🇲🇳 Омогшил 2024-2025

Айлчлалын богц | ₮9.3 их наядын зөрчил | Теле камерийн нэгдсэн төв

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Сүүлийн үед монголчуудын хошуурах болсон Temu болон Taobao дээр The MongolZ багийн нэр, зурагтай цамц, футболк худалдаалагдаж, эрэлттэй бүтээгдэхүүн нь болжээ. Гэхдээ оригинал биш л бололтой. Урд хөрш маань бид нараас түрүүлээд алхчих юм. Хэцүү гэж… 😩🤪

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Импортын гурилын гаалийн албан татварыг сэргээх тухай хуулийн төслийг дахин өргөн барьж, УИХ-аар хэлэлцэхээр болов. 

MSE: ХасБанк (XAC) нэр нь үл мэдэгдэх холбогдох этгээдтэйгээ 12 сарын хугацаатай, ₮7 тэрбумын зээл олгох зээлийн гэрээ байгууллаа

NATO: NATO-н гишүүн орнууд 2035 он гэхэд батлан хамгаалах салбарын зардлаа ДНБ-ийхээ 5% хүртэл өсгөхөөр тохиролцов

🇲🇳 Омогшил 2024-2025   

Сүүлийн 1 жилийн хугацаанд Монголын спорт, бизнес, соёлын салбарт чамлалтгүй олон амжилт гарлаа. Тэр бүх үйл явдалд Монгол түмэн омогшиж, гаднынхан биднийг сонирхох болов. 

  • 🚴🏻 Мөрөөдөл ойрхон: Mr.Wazza буюу Б.Очирваань 2024 оны 5 сард 19 улс дамжиж, 14 мянган км замыг дугуйгаар туулсны эцэст домогт хөл бөмбөгчин Уэйн Рүүнийтэй уулзсан. Тэрхүү уулзсан мөчийг X дээр гэхэд 5 сая хүн үзэж дан ганц Монголчуудад биш олон улсад хүрсэн хэрэг байв.  

🏅 Спортоор тэргүүлэв  

Манай тамирчид Парисын олимпоор 1 алт, 4 мөнгөн медаль авсан ба пара таеквондогоор У.Сүрэнжав анхны эмэгтэй аварга болсон. Сагсан бөмбөгийн 3x3 төрлөөр эмэгтэй шигшээ баг Дэлхийн гран-пригээс алтан медаль, 5x5 төрлөөр Хасын Хүлэгүүд Азийн аваргаас хүрэл медаль авсан бол энэ Даваа гаргийн үүрээр The MongolZ CS-н дэлхийн аваргаас дэд байр эзлээд байна. Үүгээр багийн спорт хөгжихгүй гэдэг яриа цэг болж хоцрог. 

✈️ Бизнесээ тэлэв   

Гаднын зах зээл рүү хөл тарьж буй Монгол компаниуд жилээс жилд нэмэгдсээр байна. Ноднин жилийн өдийд Доктор Авто Сүлжээ Казахстанд нээх 200 франчайзын анхны салбараа Алматы хотод нээсэн. Харин энэ оны 2 сард санхүүгийн салбарын түүчээ Инвескор Санхүүгийн Групп Лондоны Хөрөнгийн Бирж (LSE)-д албан ёсоор бүртгэгдсэн анхны Монгол компани болов. Мөн 2024 оны 9 сард Казакстанд охин компаниа байгуулж Төв Ази дахь үйл ажиллагаагаа тэлсэн билээ.

🌏 Соёлоороо татав    

Сүүлийн 1 жилд Монгол соёлтой холбоотой сошиал медиа дээрх хамгийн өдөр хандалттай мэдээ шигшээ багийн олимпын наадмын хувцсыг урласан Michel & Amazonka-н талаар байлаа. X дээрх жиргээ 60 сая хүнд хүрсэн бол TikTok дээрх холбоотой пост 1.9 сая хүнд таалагдсан аж. Харин YouTube дээр хөөмий болон техно хөгжим хосолсон богино бичлэгийг 9.4 сая хүн үзсэн бол өнгөрсөн 4 сард Монголд ирсэн IShowSpeed-н бичлэг 7.2 сая хандалт авчээ. 

  • 🐎 Морьтой тоглоом: XIII зуунд өрнөх Windstorm:The Legend of Khiimori гэх видео тоглоомын танилцуулга X дээр 16 сая хандалт авч, 136 мянган хүнд таалагджээ. Тус тоглоом нь морь унаж, даалгавар биелүүлэх адал явдалт төрлийнх аж.

Эцэст нь… Хэдхэн жилийн өмнө 400 сая биш 400 мянган жуулчин авна гэж мөрөөддөг байсан бол амны бэлгээс ашдын билэг гэдэг шиг 2023-2024 оны мөн үеэс Монгол ирсэн жуулчдын тоо 28% өсөж 891.7 мянгад хүрчээ. Хурдхан 1 сая жуулчин авдаг орон болох болтугай. ✌🏻

  • 💬 УИХ-ын гишүүдийн тоог 20% танах санаачилга гаргана гэнэ. (Ikon)

  • 👰 Орон нутгийнхаа эдийн засагт €20-€30 саяыг цутгах зууны хурим айсуй. (Variety)

  • 🧠 Шилдэг инновацын төслийг сонгон шалгаруулах бүртгэл эхэлжээ. (ЦХИХХЯ)

  • 🔆 Номоор сэтгэл зүйгээ анагаах боломжтой юу? (BBC)

💊 Хамтрал дуусаж, хувьцаа унав

HIMS: Эмийн үйлдвэрлэлийн томчуудын нэг Novo Nordisk (NVO) өнгөрсөн Даваа гарагт Hims & Hers-тай байгуулсан хамтын ажиллагаа зогсоосноо мэдэгдлээ. Тус үйл явдал нь Hims & Hers-н нэгж хувьцааны үнэ 34% унаж $42-д, Novo Nordisk-н нэгж хувьцааг 5.5% буурч $69.7 дээр хаагдахад нөлөөлөв. Novo Nordisk-н талаас Hims & Hers-г хуурамч эм борлуулсан, хууль зөрчиж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн буруутгасан нь хамтын ажиллагаагаа зогсоход хүргэжээ.

🎁 Айлчлалын богц

Узбекистаны Ерөнхийлөгчийн айлчлал өнөөдөр өндөрлөнө. Түүний айлчлал энэ оны 3 дахь гаднын улсын төрийн тэргүүний айлчлал болж байна. 

  • ℹ️ Гэснээс: Энэ жил Төв Азийн 5 улсаас Туркменистан, Узбекистаны Ерөнхийлөгч нар Монголд айлчилж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт албаа авснаас хойш Тажикстаныг эс тооцвол Төв Азийн бүх орны Ерөнхийлөгч нарыг хүлээн авсан Ерөнхийлөгч болж байна. 

🌾 Арвин ургац

Энэ удаагийн айлчлалыг тохиолдуулан Улаанбаатарт Узбекистаны худалдааны төв нээлтээ хийгээд буй. Талууд хамтран ажиллах олон салбаруудыг цохон тэмдэглэсэн ч 2 орны ХАА-н салбар дахь хамтын ажиллагаа ирэх жилүүдэд бодитоор үр шимээ өгөх итгэл төрүүлэв. Учир нь өнгөрсөн жил Монголын  тус улс руу экспортолсон 7,000 гаруй амьд хонь энэ жил тоо толгой нь өсөж 13,500 гаруй болсон аж.

  • 🧪 Туршилтын хамтрал: Үүгээр тогтохгүй Узбекистаны усалгааны туршлагад тулгуурлан Монголд 10 га хүртэлх талбайд ус хэмнэх систем нэвтрүүлэхэд $25,000-ын технологийн дэмжлэг үзүүлэхийн сацуу Монголд 15 нэр төрлийн хүнсний ногоо, амтат гуа, төмс, үр тарианы туршилтын багц илгээхээр болжээ. 

  • Хээрийн туршилт амжилттай болбол экспортын хэмжээ $200 мянгад хүрэх боломжтой. Мөн Узбекистан, Монголын найрамдлын цэцэрлэгт хүрээлэн төслийн хүрээнд 5 га талбайд хүйтэнд тэсвэртэй 10 мянган жимс, жимсгэнийн суулгац тарихаар болсон юм. 

👀 Ерөнхийлөгчийн гадаад айлчлал

Харин Ерөнхийлөгчийн гадаад айлчлалын хувьд тэрбээр энэ оны эхний хагаст Турк, Польш, Чех, Орос гэсэн 4 улсад айлчилсан. Айлчлалуудын үр дүнд Монгол Чехтэй хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, Польштой харилцаагаа ахиулж иж бүрэн стратегийн түншлэлтэй болсон нь хамгийн онцлууштай үйл явдал байв. 

  • 🏗️ Хамтын бүтээн байгуулалт: Мөн Хархорум болон Шинэ зуун мод хотуудын бүтээн байгуулалт, дэд бүтцийн чиглэлд хамтран ажиллахаар Чехэд санал тавьсан бол Польш тус төсөлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.  

Эцэст нь… Энэ удаагийн Узбекистаны Ерөнхийлөгчийн айлчлал бодит хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны үндэс суурийг тавьсан арвин богцтой айлчлал болов. Удахгүй буюу ирэх сард Японы эзэн хаан гэргийн хамт Монголд айлчлахаар байгаа. Монголын гадаад харилцаа сүүлийн 3 жилд нүдэн дээр идэвхжиж байгаа нь сайн хэрэг. 

💡 Бяцхан кейс задлан

  • Асуудал: Компани 10-аас дээш салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулдаг ч аль ч салбарын зах зээлд гоц гойд байр суурь эзэлж чадахгүй байв. 

  • Шийдэл: Тэд портфолио шинжилгээ буюу бүх бүтээгдэхүүн, салбаруудаа ашиг, өсөлт, зах зээлийн байр суурийн хувьд ангилж хамгийн өндөр боломжтой 1-2 салбарыг сонгон нөөцөө төвлөрүүлжээ. Үүний сацуу брэнд стратегиа дахин тодорхойлов.

Компанийн хэрэгжүүлсэн шийдэл хэр оновчтой хэрэгжих бол? Саналаа бидэнтэй хуваалцаарай.

 🎤⛺ Playtime хаяанд ирлээ! 

Мөн ч ойрхон байна даа. “Playtime Festival 2025” болоход 8 хоног үлдлээ! 📢 Энэ жилийн фестиваль ОУ-ын жишигт нийцсэн шинэчлэл, технологийн дэвшлүүдийг нэвтрүүлжээ.

  • 🤌 Төгс дуугаралт: Наадмын дууны инженерийн багт Нидерландын мэргэжилтэн нэгдсэн тул тайз, дуугаралтын чанар янзтай болж.

  • 💳 Хялбар төлбөр тооцоо: Фестивалийн бугуйвч NFC технологитой болсон тул бүх төрлийн бараа, үйлчилгээний төлбөрийг түргэн хялбар хийхээс гадна зарцуулалтаа хяначхаж болох нь.

  • ⌚ Түргэн нэвтрэлт: Түүнчлэн тасалбар баталгаажуулалтын системтэй болсон тул хуурамч тасалбарын асуудлууд гарахгүй, иймд тасалбараа идэвхжүүлээд наадмын талбай руу гялс гялс нэвтрэх боломжтой болсон байна.

За тэгээд дэд бүтэц ок, ногоон орчин ок, зохион байгуулалт ок болсон шүү. ЭНД дарж хэрхэн ногоон орчин бүрдүүлсэнтэй танилцаарай. 

Unsplash

🍋 Нийслэл “Теле камерын нэгдсэн төв”-тэй болов. Энэ төв 176 уулзвар, гарц, авто замыг иж бүрэн камержуулж, 10 төрлийн зөрчлийг AI-д суурилсан систем ашиглан илрүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх аж. Үр дүнд нь гэрлэн дохио болон авто замын зохион байгуулалтыг ухаалгаар шийдэж, түгжрэлээс урьдчилан сэргийлж гэмт хэрэг, зөрчлийг түргэн шуурхай таслан зогсоодог болно гэх найдлага тавьжээ. 

🍋 Labubu гэлтгүй Хятадын брэндүүд дотоод зах зээлээ базахаас гадна гадагш эрчтэй тэлж байна. Хятадын зах зээлд Starbucks (SBUX)-г Chagee (CHA), Tiffany & Co-г Laopu Gold (6181.HK) гэхчлэн дотоодын брэндүүд орлох болсон бол Хятадаас ОУ-ын зах зээлд Pop Mart (9992.HK) Funko (FNKO)-г, BYD (BYDDF) Tesla (TSLA)-г орлох хэмжээний болтлоо тэлээд байна. Энэ трэнд ялангуяа дэлхийн тансаг зэрэглэлийн зах зээлд хүнд тусаж буй. 

🍋 ЗГ-ын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн аудитаар нийт ₮9.3 их наядын зөрчил илэрчээ. Үүнээс нийт төсвийн 30%-ийн зарцуулалт тодорхойгүй байгааг илхнээ харж болно. Нэмээд ЗГ-ын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт тэнцэл ₮920.3 тэрбумын алдагдалтай байгаа. Мөн энэ онд хэрэгжих 579 төсөл арга хэмжээний хэрэгжилт 69%-тай буюу хангалтгүй дүн тавиулжээ. Энэ их төсөв мөнгө хаашаа л урсаад байна даа… 

🍋 Amazon (AMZN) ирэх 3 жилд Их Британид $54 тэрбумын хөрөнгө оруулна. Өнгөрөн 9-р сард тэд тус улсад дата төвийн бүтээн байгуулалт хийхэд 2028 он хүртэл $10 тэрбумыг төсөвлөсөн. Энэ удаагийн санхүүжилтээр тэндхийн 2 мужид автоматажсан ухаалаг агуулах барих, 100 гаруй салбараа өргөтгөх гэхчлэн ажлуудыг хийх юм. Энэ сацуу нийт ажилтныхаа тоог 5% нэмэгдүүлж 80 мянга болгох тооцоо гаргажээ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.