- Lemon Press
- Posts
- 🎸 Шинэ захирал айсуй
🎸 Шинэ захирал айсуй
Өвөр Монголын улс төр | Шинэ ХБҮЦ айсуй | Мөнгөгүй ЗГ
POWERED BY
Өглөөний мэнд! Өчигдөр эрдэмтэн судлаачид гадаад үг, оноосон нэрийг хэрхэн киллээр хөрвүүлэх талаар хэлэлцжээ. Гол нь гадаад үгийг хэрхэн Монгол хэл рүү буулгах тогтмол дүрэмгүйгээс үүдэж нийгмийн харилцаанд олон асуудал үүсэж байгаа гэнэ. Манай лимончууд арай нэгэнтэйгээ мессеж бичихдээ “Хаая” гэдэг юм биш биз. Зүгээр л “Тарган сайхан намаржиж байна уу?” гэж бичихэд болно шүү дээ. 😜


*Нэг өдрийн өөрчлөлт.
MNG: Өнгөрсөн 5-р сараас эхлэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох ₮700 тэрбумыг системийн нөлөө бүхий 4 банканд жилийн 15%-ийн хүүтэйгээр байршуулж, нийт хүүгийн орлого нь 9-р сарын байдлаар ₮43.6 тэрбумд хүрээд байна.
SN: Сингапур Coinbase (COIN) дээр “XSGD” нэртэй, Сингапур доллартой уясан stable coin-г арилжаалж эхэллээ.
MSE: ЛэндМН ББСБ ХК (LEND) жилийн 19%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, ₮15 тэрбумын үнийн дүнтэй Лэнд жендер бондыг олон нийтэд санал болгоно.
TWN: Тайвань Америкийн чип үйлдвэрлэлийг 50:50 болгох саналаас татгалзаж, өөрийн үйлдвэрлэлийн давамгай байдлыг хадгалахаа мэдэгдэв.

🔥 Бэрс 4.0: Шинэ ХБҮЦ айсуй

Бэрс Финанс ББСБ анхны Бэрс хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ)-аа гаргаснаас хойш 3 жил өнгөрчээ. Тэдний Бэрс 4.0 нээлттэй ХБҮЦ СЗХ болон МХБ (MSE)-ээс зөвшөөрлөө авч энэ сарын 6-нд анхдагч зах зээлийн арилжаа нь эхлэх гэж байна.
📌 ХБҮЦ: Бид олон нийтэд нээлттэй гарч байгаа ХБҮЦ, бонд, хувьцааны тухай тогтмол мэдээлдэг. ХБҮЦ-ны хувьд өндөр өгөөж авах боломжтой, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.
📈 3 жилд 4 ХБҮЦ
Бэрс Финанс ББСБ нь 2017 онд үйл ажиллагаагаа эхлүүлж өдгөө Улаанбаатар болон 18 аймагт 20 салбартай болжээ. Тэдний хувьд 2022 оны 9-р сард анхныхаа нээлттэй ХБҮЦ-ыг, 2023 онд 2 дахь ХБҮЦ-аа тус тус гаргаж нийт ₮19 тэрбумыг амжилттай татан төвлөрүүлсэн аж. Түүнчлэн өнгөрсөн онд МХБ дээр гаргасан ₮15 тэрбумын Бэрс 3.0 ХБҮЦ-ны үлдэгдэл нь ₮3.8 тэрбум байгаа буюу 2026 онд төлөгдөж дуусах юм.
🔍 ХБҮЦ нөлөө санхүүд: Компани өмнө нь гаргасан ХБҮЦ-нуудынхаа хүү болон үндсэн төлбөрөө хугацаандаа төлснөөс гадна босгосон санхүүжилт нь үйл ажиллагааг нь тэлж нийт хөрөнгө нь 2022-2024 оны хооронд жилд дунджаар 47% өссөн аж. Улмаар тэд энэ оны эхний хагас жилийн байдлаар ₮133.3 тэрбумын нийт хөрөнгөтэй болжээ.
🔺 Өндөр ашгийн хувь: Цаашлаад компанийн цэвэр ашгийн маржин нээлттэй ХБҮЦ гаргасан цагаас буюу 2022 оноос тасралтгүй өсөж 2025 оны эхний хагаст 64.4%-д хүрч, өмнөх жилийн мөн үеэс 9.1 нэгж хувиар нэмэгдсэн байна. Угаас тэдний цэвэр ашиг 2024 онд 2 жилийн өмнөхөөсөө 2.3 дахин өсөж ₮12.3 тэрбум болжээ. Нэмээд нийт зээлийн багцад эзлэх чанаргүй зээлийн хувь салбарын дунджаас 3.9 дахин бага буюу 2% байна.
🔗 Бэрс 4.0: Онцлог
Бэрс Финанс ББСБ-ын үүсгэн байгуулсан үнэт цаас гаргагч Бэрс Эй Би Эс про ТЗК энэ удаагийн Бэрс 4.0 ХБҮЦ-аараа ₮29 тэрбумыг татан төвлөрүүлэхээр зорьж буй. Уг ХБҮЦ нь ₮100,000-ийн нэрлэсэн үнэтэй, 24 сарын хугацаатай бөгөөд хүүг 3 сар тутамд, үндсэн төлбөрийг 6 сар тутамд төлөх юм. Хамгийн чухал нь Бэрс 4.0 ХБҮЦ-ны жилийн хүү 19.5% байгаа нь ТОП-5 банкны хадгаламжийн хүүгээс 7.5 нэгж хувиар, МХБ дээр нээлттэй арилжаалагдаж байгаа бондуудын дундаж хүүгээс 2.3 нэгж хувь, ХБҮЦ-нуудынхаас 1 нэгж хувиар тус тус өндөр байгаа юм.
✚ Мөн хэрэв хүү болон үндсэн төлбөрөөрөө дахин хөрөнгө оруулалт хийвэл өгөөжөө өсгөх боломжтой гэдгээрээ онцлог.
🧐 Юугаар баталгаажив: Бэрс 4.0 нь татан төвлөрүүлэх дүнгээс 21% өндөр буюу ₮35 тэрбумын үнэлгээ бүхий санхүүгийн 10, хуулийн 6 шалгуурыг бүрэн хангасан 100% хэвийн зээлийн багцаар баталгаажжээ.
Эцэст нь… 2025 оны 5 дахь нээлттэй ХБҮЦ ийнхүү мэндэлж байна. Хэрэв та энэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнийг сонирхож байгаа бол сайтар судлахаас гадна Бэрс 4.0 ХБҮЦ-ны андеррайтер Өлзий энд Ко капитал ҮЦК-тай холбогдох боломжтой шүү.

🤫 Чишшш… Lyft-н CEO 6 долоо хоног тутамд нууцаар таксинд явдаг. (Entrepreneur)
📌 Газрын ховор элементийн орд эрсдэл үү, боломж уу? (LP)
🤕 Скандалаас илүү CEO-н нэр хүндийг шалаар нэг арчдаг зүйл гэж үгүй. (INC)
🍂 Өвөр Монголын үзэсгэлэнтэй намрын өнгө. (XinhuaNews)
⚠️ Энэтхэг ажилгүйдлийн хавхнаас мултрахын тулд эдийн засгаа 2 дахин хурдан өсгөх ёстой. (BS)

🎵 $SPOT: Шинэ захирал айсуй
SPOT: Хөгжмийн салбарын томчуудын нэг Spotify-н үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Даниэл Эк энэ оныг дуусгаад ажлаа хүлээлгэн өгөхөөр болжээ. Түүний оронд 2016 оны 1 сарын 1-нээс одоогийн менежментийн түвшинд ажиллаж буй Густав Сёдерстрём болон Алекс Норстрём нар хамтран гүйцэтгэх захирлаар ажиллаж эхлэх аж. Энэхүү мэдээтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 4.2% унаж $698-т хүрээд байна.

🤔 Өвөр Монголын улс төр дотор…

Хятадын Коммунист Нам (ХКН)-ын төв хороо Өвөр Монголыг хариуцсан намын даргаар Ван Вэйжүнгийг томиллоо. Тус албан тушаал нь энгийнээр бол тухайн мужийн хамгийн өндөр дээд албан тушаал төдийгүй Бээжингийн бодлогыг хэрэгжүүлж ажиллах гол хүн юм.
💼 Бээжингийн элч төлөөлөгч
Ван Вэйжүнг өмнө нь Хятадын эдийн засгийн төв гэгдэх Гуандун мужийн Засаг даргаар ажиллаж байсан нэгэн аж. Тэрбээр коммунист намын бодлогыг чанд мөрддөг, намын дотоод хяналтыг бэхжүүлж, авлигын эсрэг хатуу арга хэмжээ авах чадамжтай нэгэн гэдгээрээ алдартай. Өөрөөр бол Ши Жинпиний “Нэгдмэл Хятад” үзэл санааг төгөлдөршүүлж буй жишиг муж гэгдэх болсон Өвөр Монголыг удирдахад төгс тохирох хүн гэж харж байгаа бололтой.
Ван Вэйжүнгийн араас эрх мэдлийн дарааллаараа мужийн Амбан захирагч эрэмбэлэгддэг. Гэвч өнгөрсөн 8-р сард Өвөр Монголын удирдлага нь Ван Лися нь авлигын хэрэгт холбогдож, шалгагдаж буй талаар мэдээ гарч байв.
👇 Өвөр Монголд юу болоод байна?
Өвөр Монгол 24 гаруй сая хүн амтайгаас 4.1 сая нь монголчууд. Гэтэл саяхан Хятад Өвөр Монголын боловсролын салбарт 2020 оноос хойш хэрэгжүүлж буй Монгол бичгээс Мандарин хэл рүү шилжих бодлогоо амжилттай хэрэгжүүлж дууссан талаар мэдээлсэн. Өөрөөр бол Өвөр Монголын ЕБС-иуд Монгол бичгээс бусад бүх хичээлийг хятад хэлээр үзэхийн сацуу төрийн албанд ч хятад хэлээр ярихыг шахаж буй.
🤕 Том зургаараа Өвөр Монголоос гадна Шинжаан Уйгар, Төвд гэсэн 4 өөртөө засах орны эрх улам хязгаарлагдмал болж Бээжингийн шууд удирдлага, хяналт хэзээ хэзээнийхээс илүүтэй чангарах болов.
Ирэх 10-р сард Хятадын Коммунист нам хуралдаж, 15 дахь 5 жилийн төлөвлөгөөгөө хэлэлцэн батлах төлөвтэй байгаа. Нэгдмэл Хятад, орчин цагийн агуу Социалист улс гэхчлэн улс төрийн үзэл санаагаа ч эрчтэй шахаж байна даа.

135 медаль
Энэ оны эхний 9 сарын байдлаар олон улсын тэмцээн уралдаанаас Үндэсний шигшээ багийн тамирчид 135 медаль хүртээд байна.
254 тамирчин
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд 27 спортын төрөлд 60 дасгалжуулагч, 254 тамирчин багтаж, тэмцээн уралдаанд оролцжээ.
25.2%
Нийт авсан 135 медалийн 25.2% буюу 32 нь алтан медаль ба энэ оны анхны алтан медалийг 1-р сард Солонгосын Ганвон хотод болсон цанын 15 км, 10 км-ийн зайд Б.Ачбадрах хүртсэн аж.


Business Insider
🍋 Америкийн Засгийн газрын төсөв 2018 оноос хойш анх удаа тасалдлаа. Үүнд төсвийн хэлэлцүүлгийн үеэр эрүүл мэндийн үйлчилгээ, гадаадын тусламжийн зардлын асуудал дээр эрх баригч намууд санал зөрөлдсөн нь нөлөөлөөд байна. Хамгийн сүүлд болсон төсвийн тасалдал 40 хоног үргэлжилж, Америкийн эдийн засагт $3 тэрбумын хохирол учруулсан аж.
🍋 Хөвсгөл (HVL) нэрээ Ард инвестмент групп болгон өөрчиллөө. Компанийн ТУЗ-ийн зүгээс тус шийдвэрийг гарсан бөгөөд мөн компанийн дүрмээ шинэчлэн найруулж байгаа аж. Үүнээс гадна Ард инвестмент групп нь Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн бүртгэлээс гарч, Улаанбаатар Үнэт Цаасны Бирж (UBX) рүү шилжихээр болов.
🍋 Berkshire Hathaway (BRK-B) $10 тэрбумаар Occidental Petroleum (OXY)-н охин компанийг худалдан авахаар төлөвлөжээ. Уг хэлцэл нь ойрын хугацаанд албан ёсоор зарлагдах төлөвтэйг эх сурвалжууд мэдээлсэн ба хэрэв хэлэлцээр амжилттай болбол $BRK-B-н 2022 онд даатгалын Alleghany компанийг $11.6 тэрбумаар худалдан авснаас хойших хамгийн том хэлцэл болох аж.
🍋 ДЦС-3-т гарсан ослын сэргээн босголтын 5 багц ажлын 3-ыг нь өвөл эхлэхээс өмнө ашиглалтад оруулна. Тус багц ажлын гүйцэтгэл 90%-тай яваа бөгөөд бүрэн ашиглалтад орсноор ДЦС-3-ын цахилгаан үйлдвэрлэл 2024 оны 50%-д хүрэх аж. Уг сэргээн босголтын ажилд улсын төсвөөс ₮105 тэрбумыг төлөвлөжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply