🥵 Халуухан реклам

₮40 тэрбумын Simple ХБҮЦ | Оман x Монгол: Хамтарсан ХОС | Баян CEO Илон Маск

POWERED BY

Өглөөний мэнд! e-mongolia.mn болон e-business.mn-р дамжуулан төрийн байгууллагаас олгох зөвшөөрлийн явцыг харах боломжтой болжээ. Зөвшөөрөл гацааж, удааж байгаа гомдлыг мөшгөж, шийдвэрлэлтийг нь олон нийтэд зарладаг болох аж. Амар^2. 🍋

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Өчигдрийн биржийн арилжаагаар Тавантолгой (TTL) 157 багц буюу 1 сая тн нүүрс цахимаар амжилттай борлууллаа

BDS: БиДиСЕК ҮЦК ХК (BDS)-ийн компанийн засаглалын хэрэгжилт 95.8%-тай үнэлэгдэв

AARD: Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) 2023 онд өөрийн охин компани болох Ард Кредит ББСБ (ADB)-тай байгуулсан зээлийн гэрээний хугацаагаа 2 жилээр сунгаж, зээлийн шугамын эрхийн хэмжээг $481.7 мянгаар нэмэгдүүлэн $1 сая болголоо.

🏎️ ₮40 тэрбумын Simple ХБҮЦ

Маргааш Ашид Капитал ББСБ-ын охин компани болох Ашид Капитал ТЗК-ийн нээлттэй гаргаж буй Simple хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-ны анхдагч зах зээлийн арилжаа эхлэх гэж байна.

⏩ Бондоос ХБҮЦ рүү

Ашид Капитал ББСБ нь Монголын хөрөнгийн зах зээлийн идэвхтэй тоглогч гэдгийг өмнө нь анхны рейтингтэй Simple I,II,III бондыг тус бүр гаргаж, нийтдээ ₮55 тэрбумыг татан төвлөрүүлснээс харж болно. Тэгвэл энэ удаа Ашид Капитал тусгай зориулалтын компаниараа ХБҮЦ танилцуулж, олон нийтээс ₮40 тэрбумыг татан төвлөрүүлэхээр болжээ

💰 ХБҮЦ-ын тухайд

Simple ХБҮЦ-ны нэгж бүрийн үнэ ₮100 мянга, 24 сарын хугацаатай, жилийн хүү 18% байх аж. Хүүгээ улирал тутамд төлөх бол үндсэн төлөлтийг 2 хуваан 18 болон 24 дэх саруудад тэнцүү буюу 50%-тай тэнцэх хэмжээгээр төлнө. Жилийн хүүг нь харвал 1 жилийн хугацаатай, ₮-ийн энгийн хадгаламжийн дундаж хүүгээс 5 нэгж хувиар өндөр гэсэн үг. 

  • 🧩 Онцлог: Тус ХБҮЦ нь 936 зээлдэгчийн ₮45.2 тэрбумын үнэлгээтэй автомашины фидуц зээлээр баталгаажсан аж. Тус автомашины зээлийн хөрөнгийн багц нь санхүүгийн 23, хуулийн 11 шалгуурын хангасан, хэвийн эргэн төлөлттэй зээлээс бүрджээ.  

👁️ Simple-г нэвт шувт

Өнгөрсөн онд Ашид Капитал ББСБ-ын гэрээт харилцагч 2023 оны мөн үеэс 14.2% өсөж 122 мянгад хүрсэн бол Simple апп-ийн таталт 21.7% нэмэгдэж 917 мянга болжээ. Зээл авсан харилцагчдын тоо 12.4% буурсан ч зээлийн багц 79% ихсэж ₮297 тэрбумд хүрсэн аж. Цаашлаад цэвэр ашгийн хэмжээ 2.2 дахин өсөж ₮23.7 тэрбумд хүрсэн байна. 

Эцэст нь… Энэхүү ХБҮЦ-ны урьдчилсан захиалга өнөөдөр хаагдах ба маргаашаас буюу 8 сарын 7-ноос анхдагч зах зээлийн арилжаа эхэлнэ. Андеррайтераар нь Ти Ди Би Секьюритис ҮЦК ажиллаж байгаа ба ЭНД дарж дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. 

  • 🫴 Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийн 60% хүртэлх дүнг батлан даана. (ЗБДС)

  • 🎧 Spotify-н сарын төлбөр нэмэгдэх нь ээ. (TechCrunch)

  • 🛎️ Монгол-Хятадын экспогийн бүртгэл эхэлж. (ХХААХҮЯ)

  • 🇮🇹 Ирэх сарыг дуустал Итали руу дамжин нислэг үнэгүй. (MIAT)

🥵 $AEO: Халуухан реклам ашигтай

AEO: Америкийн хувцасны брэнд American Eagle-н нэгж хувьцааны үнэ 1 өдрийн дотор 23.7% өсөж $13.3-т хүрлээ. Энэхүү огцом өсөлтийн шалтгаан нь Доналд Трамп өөрийн Truth Social платформ дээр $AEO-н шинэхэн рекламд тоглосон Сидней Свинийг онцлон, брэндийн маркетингийг магтсантай холбоотой. Сонирхолтой нь, жүжигчин Сидней Свини өнгөрсөн Ерөнхийлөгчийн сонгуулиар Бүгд найрамдах намыг дэмжиж, Доналд Трампад санал өгч байсан нэгэн аж.  

🤝 Арабын Швейцар болон Монгол

Эдгээр өдрүүдэд Оманы Султант Улсын Хөрөнгө оруулалтын газрын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж, 2 орон хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах талаар судалж хамтран ажиллахаар  тохиролцлоо

😪 Өнгө ижил ч тэс өөр төрх

Оманы Хөрөнгө оруулалтын газар гэдэг нь тус улсын үндэсний баялгийн сан буюу газрын тос, байгалийн хийн орлогоос бүрдсэн хөрөнгийг удирдах, эргүүлэн хөрөнгө оруулалт хийх үүрэгтэй байгууллага. Бидэнтэй нэгэн адил уул уурхайгаас ихээхэн хамааралтай ч баялгаа ухаалаг удирдаж буй улс. Одоогийн баялгийн сангийн хэлбэр нь ч 2020 онд буюу дэлхийн зах зээлд нефтийн үнэ шал арчиж байсан жил улсын нэгдсэн нөөцийн сан болон баялгийн сангуудаа нэгтгэснээр бий болж байв.  

  • 🍰 Тухайлбал, тус улсын хөрөнгө оруулалтын газар өнгөрсөн онд $4.1 тэрбумын ашигтай, сангийн удирдаж буй нийт хөрөнгө 6% өсөж $53 тэрбумд хүрснээ тайлагнаж байв. Хөрөнгө оруулалтын багцад нь 50 гаруй улс багтдаг ч дийлэнх буюу 63%-ийг дотоодын, үлдсэн нь гадаад хөрөнгө оруулалт аж. 

  • 🧩 Монголтой адил бүтэцтэй буюу тус улсын баялгийн сан Үндэсний хөгжлийн сан, Ирээдүй хойч үеийн сан, Оманы ирээдүйн сан гэсэн 3 сангаас бүрддэг. Хамгийн том нь Үндэсний хөгжлийн сан бөгөөд нийт сангийн 60%-ийг эзэлж, голдуу дэд бүтэц, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулдаг.  

2 орны баялгийн сангийн аль аль нь байгалийн баялгаас төвлөрсөн орлогыг эргэлдүүлж эдийн засаг, төсвийн эрсдэлийг бууруулах, ирээдүй хойч үедээ хадгалах зарчимтай ажилладаг. Ялгаа нь тэдний сан тайлагнах ашигтай ажилладаг бол харин манайх халамж, төсвийн нөхөөс болоод таардаг. 

Эцэст нь… Монголд баялгийн сан гэх ойлголт 2007 оноос л дэлгэрч эхэлсэн буюу хугацаа, туршлагын хувьд Оманыхаас харьцангуй залуу. Гэсэн хэдий ч бидэнд үлгэрлэж болох улс орнуудын сайн жишиг зөндөө л байна. Баялгийн санг улстөрчдийн популист бодлогоос ангид байлгаж, чиг үүргийнх нь дагуу ажилладаг болговол уул уурхайгаас хамааралтай эдийн засаг маань гэнэтийн цохилтод арай тэсвэртэй болох биз ээ. 

Гэснээс бидний Оманы эдийн засгийн гол тулгуур болсон газрын тосны компанийн талаарх нийтлэлийг ЭНД дарж уншаарай. 

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Ирэх оны төсвийн төслийн хэлэлцүүлгээр ЗТЯ авто замын хураамжийг нэмж, 1 км зам тутамд ₮10 авдаг болох боломжтой гэдгээ илэрхийлээд буй. Энэ тал дээр таны сэтгэгдэл?

Login or Subscribe to participate in polls.

Screen Rant

🍋 Tesla (TSLA)-н ТУЗ Илон Маскт $29.6 тэрбумын 96 сая ширхэг хувьцаа олгохоор шийдвэрлэжээ.  Илон Маскийг компанийн удирдлагад үргэлжлүүлэн ажиллуулах зорилгоор уг шийдвэрийг гаргасан бөгөөд өмнө нь шүүхээс хүчингүй болгосон $50 тэрбумын урамшууллын багцыг нөхөн олгож буй хэлбэр юм. Ийнхүү Илон Маскийн Tesla дахь эзэмшил ойролцоогоор 16.25% болж байна. 

🍋 ХУД, Өмнөд Солонгосын KOICA хамтран Био комбинатад $13 саяын хүлэмжийн хийн аж ахуйн төсөл хэрэгжүүлнэ. Одоогоор Био комбинатад Нийслэлийн нийт хүлэмжийн тариалалтын талбайн 32% буюу 16 га талбай хамаарагддаг бөгөөд төслийн хүрээнд нарийн ногоо тариалах хүлэмжийн аж ахуйн үйлдвэрлэл, хадгалалтын зоорь байгуулах аж. Эргэн санавал, 2021 онд нарийн ногооны үнэ 3 нугарсан байдаг. 

🍋 Дэлхий даяарх нэгдэх, худалдан авах (M&A) хэлцлийн хэмжээ энэ оны эхний хагаст $2.6 их наядад хүрлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 28% өссөн дүн бөгөөд энэ эрчээрээ явбал жилийн дүнгээр 2021 оны оргил дүнд дөхөх юм. Гол онцлог нь, хэлцлийн тоо мөн хугацаанд 16% буурсан боловч компаниудын AI уралдаанаас үүдэн Америкийн $10 тэрбумаас дээш дүнтэй хэлцлүүд ихэссэн нь нөлөөлжээ. 

🍋 ЭМЯ СЭМҮТ-ийн захирал Г.Анхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Уг шийдвэр өнгөрсөн 5 жилийн хугацаанд СЭМҮТ-д нас барсан иргэдийн 20%-д оношны зөрүү гарсан, мөн 2022-2024 оны цахим бүртгэлээр ₮478.9 саяын санхүүгийн зөрчил гарсан тэргүүтэй асуудлуудтай холбогдож буй. Гэвч Г.Анхболд өнгөрсөн оны 9-р сард тус албан тушаалд албан ёсоор томилогдсон юм. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.