- Lemon Press
- Posts
- 💰 Зээл өгнө хө
💰 Зээл өгнө хө
Парадокс улс | Шинэ CO2 хадгалах технологи | Худалдан авах үнэ 1.8 дахин бага
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Хамгийн таагддаггүй, хариу нь гардаггүй таавар юу вэ? “Огцрох уу, үгүй юу? Орлогоо нотлох уу, нотлохгүй юу? Хамтарсан ЗГ байх уу, байхгүй юу?” Хурдан хариуг нь гаргасан хүн байвал бидэнд мэдэгдээрэй. 😕


*Нэг өдрийн өөрчлөлт.
MSE: Өчигдрийн арилжаагаар 8 компанийн хувьцааны ханш өссөн бол 28 компанийн хувьцааны ханш буурчээ. Тэр дундаа Монгол Шуудан (MNP)-гийн хувьцаа хамгийн өндөр буюу 6.61% өсөж, Дархан Нэхий (NEH)-н хувьцаа хамгийн ихээр буюу 12.55% унав.
SEND: Сэндли ББСБ ХК (SEND)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 6 сарын 30-ны 14 цагт цахим хэлбэрээр болно.
EU: Өнгөрсөн Баасан гарагт Доналд Трамп Европт 50%-ийн тариф ногдуулахаа мэдэгдэж байсан ч өчигдөр шийдвэрээ 7 сарын 9 хүртэл хойшлуулж, Европын компаниудын хувьцааны үнэ эргэн өсөж эхэллээ.

📌 Параллель улс төрч ба парадокс улс
Монголын улс төрийн ороо бусгаа энэ үед энгийн амьдралын хэв маягаараа алдартай Австрийн Ерөнхийлөгч Александр Ван дер Беллен айлчилж байна.
🇦🇹 Параллель ертөнцийн улс төрч
Александр Ван бол манай улс төрчдөөс тэс ондоо буюу олон нийтийн тээврээр зорчдог, энгийн амьдралын хэв маягтайгаараа алдартай нэгэн. Тэрээр Монгол, Австрийн дипломат харилцаа тогтсоны 62 жилийн босгон дээр манайд анх удаа төрийн айлчлал хийж, олон талт хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав. Харин 2 улсын нөхцөл байдлын тухайд 👇
Худалдаа: Алдагдал түм бум
2015-2025 онд Монгол Австри руу $32.3 саяын экспорт хийсэн ч $312.3 саяын бараа импортолж $280 саяын худалдааны алдагдал хүлээжээ. Бид Австри руу гянт болдын хүдэр, сүлжмэл хувцас, хөнжил зэрэг хуруу дарам цөөн бараа гаргадаг ч тэндээс хүнс, эм, ахуйн бараа гээд бүхнийг шахам авдаг аж.
🔍 Одоо юу өөрчлөгдөх вэ? Айлчлалын хүрээнд гарын үсэг зурсан баримт бичгүүд шууд экспорт нэмэхгүй ч дипломат паспорттай иргэд 90 хоног визгүй зорчих, хууль бус оршин суугчдыг буцаах, шинжлэх ухааны салбарт хамтрах зэрэг шинэ боломжууд нээгдэж байна.
💳 Зээл өгнө хө: Түүнчлэн Австрийн манайд өгсөн 4 удаагийн €40 саяын зээлийн хэлэлцээр дууссан тул шинээр байгуулахаар болов. Энэ нь эрүүл мэнд, боловсрол, дэд бүтэц зэрэг салбарт чиглэх аж. Нэмээд уул уурхай, ашигт малтмалын салбарт шинэлэг технологи нэвтрүүлэх санамж бичгийг байгуулж амжлаа.
📕 Сур^2 бас дахин сур: Цаашлаад, 2025–2030 онд хэрэгжүүлэх шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд “Мобилити” хөтөлбөрөөр эрдэмтэн, судлаач солилцох бол Монголын Консерватор ба Венийн урлагийн их сургууль хамтран хөгжмийн зохиолч, уран бүтээлчдийн туршлага солилцоог эхлүүлэх нь.
🔖 Бонустайгаа ирэв
Айлчлалын бүрэлдэхүүнд Австрийн соёл, урлаг, шинжлэх ухаан, бизнесийн салбарын төлөөлөл багтаж, хоёр улсын аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагаанд шинэ хуудас нээгдэх боломж бүрдэв. Угаас Австри бидний мөрөөддөгөөс ч илүү буюу жилд 30 сая жуулчин хүлээн авдаг. Тэдний аялал жуулчлалын компаниуд ч Монголыг шинэ зах зээл гэж хараад ихэд сонирхож байгаа гэнэ.
Эцэст нь… Уг нь бидэнд боломж дутдаггүй. Нөөц нь байна, үүдээ нээх улс ч цөөнгүй. Гэвч асуудал дотооддоо. Төр нь авлигын гүйдэлтэй, улс нь муу нэртэй модон данстай. Ийм нөхцөлд сайхан айлчлал, сүртэй баримт бичгүүд ч амьдралд бууж, үр дүн өгөх нь ховор байна даа.

🧐 Худалдан авах үнэ 1.8 дахин бага
ONH: Өндөрхаан ХК нэгж хувьцаагаа ₮14.5 мянгаар эргүүлэн худалдаж авна. Энэ дүн тус компанийн хувьцааны өчигдрийн хаалтын үнээс 1.8 дахин бага дүн бөгөөд эргүүлэн худалдаж авахыг шаардах эрхээ хэрэгжүүлэх хүсэлтэй хувьцаа эзэмшигчдийн шаардлагыг 7 сарын 8-ныг дуустал хүлээж авах аж. Сонирхуулахад, энэ сарын эхний 7 хоногт Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) Ард Даатгал (AIC)-ын 50%-ийн эзэмшлээ Өндөрхаан ХК-д ₮20 тэрбумаар худалдсан. Ингэснээр $ONH даатгал болон хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа явуулах эрхтэй болоод буй.

🫗 Монголчууд дотоодоос авч чадахгүй байгаа үйлчилгээг гаднаас $3.1 тэрбумаар авдаг. (Ikon)
🪹 Мөрөөдлийн ажлаа хайсаар байх уу, эсвэл олдсоноо хийгээд амь зуух уу? (BusinessInsider)
🧠 Netflix-н ашигт ажиллагаанд хүрэхэд нөлөөлсөн стратеги. (HighRadius)
💰 Хувийн хөрөнгө оруулалтын сангууд эдийн засагт хэр жин дардаг вэ? (WSJ)

💡 Шинэ CO₂ хадгалах технологи

Америкийн их сургуулиуд дундаас патент бүртгүүлсэн тоогоор айргийн 5-д үргэлжид багтдаг Massachusetts Institute of Technology (MIT)-н эрдэмтэд хүрээлэн буй орчинд чухал нээлтийг хийв. Тодруулбал, тэд нүүрстөрөгчийн давхар исэл (CO₂) барьж хадгалах технологийн үр ашгийг 6 дахин нэмэгдүүлэх, өртгийг 30% бууруулах боломжтой нано-шүүлтүүрт мембраныг (nanofiltration membrane) гарган авчээ.
🤔 Ач холбогдол нь юу гэж?
CO₂ барьж хадгалах технологи нь агаараас CO₂ хийг барьж авч, хөрсөн доор эсвэл бусад аюулгүй орчинд удаан хугацаагаар хадгалах процесс юм. Энгийнээр агаар дахь CO₂-н хэмжээг бууруулах технологи гэж хэлж болно. Бизнесийн ертөнцөд CO₂ барьж хадгалах технологи хүчээ авсан бөгөөд томоохон компаниуд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахдаа байгалийн шийдлүүд ашигладаг бол сүүлийн үед CO₂ барьж хадгалах технологи руу чиглэх болов.
🧢 Тоо худлаа ярихгүй
Энэ оны I улиралд дэлхий дээр нийт 50 сая метр тн CO₂ барьж хадгалах хүчин чадалтай байгууламжууд ажиллаж байгаа ба цаашид энэ тоо 2030 онд 430 сая метр тн-д хүрэх тооцоо гарчээ. Тус өсөлт нь технологийн томчуудын хурдтай өсөлттэй холбоотой. Жишээлбэл, Microsoft (MSFT) болон Apple (AAPL)-н CO₂ шингээлтэд суурилсан нөхөн төлбөрийг хэмжээ бусад газрын тос, агаарын тээврийн салбарын компаниудаас илүү өндөр аж. Мөн AI-тай холбоотой эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж буй нь нөхөн төлбөрийн хэмжээ өсөхөд ихээр нөлөөлж буй гэнэ.
🇲🇳 Бидний тухайд
CO₂ барьж хадгалах технологи нь одоогоор бүрэн нэвтрээгүй ба бэлчээрийн менежмент, тогтвортой ойн менежментийг сайжруулснаар байгалийн аргаар хөрс болон биомассаар CO₂-н шингээлтийг нэмэгдүүлэх шийдлийг ашиглаж байна.
🧏🏻 Сонирхуулахад, Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.2%-ийг эзэлдэг ч 1 хүнд ногдох хүлэмжийн хийн ялгаруулалтаар 9-рт жагсаж байна. Мөн нэгж ДНБ-д ногдох хүлэмжийн хийн ялгаруулалт Хятадаас 7 дахин, Америкаас 22 дахин өндөр түвшинд ажээ. Нэг ёсондоо, хуучны, хоцрогдсон, үр ашиг багатай технологи ашигласаар байна.
Эцэст нь… CO₂ барьж хадгалах технологийн дэвшил нь хүлэмжийн хийтэй холбоотой зах зээлд томоохон боломж нээж байна. 2024 онд гэхэд шинээр хийгдсэн карбон кредитийн гэрээ 74% өссөн ба энэ жил 2 дахин нэмэгдэх төлөвтэй байгаа гэнэ. Цаашид зах зээл нь бол нугараад л явчих нь дээ.

Excel дээрх өгөгдлүүдийг бүлэглэн нэрлэх арга зааж өгье. Ингэснээр тухайн бүлгийг шууд нэрийг нь оруулаад томьёонд ашиглах боломжтой болох юм.
Жишээ нь: B1 нүдэнд байх Total Sales гэсэн нүднээс доош B2:B1,000 нүдэнд борлуулалтын утгууд өгөгдсөн байя.
Үүнийг томьёонд =SUM(B2:B1,000) гэхийн оронд =SUM(Sales) гэж бичих боломжтой болгох нь өөрт болоод өрөөлд ч ашигтай биз?
Үүний тулд утгачлах өгөгдлүүдээ нийтэд нь идэвхжүүлээд (энэ тохиолдолд B2:B1,000) Formulas➡️Name Manager➡️Ctrl + F3 дараад нэрээ үүсгээд ОК.

Tenor
🍋 “Lilo & Stitch” нээлтийн 3 хоногтоо дэлхий даяар $341 саяын орлого оллоо. Ийнхүү тус кино нээлтийн 3 хоногийн орлогын дүнгээр тэргүүн байрыг эзэлж буй “A Minecraft Movie”-г $28 саяар гүйцэхийн сацуу бүтсэн зардлаа 3.4 нугалаад авлаа. Харин үүнтэй зэрэгцэн нээлтээ хийсэн $400 саяаын зардалтай “Mission: Impossible – The Final Reckoning” мөн хугацаанд $190 саяын орлого олоод байна.
🍋 Нийгмийн хариуцлагын хүрээнд ХХМТ-ийн салбарт хөрөнгө оруулбал татварын хөнгөлөлт эдэлнэ. Онцолбол, хүүхдийн цахим аюулгүй байдлыг хангахад чиглэсэн программ хангамж, платформ бүтээх, хөгжүүлэх, цахим орчинд хүүхэд хамгаалах чиглэлээр хэвлэмэл болон цахим гарын авлага боловсруулах, контент бүтээх гэхчлэн ажлууд орох аж. Энэ хүрээнд үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг 10 жилийн хугацаатай баталжээ.
🍋 Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлжээ. Энэ нь тус станц ашиглалтад орноос хойш өнөөг хүртэл 5 сарын хугацаанд хуримтлагдсан дүн юм. Тус станц диспетчерийн үндэсний төвөөс ирүүлсэн захиалгын дагуу эрчим хүч нийлүүлдэг бөгөөд 5 сарын 15-наас зуны буюу бага ачааллын горимд шилжин ажиллаж эхэлсэн аж.
🍋 “ТЭЦ-5” ДЦС-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Энэ хүрээнд хувийн хэвшлийн түншлэгч сонгон шалгаруулж төслийн зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх хэлбэрээр түншлэлийн гэрээ байгуулах нь. Тэгвэл сонирхсон хувийн хэвшлийн түншлэгч нь сүүлийн 5 жилийн хугацаанд дор хаяж 1 удаа хүрэн нүүрсээр галладаг ДЦС барьсан туршлагатай байх юм гэнэ дээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply