🪙 Төв банкны крипто

Хурдны зам хэрэгтэй юу? | $GHC: Алдагдал 105.3Х өсөв | Экс ЕС АТГ- очив

POWERED BY

Өглөөний мэнд! Дэлхийн 21.2 мянган судалгааны байгууллагыг эрдэм шинжилгээний нийтлэл, хувь нэмрээр нь жагсаадаг Nature Index-д Монголоос ШУА 2,718-д, МУИС 5,468-д, АШУҮИС 5,826-д бичигджээ. Харин ЗГ-аас 2 жилд 1 удаа шинжлэх ухаан, технологийн салбарын амжилтыг ₮100 саяар урамшуулахаа зарласан. Тооцоолбол энэ нь судлаачийн 2 жилийн цалинтай ойролцоо дүн ба олон улсад нэг өгүүлэл гарахад дунджаар 3-5 жил зарцуулдаг. Тэгэхээр ₮100 сая хэр бодитой үнэлгээ вэ? 🤔 

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Говь ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 4 сарын 29-нд болж, ногдол ашиг хуваарилахгүй тухай ТУЗ-ийн тогтоолыг танилцуулах тэргүүтэй асуудлуудыг хэлэлцэнэ. 

AR: Армени Улс Монгол болон Евро, Азийн эдийн засгийн холбоо хоорондын түр чөлөөт худалдааны хэлэлцээрийг соёрхон батлав.   

MPP: МАН-ын бүлэг Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

MNG: Өнгөрсөн 8-р сард үүсгэн байгуулагдсан Төрийг хохиролгүй болгох ажлын хэсэг 7 сарын хугацаанд ₮120 тэрбумын өр барагдуулжээ

Хурдны зам хэрэгтэй 🆚 хэрэггүй

Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотын хэрэгжүүлж буй 24 мега төслийн нэг Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажил эхэлсэнтэй зэрэгцээд олон нийтийн эсэргүүцэл ч газар авлаа. Уламжлал ёсоор хүмүүс энэ асуудлаар 2 талд хуваагдаж, 7 хоногийн туршид маргасаар байна.

🔦 Төслийг зах зухаас нь 

2025-2028 онуудад УБ-т хэрэгжих 24 мега төслөөс хотын түгжрэлийг бууруулахад Туулын хурдны замын нөлөө багагүй их жинтэй. Учир нь хот дотроо 32 км-ийн урттай, 6 эгнээтэй  хурдны замтай болсноор замын хөдөлгөөний ачаалал босоо тэнхлэгт 8.3%, хэвтээ тэнхлэгт 20.8% буурах тооцоолол гарсан. Тэгвэл нийт ₮2.3 их наядаар босох тус хурдны замын эдийн засгийн ач холбогдлыг харъя.

  • 16.9%: Төслийн эдийн засгийн дотоод өгөөжийн түвшин /IRR/-ийг 16.9%-иар тооцсон нь боломжит өртөг болох 12%-иас их буюу эдийн засгийн өгөөжтэй, төрийн санхүүжилтээр хэрэгжих боломжтойг харуулав.

  • $236.5 сая: Ирэх 18 жилд төслөөс бий болох эдийн засгийн өгөөжийн хэмжээ 2027-2030 онд $44.9 сая, 2041-2045 онд $191.6 саяд хүрэх бөгөөд нийт өгөөж $236.5 саяд хүрч өсөх аж.

💦 Байгаль орчин яах билээ?

Туулын хурдны замыг эсэргүүцсэн "Хатан Туулаа хамгаалъя" хөдөлгөөн өнгөрсөн амралтын өдрүүдэд эрчээ авч, дэмжигчдийн тоо эрс нэмэгдэв. Тэд хурдны замыг зогсоох бус Туул голоос бусад газраар хурдны замын бүтээн байгуулалтыг явуулах шаардлага тавиад байна. Мөн Туулын хурдны зам барихын тулд 300 тулгуур баганыг 7-8 метрт суулгах нь байгальд сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Нэмээд хүмүүс уг төслийг 2024 оны 6-р сард эхэлж 2026 оны 1-р сард дуусах ёстой байсан Сэлбэ голын үерийн хамгаалалтын далангийн ажил шиг бүтэл муутай төсөл болох вий гэж болгоомжилж байна.

Эцэст нь… Туулын хурдны зам эдийн засгийн өгөөж өндөртэй ч эрт үеэс ундаалж ирсэн Туул голын экологид сөрөг нөлөө үзүүлж болзошгүй хэмээн иргэд үзээд байна. За тэгээд ер нь лимонууд маань Туулын хурдны зам дээр ямар байр суурьтай байна даа? 🧐

  • 🇲🇳 PMI индекс 2025 оны IV улиралд 46-д хүрч, эдийн засгийн идэвхжил суларлаа. (Mongolbank

  • 🔎 Марк Зукерберг CEO-н ажлаа AI агентдаа даалгахаар бэлтгэж байна. (WSJ)

  • 👩🏻‍🍼 Төрөлт буурч, 5 сая иргэнтэй болох амбиц алсарч буй шалтгаан юу вэ? (iToim)

  • 🎹 Spotify хөгжмийн AI өрсөлдөөнд ChatGPT-г зэвсгээ болгоно. (TheTechBuzz)

🪓 $GHC: Алдагдал 105.3Х өсөв

GHC: MSE B индексэд багтдаг Ган хийц ХК-ийн алдагдал 2025 онд өмнөх оны мөн үеэс 105.3 дахин өсөж ₮693.7 саяд хүрчээ. Хэдий компанийн хүнтэй холбоотой зардал 9.6%, санхүүгийн зардал 91.9% багассан ч борлуулалтын орлого 55.2% буурч ₮948.3 саяд хүрсэн нь алдагдал нэмэгдэхэд нөлөөлсөн аж. Сонирхуулахад, $GHC-н нэгж хувьцааны үнэ 2026 он гарснаас хойш 52% өссөн бол өмнөх оны мөн үеэс 6.5% буурч ₮3,786-өөр арилжаалагдаж байна.

🪙 Төв банкны крипто

Тун удахгүй Казакстаны төв банк $350 саяын багц бүхий хөрөнгийг криптод оруулах гэж байна

📝 Үйл явдлын хураангуй

Өнгөрсөн оны 11-р сарын сүүлээр Казакстаны Төв банкны Ерөнхийлөгч Тимур Сулейманов криптовалютад хөрөнгө оруулалт хийх гэж байгаа талаар олон нийтэд нээлттэй ярьж эхэлсэн байдаг. Тухайн үед алт болон валютын нөөцөөсөө $300 сая хүртэлх дүнгээр криптовалютад хөрөнгө оруулах боломжтой талаар мэдэгдэж байсан юм. Улмаар саяхан 3-р сарын эхээр хөрөнгө оруулалтын дүнг $350 сая болгон нэмэгдүүлсэн төдийгүй ирэх 4 эсвэл 5-р сараас хөрөнгө оруулж эхлэхээ мэдэгдсэн.  

  • 🦾 Эрсдэлгүй туршилт: Энэ нь Казакстаны төв банкны нийт нөөц болох $69.4 тэрбумтай харьцуулахад ердөө 0.5%-тай л дүйх дүн.

  • 👉 Цаашлаад, криптовалют шууд худалдаж авахаасаа илүүтэй криптовалюттай холбоотой компаниудын хувьцаа, Биткойны ETF гэхчлэн индексүүдэд хөрөнгө оруулах нь.  

📅 Үйл явц

Одоогийн байдлаар тус төв банк хөрөнгө оруулах боломжит хувьцаа, индекс гэхчлэн хөрөнгө оруулалтын хэрэгслүүдийг судалж, жагсаалт гаргаж байгаа бөгөөд судалгаа нь дуусмагц зохицуулагч байгууллагаас зөвшөөрөл авах аж. 

  • 😎 Хамгийн сонирхолтой нь хуваарийн дагуу хөрөнгө оруулалт нь эхэлбэл 5-р сараас хойш анхны хөрөнгө оруулалтын тайлан гарах төдийгүй хөрөнгө оруулалтын сагсаа $500–$700 сая хүртэл өргөтгөх боломжтой гэнэ. 

Эцэст нь… Казакстаны төв банкны нийт нөөцийн 65%-77% нь алт, 27%-30% нь валютын нөөц бүрдүүлж байгаа. Хэдий хөрөнгө оруулалтын хэмжээ нь бага харагдах ч бусад улсын төв банкнуудад криптовалютаар нөөцөө төрөлжүүлэх боломж, эрсдэлийг үлгэрлэн харуулж байгаа гэх утгаараа чухал үйл явдал болж байна. 

Бидний өдөр тутамдаа тогтмол шагайдаг YouTube-г хамгийн анх болзооны вэбсайтаар хөгжүүлсэн гэвэл та итгэх үү? 

Giphy

💘 2005 онд YouTube-н үүсгэн байгуулагчид Валентинаар "Tune In, Hook Up" уриан дор вэбсайтын нээлтээ хийхээр төлөвлөж байв. Ингэхдээ хүмүүс өөрийнхөө тухай болон ямар хамтрагч хайж байгаа талаарх бичлэгээ YouTube-д нийтлэх зориулалттай байсан ч огт амжилт олоогүй байна. Үүнээсээ сургамж аваад тэд ямар ч хамаагүй бичлэг оруулж болдог одоогийн YouTube-г бий болгожээ. 

✈️ SkyTrip — Таны аяллын ухаалаг эхлэл

Аялалд гарах бүрд бичиг баримт, захиалга, төлбөр тооцоонд санаа зовдог үе ард хоцорлоо. 20 жилийн туршлагатай "One Mongolia Group”-ийн хөгжүүлсэн Skytrip.mn платформ нээлтээ хийснээр аялалтай холбоотой бичиг баримт бөглөх, төлбөр тооцоо, хямд нислэг хайх гээд аяллын өмнөх төвөгтэй алхмуудыг нэг дороос ухаалаг, хурдан шийдэх боломжтой болж байна. 

🚀 Яагаад SkyTrip гэж?

SkyTrip апп дээрх ухаалаг паспорт скан таны мэдээллийг алдаагүй, секундийн дотор бөглөж, худалдан авалтаас урамшууллын оноо цуглуулж, дараагийн аялалдаа ашиглах боломжтой.

  • AI-д суурилсан хамгийн хямд үнэ: Таны сонгосон чиглэлд ойролцоох өдрүүдийн хамгийн ашигтай нислэгийг автоматаар санал болгоно. 

  • Уян хатан төлбөрийн шийдэл: Та сонголтоо хийсэн бол Pocket Zero & Pocket Leasing, Storepay, Golomt Digital зээл зэрэг үйлчилгээг ашиглан “одоо аялаад дараа төлөх” боломжтой. 

🎁 Зөвхөн танд зориулсан БЭЛЭГ

Платформын нээлтийг тохиолдуулан шинээр бүртгүүлсэн хэрэглэгч бүр урамшуулал авахаас гадна гадаадад аялахад тань зориулсан дата эрхтэй сим бэлэглэх юм байна шүү. 

Giphy

🍋 Салхит салхин парк өнгөрсөн онд эрчим хүчний нийт үйлдвэрлэлийн 9.4%-ийг бүрдүүлжээ. Тус станц 2025 онд 170.3 сая кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэсэн төдийгүй 2013 оноос хойш 1.8 тэрбум КВт.ц эрчим хүчийг нэгдсэн сүлжээнд нийлүүлсэн байна. Харин он гарснаас хойш 36.3 сая КВт.ц эрчим хүчийг үйлдвэрлээд байгаа аж. 

🍋 OpenClaw-н эрэлтээс үүдэж Хятадад шинэ, хуучин хамаагүй MacBook-үүд моодонд орж байна. OpenClaw имэйл илгээх, вэб хайлт хийх гэхчлэн бусад AI-с ялгаатай нь бие даан үйлдэл хийх боломжтой гэдгээрээ од болж байгаа. Гэсэн хэдий ч уг чадвар нь хувийн мэдээлэл, нууцлалын эрсдэл дагуулж байгаа тул хятадууд өөрийн компьютероос тусдаа, AI-н хэрэглээг даах чадвартай хэмээн MacBook-н М чиптэй загваруудыг эрчимтэй худалдан авах болжээ. 

🍋 Экс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АТГ-д Хууль зүйн сайд Б.Энхбаяр болон Бодь группийн оффтейк гэрээтэй холбогдох 894 хуудас нотлох баримтыг хүлээлгэн өглөө. Тус баримтуудад Бодь группийн нүүрсний оффтейк гэрээ, нүүрсний сонсгол, Б.Энхбаярын $1.5 саяын авлига болон бусад авлига гэхчлэн 4 бүлэг бүхий нотлох баримтууд багтжээ. 

🍋 Японы томоохон компаниуд 3 дахь жилдээ дараалан цалин, хөлсөө 5% өсгөхөөр болов. Японы 7 сая гишүүнтэй хамгийн том үйлдвэрчний эвлэл болох Rengo энэ жилл цалинг дор хаяж 5.9% өсгөх шаардлага тавьж байгаа бөгөөд уг шаардлагыг Toyota (7203.Т)-с эхлээд Hitachi (6501.T), NEC (6701.T) тэргүүтэй компаниуд хүлээн зөвшөөрч, цалингаа өсгөхөөр болжээ. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.