- Lemon Press
- Posts
- 🤑 Бид баяжна
🤑 Бид баяжна
AI-д хошуурах баялгийн сангууд | $CUMN: Чухал шийдвэр | Lead With: Интермед эмнэлгийн Ерөнхийлөгч Т.Болормаа
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд! Өнөөдөр олон улсын нягтлан бодогчдын өдөр тохиож байна. Тиймээс ойр дотнын нягтлан бодогч ажлын хамтрагч, найз нөхөд, гэр бүлийн хүмүүстээ баярын мэнд дэвшүүлээрэй. Сонирхуулахад, Монголд энэ оны III улирлын байдлаар хамгийн зарлагдсан ажлын байрыг нягтлан бодогч мэргэжил тэргүүлж байгаа гэнэ шүү. 🧮


*Нэг өдрийн өөрчлөлт.
POM: Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хянан шалгах түр хороо байгуулах тухай тогтоолын төсөл болон Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
MSE: Эм Жи Эл Акуа ХК (MGLA)-ийн эзэмшилд байсан үл хөдлөх хөрөнгө болон улсын бүртгэлийн дугаартай газрыг тус компанийн 73.3%-ийг эзэмшдэг Ти Эм Эл Трейд ХХК нь зээлийн барьцаанд тавьжээ.
U.S.: Доналд Трамп 50 жилийн хугацаатай ипотекийн зээлийн хөтөлбөрийг боловсруулж байна.

🎙️ Т.Болормаа: Туршлагаас илүү хүсэл, тэмүүлэл, хариуцлага чухал

Lead W/ булангийн шинэ дугаарт Интермед эмнэлгийн Ерөнхийлөгч Т.Болормаа оролцож, өөрийн манлайллын туршлага, удирдах арга барилаас хуваалцлаа. Хүлээн авна уу.
Интермед эмнэлгийн Ерөнхийлөгч Т.Болормаа нь 8 жилийн хугацаанд тус эмнэлгийг төслийн үе шатнаас хөгжүүлж, анхны концепт, стандартыг зураглаж, төслийн хэрэгжилтийг удирдан ажиллажээ. Эрүүл мэндийн салбарт карьерынхаа дийлэнх он жилүүдийг өнгөрөөсөн хэдий ч тэрбээр сүүлийн жилүүдэд технологийн салбарт хүч үзэж буй сонирхолтой карьерын замналтай нэгэн юм.

🇲🇳 5 жилийн хөгжил

Өнгөрсөн сард ирэх 5 жилд улс эх орноо яаж хөгжүүлэх юм бэ гэсэн агуулгатай “Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” өргөн баригдсан. Тэгвэл өчигдөр Ерөнхий сайд уг чиглэлийг танилцуулав. Заа тэгээд ирэх 5 жилд бид яаж хөгжих юм бэ дээ?
🐐 Өттэй ямаагүй болно
Монгол Улсын авлига гаарсаар авлигын индексийн үзүүлэлт сүүлийн 10 жил тасралтгүй муудсан. Авлигад идэгдсэн байдлаараа 180 улсаас 114-т жагсаж байгаа. Иймд Ерөнхий сайд “Өттэй ямаа таргалдаггүй. Монголын хувьд өт нь авлига. Шимэгчид байхад эдийн засаг яаж таргалах билээ” гэв. Энэ өтийг цэвэрлэхийн тулд ажлын хэсэг байгуулсан бөгөөд цаашид ч хаалттай, нууц гэрээнүүдийг ил болгох юм гэнэ. Зүйрлэл шигээ сайхан ажил хэрэг болоосой.
🤑 Бид баяжна
Одоогоор манай 1 хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2015 оны зэрэгцүүлэх үнээр $4,757, оны үнээр $6,898 байгаа. Харин 5 жилийн дараа энэ дүнг $10.7 мянга болгох юм гэнэ. Улс төрчид нэрлэсэн үнэ л ярьдаг хойно нэрлэсэн дүнг л 55% өсгөхөөр зорьж байгаа бололтой. Өмнөх Ерөнхий сайд ч мөн аль 2024 онд л 2025 онд 1 хүнд ногдох ДНБ-ийг $7,500 болгох боломжтой гэж попорч байсан даа. Гол нь бодит тоогоор хэр өсөх, начир дээрээ хэр өөрчлөлт гарахыг харах нь чухал.
🔻 Тэн хагасыг хална: Түүнчлэн ирэх 5 жилд эдийн засгийн тогтвортой өсөлтийг 6%+ түвшинд хадгалахаар зорьж байгаатай холбоотойгоор дундаж давхаргын эзлэх хувийг 20% нэмэгдүүлж, ядуурлыг 2 дахин бууруулах юм гэнэ. Тэгэхээр 413 мянган хүн ядуурлаас гарах нь дээ. Гол нь яаж гэдэг нь тодорхой зураггүй.
📌 Үүнээс гадна ирэх 5 жилд дараах тоонуудыг санан нэхэх ёстой:
Зөв засаглалын индексээр дэлхийн эхний 90 улсын нэг болно.
Дэлхийн мэдлэгийн индексийг 52.4 оноонд хүргэнэ.
Хүний хөгжлийн индексийг 0.813 түвшинд хүргэнэ.
Байгаль орчны гүйцэтгэлийн үзүүлэлтийг 59 оноонд хүргэнэ.
Өрсөлдөх чадварын үзүүлэлтээр 50 орны нэг болно.
Эцэст нь… Дээрх бүгдийг багтаасан төсөлд санхүүжилтийн эх үүсвэр нь шийдвэрлэгдсэн ₮66.6 их наядын төсөвт өртөг бүхий 87 төслийг тусгасан. Бага мөнгө биш шүү. Бид хэрэгжилт дээр сайн хяналт тавих ёстой.

🌀 Нийгмийн сүлжээний платформууд дахь богино бичлэгүүдийг их үзэх нь тархины ялзрал үүсгэж болзошгүй. (Yahoo!News)
📊 Kalshi болон Polymarket-н крипто магадлалыг Google Finance дээр харах боломжтой болно. (Blog.Google)
🪖 Орос Украины голомтыг эзлэх замдаа… (NYT)
👔 Goldman Sachs-н Үйл ажиллагаа эрхэлсэн захирлаар томилогдсон 638 ажилтан. (BusinessInsider)

🤝🏻 $CUMN: Чухал шийдвэр
CUMN: Өнгөрсөн Баасан гарагт Премиум Нэксус ХК хувьцаа эргүүлэн худалдан авах хөтөлбөр хэрэгжүүлж, нэгж хувьцаагаа ₮350-өөр буцаан худалдан авах санал гаргалаа. Гэхдээ ХХК болно гэсэн үг биш шүү. Хувьцаагаа буцаагаад худалдаж болно эсвэл хөрөнгө оруулагч хэвээр үлдэж болно гээд санал тавьж байгаа хэрэг. Энэхүү шийдвэр нь компанийн нэгдмэл сонирхол бүхий хувьцаа эзэмшигчдийн нийт хувь хэмжээ 75%-ийг давсантай холбоотой аж. $CUMN-н сүүлийн 6 сарын жигнэсэн дундаж ханш ₮199.76 байсан бөгөөд компани нэгж хувьцаагаа уг дүнгээс 75.2%-иар илүү дүнгээр худалдаж авах юм.

💰 AI-д хошуурах баялгийн сангууд

Сүүлийн 100 жил газрын тосоороо танигдсан Персийн булангийн орнууд дараагийн 100 жилд технологиор тэргүүлэхээр шаргуу ажиллаж эхэлжээ. Үүнд баялгийн сангууд томоохон үүрэгтэй оролцох аж.
⭐️ Ирээдүй AI-д
Персийн булангийн Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Катар нь дотоодын AI-г хөгжүүлэх, дата төвийг байгуулахаар төлөвлөсөн бөгөөд Nvidia (NVDA), Microsoft (MSFT), AMD (AMD), OpenAI зэрэг аваргуудтай хамтарч ажиллахаар тохиролцжээ. Эдгээр 3 улсын төлөвлөгөөг задлаад харвал:
Саудын Араб: Энэ онд бүс нутгийн томчуудын нэг Саудын Араб $925 тэрбумын хөрөнгөтэй PIF баялгийн сангаараа дамжуулж Humain гэх AI-д чиглэсэн компанийг үүсгэн байгуулжээ. Уг компани нь дата төвүүддээ зориулан $NVDA-с 18 мянган чипийг авахын зэрэгцээ $AMD-тэй $10 тэрбумын тохиролцоонд хүрээд байна.
Арабын Нэгдсэн Эмират: Нийслэл Абу-Дабид үйл ажиллагаа явуулж буй Арабын Нэгдсэн Эмиратын ADIA, Mubadala болон ADQ баялгийн сангууд нийтдээ $1.7 их наядын хөрөнгийг удирддаг ба эдгээр сангуудын гол анхаарал AI дээр төвлөрч, $MSFT-с гэхэд 2023-2029 онуудад $15.2 тэрбумын хөрөнгө оруулалт татаад буй.
Катар: Персийн буланд эдийн засгаараа 3-т эрэмбэлэгддэг Катарын AI-н талаар баримталж буй бодлого бусад орнуудаас бага зэрэг өөр. Тухайлбал, $524 тэрбумын хөрөнгөтэй QIA баялгийн сан нь AI-н салбарын компаниудад шууд хөрөнгө оруулаад байна. Эдгээр компаниуд дунд Anthropic, Databricks, Cresta, Applied Intuition болон Элон Маскийн xAI нар багтаж байгаа аж.
🇲🇳 Үл мэдэгдэх сан
Чингис хаан үндэсний баялгийн сан нь Ирээдүй өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сангаас бүрдэх ба 2050 онд олон улсад өрсөлдөх чадвартай болох зорилготой ч хэрхэн яаж гэдэг нь экс ЕС-ын орлогоо нотолсон асуудал шиг ойлгомжгүй хэвээр байна. Одоогоор мэдэгдэж байгаа хамгийн ойлгомжтой зүйл бол энэ долоо хоногт Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийг УИХ-аар хэлэлцэх нь байна шүү. 🤷🏻♂️

10 сарын 31-ний байдлаар, Монгол Улсад албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй 132 улсын 37,939 иргэн байна.
Хаанаас ирэв? Тэднээс хамгийн их буюу 65% нь Хятад, 7% нь Орос, 4% нь Өмнөд Солонгос, 3% нь Америкаас ирсэн бол үлдсэн 19% нь бусад 128 орноос иржээ.
Зорилго? Тэгвэл нийт гаднын иргэдийн 57% нь хөдөлмөр эрхлэх зорилгоор, үлдсэн 43% нь хөрөнгө оруулах, суралцах гэхчлэн бусад зорилгоор Монголд оршин сууж байгаа аж.
Хэр их билээ? Хуулийн дагуу авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын 3%-тай тэнцэх буюу 106,345 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой билээ.
Гэснээс 2020-2024 оны хооронд Монголд оршин суух гадаадын иргэдийн тоо 2 дахин өсөөд буй.


The Diplomat
🍋 Дональд Трамп Төв Азийн удирдагчидтай уулзаж чухал ашигт малтмалын хамтын ажиллагааны талаар хэлэлцэв. Уулзалтад Казакстан, Киргиз, Тажикстан, Туркменистан, Узбекистан оролцсон бөгөөд Америк эдгээр орнуудтай уран, зэс, алт, ГХЭ-ийн нийлүүлэлтийн сүлжээ байгуулах сонирхлоо илэрхийлжээ. Эдгээрээс Казахстан дэлхийн ураны үйлдвэрлэлийн ойролцоогоор 40%-ийг нийлүүлдгээрээ бүс нутагтаа тэргүүлдэг.
🍋 Германы ЗГ Монгол Улсын хөгжлийн бодлогын шинэчлэлийг €43.1 саяын буцалтгүй тусламжаар дэмжинэ. Санхүүжилт боловсрол, хувийн хэвшлийн хөгжил, байгаль орчин, уур амьсгал, эрчим хүчний салбарт чиглэх бөгөөд үүнээс боловсролын салбарт €5 саяын санхүүжилт олгохоор болжээ. Уг санхүүжилтээр Боловсролын яам 2024 оноос МҮХАҮТ-тай хамтран хэрэгжүүлж буй “ногоон мэргэжлүүд”-ийн хосмог сургалтыг өргөжүүлэх аж.
🍋 Tesla (TSLA)-н хувьцаа эзэмшигчдийн ¾ нь Илон Маскийг $1 их наядаар урамшуулах төлөвлөгөөг дэмжлээ. Урамшууллыг 12 хэсэгт хуваан олгох бөгөөд Илон Маск бүх урамшууллаа авахын тулд Tesla-н одоогийн зах зээлийн үнэлгээг 5 нугалж $8.5 их наяд болгох шаардлагатай аж. Улмаар Илон Маскийн Tesla дахь эзэмшлийн хэмжээ 12 нэгж хувиар нэмэгдэж 25% болох юм.
🍋 Монгол Улс шинээр тодорхойлсон уур амьсгалын зорилтуудаа хэрэгжүүлэхэд ₮53.3 их наяд шаардлагатай. Энэ нь ирэх 10 жилд буюу 2035 он хүртэл шаардагдах хөрөнгө бөгөөд төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа болон олон улсын эх үүсвэрээр бүрдүүлэхээр төлөвлөсөн гэнэ. Улмаар хүлэмжийн хийн ялгарлыг 30.3% буюу 24.7 сая тн СО₂-эквивалентээр бууруулах зорилт тавьсан байна.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply