- Lemon Press
- Posts
- 📌 Муугаас сайн руу
📌 Муугаас сайн руу
Тэрбумтнуудын ген өөрчлөх хүсэл | Elly Lilly-н $1 их наядын үнэлгээ | Монгол х Солонгос
POWERED BY
Шинэ 7 хоногийн мэнд ээ! 3 өдөр дараалаад сайхан амарцгаав уу? Одоо буцаад ажилдаа гэх гэтэл энэ 7 хоногийн Лхагва гарагт Улс тунхагласны баярын өдөр тохиож дахиад бүх нийтээрээ амрах нь ээ. Ай миний Монголын амралт аа гэж. 🇲🇳


*Нэг өдрийн өөрчлөлт.
POL: Монгол, Солонгосын Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулах нь чухал ач холбогдолтой гэж үзэж тус хэлэлцээрийг хоёр талд үр өгөөжтэй, харилцан ашигтай байхад анхаарч ажиллана.
G20: Африк тивд анх удаа зохион байгуулсан G20-н дээд түвшний уулзалт Америкийн оролцоогүйгээр өндөрлөв. G20-н дараагийн даргалагч нь Америк байх аж.
MSE: Монголын хөрөнгийн биржид гишүүнчлэлтэй БАТС ҮЦК ХХК-ийн оноосон нэрийг Фингейт секюритис ҮЦК ХХК болгон өөрчиллөө.

📌 Хамгийн муугаас хамгийн сайн руу

Нийслэл хот маань ирэх онд хэр ихийг олж, хэр ихийг зарлагадах гээд байна вэ? Юутай ч нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болоодохлоо.
🔺 Хийх ажил их, хураах мөнгө олон
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот дүүжин гүүртэй, метротой, хурдны замуудтай, ганган бродюртай болох гээд үзэж тарж байгаа. Энэ ч утгаараа ирэх онд Туулын хурдны зам, Сэлбэ 20 минутын хот орон сууцны иж бүрэн цогцолбор зэрэг олон арван төсөл хэрэгжих ёстой.
🧐 Тодруулбал, нийслэлийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт метро, зам гэх мэтээс гадна Дулааны II, III ЦС-ыг өргөтгөн шинэчлэх, Бөөрөлжүүтийн ЦС-ыг 600 МВт болгон өргөтгөх, лаг хатаах, шатаах байгууламжийг ашиглалтад оруулах, хог шатаах 20 МВт хүчин чадал бүхий цахилгаан үйлдвэрлэх эрчим хүчний үйлдвэр барих зэрэг ажлууд тусгагдсан.
Их ажил ➡️ Их төсөв: Нийслэлийн амбицтай төслүүд нэмэгдэх тусам төсөв нь ч тэр хэрэгцээтэй санхүүжилт нь ч тэр тэлж байгаа. Өнгөрсөн оны төсвийн зардал л гэхэд 2019 оныхоос даруй 4.2 дахин нэмэгдсэн. Үүнээсээ гадна ₮500 тэрбумын бондын санхүүжилтийг дотоодоосоо босгосон. Ирэх онд ч дотоодын зах зээлд ₮275 тэрбумын бонд гаргах сураг дуулдаад буй.
📩 Том алдагдлаас ашиг руу
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд суурь орлогыг ₮3.5 их наяд, суурь зарлагыг ₮2.6 их наяд байхаар тусгаж улсын төсөвт ₮263.7 тэрбумын орлогыг төвлөрүүлэх юм гэнэ. Төсөлдөө ингэж тусгасан ч цаашид салхи хаашаа ч эргэж мэднэ. Учир нь энэ оны 4-р сард нийслэлийн төсөвт тодотгол хийж алдагдлыг түүхэн дээд хэмжээнд буюу ₮1.6 их наядад хүргэсэн. Угаас нийслэлийн төсөвт жил бүр шахуу тодотгол хийж ирсэн хойно 2026 онд ч адил дүр зураг илэрхийг үгүйсгэхгүй.
Эцэст нь… Том төслүүдийг хэрэгжүүлэхдээ төлөвлөгөө, гүйцэтгэл, санхүүжилтдээ үнэн сэтгэлээсээ хяналт тавьж ажилламаар. Метротой болох гэж байна ЦС барих гэж байна гээд их наяд, их наядаар нь алдагдалд оруулаад тэрбум, тэрбумаар нь өр тавиад явах нь хэр зохимжтой вэ. Ядах нь ээ үр дүн гэдгийн “Ү” үсгийг ч үзээгүй байдаг. Цаад тооцоолол нь маш сайн л байгаасай даа.

👜 Загварын салбараас хөрөнгө оруулалтын хэрэгсэл мэндэлж. (Forbes)
➕ E-Mongolia-д нэвтэрсэн эрүүл мэндийн үйлчилгээнүүд. (ЭМЯ)
🛍️ Энэ жилийн Black Friday-р сонин юутай? (Mashable)
🔄 Spotify-н ээлжит халуухан функц. (TechCrunch)

💪🏼 $GOOG: Серверийн чадлаа 2 дахин өсгөнө
GOOG: Өнгөрсөн Баасан гарагт технологийн томчуудын нэг Google-н нэгж хувьцааны үнэ 3.3% өсөж $299.6-т хүрч хаагдлаа. Тус өсөлт нь компанийн танилцуулсан AI-н Gemini 3.0 загвар болон цаашид серверийн хүчин чадлаа 2 дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй нь холбоотой байсан аж. Сонирхуулахад, компанийн нэгж хувьцааны он гарснаас хойш 57.3%, 2024 оны мөн үеэс 77.1% тус тус өсөөд байна.

🧬 Генетикийн шинэ боломж

Сүүлийн жилүүдэд хүний үр хөврөлийг өөрчлөх технологийн дэвшлүүд эрс нэмэгдэх болсон. Үүний хамгийн том давуу тал нь ирээдүйд мэндлэх хүүхдийнхээ генетикийг урьдчилж засварлах боломж. Үүнийг Америкийн технологийн томчууд ихээр сонирхож байгаа бололтой.
👩🏻🔧 Генетик засвар: CRISPR гений засварын технологи нь амьд организмын ДНХ-д өөрчлөлт хийх боломжийг олгодог аж. Тус технологийг Женнифер Дудна, Эммануэль Шарпентье нар 2012 онд бүтээсэн ба 2020 онд химийн салбарын Нобелийн шагнал хүртсэн түүхтэй.
📡 Болсон явдал
Өнгөрсөн сард CRISPR-г ашиглан хүний үр хөврөлийг өөрчлөх зорилготой Preventive гэх стартап гарч ирэн $30 саяын хөрөнгө оруулалт татжээ. Энэхүү төсөлд Coinbase (COIN) Гүйцэтгэх захирал Брайан Армстронг, OpenAI-н Гүйцэтгэх захирал Сэм Алтманы нөхөр Оливер Малхерин нар хөрөнгө оруулсан ба стартапын үйл ажиллагаа эхний ээлжид хүний үр хөврөлийг засварлах нь аюулгүй эсэхийг тогтооход төвлөрч, урт хугацаандаа хүнд хэлбэрийн удамшлын өвчнийг урьдчилан сэргийлэхэд чиглэх аж.
🔢 Ганцаараа биш
Энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй нь дан ганц Preventive биш юм. Учир нь 2024 оны эхээр Калифорнийд байрлах Bootstrap Bio болон энэ онд Manhattan Genomics хэмээх CRISPR-н тусламжтай үр хөврөлийг өөрчлөхөөр үйл ажиллагаа явуулж буй хэд хэдэн стартап бий болоод байна. Олон нийтийн дунд хүний үр хөврөлийг өөрчлөх нь ихээхэн маргаан дагуулдаг ч энэ чиглэлийн стартап олширч буй нь тун сонирхолтой.
Эцэст нь… CRISPR-д суурилсан эмчилгээнүүд нь өртөг өндөртэй бөгөөд энэ чиглэлийн эм үйлдвэрлэгчид одоогоор нэг тунг нь $2 саяар борлуулдаг. Preventive-н тооцоолсноор, тэдний технологи амжилтад хүрвэл нэг үр хөврөл засах өртгийг $5,000-т хүргэж бууруулах боломжтой гэнэ дээ.

Гадуур ханиад томуу ихээр дэгдэж байгаагийн улмаас Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв болон БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн ачаалал энгийн үеэс 2 дахин нэмэгджээ. Лавшруулбал,
Эх, нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт 24 цагийн дотор 538 хүүхэд иржээ. Үүний 80% нь 5 хүртэлх насны хүүхэд байгаа бол,
БЗД-ийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт 24 цагийн дотор 417 хүүхэд ирсэн байна.
Улмаар нэг ээлжийн эмч нарын тоог 14 болгон нэмэгдүүлсний сацуу коридортоо 20 ор дэлгэж өвчтөнүүдийг хүлээн авч буй гэнэ.
Тэгвэл ЗГ-аас тус эмнэлгүүд рүү бусад ачаалал багатай эмнэлгүүдээс эмч нарыг дайчлахыг үүрэгдээд буй аж.


Fast Company
🍋 Elly Lilly (LLY) $1 их наядын үнэлгээтэй анхны эм үйлдвэрлэлийн компани боллоо. Компани технологийн компаниуд давамгайлдаг тус эгнээнд нэгдэхэд 2023 онд зах зээлд нэвтрүүлсэн таргалалтын эсрэг бүтээгдэхүүн Zepbound-н борлуулалт нөлөөлсөн байна. Энэ бүтээгдэхүүн мэндэлснээс хойш $LLY-н хувьцааны үнэ 75% өссөн билээ.
🍋 Ажилгүйдлийн даатгалын сангаас энэ оны эхний 9 сард 28.2 мянган даатгуулагчид ₮154 тэрбумын тэтгэмж олгожээ. Харин зарим ажил олгогч байгууллага шимтгэлээ төлөөгүйн улмаас 10, 11-р сарын ажилгүйдлийн тэтгэмжийг нийт 4,675 хүнд олгохоор хүлээж байгаа гэнэ. Энэ онд тус санд НДБ-аас ₮162.7 тэрбумын орлого төвлөрүүлж, ₮161.9 тэрбумын зарлага гаргах төлөвлөгөөтэй аж.
🍋 Япон эдийн засгийн өсөлтийг дэмжих ¥21.3 их наядын иж бүрэн багцыг баталлаа. Онцолбол, үүний 55%-ийг татварын хөнгөлөлт үзүүлэхэд зориулах бол 34%-иар нь чип үйлдвэрлэл, AI, усан онгоц үйлдвэрлэл зэрэг өсөлтийн салбаруудад хөрөнгө оруулах нь. Энэхүү ЗГ-ын төсвөөс гадна тус улсын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг тооцвол нийт ¥42.8 их наядыг эдийн засгаа тэлэхэд зарцуулах тооцоо бий.
🍋 Их Британи Монголыг хатуу түлшнээс татгалзахыг уриалав. Тодруулбал, Их Британи, Европын комисс тэргүүтэй талууд COP30-н үеэр "Хатуу түлшнээс татгалзах замаар ногоон шилжилтийг дэмжих замын зураг"-ийг санаачлан батлуулахаар ажиллаж буй бөгөөд үүнд Монголыг нэгдэн ажиллахыг уриалжээ. Хариуд нь Их Британи COP17-н хүрээнд гарах бүхий л санаачилгыг дэмжиж ажиллах юм гэнэ.

Даваа: Өнгөрсөн сарын мөнгө, санхүүгийн статистик танилцуулагдана.
Мягмар: 9-р сарын ГХО-ын позицын тайлан гарна.
Лхагва: Өмнөд Солонгос бодлогын хүүгээ шинэчлэн тогтооно.
Пүрэв: Япон хэр хэмжээний гадаад бонд худалдан авав?
Баасан: Санхүүгийн салбарын ногоон зээлийн статистиктай танилцах нь ээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг



Reply