!!️ Унтаа, утаа ХК

Анимэ бол ирээдүй | $AAPL: Эрэлттэй iPhone 17 | Монгол & Узбекистаны нийлүүлэлт

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Зам засвар, зам барилтын ажил үргэлжилсээр. Энэ удаад Яармагийн гүүрнээс Зайсангийн гүүр хүртэл 3.6 км авто зам барина гэнэ. Сур сур бас дахин сур биш зам зам бас дахин зам л болоод байна даа. 🙏

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Алт-3 аяныг хэрэгжүүлэх тогтоолд Ерөнхийлөгчийн тавьсан хэсэгчилсэн хоригийг УИХ хүлээн авах эсэх санал хураалтыг хойшлууллаа

KR: Монгол болон Өмнөд Солонгос Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд тарифт хөнгөлөлтөд хамрагдах барааны 90% гаруйг чөлөөлөхөөр тохиролцлоо.

MSE: МХБ (MSE) Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн журмыг өөрчлөлт оруулж, худалдан авагчийн дэнчинг спот, форвард арилжааны хувьд худалдах захиалгын нийт үнийн дүнгийн 10%, брокероор дамжуулбал 5%-тай тэнцүү болгов.

⁇ Унтаа, утаа ХК-ийн тоог нэмэх үү? 

Монголд ХК буюу нээлттэй компани байх утга учир алдагдсаар. Хөшгөө хааж нээдэг шиг нэг мэдэхэд ХК болж, гэнэт буцаад хаалттай компани болох. Нэмээд төрийн өмчид компани (ТӨК)-иудын реформын яриа газар авлаа. Энэ асуудал дээр яагаад хянуур хандах ёстойг жишээгээр харъя.

😶‍🌫️ 14 жилийн өмнөх IPO хийх мөрөөдөл

Монголын төмөр зам ТӨХК (MTZ) 2008 онд байгуулагдаж. Төмөр замын дэд бүтэц барих, төмөр замын тээвэр хийх чиг үүрэгтэй. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлэгч Тавантолгой төмөр зам ХХК, Монголиан порт групп зэрэг 5 хараат, охин компанитай аж. Тэд байгуулагдсанаасаа хойш ердөө 3 жилийн дараа буюу 2011 онд McKinsey-н дэмжлэгтэйгээр олон улсад IPO хийнэ гэж шуурч байв. Гэтэл одоо яав? 

  • 🥶 Дүнгэн данган: Хэдий компани тус ондоо багтаж ОУ-ын тавцанд гарах мөрөөдлөө орхисон ч 226,000 ширхэг хувьцаагаа МХБ (MSE)-ийн үнэт цаасны жагсаалтад бүртгүүлжээ. Бүртгүүлсэн зорилго нь ойлгомжгүй. Одоо бол арилжаалагддаг ч үгүй, хувьцааны үнэ нь ч харагддаггүй, бүртгэлээс хасагдах нөхцөлтэй компаниудын жагсаалтад орчихсон цохиж явна

  • ‼️ Алдаатай, оноотой: Тэдний ашигт ажиллагааг алдаг оног гаргадаг санхүүгийн тайлангаас нь харвал 2014 оноос хойш алдагдал хүлээж^2 2017 онд ₮2.4 тэрбумын ашиг олж эхэлжээ. Гэвч ашигт ажиллагаа тогтворгүй явсаар Ковид-19-ийн дараа буюу 2023 оноос л сайжирч эхэлсэн аж. Харин энэ оны II улирлын байдлаар дахиад л ₮1.3 тэрбумын алдагдал хүлээжээ

Эцэст нь… МХБ дээр бүртгэлтэй төрийн өмчит компаниуд бишгүй олон. Одоо реформоор нэмэх гээд байгаа компаниуд дунд Монголын төмөр замын нэгэн адил алдаг оног тайлантай, алдагдалдаа дарагдсан компаниуд цөөнгүй. Хөрөнгийн зах зээл итгэлцэл дээр суурилдаг. Ядах нь ээ Монголчууд нь хувьцааг нь худалдаж авах хүсэлтэй, IPO хийж байгаа компани нь ил тод байх нь наад захын шалгуур. Унтаа, утаа ХК-ийн тоог битгий нэмээсэй. 

  • 👾 Аутизмыг үүсгэдэг хэргийн эзэн хэн гэнэ вэ? (APNews)

  • 🕹️ Хэрэгцээндээ тохируулан ямар AI чатбот ашиглахаа сонгох нь. (Tom’sGuide)

  • 🗣️ Ирэх сард ЭЗ-ийн эрх чөлөөний тухай анхдагч хуулийн төслийн олон нийтээр хэлэлцэх нь. (ЭЗХЯ)

  • 🌟 Өмнөд Солонгос Азийн AI төв болох замдаа… (KoreaTimes)

📱 $AAPL: Эрэлттэй iPhone 17

AAPL: Нээлтээ хийгээд удаагүй байгаа iPhone 17 гар утасны эрэлт өндөр байгаа нь компанийн нэгж хувьцааны үнийг 4.3% өсөж $256.1-т хүрэхэд нөлөөлжээ. Хэрэглэгчдийн гарт iPhone 17 очих хугацаа өмнөх загвараас 8 хоногоор урт болсон нь эрэлт өндөртэйг харуулж байна хэмээн шинжээчид үзсэн аж. Сонирхуулахад, $AAPL-н нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 2.3%, өнгөрсөн оны мөн үеэс 12.2% өсөөд байна.

⭐️ Sony-н анимэ довтолгоо

Demon Slayer: Infinity Castle үзсэн хүмүүс байна уу? Sony Pictures (SONY)-н уг бүтээл нээлтээ хийснээс хойш 10 хоногийн дотор дэлхий даяар $555 саяыг олоод байна. Бурзайсан байгаа биз?

🇯🇵 Анимэ бол ирээдүй

Demon Slayer нь дэлхий даяар нийт 220 сая ширхэг хувь борлуулагдсан Японы амжилттай манга цувралын нэг бөгөөд тус манга дээр сэдэвлэн видео тоглоом, анимэ цуврал болон бүрэн хэмжээний анимэ кино гарсан билээ. Сүүлд гарсан Infinity Castle нь $SONY-н хүүхэлдэйн киноны амжилтыг буухиаг үргэлжлүүлээд зогсохгүй, Японы соёлыг дахин нэг удаа дэлхий даяар хүчтэй тамгалав.

💵 ТОП-10 анимэ 

Дэлхий даяаршихын хэрээр Японы анимэ бүтээлүүдийн фэнүүдийн тоо нэмэгдсээр байна. Энэ утгаараа хамгийн өндөр орлоготой ТОП-10 анимэ бүтээлийн нийт орлого $3.2 тэрбумд хүрчээ. Үүний гуравны нэгийг Demon Slayer цувралын хоёр кино дангаараа бүрдүүлж, $1 тэрбумын амжилттайгаар тэргүүлээд байгаа аж. Demon Slayer: Mugen Train-н хувьд 2020 онд дэлгэцнээ гарсан ба дэлхий даяар нийт $486.5 саяыг олжээ.

  • 💥 Трэндийн тухайд: Анимэ сонирхогчдын тоо 800 саяд хүрээд байгаа бөгөөд судалгаагаар Америкт гэхэд Gen Z үеийнхний 42% нь анимэ үздэг аж. 

🇲🇳 Хүчтэй соёл 

Монголд ч гэсэн хүүхэд залуусын дунд анимэ, манга сонирхогчдын тоо өссөөр байна. Тухайлбал, анимэг "Simulcast" эрхтэй хүргэдэг Playmax.mn стриминг платформ нь Facebook дээр 328 мянган дагагчтай байгаа бол Google Play дээрх нийт апп таталтын тоо 500 мянгыг давсан аж. Үүнээс гадна анимэтэй холбоотой Cosplay уралдаан жил бүр тогтмол зохиогддог болж нэг уралдаанд дунджаар 250-400 хүн оролцдог гэнэ дээ.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Манай улс боловсрол, эрүүл мэндийн салбарын жижиг сажиг ажилд зарим хөгжингүй орнуудын буцалтгүй тусламж авах нь хэвийн үзэгдэл болжээ. Энэ талаар таны байр суурь?

Login or Subscribe to participate in polls.

GamesBeat

🍋 Nvidia (NVDA) OpenAI-н “Stargate” төсөлд $100 тэрбумын хөрөнгө оруулалт хийхээр тохиролцлоо. Тодруулбал, Nvidia нь $100 тэрбумыг OpenAI-н санал өгөх эрхгүй хувьцаанд хөрөнгө оруулалт хийх замаар олгох бөгөөд үүгээр OpenAI дэлхий даяар байгуулагдах дата төвүүддээ тэдний AI чипийг худалдан авах юм. Одоогоор тус төсөлд Nvidia-с гадна Amazon (AMZN) тэргүүтэй 4 компани нийт $325 тэрбумыг зарцуулахаар байна. 

🍋 Монгол, Узбекистан харилцан мах, махан болон ноос, ноосон бүтээгдэхүүн нийлүүлнэ. Тодруулбал, Монголоос Узбекистанд сэврээсэн мах, махан бүтээгдэхүүн, самнасан ноос, ноосон бүтээгдэхүүн нийлүүлэх бөгөөд эхний ээлжид нэхмэлийн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний дэлгүүрийг харилцан байгуулах аж. Үүнээс гадна ЖДҮ-ийг дэмжих хамтарсан батлан даалтын сан байгуулах юм гэнэ.

🍋 Хятадад чанаргүй зээлийн дүн өнгөрсөн оны сүүлээс хойш 4.7% өсөж ¥2.3 их наяд болжээ. Үүний 37% буюу ¥0.8 их наядыг хэрэглээний чанаргүй зээл эзэлж байгаа бөгөөд энэ нь мөн хугацаанд 12.3% өссөн дүн юм. Энэ өсөлт нь зээлжих чадвар муутай хэрэглэгчид давамгайлах болсонтой холбоотой бөгөөд улмаар Хятадын ЗГ хэрэглээний зээлийн нөхцөлийг сулруулах, хүүгийн татаас өгөх бодлого хэрэгжүүлж байгаа аж. 

🍋 Ирэх сард төр, хувийн хэвшлийн түншлэлээр хагас коксон түлшний үйлдвэр барих тендер зарлана. Одоогоор хагас коксон түлшний үйлдвэр барих төслийн газрын зөвшөөрөл 100%, нэгжийн ТЭЗҮ 100%, технологийн судалгаа 100%, хөгжлийн төлөвлөгөө 90%-тай хэрэгжиж байгаа аж. Гэснээс үүнийг Нийслэл бие даан хэрэгжүүлэхийг ЗГ үүрэгдээд байгаа. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.