• Lemon Press
  • Posts
  • 🚞 Цайны замын аялал жуулчлал

🚞 Цайны замын аялал жуулчлал

Даатгалын III улирал | $TCK: Ашгийн маржин 5.1% | Инфляц 9.2%

POWERED BY

Өглөөний мэнд! Шинэ жил болоход яг 50 өдөр үлджээ. Лимончуудын маань энэ жил өөртөө тавьсан зорилтууд хэр явцтай явж байна даа. 😎 

*Нэг өдрийн өөрчлөлт.

NSO: Өнгөрсөн 10-р сард инфляц улсын хэмжээнд өнгөрсөн оны мөн үеэс 2.6 нэгж хувиар өсөж 9.2%-тай гарлаа

ER: Энержи Ресурс ХХК, China Energy (0228.HK)-тай ирэх онд 4.9 сая тн хүртэлх баяжуулсан коксжих нүүрс, 1 сая тн баяжуулсан сул коксжих нүүрсийг зах зээлийн үнээр нийлүүлэхээр тохиролцов

MNG: Энэ оны эхний 9 сарын байдлаар төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал өнгөрсөн оны мөн үеэс 7.6% буурч, алдагдал нь $1.6 тэрбумд хүрснээр тэнцэл $53.2 саяын ашигтай гарчээ.

🚞📷 Цайны замын аялал жуулчлал

Орос, Монгол, Хятад 3 хил орчмын аялал жуулчлалыг 2025-2026 онд хамтран хөгжүүлэх Цайны зам аялал жуулчлалын төлөвлөгөөнд гарын үсэг зурлаа

🗺️ Хил дамнасан аялал жуулчлал

Өнгөрсөн Баасан гарагт 3 улсын Аялал жуулчлалын сайд нарын IX хуралдаан Дархан хотноо болж, тус төлөвлөгөөнд гарын үсэг зурсан байна. Улмаар Орос, Монгол, Хятад Цайны замын түүх, соёлыг аяллын маршрут болгон хөгжүүлэх, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэхээр тохиролцож, Цайны зам авто аяллын брэнд маршрутыг нээгээд буй. 

  • 📍 Маршрут: Цайны замын аяллын оролцогчид Хятадаас 2,100 км замыг туулж, Дархан-Уул аймагт ирэх бөгөөд цааш Сэлэнгэ аймгаар дайрч, Алтанбулаг боомтоор дамжин Орос руу гарах аж. 

📇 Үүх түүх

Цайны зам нь XVIII зуунаас XX зуун хүртэл Хятадын цай болон бусад бүтээгдэхүүн Монголоор дамжин, Орос руу гардаг гол худалдааны зам байсан гэдэг. Энэ ч утгаараа Монголын хувьд бид бүгдийн сайн мэдэх Торгоны замаас дутуугүй  түүхэн ач холбогдолтой. 

  • 💡 Сонирхуулахад, Торгоны замын маршрут нь ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгэлтэй байдаг бөгөөд үүнд тулгуурласан аяллын маршрутыг Хятад, Узбекистан, Казахстан, Иран, Турк тэргүүтэй улсууд хамтран сурталчилж буй. Энэ ч утгаараа Торгоны замын аялал нь дэлхийн хамгийн алдартай түүх, соёлын аялал болжээ. 

  • 🤔 Юу үзэх вэ? Торгоны замын аяллаар Самарканд, Бухара, Кашгар зэрэг эртний худалдааны төвүүдийг үзэж, сонирхох соёлын танилцуулгын аяллаас гадна элсэн цөлөөр тэмээн жинтэй аялах гээд аялагчдад бодит мэдрэмж өгөх сэдэвчилсэн аялал байдаг аж. 

Юутай ч Орос, Монгол, Хятад 3 Цайны замын авто брэнд аялалтай болж байна. Хятад болон Орос манайд ирж буй жуулчдын талаас их хувийг эзэлдэг гэх утгаараа тус төлөвлөгөө амжилттай хэрэгжиж, хил дамнасан аялал жуулчлалыг нэмэгдүүлэх боломжтой. Гол нь бидний зүгээс Монгол орноор дайран гарсан Цайны замын маршрутыг мэргэжлийн төвшинд бий болгож, аялал жуулчлалын болон соёлын бүтээгдэхүүнтэй болох нь чухал. Үүний сацуу цайны соёлоороо дэлхийд танигдсан Хятад шиг өөрсдийн цайны соёлыг дэлхийд сурталчлах ч боломжтой доо.  

$TCK: Цэвэр ашгийн маржин 5.1%

TCK: Хүнсний салбарын томчуудын нэг Талх Чихэр ХК өнгөрсөн III улиралд ₮85.2 тэрбумын орлоготой, ₮4.3 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ. Мөн борлуулсан бүтээгдэхүүний өртөг ₮66.5 тэрбумд хүрснээр нийт ашгийн маржин 21.9%-д, цэвэр ашгийн маржин 5.1%-д хүрсэн аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар компанийн хувьцааны үнэ 4.2% өсөж ₮29,200-т хүрлээ.

  • 💡 Монголыг 2026-2030 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл. (MED)

  • 🔢 Өвдөлтийн хэмжээг тоон үзүүлэлтээр гаргадаг болжээ. (Mainichi)

  • 🎧 Spotify-н III улирлын өнгө. (Spotify)

  • 🪪 Виз сунгалт, виз шилжүүлгийн үйлчилгээг isf.mn системд шилжүүлэв. (ГИХГ)

☂️ Даатгалын III улирал

Даатгалын компаниудын хувьцаатай хөрөнгө оруулагчид хэр их байна? Өнөөдөр Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-д бүртгэлтэй даатгалын 5 ХК-ийн III улирлын санхүүгийн үзүүлэлтийг тоймлон хүргэе. 

💰 Цэвэр ашиг 140.7% өсөв

Өнгөрсөн жилийн III улиралд $MSE-д бүртгэлтэй даатгалын 5 ХК-ийн цэвэр ашиг ₮9.3 тэрбум байсан бол энэ жил 140.7% өсөж ₮22.4 тэрбумд хүрчээ. Энэ дундаас Мандал Даатгал (MNDL) цэвэр ашгийн дүнгээр буюу ₮8.1 тэрбумын ашигтай ажилласан бол Ард Даатгал (AIC)-ын цэвэр ашгийн өсөлт 5.7 дахин өсөж ₮4.3 тэрбумд хүрснээр тус тус тэргүүлэв.

  • 💔 Ганц улаан: $MSE-д бүртгэлтэй даатгалын 5 ХК дунд ганцхан алдагдалтай ажиллаж буй компани нь Монгол Даатгал (MDIC). Компанийн хувьд өнгөрсөн III улиралд ₮544.3 саяын алдагдалтай ажиллав. Сайн мэдээ гэвэл, тус алдагдал нь 2024 оны мөн үеэс ₮3.5 тэрбумаар багассан дүн юм. 

  • 📈 Хураамжийн орлого өсөлттэй: Даатгалын компаниудын хураамжийн орлого 2024 оны мөн үеэс 9% нэмэгдэж, ₮236.1 тэрбумд хүрсэн бөгөөд $MNDL, Бодь Даатгал (BODI), Тэнгэр Даатгал (TGI)-ын хураамжийн орлого мөн үеэс өсөөд байна.

  • 📐 Өнгө ижил нөхөн төлбөр: Даатгалын нөхөн төлбөр энэ оны III улиралд ₮54.4 тэрбумд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 2.7%-иар нэмэгдсэн үзүүлэлт болов. Цаашлаад, нөхөн төлбөрийн хэмжээ хамгийн их буурсан нь $MDIC ба мөн үеэс 38.3% багасаж ₮6.5 тэрбумд хүрчээ.

  • 📉 Зах зээлийн үнэлгээ: Хэдий компаниуд ашигтай ажилласан ч зах зээлийн үнэлгээ мөн үеэс ₮44.9 тэрбумаар буурч, ₮248.1 тэрбумд хүрээд байна. Одоогийн байдлаар зах зээлийн үнэлгээгээр $MDIC тэргүүлж байгаа боловч, компанийн хувьцааны үнэ 2024 оны мөн үеэс 21.6%, он гарснаас хойш 6.1% тус тус буурсан аж.  

Эцэст нь… Биржид бүртгэлтэй 5 ХК-ийн санхүүгийн үзүүлэлтүүд өнгөрөгч III улиралд нэг иймэрхүү байлаа. За тэгээд 2025 оны жилийн эцсийн тайлангаар ямар дүр зураг ажиглагдах бол гэдэг тун сонирхолтой. ✌🏻

Excel дээрх багануудыг нэгтгэж хүснэгт үүсгэх HSTACK функц хэрхэн ажилладаг вэ? 👇

  • Жишээлбэл, танд A1:A10 болон B1:B10 гэх 10 мөртэй 2 багана өгөгдсөн байя. Тэднийг 10 мөр, 2 баганатай нэг хүснэгт болгоход =HSTACK(A1:A10, B1:B10) томьёог бичээд болох нь.

Хэрэв хүснэгт дээр шинэ багана нэмэх бол хүснэгтийн нэг баганын толгой дээр баруун товшоод Insert➡️Table Columns to the Right командыг гүйцэтгээрэй. 

⭐ 11 сард 11 азтантай “Lucky 11”

Аз ивээг ээ! Өмнөд Солонгос дахь Монголчууддаа зээлийн үйлчилгээ үзүүлдэг GME Finance Mongolia энэ сард бэлэн мөнгөний азтан тодруулах “Lucky 11” урамшуулал зарлажээ. 📢

Дараах аргуудыг ашиглан сугалаатай болоод бэлэн мөнгө ₩-оор авах азтай 11 хүний нэгээр тодрох юм:

  • ☝️ Нэгдүгээрт, GME апп-ын “ЗЭЭЛ” цэсээр зээлийн хүсэлт гаргаад зээл гарсан эсэхээс үл хамааран нэг сугалаатай болно.

  • 📲 Эсвэл, GME Finance Mongolia дээр байршсан урамшууллын линкээр зочлон сугалаандаа бүртгүүлж, ЭНЭ постерыг хуваалцаад нэг сугалаатай болох нь ээ. За тэгээд 12 сарын 1-нд шууд дамжуулалтаар азтаныг тодруулах юм байна шүү.

Гэснээс GME Finance Mongolia цагаачлалын “Хүүхдийн дагалдан G1” визэнд ₩2-₩25 саяын лимиттэй зээл гаргадаг болжээ.

📞 Холбогдох: 010-3384-6864; 1555-6171

Wired

🍋 Meta (META) луйврын шинжтэй зар сурталчилгаанаас жилд ойролцоогоор $7 тэрбумын орлого олдог болох нь илчлэгдлээ. Компанийн автомат систем нь маркетер луйвар хийж байгааг 95%-иас дээш итгэлтэй тохиолдолд л хориг тавьдаг бөгөөд хэрэглэгчид өдөрт 15 тэрбум луйврын шинжтэй зар сурталчилгаа харагддаг нь тогтоогдсон байна. Угтаа Meta энэ онд нийт луйврын шинжтэй зарын контентыг 58% бууруулсан л гэнэ.

🍋 “Эрдсүлж” ХХК ХХААХҮЯ-д учруулсан нийт хохирлын 89% буюу ₮721.1 саяыг барагдуулжээ. Тодруулбал, 2013 онд Оёдлын нэгдсэн холбоо төсвийн ₮23 тэрбумыг 18 сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэл эрхлэгч ААН-д зээл хэлбэрээр олгосон ч өдийг хүртэл тэд нийт зээлийн 65%-ийг барагдуулаагүй байгаа аж. Үүнээс оёдлын салбар сүүлийн 10 жилд сэргээгүй өнгө илхнээ харж болох нь.

🍋 Хятадын ЗГ Nexperia-г автомашины чип экспортын хоригоос чөлөөлөв. Улмаар Европын автомашин үйлдвэрлэлд хэрэглэгддэг чипийн 49%-ийн нийлүүлэлт үргэлжлэх боломж бүрдэж буй. Харин үүний хариуд Хятад худалдааны дайн эхэлснээс хойш тус компанийг хянах болсон Нидерландын ЗГ-аас шийдвэрээ эргэн харахыг хүсэж байгаа. 

🍋 Барилга угсралт, их засварын ажлын гүйцэтгэл энэ оны эхний 9 сард өнгөрсөн оноос 28.9% өсөж ₮8.8 их наяд болов. Үүний 96%-ийг дотоодын барилгын байгууллагууд гүйцэтгэсэн бөгөөд тэдний гүйцэтгэсэн ажил мөн хугацаанд 37.7% өсжээ. Сонирхолтой нь, хувийн байгууллагуудын гүйцэтгэсэн ажил 27.3% өсөж ₮7.7 их наяд болсон бол төрийн байгууллагын гүйцэтгэсэн ажил 10.2 дахин өсөж ₮718.2 тэрбум болсон гэнэ дээ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.