- Lemon Press
- Posts
- 🍳🍼 Өндөг, сүүний өгөөж
🍳🍼 Өндөг, сүүний өгөөж
Ангилал ахилаа! | $MOST-н халааслалт | Экс хотын удирдлагын хэрэг
POWERED BY
Work Like a Dog Day! Америкт жил бүрийн энэ өдрийг нохой шиг шургуу ажиллах өдөр гэж онцолдог бөгөөд ажлын ёс зүй, тууштай байдлыг алдаршуулдаг гэнэ. Манайд бол "зөгий шиг хөдөлмөрлөх", "тэмээ шиг тэвчээр заах" ч гэж ярьдаг. Өнөөдөр эргэн тойрондоо байгаа хичээнгүй хамтрагч, хамт олноо сайн ажиллаж байгаа шүү гээд урамшуулчихад гэмгүй биз ээ. 🧑💻💼


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOM: Монголбанк өнгөрсөн 7-р сард 1.4 тн үнэт металл худалдан авч, он гарснаас хойш худалдан авсан нийт үнэт металлын хэмжээ 8.9 тн-д хүрлээ.
SG: Сингапур болон Монголын прокурорын газрууд цахим залилан, хил дамнасан кибер гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагааг өргөжүүлэх болон Сингапурын цахим залилангийн эсрэг төвийн туршлагыг Монголд нутагшуулах боломжийг хэлэлцэв.
CN: Хятадын China Gas эрчим хүч чухал шаардлагатай аймагт эрчим хүч үйлдвэрлэх, дизель түлш, шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх чиглэлд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

💳 Хүнсний ТОП-уудын халаас нимгэрэв

МХБ (MSE)-д бүртгэлтэй санхүүгийн болон хүнсний салбар хамгийн халуухан байдаг билээ. Өмнө нь бид ТОП-5 банкны эхний хагас жилийн тайланг тоймлосон бол одоо хүнсний ТОП-уудын сонин сайханд дурлая.
❤️🩹 7-гоос 4 шарх
Бид өдөр бүр Сүү ХК (SUU)-ийн сүүг авч, Түмэн Шувуут (TUM)-ын өндгийг сагсандаа хийж, баярын ширээгээ АПУ (APU)-гийн бүтээгдэхүүнээр чимдэг. Энэ тэргүүтэй 7 хүнс үйлдвэрлэгчийн тайланг харвал нийт хөрөнгө нь дунджаар 11.6% тэлж нийтдээ ₮2.2 их наядын хөрөнгийг удирдаж ажилласан байна. Сайн ухвал хүнсний ТОП компаниудын санхүүгийн байдал хөрөнгө оруулагчдад нэгийг бодуулж, хоёрыг сануулсан дүр зурагтай байна. Учир нь уг 7 компанийн 4-ийнх нь цэвэр ашиг буураадахжээ.
👑 Ноёрхол VS Өсөлтийн золиос
Хүнсний салбарыг $APU үнэмлэхүй тэргүүлсэн хэвээр. Тэдний нийт хөрөнгө ₮1.1 их наядыг давж, цэвэр ашиг нь 7.3% өсөв. Нөгөө талд бизнесийн тэлэлт үргэлж шууд ашиг дагуулдаггүйг Премиум Нэксус (CUMN)-ийн түүх бэлхнээ харууллаа. Тэдний нийт хөрөнгө 28.9% буюу огцом өссөн ч, цэвэр ашиг нь эсрэгээрээ 57.4% навс унажээ. Хурдтай тэлэлт, шинэ хөрөнгө оруулалтын ард ихээхэн хэмжээний үйл ажиллагааны зардал нуугдаж байдгийн тод жишээ энэ биз ээ.
🍳🍼 Өндөг, сүүний алтан өгөөж
Харин өдөр тутмын зайлшгүй хэрэглээ болсон суурь бүтээгдэхүүн үйлдвэрлэгч $SUU болон $TUM-н нөхцөл харьцангуй дээр. Сүү ХК-ийн хувьд нийт хөрөнгөө 24% өсгөхийн сацуу цэвэр ашгаа 37% нэмэгдүүлж ₮9.4 тэрбумд хүргэжээ.
🌈 Тод өнгө: Эндээс онцлох нь Түмэн Шувуут. Тэдний цэвэр ашиг бараг 50% нэмэгдэв. Хамгийн гол нь тэдний өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 14.5% байгаа нь салбартаа хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд хөрөнгө оруулагчдын мөнгийг хамгийн үр дүнтэй өсгөж буй компаниар шалгарахад хүргэжээ.
Эцэст нь… Хүнсний салбарын эрэлт харьцангуй тогтмол ч өрсөлдөөн ширүүн, зардлын менежмент асар чухал болох нь харагдаж байна. Дээрх 7 компанид хэдийн 117.4 мянган жижиг хөрөнгө оруулагч итгэж хөрөнгө оруулжээ. Хэрэв та ч бас тэдний нэг болох гэж байгаа бол сайтар судлахад илүүдэхгүй шүү.

🤯 Хойд Солонгос: Нохой гаслам халуун өдрүүдийг нохойны мах идэж дав гэнэ үү? (SCMP)
🪦 Лондон нас барагсдыг оршуулна гэдэг зөвхөн баячуудад олдох л сонголт. (LondonCentric)
☕💻 Танилц: Кофены шаараар хийсэн зөөврийн компьютерын кейс болон гар утас тогтоогч. (Sprudge)
🎼 Сэтгэлд хоногшиж, зүрхэнд үлдэх поп дууны урт яг 2 минут 42 секунд. (TheMorningNews)

💰️ $MOST-н халааслалт
MOST: Улаанбаатар Үнэт Цаасны Биржид бүртгэлтэй МОСТ Финтек ХК хувьцаа халааслах шийдвэр гаргаж 715,208 ширхэг хувьцааг нэг бүрийг нь ₮41-өөр худалдан авч өөрийн эзэмшилд шилжүүлжээ. ₮41 гэдэг нь тус компанийн сүүлийн 52 долоо хоногийн доод үнээс ₮19-өөр их, дээд үнээс ₮8-өөр бага дүн аж. Түүнчлэн $MOST-н цэвэр ашиг энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 2.5 дахин нэмэгдэж ₮1.3 тэрбум болсон байна. Учир нь компанийн орлого 1.8 дахин тэлж ₮2.4 тэрбумыг давсан буюу цэвэр ашгийн маржин нь 54.2% байжээ.

🤑 Ангилал ахилаа!

Дэлхийн банк 2026-2027 оны улс орнуудын орлогын ангиллыг шинэчлэн гаргалаа. Энэ удаагийн шинэчлэлд ангилал буурсан ямар ч орон байхгүй. Харин ч 6 орон ангиллаа ахиуллаа.
🕵️ Ангиллыг хэрхэн тогтоодог вэ? Дэлхийн банк улс орнуудын орлогын түвшинг тогтоохдоо 1 хүнд ногдох үндэсний нийт орлого (GNI)-ыг нь харгалздаг буюу бага орлоготой улсын 1 хүнд ногдох GNI $1,175, дундаас доош нь $1,176-$4,635, дундаас дээш нь $4,636-$14,375, өндөр орлоготой нь $14,375+ байдаг аж.
Дундын доод 👉🏻 Дундын дээд
Ангилал ахисан 6 орны 5 буюу Филиппин, Шри Ланк, Вьетнам, Иордан, Микронези өмнө нь дундаас доош орлоготой улс байсан бол одоо дундаас дээш орлоготой улс боллоо. Уг ангилалд манай улс ч багтаж буй бөгөөд хэдий бид хаа байсан 2014 онд дундаас дээш орлоготой ангилалд орсон ч өнгөрсөн хугацаанд ангилал буурч, 2024 онд буцаад энэ ангилалд багтах болсон. Харин Того Улс бага орлоготой ангиллаас дундаас доош ангилал руу дэвшсэн байна.
🦈 Энэ дундаас хамгийн онцгой ахиц нь Шри-Ланкагийнх байв. Тухайлбал, тус улс 2022 онд эдийн засгийн түүхэн гэж болохуйц том хямралд орсон ч 3 жилийн дотор эдийн засгаа хөл дээр нь босгож, өнгөрсөн онд эдийн засаг нь 5% өсөөд буй.
🇻🇳 Хятад, Америкийн хагарлаас хожив
Вьетнамын хувьд 2024, 2025 онуудад экспорт нь тогтмол 15%-иас дээш өссөний нөлөөгөөр эдийн засаг нь тус хугацаанд харгалзан 7%, 8% өссөн байна. Уг өсөлт цэвэр Хятад, Америкийн худалдааны дайны нөлөө байсан буюу Apple (AAPL) үйлдвэрлэлээ Хятадаас гаргаж, Вьетнам руу шилжүүлснээр тус улсын компьютер, электрон барааны эд ангийн экспорт 2025 онд 48% өссөн буюу $100 тэрбумыг давсан байгаа юм. Одоо бол Вьетнам дэлхийн ТОП-10-т орох электрон бараа экспортлогч болсон шүү.
🇵🇭 Харин Филиппиний хувьд ганц бус үйлчилгээний салбар, барилга, дэд бүтэц, аялал жуулчлал, гэхчлэн олон салбарыг зэрэг^2 хөгжүүлсэн нь ангилал ахих шалтгаан болжээ.
🌠 Том зураг
Дэлхийн банк 1987 оноос хойш уг ангиллыг гаргаж байгаа. Өнгөрсөн 39 жилийн хугацаанд хамгийн их өөрчлөлт орсон ангилал нь бага орлоготой улсын тоо 49-өөс буурсаар өдгөө 25, өндөр орлоготой орны тоо 41-ээс өссөөр 87 болжээ. Цаашлаад, өдгөө дундаас доош орлоготой улс 47, дундаас дээш нь 59 улс байгаа буюу дундаас дээш орлоготой улсуудын тоо нэмэгдэх хандлагатай байгаа аж. Үүнийг дундаж давхаргын хавхнаас гарах потенциалтай улсууд хэмээж буй. Бид хэзээ, юу хийж гэмээ ангилал ахих бол?

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ!China Gas Монголд эрчим хүч үйлдвэрлэх, дизель түлш, шингэрүүлсэн байгалийн хий үйлдвэрлэх сонирхлоо илэрхийлсэн. Юу гэж бодож байна? |


Giphy
🍋 Экс хотын даргын I орлогч Т.Даваадалайгийн хэргийг прокурорт шилжүүлжээ. Тэрбээр өөрийн төрсөн дүү болон бусад этгээдтэй бүлэглэн Шинэ тойрог авто зам төслийн урьдчилсан ТЭЗҮ зураг төсөв нэртэй ₮16.9 тэрбумын төсөвт өртөгтэй тендерийн сонгон шалгаруулалт хийх үедээ ₮5.2 тэрбумын хахууль авсан нь тогтоогдож, прокурорт шилжүүлжээ.
🍋 Төрөлжсөн ахлах сургуульд эхний ээлжид 14,848 хүүхдийг хамруулна. Энэ хичээлийн жилээс эхлэн төрөлжсөн ахлах сургууль, хотхоны бага сургуулийн тогтолцоо хэрэгжих гэж байгаа билээ. Төрөлжсөн ахлах сургуулийн хувьд нэмэлтээр 7,300 хүүхдийг хамруулахаар төлөвлөж байгаа бөгөөд үр дүнд нь 1 ангид суралцах хүүхдийн тоог 35-аас хэтрэхгүй байлгахаар зорьж байгаа аж.
🍋 Америк батлан хамгаалахын салбартаа шаардлагатай ГХЭ-үүдийг дотооддоо болон холбоотон орнуудаас нийлүүлэх бодлогоо эрчимжүүлэх болов. Улмаар Phoenix Tailings Пентагоноос $500 саяын зээл авч, пуужин, сөнөөгч онгоц зэрэг зэвсгийн үйлдвэрлэлд шаардлагатай ГХЭ-г хаягдал, дахин боловсруулж гарган авах үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр болсон бол Arnold Magnetic Technologies Хятадын оронд Францын Solvay компаниас түүхий эдээ авч эхэлжээ.
🍋 Энэтхэгийн хамгийн том амь даатгалын компани Life Insurance Corporation of India компанийнхаа 6.5% хүртэлх хувьцааг олон нийтэд санал болгож, $3.3 тэрбумыг татан төвлөрүүлнэ. Одоогоор тус компанийн 96.5%-ийг ЗГ нь эзэмшдэг бөгөөд хувьцаагаа зах зээлийн үнээс 10% доогуур арилжиж, томоохон хөрөнгө оруулагчдыг татахаар хичээж байгаа аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply