- Lemon Press
- Posts
- 🌈 Солонгордоггүй хорвоо юу?
🌈 Солонгордоггүй хорвоо юу?
Байр: Хөнгөлөлт үү, хүндрэл үү? | Амттай өсөлт | No Brand Монголд
POWERED BY
🥤 Coca-Cola-нд дурлагсдын баярын мэнд! Яг 140 жилийн өмнө буюу 1886 оны 5 сарын 8-нд Жоржиа мужийн Атланта хотын нэгэн эмийн санд анхны Coca-Cola зарагдаж эхэлжээ. Тухайн үед Coca-Cola-г ундаа гэхээсээ илүү "сэтгэл санааг амраах сироп" гэж сурталчилж байсан бөгөөд өдөрт дунджаар ердөө 9 аяга зарагддаг байсан гэнэ. Харин өнөөдөр бол дэлхий даяар секунд тутамд 20,000 орчим хувь зарагддаг аварга брэнд болжээ гэж.


*Нэг өдрийн өөрчлөлт.
MED: ЗГ энэ оны эдийн засгийн төсөөллөө 0.3 нэгж хувиар буулгаж 5.4% болгов.
UB: Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Даваадалайгийн оронд НХОГ-ын дарга Б.Мөнхбат томилогдлоо.
MNG: Энэ оны эхний 4 сард гадаад худалдааны нийт бараа эргэлт өмнөх оноосоо 34.3% өсөж $10.5 тэрбумд хүрлээ. Экспортын хувьд, чулуун нүүрсний экспорт өнгөрсөн оны мөн үеэс 64.3% өсөж 37.4 сая тн, зэсийн баяжмал 37.2% өсөж 0.9 сая тн-д тус тус хүрсэн бол алтных 23.3% буурч 2.3 тн-д хүрээд байна.
GOV: Өчигдөр УИХ-д өргөн барьсан Татварын багц хуульд татварын өртэй ААН-үүдийн дансыг битүүмжилдэг байсныг халж, гүйлгээнээс орж ирэх мөнгөн хөрөнгийн 20%-ийг дансанд үлдээх, алдангийн дээд хэмжээ 50%-иас хэтрэхгүй байх зохицуулалт багтжээ.

💭 Хөнгөлөлт үү, хүндрэл үү?

Мөрөөдлийн байрныхаа түлхүүрийг гардан авна гэдэг Монголын олон залуу гэр бүл, иргэдийн хувьд амьдралынх нь хамгийн том даваа байдаг. Харин Ерөнхий сайд маань анх удаа орон сууц худалдан авч буй иргэдийн ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 50% хүртэл бууруулах зохицуулалт хийгдэнэ гэлээ. Юу өөрчлөгдөх вэ?
👀 Давааны цаадах даваа
Байртай болох давааны хамгийн өндөр хэсэг нь 30%-ийн урьдчилгаа төлбөр байсаар ирсэн нь үнэн. Анх удаа байр авч буй иргэдэд урьдчилгааг 15% болгох шийдвэр нь олон хүний хувьд гэрэлт зам мэт харагдаж байгаа ч энэ зоос 2 талтай ажээ.
🪙 Зоосны нэг тал: 3 жилийн хэмнэлт
Дундаж орлоготой өрх ₮200 саяын байрны урьдчилгаа болох ₮60 саяыг цуглуулахын тулд сард 1.5 саяыг хадгална гэж үзвэл дунджаар 3-4 жил зарцуулна. Урьдчилгаа 15% болж буурснаар энэ хугацаа даруй 1.5-2 жил болон богиносож байна.
🪙 Зоосны нөгөө тал: Үнэтэй хөнгөлөлт
Урьдчилгаа төлбөр багасах нь таны халааснаас гарах нийт мөнгө багассан гэсэн үг биш юм. Харин ч эсрэгээрээ. Жишээ болгож орон сууцны үнийг дунджаар ₮200 сая, зээлийн хугацааг 20 жил, жилийн хүүг 6% гэсэн суурь нөхцөлд тооцоолол хийж үзье.
📌 Зээлийн хэмжээ нэмэгдэнэ: Урьдчилгаа ₮60 сая байх байсан бол ₮30 сая болж 50% буурснаар ₮140 сая биш ₮170 саяын зээл авна. Илүү авсан ₮30 саядаа 20 жилийн турш 6%-ийн хүү төлөхөд нийтдээ ₮21 сая орчмыг зөвхөн хүүд нэмж төлөх нь ээ.
💸 Сар бүрийн төлбөр: Нэмээд сар бүрийн зээлийн төлөлт ₮200-₮220 мянгаар нэмэгдэхээр байна. Энэ нь инфляц өндөр, өргөн хэрэглээний барааны үнэ өсөж буй үед өрхийн төсөвт багагүй дарамт үүсгэх эрсдэлтэй.
📈 Нийлүүлэлт ба Үнийн хөөсрөл: Цаашлаад, урьдчилгаа багассанаар байр авах сонирхолтой иргэдийн давлагаа үүснэ. Энэ нь сүүлийн 47 сард 63.3%-72.1% өсөөд байгаа орон сууцны үнийг улам өдөөх нөхцөл болно.
Эцэст нь… Хэрэв энэ шийдвэр хөрсөн дээр буугаад боломжийг ашиглах бол нэгийг бодож хоёрыг тунгааж байж шийдэх нь байна шүү.

🤏 Huawei дэлхийн хамгийн нимгэн таблет болон алмаазан ухаалаг цагаа танилцууллаа. (NikkeiAsia)
🍿 Bonjour babe! Amazon Франц хэл дээрх кино, видео контентод €90 саяын хөрөнгө оруулалт хийнэ. (Yahoo!Finance)
🤨 AI-г ердөө 10 минут ашиглахад л тэнэг нэмээд залхуу болно гэнэ үү? (Wired)
😮 Google болон Naver AI-д суурилсан байршлын функцүүдээ сурталчилгаатай болголоо. Бас санадаг л санаа. (KoreaTimes)

🍔 Амттай өсөлт
MCD: McDonald's Corporation-н I улирлын тайлан таамгаас давж, хувьцааны үнэ нь 3.5% өслөө. Тодруулбал, тэдний орлого жилийн өмнөхөөсөө 9% нэмэгдэж $6.5 тэрбум болсноор нэгж хувьцааны ашиг $2.8-т хүрсэн аж. Орлогын өсөлтөд үнийн уян хатан бодлого, цэс шинэчлэл нөлөөлсөн гэнэ. Мөн лояалти хөтөлбөрийн гишүүдийн борлуулалт $9 тэрбумыг давсан нь дижитал шилжилт амжилттай байгаагийн илрэл болжээ.

🛄🧳 Аялал жуулчлалын шилжилт: Хятадаас Орос руу

Сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг урагшлуулах, жуулчдыг сая саяар нь татах олон төсөл хөтөлбөр хэрэгжиж, их ч мөнгө зарцуулсан. Бодит байдал хэр өөрчлөгдөв?
🇨🇳🇷🇺 10 жуулчин тутмын 7 нь хөрш улсуудынх
Монголыг зорьж ирж байгаа нийт жуулчдын тоо өнгөрсөн I улиралд 143 мянгыг давсан. Мэдээж энэ бол бүх жилүүдийн I улирал дундаа рекорд тогтоосон тоо. Өөрөөр хэлбэл, энэ он гарснаас хойш сард дунджаар 48 мянга, өдөрт 1.6 мянган жуулчин ирсэн байгаа юм. Гэхдээ ирсэн 10 жуулчин тутмын 4 нь Орос, 3 нь Хятад байна. Үлдсэн 3 жуулчин л өөр улсаас ирж байгаа хэрэг.
🧐 3 жуулчин нь хэн бэ? 2 хөршийн дараагаар Өмнөд Солонгос, Япон, Герман, Казахстанаас хамгийн их жуулчин ирсэн байна. Гэхдээ энэ 4 улсаас ирж байгаа жуулчид нийт сагсны 15%-ийг л бүрдүүлжээ.
👯♂️ Орос, Хятадын байр солигдсон нь
Одоогоос 16 жилийн өмнө Хятад жуулчид нийт жуулчдын 52.4%-ийг, Оросынх 29.7%-ийг бүрдүүлдэг байв. Харин одоо энэ харьцааны байр солигдож Оросынх 42.3%, Хятадынх 30.9% болоод байна. Үүнд мэдээж Ковид-19 болон Орос Украины дайны нөлөө бий.
📌 Нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй: Харж байгаачлан Хятад жуулчдын нийтэд эзлэх хэмжээ буурсан ч Оросынх нэмэгдсэнээр аялал жуулчлалын салбар дахь 2 хөршийн хамаарал өндөр хэвээр байгаа. 2011 оны өдийд 2 хөршөөс бусад улсаас ирсэн жуулчид нийт жуулчдын 23.2% эзэлж байсан бол өдий 15 жилийн дараа ч 26.8% байна.
🌈 Солонгордоггүй хорвоо юу?
Экспортоо солонгоруулна гээд солонгордоггүй шиг, аялал жуулчлал нь ч 2 өнгөтэй байгааг харж байгаа байх. Монголын аялал жуулчлалын салбарын хамгийн том сорилт нь жуулчдын тоо биш, харин бүтэц байгаа нь харагдаж байна. Олон улсаас жигд урсгал татах, өндөр зарцуулалттай жуулчдын эзлэх хувийг нэмэгдүүлэх зорилт бодит байдал дээр хангалттай ахиц гаргасангүй. Жуулчдын тоонд биш чанарт анхаарч нэг удаагийн урсгал биш, тогтвортой эргэлт бий болгох нь чухал байна даа.

… нь дэлхийн хамгийн хүчирхэг ч, хамгийн нууцлаг бизнесменүүдийн нэг.
Тэрээр 1963 онд Тайванд төрж багадаа Америк руу нүүж, 1993 онд жижигхэн компани үүсгэн байгуулж байв. Түүний компанийг 30 гаруй жилийн турш бараг хэн ч анзаараагүй байсан ч, 2023 оноос хойш хурдацтай алдаршиж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй компаниудын нэг болсон. Энэ хэн бэ? Хариултыг олсон бол бидэнтэй хуваалцаарай. ✌️


Auto Buy
🍋 Суудлын автомашины импорт буурав. Энэ оны эхний 4 сард монголчууд гаднаас 25,280 суудлын автомашин импортолж, импортын дүн өнгөрсөн оны мөн үеэс 43% буурчээ. Ачааны автомашин импорт ч мөн 29.8% буурч, 6,204 ширхэгт хүрсэн байна. Улмаар суудлын автомашин нийт импортын 8.3%, ачааных 3.8%-ийг тус тус эзлэв.
🍋 Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэг рүү шилжүүллээ. Тус хуульд амьгүй донорын гэр бүлд нь Эрүүл мэндийг дэмжих сангаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн дүнгээр оршуулгын тэтгэмж олгох зохицуулалт тусгагдсанаараа онцлог.
🍋 Apple (AAPL) Apple Intelligence-тай холбоотой шүүхийн маргааныг $250 саяар дарахаар болов. Компани AI-н өрсөлдөөнөөс хоцрохгүйн тулд бэлэн болоогүй Apple Intelligence болон AI-тай хоршин ажилладаг Siri-г олон нийтэд танилцуулсан нь буруудсан хэрэг. Улмаар 2024 оны 6-р сараас 2025 оны 3-р сарын хооронд iPhone 15, iPhone 16 худалдан авсан Америк хэрэглэгчдэдээ $25-$95-ын нөхөн төлбөр олгохоор болжээ.
🍋 E-mart Монголд өөрийн No Brand-г брэндийг бие даасан дэлгүүр болгон нээнэ. Тус брэндийн бүтээгдэхүүн Монголд эрэлттэй байгаа тул өрх тусгаарлаж, 2028 он гэхэд Монгол дахь No Brand дэлгүүрийн тоог 15, 10 жилийн дотор 50-д хүргэхээр төлөвлөжээ. Мөн тус брэндэд зориулсан логистикийн төв байгуулахаар төлөвлөжээ.



Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply