- Lemon Press
- Posts
- 🐂 Бух унасан товхимол
🐂 Бух унасан товхимол
2024 оны хөрөнгийн зах зээлийн тойм
POWERED BY
Hey! Уламжлалт ёсоор оны төгсгөлд энэ онд юу, юу болж өнгөрсөн талаар цуврал тойм хүргэж байгааг мэдсэн биз дээ? Өнөөдөр хөрөнгийн зах зээлд юу болсон талаар хүргэе ээ. 🍋 Гэснээс Монголын Хөрөнгийн Бирж хөрөнгө оуулагчдаас судалгаа авч байгаа юм байна. ЭНД дарж бөглөөд өгөөрэй хэмээн хичээнгүйлэн хүсье. 🙏
🐂 Бух уналаа
Бид товхимлынхоо эхэнд “MARKETS” хэсэг дээрээ томоохон индексүүдийн 1 өдрийн өөрчлөлтийг тогтмол хүргэдэг билээ. Тэгвэл МХБ (MSE)-ийн ТОП-20 индекс болон гадаадын томоохон индексүүд энэ онд цөм өсөж, бух унажээ.
Тодруулбал, технологийн салбарын томоохон компаниудын өндөр гүйцэтгэлтэй холбоотойгоор NASDAQ (^IXIC) индекс он гарснаас хойш 35.7%, S&P 500 (^GSPC) индекс 27.4% тус тус өсөөд байна. Энэ бүх өсөлтөд хиймэл оюун ухаан, цахим худалдаа, үүлэн технологи зэрэг чиглэлд хөрөнгө оруулалт ихэссэн болон энэ онд ХНС бодлогын хүүгээ 3 удаа бууруулсан нь ч нөлөөлж буй.
🗺️ Азид: Цаашлаад, Японы экспортын хэмжээ өссөн, цахилгаан болон автомашины салбар дахь шинэчлэлт хийсэн, йенийн ханшийн уян хатан байдал зэргээс хамаарч Nikkei 225 (^N225) индекс 17.3% өсөөд байна. Нэмээд Хятадын Засгийн газар хөрөнгө оруулалтыг дэмжиж, зах зээлд итгэл нэмэгдсэнээр HANG SENG (^HSI) индекс ч 19.7% өсөөд амжлаа. Харин манай ТОП-20 индекс ч банкны болон уул уурхайн салбарын нөлөөгөөр 24.3% өсөв. Нэмээд манай хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өчигдрийн байдлаар он гарснаас хойш 10.9% нэмэгдэж ₮12.8 их наядад хүрээд байна.
📈📉 Хамгийн их өссөн, буурсан хувьцаа
Цаашлаад, хэдүүлээ энэ онд МХБ-ийн I ангиллын компаниудын хувьцааны хөдөлгөөнийг шинжье. Хувьцааны үнэ нь хамгийн их өссөн ТОП-10 компанийн 2 нь ББСБ, 2 нь банк, 1 нь МХБ байгаагаас харахад энэ онд банк, санхүүгийн салбарт пуужин хөөрч дээ.
🏦 Банкны нөлөө: Угаас Ашид Ассет Менежмент компани "Хөрөнгийн зах зээлийн төлөв 2025" тоймоос харахад энэ оны 11 сарын байдлаар $MSE дээр нийт ₮269 тэрбумын хувьцааны арилжаа хийгдсэний 24.4% буюу ₮65.7 тэрбумыг нь нээлттэй банкнуудын арилжаа бүрдүүлсэн байна билээ.
🍓 Хүнсний акулууд: Хамгийн өсөлттэй ТОП-10 компанид мэдээж хэрэг хүнсний салбарын 3 акул багтсан. Тэдний хувьцаа он гарснаас хойш дунджаар 17.5% өссөн байгаа юм. Сонирхолтой нь энэ дундаа Махимпекс (MMX) 20.7%-ийн өсөлтөөр тэргүүлсэн гэж бод.
Харин эсрэг талд хувьцаа нь хамгийн их уналттай байсан ТОП-10 компанийн 1 нь Ард Санхүүгийн Нэгдэл (AARD) өөрөө нэмээд тэдний хамаарал бүхий 3 компани ТОП уналтад багтав. Нэмээд системийн нөлөө бүхий банкнуудын нэг $TDB ч уналттай 10-ын багцад цохиж явна. Арга ч үгүй биз дээ, $TDB-н үнэ энэ онд IPO-н үнээ даваагүй хойно. Сонирхолтой нь хэн бүхний хайрт, Монголын “Blue chip” гэгддэг $APU-н үнэ 16.6% унажээ. Ажилчдадаа олгосон хувьцаа нь бөөндөж нийлүүлэгдээ юу даа. 🤔
🏃♂️🏃♀️ Наашаа, цаашаа
Жил бүр л ТОП-20 индексийн компаниудын жижиг хувьцаа эзэмшигчид л нэлээд нэмэгддэг. Жижиг хувьцаа эзэмшигчдийн хөдөлгөөн энэ онд мөн л хэвээр байв. Энд $APU-нх нэлээд өссөн харагдаж байгаа нь Шунхлай Групп бүх ажилтандаа хувьцаа олгосноос үүдсэн гэдгийг бүгд мэдэж байгаа байх.
💭 Банк санхүү + Хүнс: Ер нь бол МХБ-д бүртгэлтэй 172 компани байгаа ч 30 орчим компанийн хувьцаа л түлхүү арилжаалагддаг. Иймдээ ч жижиг буюу алив компанийн 5%-иас бага хувьцаа эзэмшигчид хүнсний болон банк, санхүүгийн акулууд дотроо л холио, сэлгээ хийж байна даа. Иймд МХБ-ийн бүх ангиллын хувьцааны арилжааны идэвхийг нэмэх, шаардлага хангахгүй байгаа компаниудыг бүртгэлээс хасах зэрэг арга хэмжээ хэрэгтэй байгаа юм.
🆕 Шинээр төрөгсөд
Энэ онд сүүлийн жилүүдээс хамаагүй бага буюу 2 компани л IPO хийсэн билээ. Эм Жи Эл Акуа (MGLA) болон Тэнгэр Даатгал (TGI) компаниуд IPO хийж нийт ₮25.2 тэрбумыг татан төвлөрүүлсэн. Өчигдрийн байдлаар $TGI-н үнэ IPO үнээсээ 2.6% буурсан бол $MGLA-нх 5.2% өсөөд байна.
💰 Бондын даллага: Энэ жил бондын даллага авхуулсан жил байлаа. Нийтдээ 3 ногоон бонд 1 нийгмийн болон ногоон бонд ч гарав. Үүнээс ХААН Банк (KHAN) болон TML Plastic $-ын ногоон бондоо МХБ дээр гаргаснаар энэ онд МХБ дээр нийт 6 бонд гарч ₮190 тэрбум болон $36 саяын санхүүжилт босголоо.
🫁 Амь оров: Түүнчлэн Бичил глобус финанс ББСБ-ын гаргаж буй 18%-ийн хүүтэй, ₮20 тэрбумыг татан төвлөрүүлэх Бичил 4.0 ХБҮЦ-ны анхдагч зах зээлийн арилжаа энэ 7 хоногийн Даваа гарагт эхэлж хугацаанаасаа өмнө дүүрэв. Сонирхолтой нь тус ХБҮЦ нь Чингис хаан биржээр арилжаалагдсан юм.
📊 ББЗЗ: Биржийн бус зах зээл (OTC) дээрх хөдөлгөөний хувьд энэ оны II хагаст нэлээн идэвхтэй байлаа. Төрийн банк (SBM) ч ₮10 тэрбумын ногоон бондоо ББЗЗ дээр арилжаалаад амжсан. Түүнчлэн ББЗЗ дээрх идэвхтэй байгаа үнэт цааснуудын нийт үнийн дүн өнгөрсөн 10-р сард хамгийн их буюу ₮2.2 их наядад хүрчээ.
🌈 Арилжааны солонгорол
Монголын үнэт цаасны клирингийн төвийн датанаас харахад он гарснаас хойш буюу эхний 4 сард нийт 44,826 хөрөнгө оруулагч арилжаанд оролцсон аж. Үүний ердөө 14 нь гадаадын хуулийн этгээд, 313 нь гадаадын иргэн байсан. 11-р сард ч энэ байдал өөрчлөгдөөгүй буюу нийт арилжааны үнийн дүнгийн ердөө 1.7%-ийг гадаад иргэн болон хуулийн этгээдийн арилжаа бүрдүүлсэн байна.
🔻 Трэнд хэлж байна: Дээрх Ашид Ассет Менежмент ҮЦК ХХК-ийн тоймдоо оруулсан 2018-2023 оны арилжааны трэндийг харахад 2020 оноос гадаадын ААН, иргэний арилжаанд эзлэх хувь эрс буурсан байгаа юм. Уг нь бол үүнийг өөрчилж бүх салбарт гаднын хөрөнгө оруулалт татаж, тэдний зах зээлийн оролцоог нэмэгдүүлэх нь бидний хүсэл. Тэгэхээр бид хууль, орчин, хөрвөх чадвараа сайжруулах хэрэгтэй байна даа.
Заа тэгээд төгсгөлд нь хэлэхэд, уг нь бол гадаадын багцын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж чадвал хөрвөх чадвар сайжирч, зах зээлийн үнэлгээ нэмэгдэх боломжтой. Тэгэхээр бид ирэх онд гадаадын хөрөнгө оруулагчдын идэвхт анхаарах хэрэгтэй гэсэн үг. Шинэ онд энэ асуудал дээр тодорхой ахиц гараасай даа. 🙏
Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Graphics by: Ц.Цэлмэг
Reply