байр сууриа алдсанаар Америк дахь борлуулалт саарч сүүлийн 2 жилд хувьцааны үнэ нь нийт 61% унажээ. Улмаар Lululemon-н УЗ төлөөллийн тэмцэл хийж, $1 тэрбумын хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсон байна. 

🍋 СЗХ “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэх тухай журам”-ыг баталлаа. Журмыг Олон улсын үнэт цаас зээлдүүлэх холбооны зарчим болон олон улсын зохицуулалтын жишигт тулгуурлан боловсруулсан бөгөөд журам хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн үнэт цаасаа зээлдүүлэх замаар нэмэлт орлого олох, хөрөнгө оруулалтын багцаа илүү үр ашигтайгаар удирдах боломж нээгдэх юм. 

🍋 “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд 2022 оноос хойш импортын хамаарал нийт $379 саяар буурчээ. Энэ хүрээнд 2,522 ААН-д нийт ₮1.3 орчим их наядын хөнгөлөлттэй зээл олгосон бөгөөд улмаар 53 үйлдвэр шинээр ашиглалтад орж 1,000 орчим нэр, төрлийн бүтээгдэхүүнийг зах зээлд шинээр нийлүүлсэн байна. Жишээ нь, өндөгний хэрэглээнийхээ 45% л дотооддоо хангадаг байсан нь 80% болсон гэнэ.

🍋 ШУТИС Эндаумэнтын сан байгуулж “SMC” корпорацаас ₮2.5 тэрбумын хөрөнгө оруулалт татлаа. Хөрөнгө оруулалтын хүрээнд тус сургуулийн сургалт, судалгаа, инновацын үйл ажиллагаа, дэд бүтцийг дэмжих, цаашлаад оюутнуудыг Японд инженерийн мэргэжлээр дадлагажихад дэмжлэг үзүүлэх аж. Ийнхүү ШУТИС дан ганц сургалтын төлбөрөөс хамааралгүйгээр судалгаа, инновацыг дэлхийн түвшинд хөгжүүлэх боломжтой болж буй. 

  • Даваа: Сарын дундаж цалин өсөв үү? 

  • Мягмар: Үнэт цаасны зах зээлийн энэ оны эхний 11 сарын үзүүлэлт гарна

  • Лхагва: Банкнуудын нэгдсэн баланстай танилцана

  • Пүрэв: Банкнуудын зээлийн жигнэсэн дундаж хүүний статистик гарах өдөр

  • Баасан: Ипотекийн зайлан гарах нь ээ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.