• Lemon Press
  • Posts
  • 🥲 Байр авах уу? Бохь авах уу?

🥲 Байр авах уу? Бохь авах уу?

Хөгжмийн платформууд | $FLD: Биткойнтой кредит карт | AI стратеги

POWERED BY

Өглөөний мэнд! Өчигдөр шинэ Ерөнхий сайд өөрийн 100 хоногт хийсэн ажлаа олон нийтэд тайлагналаа. Түүний хэлснээр ЗГ төсвийн тодотголыг 7 хоногт өргөн барьж, болзошгүй эрсдэлээс сэргийлж, эдийн засгийн өсөлтийг бий болгож чадсан ажээ. Үүнээс харахад чухам түүнгүйгээр улс орны эдийн засаг сүйрэх байсан бололтой шүү. 🫣

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: УИХ 74.5%-ийн саналтайгаар Ерөнхийлөгчийн Алт-3 аяныг хэрэгжүүлэхтэй холбоотой тогтоосон хэсэгчилсэн хоригийг хүлээн авлаа

GOV: ЗГ Монгол Улсын хөгжлийг ирэх 5 жилд 2 дахин хурдасгах хөгжлийн төлөвлөгөөг ирэх 10 сард УИХ-д өргөн барина

UN: Монгол Улсын тогвтортой хөгжлийн зорилтууд 66.7%-тай хэрэгжиж байна.

🏠 Иргэн бүрд орон сууц

Ерөнхий сайдын “Айл бүрд морин цагт шинэ сууц руугаа нүүх баярт өдөр тохиох хүртэл тууштай ажиллах” амлалтыг Ирээдүйн өв сангаас санхүүжүүлнэ

🤔 Төлөвлөгөө өөрчлөгдсөн

ЗГ анхандаа Төрийн банк (SBM)-ийг түшиглэж ипотекийн зээлийг санхүүжүүлэх тусгайлсан банк байгуулахаар ярьж байсан ч төлөвлөгөөгөө өөрчилж, Ирээдүй өв сангаас 50%, гаднын банкнаас 25%, арилжааны банкнаас 25%-ийн санхүүжилт гаргах бүтэцтэйгээр ипотекийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.

  • 😛 Илүү хямд орон сууц: Мөн өнгөрсөн хугацаанд олгосон ₮9.9 их наядын ипотекийн зээлийн 53.9%-ийг сарын орлого нь ₮2.5 сая хүртэлх орлоготой өрх авсан. Үлдсэн нь түүнээс дээш орлоготой иргэд авсан буюу ипотекийн зээл зорилтот зээлдэгчдэд хүрэхгүй байгаа асуудлыг ч шийдэх аж.

  • ☝️ Ингэхдээ ЗГ гэр хорооллын айл өрхүүдийн орлогод нийцсэн орон сууц барих буюу орон нутаг, нийслэлийн гэр хорооллын бүсэд баригдах орон сууцуудад хөнгөлөлттэй зээл олгохоор ярьж буй. 

🤕 Ахин нэг гажуудал 

ЗГ-ын Ирээдүйн өв санд хуруу дүрэх зөвтгөл нь санд төвлөрсөн $1.3 тэрбумыг гаднын банканд 3%-ийн хүүтэй буюу маш бага өгөөжтэй хадгалуулж байгаа тул 50%-ийг нь дотооддоо эргэлдүүлэх нь илүү дээр гэх логик. 

  • 🤔 Угтаа энэ ажлыг хуримтлалын сан хийж байгаа буюу энэ онд тус сан, Монголбанк, банкнуудын эх үүсвэрээр ₮1.2 их наядын зээл гаргахаар тооцоолсон. Сангийнх нь мөнгө татарсан уу, багадсан уу, дараагийн сан руугаа орох төлөвлөгөөгөө хэдийнээ бэлджээ. 

🫧 Орон сууцны зах зээл хөөсөрсөөр

Үүнийг сайнаар бодоод ипотекийн хүртээмж нэмэгдлээ гэхэд манай улсад орон сууц худалдан авах чадвар болон орлогын зөрүү хэт их. ОУ-д өрхийн медиан орлого болон орон сууцны медиан үнийн харьцаа 3 байвал орон сууцны үнэ өрхийн орлогод тохиромжтой гэж үздэг. Харин манайд тус үзүүлэлт 7.8. Орон сууц худалдан авах чадвар сул нэмээд орон сууцны үнэ нь улирал бүр 2 оронтой хувиар өсдөг Монгол шиг улсын хувьд ипотекийн санхүүжилт нэмэгдэх сураг орон сууцны үнийн хөөргөдлийг улам өрдөж, хөөсрөл бий болгоход ойрхон байна. 

Эцэст нь… Үе үеийн ЗГ-уудын сангаас сан дамжиж иргэдээ халамжилдаг бодлого улс төрийн номлол мэт үргэлжилж байна. Ирэх баригчид дараагийн сонгуульдаа бэлдэж, иргэн бүрийг байртай болгох кампанит ажлаа эхлүүлэв гэлтэй. PR нь цөмрөх вий дээ. 

  • 🌠 Instagram-н сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо 3 тэрбумд хүрэв. (CNBC)

  • ☀️ Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт татсан гэв үү? (Ikon)

  • 🗣️ Сэм Алтман AI-н талаар хамгийн сүүлд ингэж өгүүлэв. (Blog.SamAltman)

  • 🕳️ Усан дор уурын хөдөлгүүрээс ч ахмад амьтан оршин байна гэнэ дээ. (BGR)

💳 $FLD: Биткойнтой кредит карт

FLD: Томоохон крипто компаниудын нэг Fold Holdings биткойн дээр суурилсан кредит картыг Stripe болон Visa-тай хамтран зах зээлд нэвтрүүлэхээр болжээ. Ингэхдээ хэрэглэгч худалдан авалтдаа тус картыг ашигласан тохиолдолд 3.5% хүртэлх буцаан олголтыг Биткойноор авах боломжтой байх аж. Харамсалтай нь тус мэдэгдлийн дараа компанийн нэгж хувьцааны үнэ 16% унаж $3.3-т хүрчээ. 

🎨 “SMART” Festival of Creativity” хаяанд ирлээ! 

Хоцром зээ! Монголын Маркетингийн Холбооны 2015 оноос хойш зохион байгуулж буй маркетинг, бүтээлч салбарын “SMART” Festival of Creativity” ирэх Мягмар гарагт болно. 📢

  • 🎯 Тус арга хэмжээ нь анх маркетингийн академик чуулган хэлбэрээр эхэлж байсан бол өдгөө бүтээлч салбарын хамгийн том арга хэмжээ болон өргөжжээ.

Энэ жилийн арга хэмжээ “Үндсэн тайз”, “Форум тайз”, “Нетворкинг” гэх 3 хэсэгтэй зохиогдох ба тус арга хэмжээнд оролцсоноор салбарын шинэ мэдлэг, шалгарсан туршлага, шилдэг кэйсүүдтэй танилцах юм.

📍 Хаана: Мbank Arena

🎹 Хөгжмийн платформоор сонин хачин

Хүссэн дуу, хөгжмөө цаг тухайд нь сонсож чаддаггүй байсан түүх ард хоцорч хүн бүхэн дуртай дуугаа олон янзын стриминг платформоос сонсох боломжтой болжээ. Үүнээс гадна Монгол хөгжмийн платформууд ч олшров. Өнөөдөр хэдүүлээ энэ зах зээлийг уудлаад үзье. 

👀 Бизнесийн цар хүрээ 

Өнгөрсөн онд хөгжмийн стриминг платформын орлого анх удаа $20 тэрбумд, төлбөртэй хэрэглэгчдийн тоо 752 саяд тус тус хүрчээ. Тус зах зээлийн томоохон тоглогч нь 276 сая төлбөртэй хэрэглэгчтэй Spotify (SPOT) бөгөөд тэд үүсгэн байгуулагдсанаас хойш 19 жилийн хугацаанд анх удаа 2024 онд €1.1 тэрбумын ашигтай ажиллаж байв. 

  • 💰 Зардал их: Гайхаж магадгүй ч хөгжмийн платформын бизнес зардал өндөртэй. Шалтгаан нь уран бүтээлчдэд хуваарилах төлбөртэй холбоотой байдаг буюу ихэнх хөгжмийн платформууд орлогынхоо 70%-90%-ийг уран бүтээлчдэд хуваарилдаг байна. 

🎧 Монгол платформ

Манай хөгжмийн зах зээлд саяхан sonsy хэмээх платформ нэвтэрч идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй хөгжмийн платформын тоо 3 болж нэмэгдлээ. Үлдсэн 2 платформ нь 2021 онд байгуулагдсан Mmusic болон өнгөрсөн жил нээлтээ хийсэн MyArtist аж.

  • 👨🏻‍💼 Хэнийх юм бэ? MMusic нь М-Си-Эс группийн хөрөнгө оруулалттай бол sonsy Монгол контент ХХК буюу толгой компани нь Мобиком групп гэнэ дээ. Том зургаар томоохон группүүдийн оролцоо энэ салбарыг амь оруулж байгаа мэт… 

  • 🔎 Хэд юм бэ? MyArtist-н хувьд сонсохыг хүссэн уран бүтээлчийн дууг худалдан авч сонсох боломжтой бол нөгөө 2 нь стримингийн зарчмаар ажилладаг. Үнийн хувьд 1 сарын үйлчилгээний эрх MMusic дээр ₮9,900, sonsy дээр ₮6,900-өөр худалдаалагддаг аж. 

Эцэст нь… App Store дээр хөгжмийн ангилалд тэргүүлж буй 10 апп-ийн 3 нь л албан ёсны төлбөртэй апп байгаа буюу хэрэглэгчдийн дунд дуу, хөгжмийг үнэгүй сонсох хандлага өндөр байна. Нөгөөтээгүүр мөнгө төлж дуу сонсох нь оюуны өмчийн эрхийг хамгаалах, уран бүтээлчдээ дэмжих нэг хэлбэр шүү.

Манай лимонууд аль платформоос дуугаа сонсож байна? 😎

Login or Subscribe to participate in polls.

$348.16 сая 
Улаанбаатар Трамвай төслийг 2025-2027 онд $348.16 саяын гаднын хөрөнгө оруулалт буюу зээлээр санхүүжүүлнэ
28 жил
Дээрх зээлийг төсөл ашиглалтад орсноос хойш улсын төсвөөс жил бүр төлнө гэж үзвэл 28 жилийн дараа бүрэн төлөгдөж дуусах юм гэнэ.
$902.31 сая
Тэгвэл трамвай дээрх хугацаанд $902.31 саяын борлуулалтын орлого олох бол $413.37 саяын үйл ажиллагааны зардал гаргах тооцоо гарч.

Reuters

🍋 Дональд Трамп: Украйн НАТО болон ЕХ-ны тусламжтайгаар хуучин хил хязгаараа сэргээх боломжтой. Америкийн зүгээс Оросын ЭЗ-ийн нөхцөл байдлыг далимдуулан Украйныг үргэлжлүүлэн дэмжихээр шийдсэн бололтой, гэхдээ үүний цаана ГХЭ-ийн санаархал бий. Одоогоор Орос Украины Крым, Донецк ба Луганск, Костянтиновка тэргүүтэй нийт 20%-ийн газар нутагт хяналтаа тогтоогоод буй. 

🍋 ЗГ ”Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги”-ийн төслийг хэлэлцэн дэмжив. Төслийн хүрээнд 4 зорилт бүхий 13 арга замаар AI экосистем нутагшуулах, ОУ-ын дата төв байгуулах гэхчлэн 66 арга хэмжээг 2026-2030 онд 2 үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. Үүний үр дүнд Монгол Улс их өгөгдөл, AI-н экосистемийн хөгжлөөрөө тэргүүлэгч Азийн ТОП-10 орны нэг болох юм гэнэ. 

🍋 Tether зах зээлийн үнэлгээгээ 3 нугалж $500 тэрбум болгох хөрөнгө оруулалт татахаар хэлэлцэж байна. Тодруулбал, компани одоогийн хөрөнгө оруулагчдын хувьцааг зарах бус, шинээр 3% хүртэлх хувьцаа гаргах хэлбэрээр $15-$20 тэрбумыг босгох юм. Хөрөнгө босголт амжилттай болбол, Tether шинэ зах зээлийн үнэлгээгээрээ OpenAI, SpaceX-тэй мөр зэрэгцэх анхны крипто компани болох нь. 

🍋 Ирэх онд Улаанбаатарт 5 ДЦС-ын бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Одоогоор Улаанбаатар дахь ДЦС-уудын нийт хүчин чадал ойролцоогоор 178 МВт бөгөөд шинэ ДЦС-ууд ашиглалтанд орсноор энэ дүн 3.3 дахин нэмэгдэх аж. Тэдгээрээс 63 МВт-ын хүчин чадалтай Дамбадаржаагийн ДЦС-ын бүтээн байгуулалтын ажил 20%-гаруй гүйцэтгэлтэй үргэлжилж байгаа бол үлдсэн нь гэрээ хэлцэл, тендер зарлах бэлтгэл ажил хийж байгаа гэнэ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.