- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Тендерийн улс
🇲🇳 Тендерийн улс
Шинэ Робин Гүүд | $GOBI: Алдагдал 2.6 дахин буурлаа | SheLeads 3 дахь жилдээ
POWERED BY
Шинэ долоо хоногийн мэнд! 1962 оны энэ өдөр Ардчилсан хувьсгалын хөдөлгөөний удирдагчдын нэг, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсан мэндэлжээ. Энэ өдрийг тохиолдуулан сэтгүүлч Б.Оюунчимэгийн түүнийг сайн мэддэг, дурсамж нь сэтгэлд нь бөхөөгүй хүмүүстэй уулзаж бүтээсэн “Үлдэх Зориг” баримтат кино нээлтээ хийж байна. Гол нь тус баримтат кино ганцхан удаа л том дэлгэцээр гарах гэнэ дээ. За тэгээд үзэх сонирхолтой хүмүүс байвал ЭНД-ээс мэдээллийг нь аваарай. 🎥 🕰️


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Эрчим хүчний салбар ₮2.1 их наядын урт хугацааны өр зээлд орох эрсдэлтэй байгаа тул иргэдэд хэт ачаалал үүсгэхгүйгээр цахилгааны тарифыг үе шаттай, инфляцад уялдуулан нэмэх шаардлагатай талаар мэдэгдэв.
MSE: Өнгөрсөн Баасан гарагт 41 ХК-ийн ₮426.3 саяын үнийн дүн бүхий 924.3 мянган ширхэг хувьцаа арилжаалагдаж 16 компанийн хувьцааны үнэ өсчээ. Хамгийн өндөр өсөлтийг Хүрд XK (HRD) +12.5%, Монложистикс Холдинг ХК (MLG) +5.22%, Крипто Үндэстэн ХК (CNF) +4.79% үзүүллээ.
FRC: Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE)-д бүртгэлтэй нийт 112 ХК-ийн кодексийн хэрэгжилтийн жилийн дундаж үнэлгээ 2025 оны байдлаар 61.8%-тай хувьтай гарчээ.
OIL: Өнгөрсөн долоо хоногт Ормузын хоолой нээгдсэн ч нэг өдрийн дараа дахин хаагджээ. Дэлхийн газрын тосны 20% нь дамжин өнгөрдөг байсан уг хоолой Америкаас Иранд тавьсан далайн хориглолт арилах хүртэл хаалттай байх төлөвтэй байна.

🫢 Тендерт идэвхтэй оролцдог ААН ердөө 5.9%

Манай улсын тендерийн зах зээлд хэр их мөнгө эргэлддэг гэж бодож байна? Багцаалж, тооцож байв уу? Энэ удаагийн нийтлэлээр тендерийн зах зээлд судалгаа хийе.
🤔 Тендерийн улс
Төрийн худалдан авах ажиллагааны цахим системээс харахад өнгөрсөн оны эхний 9 сарын байдлаар төрийн болон хувийн хэвшлийнхэн нийтдээ ₮42 их наядын төсөвт өртөг бүхий 42,251 тендер зарлажээ. Энэ нь 2021 оныхоос дүнгийн хувьд 268%, тооны хувьд 46.2% өссөн үзүүлэлт юм. Харж байгаачлан сүүлийн 5 жилд тендерийн тоо жилд дунджаар 16.5% өсөж байхад төсөвт өртөг нь 49.6% өссөөр өдгөө ДНБ-ий 40%-тай тэнцэхүйц хэмжээнд хүрээд буй. Өөрөөр бол дунд, том хэмжээний тендер нэмэгдэж байна гэж дүгнэж болохоор.
📊 Түүхэн үзүүлэлтүүд: Тендерийн тоо 2024 онд оргилдоо хүрч тухайн жил 20,348 зарлагдсан байгаа юм. Бодит байдал дээр жил бүр зарлахаар төлөвлөсөн тендерүүд үүнээс ч их байдаг.
🤨 Цөөн хэдэн том оролцогчид
Цаашлаад, уг зах зээл дэх идэвхтэй ААН-үүдийн оролцоо маш хязгаарлагдмал. Тухайлбал, Монгол Улсад нийт бүртгэлтэй 261,157 ААН байгаагийн ердөө 5.9% буюу 15,496 нь л тендерт идэвхтэй оролцож байна. Идэвхтэй гэдэг нь жил ядаж 10-аас дээш тендерт орж буй компаниудыг хэлж буй.
👉 Өнгөрсөн оны байдлаар, жилд 101-с дээш тендерт оролцдог 11 компани, 76-100 тендерт оролцдог 10, 26-50 хүртэл тендерт оролцдог 190, 11-25 тендерт оролцдог 824 компани, 10 хүртэлх тендерт оролцдог 6,857 компани байгаа юм.
🐢 ААН-үүдийг оролцоо сул байгаа нь тендерийн материал бүрдүүлэхээс эхлээд, банкнаас зээл авах даатгал гэхчлэн тендертэй холбоотой бүхий л оролцогч талууд 5 талд тусдаа ажиллаж, 1 тендерт оролцох гэж л асар их шат дамжлага туулдагтай холбоотой. Өөрөөр бол ААН-үүд тендерт идэвхтэй оролцохын тулд асар их ажиллах хүч, цаг хугацаа зарцуулсаар байгаа нь хамгийн том асуудал. Нэмээд сонгон шалгаруулалт нь ч ил тод зохиогдохгүй бол тендерт орох итгэлтэй ААН улам цөөрнө л гэсэн үг.
Эцэст нь… Дийлэнх хүмүүсийн толгойд тендер гэхээр л хамгийн түрүүнд сөрөг зүйлс орж ирэх нь олонтоо. Угтаа компани бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлж буй маш энгийн процесс атал сонгон шалгаруулалт нь ил тод бус, оролцох процесс нь ч явдал суудал ихтэй байдгаас болж өнөөдрийн нөхцөл байдалд хүрчихсэн. Тендерийн сонгон шалгаруулалтыг ил тод болгох AI шийдлийн талаар бид сонирхолтой ярилцлага гаргасан шүү. ЭНД дарж уншаарай.

🔍 Ядуурлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, энгийн түвшинд тайлбарлахуй. (unuudur)
📱 iPhone-той хүмүүсийн үнэнч байдал түүхэн дээд түвшинд очлоо. (9to5Mac)
🗂️ Жеффри Эпштэйн Rio Tinto болон Монголын харилцаанд хэрхэн нөлөөлсөн бэ? (EUReporter)
👨🏻🎤 Өмнөд Солонгосын 4 том агентлаг өөрсдийн Coachella-той болоход гар нийлнэ. (TheKoreaHerald)

🙆♀️ “SheLeads” 3 дахь жилдээ

Ирэх Пүрэв гарагт буюу 4 сарын 23-нд Голомт банк ХК (GLMT)-ийн 3 дахь жилдээ зохион байгуулах гэж буй “SheLeads” эмэгтэй бизнес эрхлэгчдэд зориулсан арга хэмжээ болох гэж байна.
🧾 Арга хэмжээний тухайд
Уг арга хэмжээ нь эмэгтэйчүүдийн эдийн засгийн хөгжилд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх зорилготой төдийгүй амжилттай явж буй эмэгтэй бизнес эрхлэгчдийн туршлага, түүхээ хуваалцах “Her stories” хэлэлцүүлэг гэхчлэн олон сонирхолтой арга хэмжээ болдог.
👉 Өмнөх арга хэмжээний талаар ЭНД-ээс мэдээлэл аваарай.

🐐 $GOBI: Алдагдал 2.6 дахин буурлаа
GOBI: 2026 оны I улиралд Говь ХК-ийн алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 2.6 дахин буурч ойролцоогоор ₮3 тэрбумд хүрчээ. Алдагдал буурахад компанийн борлуулалтын орлого 13.3% өсөж ₮43.4 тэрбумд хүрсэн болон хүнтэй холбоотой зардал 11.5% багасаж ₮5.6 тэрбум болсон нь ихээхэн нөлөөлсөн аж. Сонирхуулахад, өнгөрсөн Баасан гарагт $GOBI-н нэгж хувьцааны үнэ ₮222 дээр хаагдсан нь өнгөрсөн оны мөн үеэс 17.8%, 2026 он гарснаас хойш 2.6% буурсан үзүүлэлт болоод байна.

🏹 Шинэ цагийн Робин Гүүд

Дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тооцогддог Нью-Йорк хотод Робин Гүүдийг санагдуулам шинэ татварын бодлого хэрэгжихэд ойрхон байна. Тодруулбал, $5 саяас дээш үнэтэй, хотоос гадна үндсэн хаягтай иргэдийн нэмэлт орон сууцад татвар ногдуулах гэнэ дээ.
💰 $500 саяын орлого
Хотын захиргаанаас тус татвараар дамжуулж $5 саяас дээш үнэлгээтэй 13 мянган тансаг зэрэглэлийн орон сууцаас жилд $500 саяын татварын орлого олох тооцоог гаргажээ. Энэ орлогыг Нью-Йорк хотын $5 тэрбумын төсвийн алдагдлыг нөхөх шийдлийн нэг хэсэг хэмээн хотын дарга Зохран Мамдани үзсэн бөгөөд цугларсан орлогын тодорхой хэсгийг нийтийн үйлчилгээг санхүүжүүлэхэд зарцуулахаар төлөвлөсөн аж. Түүнчлэн тус татварыг иргэдийн дунд явуулсан санал асуулгаар 93% нь дэмжив.
🏠 Татварын үндэс
Өнөөдрийн байдлаар хотын төвийн Манхэттэн дүүрэгт орон сууцны дундаж үнэ сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд 4 дахин өсөж $1.7 саяд хүрчээ. Эдгээр орон сууцад ихэнх иргэд тогтмол оршин суудаг бол $5 саяас дээш үнэлгээтэй тансаг зэрэглэлийн байрнууд жилийн дийлэнх сул зогсдог буюу хүмүүс төдийлөн амьдардаггүй аж. Товчхондоо энэ тэгш бус байдал нь шинээр хэрэгжих татварын бодлогын үндэс болжээ.
‼️ Эсэргүүцэл бий: Ковид-19-ийн дараа Нью-Йорк хотод нэгээс илүү байртай иргэдийн тоо 103 мянгаас 59 мянга болж буурав. Уг татварыг эсэргүүцэгчид үл хөдлөх хөрөнгийн зах зээл аяндаа агшиж буй энэ үед татвар нэмэх нь төлөвлөж буй $500 саяын татварын орлого олох үлгэр болж магадгүй хэмээн үзэж байна.
Эцэст нь… Мэдэгдлийн дараа хэдхэн цагийн дотор тансаг зэрэглэлийн үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид чинээлэг үйлчлүүлэгчдээсээ санаа зовнисон захиа ихээр хүлээн авч, зарим худалдан авагчид байр хайхаа түр зогсоожээ. Манай лимонууд энэ татварын тал дээр ямар бодолтой байна? Ийм татвар хэрэгжих бол дэмжих үү?

🎁 ONDO-н шинэ хэрэглэгчдэдээ өгч буй ONDO бэлэг

ONDO-н шинэ хэрэглэгчийн урамшуулал дуусахад 🤏 иймхэн хугацаа үлдлээ.
😎 60GB датаг ₮6,000-өөр
ONDO-н 60GB датаг ₮6,000-өөр авах урамшуулал дуусахад ердөө 10 хоног үлджээ. Тиймээс урамшуулалтай байгаа дээр нь ONDO.mn сайт болон ONDO апп-д шинээр бүртгүүлээд 60GB датаг ₮6,000-өөр авахын сацуу дугаараа үнэгүй аваарай.
🤔 Хэрэглэгчийн үг: Бусад операторуудтай харьцуулахад ONDO-н дата маш хямдхан гэдгээс гадна хэрэглээ талаасаа ч дата нь харьцангуй удаан хэрэглэгддэг. Тэр байтугай датагаа ONDO дээр тохируулчихсан байхад датанд үрдэг зардлаа 5 дахин танах боломжтой гэж өөрсдөө хэлсэн шүү.
За тэгээд нэгэнт ONDO-н хэрэглэгч болсон бол “Тал100”, “Гал100” гэхчлэн хугацаатай, хугацаагүй, хязгаартай, хязгааргүй, бэлэгтэй гэхчлэн төрөл бүрийн сонголтуудаас сонгоод ашиглаад яваарай. Датад үрдэг зардлыг дажгүй хэмнэчихдэг шүү.

Та хамгийн сүүлд ямар Монгол кино үзсэн бэ? Ямартай ч 2026 онд нээлтээ хийж, үзэгчдийг байлдан дагуулсан “Тусгаар Тогтнол Бошиг Сахигч” кино 51.5 мянган хүн үзжээ. Ингэснээр дотоодын Box Office-д үзэлтээрээ 30-д эрэмбэлэгдсэн байна. Тэгвэл кино театруудын менежментийн холбооны дата дээр үндэслэн хамгийн олон хүн үзсэн ТОП-5 киног харцгаая.
Зура 3: Цэвэрлэгээ - 302.6 мянга
Баян боол - 296.9 мянга
Зура 2: Цурам ажиллагаа - 282.2 мянга
Байтаг богд - 243.3 мянга
Монгол - 217.9 мянга
Сонирхуулахад, хамгийн их хүн үзсэн ТОП-5 киноны 3-ыг нь Фантастик продакшны бүтээлүүд эзэлж, эдгээрийг давхардсан тоогоор 828.1 мянга гаруй хүн үзжээ. 🍿🎬


Getty Images
🍋 Netflix (NFLX)-н үүсгэн байгуулагч Рид Хастингс энэ оны 6-р сард ТУЗ-ийн даргын албан тушаалаа өгөхөөр болжээ. Үүний сацуу компанийн энэ оны I улирлын санхүүгийн гүйцэтгэл танилцуулагдлаа. Тодруулбал, Warner Bros. Discovery (WBD)-г худалдан авахаар төлөвлөж байсан хэлцэл цуцлагдсаны улмаас авсан $2.8 тэрбумын нөхөн олговрыг оролцуулаад цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 83% өсөж $5.3 тэрбумд хүрчээ. Мөн 2026 онд зар сурталчилгаанаас $3 тэрбумыг олох хүлээлттэй байгаа аж.
🍋 2026 оны I улиралд Mongolian Mining Corporation (0975.HK) 2.5 сая тн угаасан коксжих нүүрс борлууллаа. Энэ нь өмнөх оны мөн үеэс 60% өссөн дүн бөгөөд шинжээчид энэ оны компанийн цэвэр ашиг 2025 оноос эрс сэргэх нөхцөл бүрдэж буйг мэдээлжээ. Түүнчлэн компани 8,527 унц алтыг олборлож, нэг унц алтыг $4,872-оор буюу олон улсын зах зээлийн үнээс 17% өндөр үнээр борлуулсан байна.
🍋 Үндэсний бөхийн “Алтан цом”-ын барилдаанд Улсын заан С.Сүхбат ахлагчтай Хатант интернэйшнл баг түрүүллээ. Тэргүүн байрны төлөө Хатант интернэйшнл баг М-Си-Эс Энержи багтай өрсөлдөж, 13:12 харьцаатай ялалт байгуулжээ. Сүүлийн 6 сарын турш үргэлжилсэн уг тэмцээнд 64 бөх томоохон компаниудын нэр дээр 8 багт хуваагдан өрсөлдсөн. Сонирхуулахад, “Алтан Цом”-ын 2022, 2023 оны барилдааны шагналын сан ₮650 сая байсан бол энэ жилийн шагналын сан ₮1.5 тэрбумд хүрсэн аж.
🍋 АТГ-ын шалгалтаар нас барсан 721 тэтгэвэр авагчид ₮2.6 тэрбум үндэслэлгүй олгосон нь илэрчээ. Тус зөрчлийг АТГ-ын хяналт шалгалтын хүрээнд НДЕГ-аас 2023–2025 онд нас барсан тэтгэвэр авагчдын олголтод хийсэн шалгалтаар тогтоосон аж. Үүнээс 380 хүнтэй холбоотой ₮1.8 тэрбумыг нөхөн төлүүлэхээр байцаагчийн акт тогтоон, 233 хүнд холбогдох ₮1.1 тэрбумыг бүрэн болон хэсэгчлэн барагдуулав. Харин одоо 341 хүнд хамаарах ₮758.9 саяын хариуцагчийг тодруулахаар ажиллаж байна.

Даваа: 130 дахь жилдээ тохиох Бостон марафон эхэлнэ.
Мягмар: Дэлхийн бүтээлч байдал болон инновацын өдөр тохионо.
Лхагва: $TSLA, $T, $BA-нI улирлын санхүүгийн гүйцэтгэл танилцуулагдана.
Пүрэв: Попын хааны түүхийг өгүүлэх Michael кино нээлтээ хийнэ.
Баасан: $KHAN, $MNP нарын хувьцаа эзэмшигчдийн хурал болно.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply