• Lemon Press
  • Posts
  • 💧 Бороо ба Эдийн Засаг

💧 Бороо ба Эдийн Засаг

Hilton томорсоор | Оворгүй хурдан батарей | Ипотекийн даатгал

POWERED BY

🌀 Bingo! Өнөөдөр бинго тоглоомын өдөр тохиож байна. Шалгалт шүүлгэ дээр мэдэхгүй асуултаа “бингодсоон” гэж инээлддэг байсан үе санаанд орж байна уу? Монголд төрөх ч нэг төрлийн бинго юм даа.    

*Нэг өдрийн өөрчлөлт.

KHAN: ХААН Банк (KHAN) дотоодын хөрөнгийн зах зээлд анхны Жендэр бонд гаргах зөвшөөрөл авлаа

MNG: Монгол болон Казахстан тээвэр, логистикийн шинэ маршрут, дөт замыг бий болгох чиглэлд хамтарч ажиллана

MSE: Монголын Хөрөнгийн Бирж (MSE) Монгол хувьцаа ҮЦК-ийг бүртгэлээсээ хасав.

⛈️ Хур тунадас эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

Зун болохгүй байна, “Бороо чи ороосой” гээд дуулаад байж байтал зун ч ширүүхэн ирж, аадар бороо ч гэнэт, гэнэт асгаж байна даа. Ер нь энэ гэнэтийн их бороо манай эдийн засагт нөлөөлөх боломжтой юу? 

☔️ Жилээс жилд нэмэгдэх хур тунадас

Манай орны өнгөрсөн оны хур тунадасны дундаж хэмжээ 280.6 мм-т хүрснээр 2024 он 1940 оноос хойш тохиолдсон 6 дахь ахиу хур тунадастай жил болсон байдаг. Түүнчлэн Улаанбаатарын хур тунадасны хэмжээг жил бүрийн 5-8-р саруудын нийлбэрээр харвал, 2024 оных 2021 оны түвшнээс л гэхэд 41.5% нэмэгдэж сүүлийн 10 жилийн рекордыг тогтоосон байна. Харин аймгийн төвүүдэд орж байгаа дундаж хур тунадас Улаанбаатарынхаас тогтмол бага байдаг аж. 

💧 Ахиу орох тусам… 

Эквадорын хөдөөд хэт их хур тунадас орох нь орлого, ядууралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлдэг буюу 1 удаагийн борооны “цочрол” нь хөдөө орон нутгийн өрхийн 1 хүнд ногдох орлогыг дунджаар 9% бууруулдаг гэнэ. Харин Улаанбаатарын эдийн засгийн бүтэц тус улсынхаас өөр боловч манайд ч ялгаагүй сөрөг нөлөөтэй буюу дэд бүтэц, хөдөлмөрийн бүтээмж гээд олон зүйлд нөлөөгөө нэвчүүлж байна. Тодруулбал,

  • Бүтээмж 🔻: Аадар борооны үеэр үйлдвэрлэлийн бүтээмж 10%-25%  буурдаг аж. Манайд бол энэ дээр нэмээд төв гудамж ч үерлээд дэлгүүр хоршоо руу нь хүн орохгүй борлуулалт буурч, хаа сайгүй хальсан их уснаас нь болоод стресстэж, нэмээд энд тэндгүй түгжирдэг жамтай. 

  • Зардал 🔺: Цаашлаад өнөө засаж ядаж байгаа зам нь борооны усанд идэгдэн эвдэрч, далан байхгүй үерт автах магадлалтай газруудаас нүүлгэн шилжүүлэлт хийх гээд төсвөөс гарах зардал ч нэмэгддэг. 2024 оны нийслэлийн төсвөөс л гэхэд ₮18.5 тэрбумыг үерээс сэргийлэхэд зарцуулахаар баталсан байдаг.

Эцэст нь... Уг нь бол хур тунадасны хэмжээ нэмэгдэх нь ХАА-н салбарт сайн нөлөөтэй ч суурин газарт бол төсвийн зардлыг нэмэгдүүлж, дэд бүтцийн чанарт сөргөөр нөлөөлж байна. Гэхдээ ус зайлуулах хоолой, үерийн даланг тооцоотой хийсэн сэн бол зардал, хохирол ч бага тусах байсан биз ээ. Гэснээс үерийн асуудал орон сууцны үнэд ч нөлөөлж болдгийг ЭНД-ээс уншаарай. 

  • 🩼 Боловсролын салбар намагт шигдсэн үү? (Gogo)

  • ☕ Өглөөний кофе урт наслахад тусалдаг гэнэ. (ScienceDaily)

  • 💸 $5 саяын дүнтэй Япон-Монголын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдаж. (President)

  • 🧑‍🚒 IKEA-н эдийн засгийн савлагаанд тэсэж үлдэх стратеги. (CNBC)

🔋 Оворгүй хурдан батарей 

QS: Батарей хөгжүүлэгч стартап QuantumScape нь Cobra хэмээх шинэ төрлийн литийн металл батарей үйлдвэрлэх технологийг танилцууллаа. Тус технологи нь өмнөх үеийн аргаасаа 25 дахин хурдан бөгөөд овор багатай тул батарейг их хэмжээтэй, хурдан үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх аж. Үүний улмаас хувьцааны нэгж үнэ өмнөх өдрөөс 31% өсөж $5.7-т хүрчээ. Энэхүү дэвшилтэт технологи нь цахилгаан автомашин болон эрчим хүчний салбарт томоохон өөрчлөлт авчрах хүлээлттэй байна.

🏨 Hilton томорсоор

Мэдээний гарчгийг хараад Paris Hilton-н тухай гэж бодсон бол үгүй шүү. Зочлох үйлчилгээний салбарын аваргуудын нэг Hilton Worldwide (HLT)-н эзэмшдэг зочид буудлын тоо сүүлийн арав гаруй жилд 2 дахин өссөн ба бизнесээ тэлэхээр криуз аялал руу нэвтрэх гэнэ дээ.

🔍 Одоогийн бизнес

Дэлхийн 139 оронд үйл ажиллагаа явуулдаг Hilton Worldwide нь 2013 онд олон нийтэд нээлттэй компани болжээ. Тухайн үед нийт зочид буудлын тоо 4 мянга байсан бол энэ оны 4-р сарын байдлаар 8.6 мянгад хүрээд байна. Зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх нь тэдний нэн тэргүүний зорилгын нэг гэдгийг өнгөрсөн онд өдөрт дунджаар 2 зочид шинээр нээснээс харж болно. Зочид буудлын нийт өрөөний тоо 1.3 сая орчим бөгөөд 2024 онд ойролцоогоор 220 сая зочдыг хүлээж $1.5 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Түүнчлэн энэ онд багтаж анхны круз аяллаа хийхээр төлөвлөж байгаа аж.

🛳️ Шинэ боломж

2022 оноос эхлэн зочид буудлууд криуз аялал руу хөл тавих болсон нь ашгийн маржин өндөртэй холбоотой. Криуз аялал үйлчилгээний үнийг чөлөөтэй тогтоодог нь зочид буудлын салбартай харьцуулахад илүү ашигтай ажиллахад нөлөөлдөг аж. Мөн зочлох үйлчилгээний зах зээлд криуз аяллын эрэлт нэмэгдсээр байгаа бөгөөд салбарын акул Carnival (CCL) өнгөрсөн II улиралд $6.3 тэрбумын орлоготой ажиллаж рекорд тогтоожээ. Ташрамд, сүүлийн 1 жилд компанийн нэгж хувьцааны үнэ 43% өсөж $25.5-т хүрээд байна. 

🇲🇳 Нэг шуум

Одоогоос 11 жилийн өмнө Hilton Worldwide Улаанбаатарт баригдах шуум гарч байлаа. Буудлын тухайд 12 давхар 280 өрөөтэй ба 2015 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байв. Гэвч энэ бүхэн усанд хаясан чулуу шиг ор тас мартагдаж зах зээл Hilton Worldwide-г хүлээлгүй, өдгөө аль хэдийн Shangri-La, Novotel, Holiday Inn, Best Western Premier гэх мэт томоохон зочид буудлууд үйл ажиллагаа явуулж байна. Албан бус эх сурвалжийн мэдээллээр санхүүгийн хүндрэлээс шалтгаалж төсөл нь зогссон ба одоо тухайн барих гэж байсан газар нь өөр компанийн эзэмшилд очсон сурагтай.

Эцэст нь… Hilton Worldwide зочлох үйлчилгээний салбарт ноёрхлоо бэхжүүлж эх газраас усан дээр хүртэл бизнесээ тэлж байна. Нэг нартай өдөр Улаанбаатарт тэдний нэг салбар баригдах болов уу? Яах бол?

💡 Таавар таацгаая.

Хэрэв би “Миний чамд хэлж байгаа бүх зүйл худал” гэж хэлбэл энэ нь үнэн үү? Эсвэл худал уу? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай.

🏬💻  ITStore Business салбар мэндэллээ

Төрсөн өдрийн мэнд! Хэнд вэ гэж үү? ITStore хотын төвд иржээ. Тэд ITC tower-т 3 дахь салбар “ITStore Business”-ээ нээсэн байна. 🎉

Бүр гоё мэдээ нь, ITStore Business салбар нээлтийн урамшуулал болгож бүтээгдэхүүнүүддээ үйлдвэрийн үнээс доогуур -60% хямдрал зарлаад буй. Нэмээд гарын бэлэгтэй гэж байгаа.

  • 🛒 Сонголт арвин: Тус салбарт компьютер, гар утас, монитор, чихэвч, компьютер тоглоомын бүтээгдэхүүн гэхчлэн технологийн бүх бараа ёоз ёозоороо эгнээтэй байх чинь билээ.

  • 🛡️ Найдвартай: Тэгвэл хүссэн бараагаа сонгоод тэр дор нь лизингээ судлуулаад авах боломжтой аж. Гэснээс ITStore-н бүх бараа 24 сар хүртэлх баталгаатай гэсэн шүү. 

За тэгээд хотын төвийн бизнес эрхлэгчид маань 5 алхаад л шаардлагатай технологийн бараагаа авчих нь байна шүү дээ. 😎

📞 Холбогдох: 75-888-555

Yahoo

🍋 Америкийн худалдааны комисс Epic Games-н хохирогчдод $126 саяын нөхөн төлбөр олгож байна. Эргэн харвал, 2023 онд холбоо тус компанийг Fortnite тоглоомоороо дамжуулан хэрэглэгчдээс мөнгө залилж байна гэж буруутгасанд Epic Games $245 саяыг өгөхөөр тохиролцсон. Тэгвэл нөхөн төлбөрийн эхний хэсэг 30% буюу $72 саяыг өнгөрсөн оны сүүлээр олгоод буй. Үлдсэн 70%-ийг 970 мянган хэрэглэгч хүртэхээр байгаа.

🍋 Ипотекийн зээлдэгчийн амь насны даатгалыг зөвхөн урт хугацааны даатгалын компаниар хийлгэдэг болно. Тодруулбал, ирэх 8 сарын 1-нээс ипотекийн зээл шинээр авч буй болон даатгалын гэрээгээ сунгаж буй иргэд урт хугацааны даатгалд хамрагдах шаардлагатай болох юм. Ингэснээр зээлдэгч өвчний улмаас нас барсан тохиолдолд зээлийн үлдэгдэл дүнгээр нөхөн төлбөрт хамрагдах боломж бүрдэж байна. 

🍋 Японы компаниуд оны I хагаст $232 тэрбумын M&A гэрээ хийж дээд амжилт тогтоов. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 3 нугарсан дүн бөгөөд Азийн хэмжээний нийт дүнгийн 35%-тай дүйнэ. Тодруулбал, Азийнх мөн хугацаанд 2 нугарч $650 тэрбум болжээ. Японы ЗГ сүүлийн жилүүдэд хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, хувийн хөрөнгө оруулалтын сангуудын оролцоог дэмжих тэргүүтэй бодлого идэвхтэй хэрэгжүүлж буй.

🍋 ЗГ болон Rio Tinto (RIO) хамтарсан ажлын хэсэг байгуулах төлөвтэй байна. ЗГ-ын зүгээс “Оюу толгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх тухай” тогтоолын хэрэгжилтийг эргэн нэг харья гэж. Энэ хүрээнд нарийн мэргэжилтнүүдээр төслийн үйл ажиллагааны ил тод байдал, худалдан авах ажиллагаа, татвар, байгаль орчин зэрэг асуудлыг багцаар нь шийдэх шаардлагатай байгаа гэнэ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.