• Lemon Press
  • Posts
  • 🙄 Зах замбараагүй зардлууд

🙄 Зах замбараагүй зардлууд

ChatGPT-н $3 тэрбум | Oracle-г шүүхэд өгөв | TSMC-н шинэ амжилт

POWERED BY

Өглөөний мэнд! D-Parliament дээр хотын даргыг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох шинэхэн өргөдөл нэмэгджээ. Сүүлд 2025 оны 9 болон 4-р саруудад үүнтэй адил төстэй өргөдөлд 31 мянган хүн санал өгч байсан билээ. Энэ удаад 100 мянган хүний хүнийг саналыг цуглуулж чадах болов уу? 🍿👀 

*Нэг өдрийн өөрчлөлт.

POL: Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр ₮1.2 их наядын алдагдалтай гарлаа.

MSE: МХБ (MSE) дэх нээлттэй компаниудын зах зээлийн үнэлгээ өчигдрийн байдлаар 2025 оны эцсээс ₮307 тэрбумаар нэмэгдэж ₮14.2 их наяд болоод байна.

AIR: Spring Airline компани энэ оноос эхлэн Шанхай-Улаанбаатар-Шанхай чиглэлд нислэг үйлдэж эхэлнэ

NSO: Энэ оны эцэст төгрөгийн хадгаламжийн хэмжээ ₮26 их наядад хүрч жилийн өмнөхөөсөө 18.3% өссөн бол валютын хадгаламжийн хэмжээ ₮5.6 их наяд болж 16% нэмэгдсэн байна.

🙄 Зах замбараагүй зардлууд 

Ойрын үед нийслэл маань их л олон төсөл хэрэгжүүлнэ, ийм ч төсөв, тийм ч төсөв зарцуулна гэж зарлах боллоо. Дүүжин тээвэр нь ч ирж. Ер нь юу болоод байна аа? 

🫨 1 биш 2 биш 3 биш 5 шүү дээ, Дарь минь

Нийслэл 2026 оны төсвийн жилд ₮5.87 их наядыг зарцуулахаар байгаа. Ингэхдээ ₮1.7 их наядыг нь нийслэлийн төсвөөс, ₮1.3 их наядыг нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөс тус тус гаргаж төсөл арга хэмжээ хэрэгжүүлэх юм. Нэмээд зам сангаас ₮227 тэрбум, тээврийг хэрэгжүүлэх сангаас ₮34 тэрбум, гэр хорооллын хөгжлийн сангаас ₮80 тэрбум гэхчлэн гарч зардал бүр талийхаар байгаа. 

  • 😬 Олох орлого нь юу байгаа вэ? Энэ онд нийслэлд ₮4.6 их наядын орлого төвлөрөхөөр хүлээгдэж буй. Үүний 82.7% нь татварын орлого. Өөрөөр хэлбэл, энэ жилийн орлого 2025 оны төлөвлөгөөнөөс ₮398.4 тэрбумаар нэмэгдсэн. ААН-ийн болон хувь хүний орлогын албан татварын орлого нэмэгдэхээр байгаа тул нэмсэн гэнэ. Мэдээж алдагдалтай ажиллах нь. 

🔍 Юу хийгээд яваад байна?

Нийслэл үндэсний сүүний үйлдвэрүүдтэй хамтран энэ сарын 26-наас сурагчдад сүү өгөх хөтөлбөрийг эхлүүлж байгаа. Хүүхдүүд сүүний “АТМ”-ээс сүү уух бөгөөд фермерүүдийг дэмжих зорилгоор хөнгөлөлттэй зээл олгоно гэж байна даа. Үүнд зарцуулах дүн нь ₮8.9 тэрбум. Санаа нь зөв ч гарах үр дүн болон төсвийн зарцуулалтын задаргаа байхгүй. Утга нь өөрөө гоё юм байх. 

  • 💭 Хүүг нь бид төлье: Цаашлаад нөөцийн махны хүүгийн төлбөрийг нийслэл төлөх аж. Төсвөөс нь ₮8.7 тэрбум гарах нь. Гэхдээ хонины махны хувьд шинэ болон нөөцийн мах ₮3 мянгын зөрүүтэй байна. 

  • 🫣 AI-н төлөө: Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг ухаалаг программ хангамжид шилжүүлэхээр зүтгэж байгаа гэнэ. Бас л хувийн хэвшилтэй хамтрах аж. Хүн хүч ихээр шаардагддаг ажлын байранд AI нэвтрүүлнэ гэсэн үг. Ингэхдээ төсвөөс ₮9.4 тэрбумыг зарцуулна. Яаж ийм өндөр дүн гэдэг нь бас л ойлгомжгүй. 

Эцэст нь… Уг нь нэг талаасаа иргэдээ түгжрүүлэхгүй дүүжиндэж тээвэрлэчих гээд л, AI-р илүү амар болгочих гээд л, мах сүүг нь дөхүүлж өгөөд, алхаач ээ оноо өгье гээд ажлаа хийгээд л байх шиг. Гэхдээ төсвийн зарцуулалтын задаргаа нь далд, үр дүн нь тодорхойгүй, ашигтай ашиггүй нь мэдэгдэхгүй юм. Баахан л тэрбум тэрбумын зардлууд… 

  • 🧮 AI загварууд дээд математикийн бодлогуудыг төвөггүйхэн боддог болов. (TechCrunch)

  • 🧫 НЭМГ сургууль, цэцэрлэгээр явж хеликобактерийн шинжилгээ авна. (Ulaanbaatar)

  • ⏱️ Хүүхдүүдийн YouTube дээрх богино бичлэг үзэх хугацааг багасгах арга. (Engadget)

  • 🗺️ Орон сууц эзэмшигч иргэд газраа дундаа өмчлөх эрхтэй болно. (Ikon)

🔥 TSMC-н шинэ амжилт 

TSMC: Тайванийн чип үйлдвэрлэгч TSMC-н өнгөрсөн оны IV улирлын цэвэр ашиг 2024 мөн үеэс 35% өсөж NT$505.7-т тэрбумд хүрсэн нь шинэ рекорд болжээ. Энэ нь 8 дахь улиралдаа дараалан цэвэр ашгаа өсгөсөн явдал болсон бөгөөд үүнээс гадна компанийн нийт орлого өнгөрсөн оны мөн үеэс 20.5% өсөж NT$1 их наядыг давсан аж. Гэвч өчигдрийн арилжаагаар $TSMC-н нэгж хувьцааны үнэ 1.4% буурч NT$218.9 дээр хаагдаад байна.

🏎️ $3 тэрбумын амжилт

Технологийн салбарын өнгийг тодорхойлж буй OpenAI-н ChatGPT гар утасны апп-ийн зах зээлд хүчтэй нөлөөг үзүүлж байна. Тухайлбал, өнгөрсөн сард ChatGPT-н орлого түүхэндээ анх удаа $3 тэрбумд хүрсэн ба үүнд ердөө 31 сарыг зарцуулсан нь өмнөх рекордыг эзэмшигч Disney Plus-н 42 сарыг 9 сараар урагшлуулсан амжилт аж. 

  • 🏆 Амжилтын задаргаа: 2025 онд хэрэглэгчид ChatGPT-н гар утасны апп-д $2.5 төлсөн буюу нийт орлогын дийлэнхийг нь өнгөрсөн онд бүрдүүлжээ. Энэ нь 2024 оноос даруй 408% өссөн үзүүлэлт бөгөөд хэрэглэгчид сард ChatGPT-н Plus үйлчилгээнд $20, Pro-д $200-ийг төлж байна.

📲 Салбарын том зураг

2025 онд App Store болон Google Play дээрх нийт гар утасны апп таталт 106.9 тэрбумд хүрсэн нь 2024 оны мөн үеэс 2.3% буурчээ. Энэ нь анхны тохиолдол биш буюу 5 дахь жилдээ дараалж буурч буй хэрэг юм. Харин нийт орлогын хувьд апп-уудын гишүүнчлэлийн үйлчилгээ (Subscription)-ний эрэлт нэмэгдсэнтэй холбоотой 21.6% өсгөж $156 тэрбумд хүрсэн аж. 

  • 👾 Тоглоомын нөлөө: Нийт апп-ийн орлогын 46%-ийг гар утасны тоглоом бүрдүүлсэн бөгөөд хэрэглэгчид $72.2 тэрбумыг тоглоомын төлбөрт зарцуулав. Сонирхолтой нь, шинээр гарсан гар утасны тоглоом эхний $1 саяын орлогоо олох хугацаа 2023 онд дунджаар 194 өдөр байсан бол 2024 онд 1.8 дахин хурдсаж 106 өдөр болжээ.

  • 💰 Шинэ бизнес: Сүүлийн үед хэрэглэгчид гар утас апп бүрд тус тусад нь төлбөр төлөхөө зайлсхийж эхэлсэн бөгөөд үүнийг дагаад апп бүрийн төлбөрийг нэгтгэсэн RevenueCat, Appcharge, Liftoff Mobile зэрэг платформууд эрчийг авчээ. Түүнчлэн Liftoff Mobile нь энэ долоо хоногоос эхлэн IPO хийхээр материалаа бэлдээд эхэлсэн аж.    

Эцэст нь… Хүмүүс шинэ апп татахаас илүү тухайн платформын вэб хувилбарыг ашиглах хандлага сүүлийн үед анзаарагдах болсон. Үүнийг 2025 оны гар утасны апп-ийн таталт буурснаас ч харж болно. Манай лимонууд ер нь утсан дээрээ хэдэн апп ашиглаж байна? Түүндээ хэдийг зарцуулж байна? 🕵🏻‍♂️

💡 Таавар таацгаая.

… нь 2000-аад оны үед сошиал медиа зах зээлд Reddit-тэй мөр зэрэгцэн гарч ирж 2008 онд $175 саяар үнэлэгдэж байсан ч, хэрэглэгчийн туршлага, технологийн шинэчлэл гэхчлэн олон талаар Reddit-д гүйцэгдэж, эцэстээ LinkedIn, The Washington Post тэргүүтэй компаниудад худалдагдсан билээ. Тэгвэл тус платформ энэ онд шинээр мэндэлж, бета хувилбараа олон нийтэд танилцуулсан байна. Энэ ямар платформ бэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. 🫡

Hackread

🍋 Oracle (ORCL)-г бонд эзэмшигчид AI дэд бүтцийн хөрөнгө оруулалттай холбоотой алдагдлын улмаас шүүхэд өгчээ. Тус хамтын нэхэмжлэлийг өнгөрсөн оны 9-р сард гаргасан $18 тэрбумын бондыг худалдан авсан хөрөнгө оруулагчид гаргажээ. Тэдний хэлж буйгаар, тус бондыг худалдан авснаас 7 долоо хоногийн дараа Oracle их хэмжээний буюу $38 тэрбумын зээл авсан нь тэднийг алдагдал хүлээхэд хүргэсэн байна. 

🍋 Японы ЗГ Монголын эрчим хүчний салбарт ¥500 саяын буцалтгүй тусламж үзүүлнэ. Энэ хүрээнд JICA-р дамжуулан Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК болон Диспетчерийн үндэсний төв ТӨХХК-иудад цахилгаан эрчим хүчний сүлжээний дэд бүтцийн найдвартай байдлыг хангахад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг нийлүүлэх аж. 

🍋 Хөгжиж буй орнуудын 25% нь 2019 оноос ядуурчээ. Тодруулбал, тус орнуудын нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын өсөлт энэ онд 3%-д хүрэх бөгөөд энэ нь 2000-2019 оны дундаж өсөлтөөс 1 нэгж хувиар доогуур үзүүлэлт юм. Улмаар хөгжиж буй орнуудын нэг хүнд ногдох үндэсний нийт орлого хөгжингүй орнуудын нэг хүнд ногдох үндэсний нийт орлогын 12%-тай дүйхээр байна.

🍋 Монгол, Хятад хамтран хил орчмын геологийн судалгааны ажлыг эхлүүлэхээр тохиролцов. Хамтын ажиллагааны хүрээнд Хятадын Геологийн албатай хамтран энэ онд Монголын баруун болон зүүн өмнөд хэсэгт 2 төсөл хэрэгжүүлэх аж. Түүнчлэн Вуханы Их сургууль, МУИС-ийн хооронд 2+2 хөтөлбөрийг хэрэгжүүлж Монголын геологийн салбарын мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх нь.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.