🐏 Дипломтой малчид

Алдагдал дүүрэн крипто биржүүд | $TTL-н амбиц | SpaceX-н орлого 100х өснө

POWERED BY

Өглөөний мэнд! Жил бүр танилцуулагддаг “Стартап экосистемийн зураглал" энэ жилээс “Мэдээллийн технологийн экосистем зураглал" нэрээр гарч эхэлжээ. Бидний хувьд уламжлал ёсоор энэ зураглалын медиа болон контентын салбарт тууж л явна. За тэгээд энэ том экосистемтэй танилцаж, хаана ямар компани орсныг харах бол ЭНД дараарай. 🗺️🇲🇳

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: 2026 оны 5-р сард хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 11.2%-иар, өмнөх сараас 1.2%-иар тус тус өсжээ.

MPP: УИХ дахь МАН-ын бүлэг “Онтрэ"-гийн гэрээний асуудлыг эцэслэтэл зэсийн АМНАТ-ийн асуудлыг хөндөхгүй байхаар тогтов

FRC: Өчигдөр Орон сууцны санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилготой “Орон сууц санхүүжилтийн форум” болж өнгөрлөө

HK: Өнгөрсөн Пүрэв гаргийн байдлаар Хонконгийн хөрөнгийн биржид 600 гаруй компани бүртгүүлэхээр хүлээж байгаа аж.

🔻 Алдагдал дүүрэн крипто биржүүд

Нэг үеэ бодвол криптовалют руу дотоодын крипто биржүүдийн тусламжтай хөрөнгө оруулах боломж, бололцоо асар нэмэгдсэн. Үүнтэй холбоотой хэр их хүн дотоодын крипто биржүүдийг ашиглаж, тэд хэдий хэмжээний ашиг, орлоготой ажилладаг талаар сонирхоцгооё.

🔙 2026 оны I улирал

Өнгөрсөн улиралд албан ёсны бүртгэлтэй крипто биржүүдийн орлого өмнөх оны мөн үеэс 57.6% буурч ₮705.8 саяд хүрсэн бөгөөд үүний улмаас биржүүдийн алдагдал 8.6% нэмэгдэж ₮2.2 тэрбумд хүрсэн байна. Тайлант улиралд ганцхан Айдакс ХХК ₮10.2 саяын цэвэр ашигтай ажилласан бол бусад биржүүд бүгд хасахтай гарсан аж.

  • 📉 Арилжаачдын тоо: Биржүүд дээрх нийт баталгаажуулалт хийсэн харилцагчдын тоо 484 мянга байгаагаас ердөө 3.9% буюу 18.8 мянга нь идэвхтэй арилжаа хийжээ. Эдгээр арилжаачдын хувьд өдөрт дунджаар ₮340 саяар дотоодын криптовалют, ₮1.8 тэрбумаар гадаад виртуал хөрөнгийг тус тус арилжаалжээ.

  • ☀️ Сайн мэдээ: Өнгөрсөн улирлын байдлаар арилжаалагдаж буй дотоодын 36 виртуал хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээ ₮188.9 тэрбум болж өмнөх оны мөн үеэс 13.1%-иар өссөн дүн байв. 

  • 🔢 Том зураг: 2026 оны I улиралд нийт дотоод криптовалютын арилжааны дүн өмнөх оны мөн үеэс 91.3% өсөж ₮30.6 тэрбум болсон бол гадаад виртуал хөрөнгийн арилжааны дүн 60.2% буурч ₮159.5 тэрбумд хүрчээ.

🔔 Binance-н шийдвэр

Энэ сараас эхлэн СЗХ-ны шаардлагын дагуу Binance ₮-ийн хувь хүн хоорондын (P2P) арилжааг хязгаарлахаар шийдвэрлэсэн. Энэ нь сэжигтэй гүйлгээ, мөнгө угаах эрсдэлээс сэргийлэх зорилготой бөгөөд одооноос эхлэн СЗХ-д бүртгэлтэй крипто биржүүд тус платформын Pro-Merchant эрхээр дамжуулж өөрийн харилцагчдад P2P үйлчилгээ үзүүлэхээр болоод байна. Энэ шийдвэр нь магадгүй дотоодын биржүүдийн үйл ажиллагаанд эерэг нөлөө авчирч болох л юм.

Эцэст нь… Сүүлийн долоо хоногийн хугацаанд Биткойн (BTC)-ы үнэ нэлээн савласны эцэст $63 мянга дээр арилжаалагдаж байна. Дэлхийн крипто зах зээл эргэн ирэлт хийх үед манай зах зээл ямаршуухан төлөвтэй байх бол тун сонирхолтой. 😬

  • 👕👖 Prada Artemis IV-д зориулсан сансрын нисгэгчдийн хувцсаа танилцууллаа. (TheVerge)

  • 📵 Нэгэн цагт гар утасны ноён оргил явсан Nokia яагаад сугарав? (CNBC)

  • 🖥️ Хятадад 1 хүний компаниудын эрчимтэй өсөж байна. (SixthTone)

  • 🍯🐝 Яагаад дэлхий даяар Казахстаны зөгийн балд хошуурах болов? (TheAstanaTimes)

👁️ Энэ жилийн $TTL-н амбиц

TTL: Өчигдөр Тавантолгой ХК 2025 оны үйл ажиллагааны тайлангаас компанийн 2026 оны нүүрсний борлуулалт, орлогын төлөвлөгөөгөө ил боллоо. Тодруулбал, компани 2026 онд 6.7 сая тн нүүрс экспортод борлуулж, ₮1.8 их наядын орлого олж, ₮521.8 тэрбумын цэвэр ашигтай ажиллахаар төсөвлөжээ. Энэ нь бодит төлөвлөгөө юу, эсвэл сэрүүн зүүд үү гэдэг тун сонирхолтой. Учир нь компани өнгөрсөн онд 2.3 сая тн нүүрс борлуулж, ₮727.4 тэрбумын орлоготой, ₮183 тэрбумын цэвэр ашигтай ажилласан байна. 

🐏 Дипломтой малчид

Хэрэв танд сарын $2,400 буюу ₮8.5 саяар мал маллах санал тавивал хүлээж авах уу? Хятадад нэгэн фермер тус үнэлгээгээр хонь маллах ажлын зар тавиад 2 хоногт 1,000 гаруй өргөдөл хүлээн авсан байна. Гол нь ажил горилогчдын 10% нь их дээд сургуулийн боловсролтой хүмүүс байв.

👋 Мал дээр гарлаа. Bye!

Тус ажлын байрны зарын талаар өнгөрсөн 4-р сараас эхлэн шуугьж эхэлсэн бөгөөд байр, хоол нь цаанаасаа, хийх ажил нь Өвөр Монголд 129.5 km² орчим талбайд 3,000 гаруй хонь маллаж тэжээгээд харж хандаад явах. Мэдээж уг цалин дунджаас өндөртөө орно. Шалтгаан нь ажил олгогчийн хэлснээр, халуун зун, хүйтэн өвлийн ихэнх өдрийг гадаа ганцаардаж өнгөрүүлдэг тул урт хугацаанд тогтвортой ажиллуулахын тулд хэмээсэн юм.

  • 🔥🪭 Улмаар Weibo дээр уг сэдэв хэдхэн цагийн дотор 59 сая хандалт авч, 21,000 гаруй хэлэлцүүлэг өрнөсөн сурагтай. Тэр байтугай хоньтой ажиллах нь хүнтэй харилцахаас хавь дээр буюу бараг л мөрөөдлийн ажил гэх тодотголыг хүртээд амжжээ. 

  • 😲 Хэдий уг ажлын байранд залуус хошуурсан ч тус фермер тэднийг ганцаардлыг дааж чадахгүй гэж үзээд туршлагатай хосыг ажилд авсан байна. Цалин нь жилийн ¥200,000 буюу $30,000. Галзуу² 

🫥 Диплом байгаад нэмэр алга

Сүүлийн үед хятад залуусын дунд “Хэрэв би Шэньжэн хотод оффист ажиллаж чадахгүй, эсвэл менежер болж чадахгүй бол Өвөр Монгол руу нүүж хоньчин болно” гэх хандлага дэлгэрэх болж. Төсөөлөөд үз л дээ жил бүр монголын хүн амыг бараг 4 нугалах хэмжээний шинэ төгсөгчид ийм бодолтой хөдөлмөрийн зах зээлд орж байна гээд. Өдгөө 16-24 насны залуусын ажилгүйдэл 16.3%-тай байгаа. Энэ нь 2023 оны түүхэн өндөр 21.3%-иас овоо буурсан ч асуудал болсон хэвээр. 

  • 🤦‍♀️ Ядаж байхад олон залуус Жэк Магийн алдарт 996 буюу өглөөний 9-өөс орой 9 хүртэл, 7 хоногт 6 өдөр ажиллах ажлын байрны хатуу соёлыг хүлээн зөвшөөрөхөө больсон. Нэгээхэн жишээ нь л $2,400-ын хонь маллах ажлын зарын төлөө өрсөлдөөд байна шүү дээ. 

Эцэст нь… Манай залуусын дунд ч хотын стресс, ажлын байрны дарамтаас болж хөдөө гарч, малчин болно гэх яриа мэр сэр гардаг. Гэсэн ч мал маллана гэдэг хэн дуртай хүний хийж чадах, амар ажил биш гэдэг бодит байдал тэднийг хөрсөн дээр нь буулгаж ирсэн. Яг энэ үйл явц хятад залуусын дунд ч өрнөж байна. Манайхаас ялгаатай нь амаргүй ажил хэдий ч цалин хөлс нь өндөр юм даа. 

2020 онд Walt Disney (DIS)-н CEO асан Жеффри Катценберг болон eBay (EBAY)-н CEO асан Мэг Уитман Quibi хэмээх зөвхөн босоо дэлгэцэд зориулсан богино видео стриминг платформыг үүсгэн байгуулж байв. Хүлээлт өндөр байсан тул платформ зах зээлд нэвтрэхээс ч өмнө $1.7 тэрбумыг татан төвлөрүүлж байсан түүхтэй. Даанч 6 сарын дараа хаагджээ. 💔 

Text + Color

Шалтгаан нь маш энгийн буюу хэрэглэгчид төдийлөн тоож, сонирхоогүй. Ядаж байхад 2020 онд Ковид-19 эхэлж, хүмүүс гэртээ түгжээстэй байсан тул Netflix, Disney+, YouTube гэхчлэн урт контентуудыг илүүд үзэж байсан гэдэг. Нэмээд Quibi-н сарын төлбөр $4.9–$7.9 байсан гэхээр хэн ч байсан Netflix-д мөнгө төлөхийг илүүд үзэх биз.

Одоо бол богино, босоо форматтай контентууд эрчийг авч байна. Ямар гоё санаа байгаад буруу цагт, буруу стратегитай бол тэгээд л будаа болдог нэг жишээ юм даа.

😎 Байр авах хялбар боллоо!

Монгол компаниудын эзэмшиж буй байрнуудыг худалдан авах сонирхолтой хүмүүст шууд хүргэдэг blist.mn-н талаар дуулсан уу? Цаана чинь энэ платформын тусламжтай тархай, бутархай байрны заруудаас мэдээллийг харьцуулах, найдвартай эсэхийг шалгах замыг дөтлөх боломжтой гэнэ дээ. 

  • 💰 Илүү ашигтай хэлцэл: Хэлэлцээрээс хамааран төлбөрийг шууд хэсэгчлэн төлөх, бартераар солилцох, банкны процессыг хурдасгах боломжтой.

  • 🏢 Баталгаажсан байрнууд: Бүх байр нь өмчлөл тодорхой, бүртгэлтэй компаниудаас худалдан авалт хийгдэнэ.

  • 🆕 Бусдаас түрүүнд мэдэх боломж: Зарим байр нь олон нийтийн платформд гарахаас өмнө захиалагчид хүрэх ба товчхондоо хамгийн түрүүнд харах аж.

За тэгээд blist.mn дээр үнэгүй бүртгүүлж, сонирхсон байр байвал 7299-9989 утсаар холбоо барьж, боломжит нөхцөлүүдтэй танилцаарай. 🤙🏻

 

Giphy

🍋 Inspiring Asia 2026 Бичил Кино Наадмын бүтээлийн бүртгэл нээгдлээ. Энэхүү наадам нь Монгол, Хятад, Индонез, Филиппин, Сингапур зэрэг 8 улсад зохион байгуулагдах бөгөөд Монгол дахь албан ёсны хамтрагчаар Лоринэт сан, дэмжигч байгууллагаар Голомт сан ажиллаж буй. Бүтээл хүлээн авах эцсийн хугацаа 7-р сарын 6 бол үндэсний шалгаруулалт, үзвэр болон шагнал гардуулах ёслол 8-р сарын дундуур болох аж.

🍋 Goldman Sachs (GS)-н таамгаар SpaceX-н хиймэл оюун ухааны бизнесийн орлого 2030 он гэхэд 100 дахин өсөх төлөвтэй байна. Тэдний тооцооллоор SpaceX-н AI салбарын орлого өнгөрсөн онд $3.2 тэрбум байснаас 2030 он гэхэд 100 дахин өсөж $322 тэрбумд хүрэх төлөвтэй байгаа аж. Хэрэв мэдэх бол $GS SpaceX-н $75 тэрбумыг босгох амбицтай IPO-н гол андеррайтероор ажиллаж байгаа билээ. 

🍋 Өмнөд Солонгос 20 жилийн дараа анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай болох уу? Өнгөрсөн Ням гарагт Ерөнхийлөгч Ли Жэ Мён Жижиг, дунд бизнес болон гарааны бизнес эрхэлсэн сайд Хан Сонсүгийг Ерөнхий сайдаар нэр дэвшүүлээд буй. Тэрбээр өмнө нь Өмнөд Солонгосын интернэтийн акул Naver-н CEO-р ажиллаж байсан бөгөөд Ерөнхий сайд болбол AI шилжилтийг удирдан чиглүүлнэ гэж үзэж байгаа аж. 

🍋 ЭЕШ-ыг олон улсын жишигт нийцүүлэн, улирал тутам авдаг болно. Боловсролын яамны ТНБД-ын мэдээлснээр ирэх жилүүдээс эхлэн ЭЕШ-ыг илүү сонголттой уян хатан болгож, суралцагчид өөрсдийн элсэхийг хүсэж буй их, дээд сургуулийн шаардлагад нийцүүлэн шалгалтаа эрэмбэлж сонгодог тогтолцоонд үе шаттай шилжүүлэхээр судалж байгаа гэнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.