🥢 Хэрүүлтэй хоол

ХЗЗ-ийн хөлтэй хөөртэй 1 өдөр | $GOV-н зээл | Монголын инфляц

POWERED BY

Morning! Трампын тариф, талбайн плов гээд хөрөнгийн зах зээлээ судалж амжихгүй байгаа юм биш биз? Товхимолтойгоо ойр байж, индексүүдийн хөдөлгөөн, өөрчлөлтийн мэдээнүүдээ харж байгаарай. 🍋  

NSO: Өнгөрсөн сарын инфляцын түвшин улсын хэмжээнд 9.1%, Улаанбаатарынх 10.1%-тай гарав

MSE: МХБ (MSE) хөрөнгийн зах зээлд оролцогчдын идэвхийг нэмэгдүүлэх зорилгоор “1072 хувьцааны ногдол ашгаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийж, үржүүлцгээе" кампанит ажлыг эхлүүлжээ.  

NEH: Дархан Нэхий ХК (NEH) охин компаниуддаа өөрийн хувьцааг зөвшөөрсөн хэмжээгээр эзэмшүүлэхээр боллоо. 

🥢 Нийслэлийн хоолны хэрүүл 

Талбай дээр болж байгаа “UB Food” фестивалийн талаар бөөн л хэрүүл шуугиан, очер дараалал болж байна даа гэж. 

💝 Нийслэлийн хайрын хэл: Плов + Гандангийн гурилтай шөл 

11 дэх удаагийн хоолны фестиваль дээр 2-3 тн Узбек плов болон Гандангийн гал тогооны лам нарын 1 тн хэмжээтэй ширмэн тогоонд хийсэн гурилтай шөл зэргийг борлуулж байгаа. Үүний зорилго нь жуулчин багатай 4-5 сард жуулчдыг татах зорилготой юм гэсэн. 

  • Зохион байгуулалт = 🅵: Талбай дээр жуулчид биш манай нийслэлийнхэн өөрсдөө л очерлоод, хоолоо идэж байгаа харагдана лээ дээ. Тэглээ ч жуулчид ийм зохион байгуулалтгүй, олон төрлийн сонголтгүй, үндэсний хоолны онцлогийг ч шингээгээгүй фестивалийг зорьж ирэх нь юу л бол. 

  • 🔻 Ашиг = Гонжийн жоо, голионы баас: 10 мянган хүний багтаамжтай асарт орж хоолны амталгаа хийхийн тулд ₮5,000-ийг төлнө. Үүгээр дамжиж ₮175 сая төвлөрнө гэж тооцоолж байгаа аж. Харин нөгөө талд энэ фестивалийг зохион байгуулахын тулд ₮600 саяын зардал гаргасан гээд байгаа. Тэгэхээр ашиг биш ₮425 саяын алдагдалтай л байна даа.  

‼️ Гол асуудал: Төр ажил булаав

Гаднын гоё ганган хоолны фестивальд ихэвчлэн хотын нэрийн хуудас болсон ресторанууд, жижиг бизнесүүд оролцдог. Амталгаа хийх үнэ нь ч бодит, тооцоотой байгаа. Нэмээд төрөл бүрийн мэргэжлийн хүний хийсэн хоолыг сурталчилж хотынхоо эдийн засгийг дэмждэг бодлоготой. Чикаго хотын “Taste of Chicago” хоолны наадамд л гэхэд жил бүр 1.5 сая гаруй хүн цугладаг бол Мельбурны "Melbourne Food and Wine Festival"-г хотын захиргаа нь бизнесийнхэнтэйгээ хамтарч зохиодог.

  • 😮‍💨 Санаа нь зөв ч зам нь буруу: Харин манайд бараг хотын дарга маань тогооч хийхээ шахаж байна. Уг нь яг бизнес эрхлэгчидтэй хамтран зохион байгуулбал жинхэнэ утгаараа ОУ-ын жишгээр төрөл бүрийн хоолоор жуулчдыг татаж болох байсан биз ээ. 

Эцэст нь… ₮1.6 их наядын алдагдал хүлээх төсөвтэй нийслэл маань Улаанбаатарчуудын баяр ч хийнэ гээд, жуулчин татах нэртэй жуман очертой плов, гурилтай шөлөөр зодсон хоолны фестиваль хийгээд л. Татвар төлөгчид нь алдагдал, шоу, попролын арыг даах нүхэнд унах юм даа. 

  • 💡 1072 хувьцааны ногдол ашгаараа Монголын Хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх боломж. (MSE)

  • 🫥 Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах нэмэлт өөрчлөлт НДС-д ₮725 тэрбумын алдагдал үүсгэх тооцоо гарч. (МҮЭХ)

  • 🪙 Монголын парламентын гишүүд Японы гишүүдээс 6.5 дахин баян… (IKON)

  • 🌑 Бүтэлтэй юу? Дата төвүүдийг орбит эсвэл саран дээр байрлуулна гэнэ. (AxiomSpace)

  • 💞 Япон, Канад зуузай нийлүүлэн зах зээлээ тогтворжуулна. (Yahoo!Finance)

 🎁 Ав даа, зээл ав

GOV: Говь ХК болон Таван Богд Ходингс ХХК нь ХасБанк ХК (XAC)-тай 2 жилийн хугацаатай ₮12 тэрбумын бизнесийн зээлийн гэрээ байгуулна. Уг зээлийн төгрөгийн жилийн хүү нь 17% байх бол ногоон зээлийн ₮-ийн жилийн хүү 16% байх нь. Нэмээд Таван Богд Ходингс болон түүний охин компаниудын 2024 оны сүүлээр ХААН Банк (KHAN)-тай байгуулсан зээлийн эрхийн гэрээний хэмжээг ₮14 тэрбумаар нэмэгдүүлж ₮97 тэрбум болгохоор болжээ. Сонирхуулахад, өчигдрийн арилжаагаар $GOV-н үнэ 13.03% өсөв.

🌞 ХЗЗ-ийн хөлтэй хөөртэй 1 өдөр

Доналд Трамп Хятадад ногдуулсан тарифаа 4 дэх удаагаа өсгөж, 145%-д хүргэн чөлөөт зах зээлийн хамгийн хүчирхэг хүний эд хавыг харуулсаар.

😘 Уйлуулаад аргадав

Тэрбээр Хятадаас бусад 75 улсад ногдуулсан тарифыг 90 хоног хойшлуулснаар томоохон индексүүд 1 өдрийн дотор сүүлийн 10, 20 жилд байгаагүйгээрээ өсөж, шинэ түүх бичиж байна. Nasdaq (^IXIC) гэхэд өдрийн дотор 12% өсөж, 2001 оноос хойших хамгийн өндөр өсөлтийн давлагаагаа хөлөглөж байгаа бол S&P (^GSPC) 9.5% өсөж, 2008 оноос хойших гайхамшигт өдрөө өнгөрүүлэв. 

  • 🆙 Энэ дундаас онцгой өссөн нь авиа компаниуд United Airlines (UAL) 26.1%, Delta Air Lines (DAL) 23.4% болон жижиглэн худалдааны Amazon (AMZN) 11.9%. Nike (NKE) 11.4% гэхчлэн өсөв. Тариф эргээд ирвэл хамгийн хэцүүдэх компаниуд юм уу даа. 

  • 👑 Харин Apple (AAPL)-н хувьцааны үнэ 15% өссөнөөр 24 цаг хүрэхгүй хугацаанд хамгийн өндөр үнэлгээтэй компанийн титмээ  эргүүлэн авав.  

🪓 Тархидуулав

Энэ 1 өдрийн гайхамшиг Трампын хөрөнгийн зах зээлд авчирсан хохирлыг нөхөхөд даанч өчүүхэн. Хохирол яах вэ гэхэд үүний цаана зах зээлийг ингэж хэт савлуулж, манипуляц хийх нь эдийн засагт сөргөөр нөлөөлнө гэдгийг эдийн засагчид хэлсээр. 

  • 😎 Трамп хэзээний л хэлэлцээрийн ширээн дээр хутгаа түрүүлж тавиад, араас нь яриагаа эхлүүлдэг тактиктай нэгэн гэдгийг “The Art of the Deal” ном нь хангалттай харуулна. 

🤨 Танил арга, гэхдээ энэ удаад хууртахгүй

Түүний энэ тактик ч амжилттай хэрэгжиж, тарифын шийдвэрийн араас бүгд Трамптай ярилцахыг хүсэж байхад ганц Хятад л сөргүүлж эхлээд 43%, дараа нь 84% гэхчлэн тариф тогтоож, үүнийг нэмбэл эцсээ хүртэл явахаа илэрхийлсэн. Харьцуулан харвал, өмнөх худалдааны дайны үеэр Хятад Америктай тохиролцох оролдлого хийдэг байсан бол энэ удаад ялагч байхгүй тоглоом шүү гэж анхаарууллаа. Хятад өөртөө үнэхээр итгэлтэй болжээ. 

Эцэст нь… Америкийн Хятадыг дарж авах бодлого Хятадыг улам л бие даасан, өөртөө итгэлтэй, дотно түншүүдтэй болгосоор. Их гүрнүүдийн худалдааны дайн баруун талаас 145%, зүүн талаас 84%-ийн тарифтайгаар албан ёсоор эхэллээ. Харин ирээдүйд хэн нь түрүүлж хэлэлцээрийн ширээнд суух урилга өгөх бол гэдэг сонирхолтой.

💡 Таавар таацгаая

… нь ₮1 тухайн жилийн эцсийн бүтээгдэхүүн, үйлчилгээг худалдан авахад дунджаар хэдэн удаа зарцуулагдаж байгааг харуулдаг үзүүлэлт юм. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

Polit

🍋 "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал А.Ганхуягт 6, НТГ-ын дарга асан С.Жавхланбаатарт 3 жилийн хорих ял оноов. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал буюу хөрөнгийн үнэлгээний тайлан гаргахад зарцуулагдсан нийт зардал  ₮24.4 саяыг А.Ганхуягаас гаргуулж улсын орлого болгохоор заажээ. Харин шүүх хуралдаан хийхэд гарсан зардал буюу танхимын түрээс болох ₮26 саяыг гэм буруутайд тооцсон 15 шүүгдэгчээс хувь тэнцүүлэн гаргах аж.

🍋 Компьютерын нийлүүлэлтийн тоо энэ оны I улиралд өмнөх оны мөн үеэс дэлхий даяар 9.4% өсөж 62.7 сая болжээ. Үүнд зөөврийн компьютерын нийлүүлэлтийн тоо 10% өсөж 49.4 сая, ширээний компьютерынх 8% өсөж 13.3 сая болсон байна. ТОП компаниудаас, Lenovo  (LNVGY) Америк руу нийлүүлэлтийн тоогоо хамгийн их буюу 20% өсгөж 15.2 сая болгож. Энэ нь мэдээж Америкийн импортын шинэчилсэн татварын өмнөх дүн юм.

🍋 Хөнгөн төмөр замын тээвэр (LRT) төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр $700 саяар хэрэгжүүлнэ. Төмөр замаар Толгойтоос 70-100 км/цагийн хурдтай галт тэргээр 17.3 км урт гүүрэн байгууламж, 16 буудал дамжин нийт 102 км туулж очих нь. Ийнхүү зэрэглээтэн сүүмийх Хүннү хот маань сүндэрлэхээс өмнө 2027 он гэхэд тийш явдаг төмөр замтай болох нь ээ.

🍋 Amazon (AMZN) Америкт байрлах агуулахын сүлжээгээ $15 тэрбумаар өргөтгөнө. Угтаа компани Ковид-19-ийн үеийн ЭЗ-ийн хямралаас үүссэн агуулах, тээврийн зардлаа танаж, AI болон үүлэн тооцооллын бизнестээ анхаарах болсон ч Америкийн Хятадад тогтоосон импортын татварын улмаас ийн стратегиа өөрчлөв. Үүнээс үүдэн Bank of America (BAC) Amazon-н хувьцааны зорилтот үнийг 12%-иар буюу $225 болгож буурууллаа.

Reply

or to participate.