• Lemon Press
  • Posts
  • 🤑 Хар Баасангийн шинэ рекорд

🤑 Хар Баасангийн шинэ рекорд

Монгол, Италийн 55 жилийн нөхөрлөл | $SNDK: S&P 500-д тавтай морил | $XAC-н шинэ захирал

POWERED BY

Yay! Цана, чаргаа бэлдээрэй! Энэ 7 хоногийн Бямба гаргаас эхлэн Sky Resort руу төв талбайгаас нийтийн тээврийн автобуснууд явж эхлэх нь байна шүү. ⛷️🏂

*Нэг өдрийн өөрчлөлт.

FRC: Санхүүгийн Зохицуулах Хорооноос Шунхлай ХХК-д нэгж үнэ нь ₮100 мянга байх, ₮50 тэрбумын “ШУНХЛАЙ-3” нээлттэй бонд гаргах зөвшөөрлийг олголоо.

MSE: Эрдэнэс Тавантолгой ХК өнгөрсөн 11-р сард биржээр $178.7 саяын үнэ бүхий 2.5 сая тн нүүрс борлуулсны сацуу нүүрсний ачилт нь 3.4 сая тн-д хүрч шинэ дээд амжилт тогтоов

XAC: ХасБанк ХК-ийн Гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч бөгөөд Иргэдийн банк хариуцсан захирлаар Г.Эрдэнэбаяр томилогджээ

🧑‍🤝‍🧑 Монгол, Италийн 55 жилийн нөхөрлөл

Монгол болон Итали дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тохиолдуулан Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус улсад айлчилж байгаа билээ

💡 14 жилийн дараа

Энэ удаагийн айлчлал нь Монголын талаас 14 жилийн дараа Ерөнхийлөгчийн түвшинд албан айлчлал хийсэн тохиолдол болж байна. Айлчлалын хүрээнд 2 орны уламжлалт, найрсаг харилцааны түвшинг ахиулахын зэрэгцээ соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрдэс баялаг, дэд бүтэц, иргэний хамгаалал, спорт, аялал жуулчлал, шууд нислэг зэрэг ЗГ болон байгууллага хоорондын хамтын ажиллагааны 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурах төлөвтэй байгаа аж.  

💰 Эдийн засгийн харилцаа

Сүүлийн 10 жилд Монгол Итали руу $515.2 саяын дүн бүхий бараа, бүтээгдэхүүн экспортолж,  импортоор $639.5 саяын дүн бүхий бараа, бүтээгдэхүүн авчээ. Өсөлтийн хувьд экспорт ердөө 11% өссөн бол импорт пуужиндаж 174.6% өссөн байна. 

  • 💭 Юу өгч, юу авдаг вэ? Манай улсын тус улсад нийлүүлж буй экспортын гол бараа бүтээгдэхүүн нь самнасан ноос. Тухайлбал, өнгөрсөн онд бид тус улс руу $54 саяын дүн бүхий самнасан ноос экспортолж, энэ нь нийт экспортын 54.6%-ийг бүрдүүлэв. Үүний сацуу оёмол, нэхмэл, сүлжмэл эдлэл ч экспортолж буй. 

  • 👉 Харин Италиас монголчууд хүнсний бүтээгдэхүүн, эм, өргөгч, ачигч, буулгагч зэрэг машин механизмын эд анги, шоколад, дарс түлхүү авч байна. 

🐑 Ноолуурт дурлагч

Италийн намнасан ноолуурын зах зээл 2023 онд $148.8 саяар хэмжигдэж, дэлхийн нийт импортын 7.5%-ийг бүрдүүлжээ. Энэ дундаа Итали руу Австрали, Монгол, Өмнөд Африк, Шинэ Зеланд голлон ноолуур экспортолж буй. Өөрөөр бол тэдэнд зах зээл нь байна, бидэнд түүхий эд нь байна. Гол нь хэрхэн самнасан ноолуурын экспортоо нэмэх вэ гэдэг.

Хэдий Монголын бусад улсуудтай хийж буй худалдаа, наймаанд импорт давамгайлдаг ч ноос ноолуур, мах гэхчлэн ХАА-н бүтээгдэхүүнээ хөгжүүлж чадвал худалдаа, наймаагаа бага ч болов тэнцвэртэй явуулах боломжтой. Харамсалтай нь дэлхийн хамгийн том самнасан ноолуурын импортлогч улс болох Хятадтай хил залгаа байгаагийн давуу талыг гаргаж чадахгүй л байна. 

📈🇲🇳 Хөрөнгө Оруулагч Үндэстэн 2025

Энэ Бямба гарагт арга хэмжээтэй! Ард Санхүүгийн Нэгдэл ХК “Хөрөнгө Оруулагч Үндэстэн” чуулганыг 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна. 📢

Тус чуулганаар салбар бүрийн төлөөллүүд нэг дор цуглан санхүү, хөрөнгө оруулалтын салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар хэлэлцдэг бөгөөд,

  • 👥 Чуулганд оролцогчид хүрээллээ тэлж хөрөнгө оруулалт татах, бизнестээ тохирсон мэргэжлийн зөвлөгөө авахаас гадна Монгол даяар цацагдах ТВ-ийн сувгаар танилцуулах боломж бүрдэх юм.

📍 Гэснээс энэ жилийн чуулган ОРИ студид болох бөгөөд лазер шоу, циркийн үзүүлбэр тэргүүтэй энтертайнмент арга хэмжээнүүд хүлээж байгаа шүү.

👋🏻 $SNDK: S&P 500-д тавтай морил 

SNDK: Хүн бүрийн сайн мэдэх мемори карт үйлдвэрлэгч Sandisk S&P 500 (^GSPC) индексэд нэгдлээ. Ердөө 9 сарын өмнө Sandisk нь Western Digital (WDC)-с салж, нээлттэй компани болсноор энэ оны хамгийн эрэлттэй, халуухан хувьцаануудын нэг болжээ. Үүнд AI-н өсөлт томоохон нөлөөтэй байсан бөгөөд компанийн нэгж хувьцааны үнэ өнгөрсөн 2-р сараас хойш 536.9% өсөөд байна.

🤑 Хар Баасангийн шинэ рекорд

Өнгөрсөн долоо хоногт Black Friday тохиож, хямдралын хур хаа сайгүй буулаа. Америкт л гэхэд худалдааны сайтуудын хандалт 1 их наядыг давж, нийт борлуулалт 2024 оны мөн үеэс 9.1% өсөж $11.8 тэрбумд хүрсэн гэнэ дээ.

 Сая саяын борлуулалт

Шинэ амжилт тогтсон энэ жилийн Black Friday-н үеэр хэрэглэгчид нэг минутад дунджаар $12.5 саяын бараа, бүтээгдэхүүнийг онлайн сайтуудаас худалдан авчээ. Том зургаар, дэлхийн онлайн худалдааны платформууд дээр $79 тэрбумын борлуулалт хийгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 6% өссөн үзүүлэлт байв. Гэсэн хэдий ч барааны үнэ өнгөрсөн оноос дунджаар 7% өссөн бол нийт худалдан авалтын тоо 1%-иар унасан аж. 

  • 👀 K хэлбэртэй эдийн засаг: Шинжээчдийн зүгээс энэ жилийн баярын худалдан авалтыг K хэлбэртэй эдийн засаг буюу өндөр орлоготой хүмүүс баярт их мөнгө зарцуулж, бага орлоготой хүмүүс цалингийнхаа хүрээнд хямдрал хайж, зардлаа танаж буйгаар тайлбарлах болжээ.

🤖 AI-н нөлөө ихэссээр

AI-н нөлөө энэ жилийн Black Friday-н үеэр огцом өссөн ба худалдааны сайт руу чиглэсэн AI-н хандалт 2024 оноос 9 дахин өсөөд байна. Дэлхий даяар AI-н оролцоотой борлуулалт $14.2 тэрбумд хүрсний 21.1% буюу $3 тэрбум нь зөвхөн Америкаас хийгдсэн аж. Үүнээс AI нь компаниудын дан ганц зардлаа хэмнэх хэрэгсэл бус орлогоо өсгөх томоохон хөдөлгүүр болсныг харж болно. 

🇲🇳 74.3% нь апп

Манай онлайн худалдааны дата төдийлөн нээлттэй биш ч Харилцаа Холбооны Зохицуулах Хорооны судалгаанд нийт онлайнаар худалдан авалт хийдэг хэрэглэгчдийн 74.3% нь төлбөр төлөхдөө банкны апп, Qpay зэрэг төлбөрийн хэрэгслийг ашигладаг хэмээн оржээ. Цаашлаад гадаад онлайн худалдан авалтын хамгийн их буюу 41%-ийг Хятад эзэлж байгаагаас 60%-ийг арилжааны зорилгоор худалдан авдаг байна. 

Эцэст нь… Дэлхийд онлайн худалдан авалтын соёл тогтоод багагүй хугацаа өнгөрөөд байсан бол одоо AI орж ирснээр цоо шинэ соёлыг бий болгоод байна. Манай лимонууд ингэхэд AI-г хэрхэн худалдан авалтдаа ашиглаж байна? 🥸

  • 🎙️ Нийгэм юуг хардаг, төсөв юуг авдаг вэ? (MineProTV)

  • 📖 Энэ оны шилдэг номын жагсаалтыг түүвэрлэж. (BookRiot)

  • 🏦 ХНС-ийн дараагийн тэргүүн хэн байх бол? (Axios)

  • 🪞 Гадаад төрх ажилд орох үйл явцад нөлөөлдөг үү? (BusinessInsider)

Excel дээрх хүснэгтэд шинээр мөр, багана эсвэл аль алиныг нэмэх боломжтой EXPAND функцтэй танилцъя. 👇

Үүний тулд бидэнд B5:D13 нүдэнд 3x9 хэмжээтэй хүснэгт өгөгдсөн байя. Үүнийг “*” утгатай шинээр 1 багана, 3 мөрөөр өргөтгөж 4x12 хэмжээтэй хүснэгт болгохын тулд,

  • =EXPAND(B5:D13, 12, 4, "*") томьёог бичээд болох нь. Өөрөөр хэлбэл, EXPAND(B5:D13, мөр, багана, “шинэ нүднүүдийг дүүргэх утга”) томьёогоор хэрэгжих юм. 

За тэгээд дээрх томьёог ашиглаад Excel хүснэгтдээ нэг сумаар утга бүхий шинэ мөр, багана нэмээд байж дээ. ⌨️

Rotten Tomatoes

🍋 “Zootopia 2” нээлтийн 5 хоногтоо дэлхий даяар $556 саяын орлого оллоо. Энэхүү амжилтаараа “Zootopia 2” хамгийн өндөр орлоготой нээлт хийсэн анимейшн кино, бүх төрлийн киноны хамгийн өндөр нээлтийн орлоготой 4 дэх бүтээл, энэ оны хамгийн өндөр нээлтийн орлоготой бүтээл болжээ. “Zootopia 2”-н араас энэ сарын 21-нд нээлтээ хийснээсээ хойш дэлхий даяар $393 саяын орлого олсон “Wicked: For Good” жагсаж буй. 

🍋 Нийслэл давхардсан бүтэцтэй төрийн захиргааны байгууллагуудыг үе шаттайгаар татан буулгана. Энэ хүрээнд өнгөрсөн жил Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газруудыг татан буулгасан бол ирэх онд Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн бодлогын газрыг татан буулгах аж. Улмаар ирэх оноос Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг хэд хэдээр нь нэгтгэж тоог цөөлөх нь.

🍋 Сергей Брин Alphabet (GOOG)-н $1.1 тэрбумын 3.5 сая ширхэг хувьцаагаа хандивлажээ. Хувьцааны дийлэнх буюу $1 тэрбумын хувьцааг 2021 онд үүсгэн байгуулсан Catalyst4 ашгийн бус байгууллагадаа хандивласан бол үлдсэн хувьцааг гэр бүлийн сан болон Michael J.Fox Foundation-д хуваан хандивласан аж. Сергей Бриний хувьд “Alphabet”-н нийт хувьцааны 3.2% буюу 362 сая ширхэг хувьцаа эзэмшдэг. 

🍋 Энэ оны эхний 11 сард Замын-Үүд-Эрээний боомтоор өнгөрсөн оноос 9.2% их буюу 2.6 сая зорчигч нэвтэрчээ. Ийнхүү тус боомтоор энэ онд нэвтэрсэн зорчигчдын тоо түүхэн дээд хэмжээнд хүрсэн бол мөн хугацаанд 12.6% их буюу 693 мянган тээврийн хэрэгсэл уг боомтоор нэвтэрсэн байна. Сонирхуулахад 9,10-р сард Монголын хилээр нэвтэрсэн нийт зорчигчдын 30% гаруй нь Замын-Үүд боомтоор дамжжээ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.