- Lemon Press
- Posts
- 🦈 Акул статус
🦈 Акул статус
Ургац хураалт ба үр дүн | Ашигтай Samsung-н хувьцаа уналттай | Хугацаагүй ажил хаялт
POWERED BY
Өглөөний мэнд! Нэг л мэдэхэд 10-р сар талдаа орж, өвлийн улирал хаяанд иржээ. Өчигдөр орсон цас энэ Баасан гараг хүртэл орох төлөвтэй гэнэ шүү. Хүйтний эрч чангарч буй энэ мөчид дархлаагаа дэмжихээ бүү мартаарай. Өвөл айсуй! 🐺


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Засгийн газар багш нарын цалинг 15%-20%, эмчийн цалинг 10%-15%, ахмадуудын тэтгэврийг 8% тус тус нэмэгдүүлэх зарчмын шийдвэр гаргалаа.
NSO: Өнгөрсөн 9-р сард мөнгөний нийлүүлэлт (M2) 2024 оны мөн үеэс 5.6% өсөж ₮44.1 их наядад хүрчээ.
MSE: SouthGobi Sands (1878.HK)-н Монгол дахь охин компани эргэлтийн хөрөнгөө санхүүжүүлэх, татварын төлбөрөө төлөх зорилгоор ХААН Банк (KHAN)-тай жилийн 10%-ийн, 18 сарын хугацаатай, ¥235 саяын зээлийн гэрээ байгуулав.

🌾 Ургац хураалт ба үр дүн

Оны сүүлээр хүнсний ногоо, төмс, үр тарианы үнэ өсөж, импортын хамаарал нэмэгдэх нь үү дээ? Юу болоод байна вэ?
📈 Огцом буурав
Их ургац дууссан үе буюу энэ оны эхний 9 сарын байдлаар хураасан үр тарианы хэмжээ жилийн өмнөхөөсөө 54.2% буурч 120.2 мянган тн болсон аж. Үүнээс гадна хүнсний ногоо, төмс, таримал тэжээлийн хэмжээ гээд бүгд буурсан байгаа юм. Төмсний хураалт л гэхэд 36.2% буурчээ.
🔍 Трэнд: Өнгөрсөн оны эхний 9 сар бол газар тариалангийн салбарын оргил үе байсан. Үр тариа болон хүнсний ногооны хураалт 2020 оноос хойших дээд түвшинд хүрч байлаа. Харин 2023 онд үр тарианы хураалт одоогийнхтой адил огцом буурч байсан аж.
📌 Үнэ яав? 2023 онд 10 нэр төрлийн хүнсний барааны захуудын дундаж үнэ дунджаар 9% өсөж байлаа. Одоо бол монгол төмсний үнэ жилийн өмнөхөөсөө 33.3%, байцайны үнэ 133.3%, манжингийн үнэ 16.7% өссөн байдалтай байна.
🧐 Атар аяны нөлөө юу байв?
Монгол Улс 1959 онд атрын анхны, 1976 онд 2 дахь аяныг амжилттай зохион байгуулсны үр дүнд тариалангийн эргэлтийн талбайн хэмжээ 1.2 сая га-д хүрсэн гэдэг. Энэ оны 2-р сараас Атар-4 аяныг эхлүүлэх шийдвэр гаргасан. Нийтдээ жил үргэлжилнэ. Уг аянд тариалан эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй зээлийг арилжааны банкны эх үүсвэрээр санхүүжүүлж ЗГ зээлийн хүүгийн дэмжлэгийг хариуцан төлөхөөр тусгаснаас гадна аяны үйл ажиллагааг орон нутагт сурталчлан таниулах, идэвхжүүлэх зардал ч гарч байгаа.
🔺 Яаж хэмжих вэ? Аливаа салбарын хөгжлийг дэмжих бодлоготой, хэрэгжүүлдэг хөтөлбөртэй байх нь сайн хэрэг. Гэвч үр дүнг нь юугаар хэмжих вэ, явцын тайлангаа яаж тайлагнах вэ гэдэг хамгийн чухал. Статистик мэдээллээр бол энэ аяныг үр дүнтэй байсан гэж дүгнэхэд хэцүүхэн. Богино, дунд, урт хугацааны үр дүнгээ танилцуулаад явдаг бол ч…
Эцэст нь… МАА, газар тариалан үнэхээр чухал салбар хэдий ч эдийн засагт үзүүлэх нөлөө нь тун бага, хөгжил нь ч дорой. Үнэхээр энэ салбаруудыг дэмжих гэж байгаа бол дан ганц хөнгөлөлттэй зээл өгөхөөс гадна хөрсөн дээр бууж нөлөө үзүүлдэг бодлого, хөтөлбөр хэрэгжүүлдэг байгаасай.


🔻 Ашигтай гэхдээ уналттай
005930.KS: Өмнөд Солонгосын технологийн томчуудын нэг Samsung Electronics-н III улирлын үйл ажиллагааны ашиг $8.5-т хүрсэн нь 2022 оноос хойших хамгийн сайн үзүүлэлт боллоо. Мөн орлого ₩86 их наяд болсон нь 2024 оны мөн үеэс 8.7% өссөн дүн аж. Энэ нь шинжээчдийн таамгийн эвдсэн үйл явдал ч өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 1.8% унаж ₩91,600-д хүрээд байна.

🌊 PC тоглоомчдын давлагаа

Өчигдөрхөн видео тоглоомын ертөнцийн загалмайлсан эцэг гэгдэх Steam платформын идэвхтэй хэрэгдэгчдийн тоо шинэ рекорд тогтоожээ. Хэрхэн эвдсэнийг сонирхоод үзье.
👾 Шинэ рекорд
Тэртээ 2003 онд нээлтээ хийсэн, Steam-н идэвхтэй хэрэглэгчдийн тоо 41.7 саяд хүрсэн нь энэ. Хэдхэн өдрийн өмнө буюу 10 сарын 10-нд танилцуулагдсан Battlefield 6 тоглоомыг нэг өдрийн дотор 747.7 мянган хүн тоглосон нь уг өсөлтөд томоохон нөлөө үзүүлээд байна. Тус тоглоом нь $69.99-оор борлуулагдаж байгаа бөгөөд орлогоороо бусад тоглоомыг тэргүүлээд байгаа аж.
🦈 Акул статус
Steam-н хувьд 1 тэрбум орчим бүртгэлтэй хэрэглэгчтэй бөгөөд 100 мянга гаруй тоглоомтой гэдгээрээ нийт зах зээлийн 70%-ийг бүрдүүлэгч аварга платформ. Ашиг, орлогын талаар нээлттэй мэдээлэл байдаггүй ч эх сурвалжийн мэдээллээр өнгөрсөн онд Steam-н орлого 2023 оны мөн үеэс 24.4% өсөж $10.8 тэрбумд хүрсэн гэнэ.
🇲🇳 Монгол тоглоом: Саяхан Монголчуудын хөгжүүлсэн удаах аймшгийн төрлийн, олон хүн зэрэг тоглох боломжтой Carnival Hunt тоглоомын анхны туршилтын хувилбар гарсан. Тус тоглоом нь одоогоор хэзээ худалдаанд гарах нь тодорхойгүй байгаа аж.
Эцэст нь… Мэргэжлийн eSport-н тамирчдын гүүр болсон Savvy Gaming Group-н FACEIT платформ нь Steam-тэй нягт холбоотой. Учир нь мэргэжлийн тоглогчид тус платформоор дамжуулж тэмцээнд оролцох боломж нь нээгддэг аж. Сонирхолтой нь, The MongolZ багийн амжилт 2023 оноос хойш нэмэгдэж эхэлсний араас FACEIT дээрх хэрэглэгчдийн тоо 500% өсөж 30 мянгад хүрсэн гэнэ дээ. 🫨

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.Энэ Пүрэв гарагаас улс орон даяар цэрэг татлага эхлэх гэж буй. Энэ жилээс БХЯ “Мэргэжилтэй цэрэг” хөтөлбөр хэрэгжүүлэхээр болжээ. Тэгвэл сүүлийн жилүүдэд залуусын цэргийн албанаас халшрах болсон нь ямар шалтгаантай бол? Энэ тал дээр таны байр суурь? |

🗻 Эрдэст ус = Хүнсний ус

Байгалийн эрдэст ус хүнсний нэг төрөлд тооцогддог гэдгийг мэдэх үү? Өөрөөр бол байгалийн идэвхт эрдэс бодисоо хадгалсан эрдэст ус хүний биед энгийн уснаас илүү тустай гэсэн үг.
💧 Цэвэршүүлсэн ус
Өдгөө дэлхийн даяар борлуулагдаж буй савласан усны талаас илүү буюу 59%-ийг цэвэршүүлсэн ус эзэлж байна. Ихэнх цэвэршүүлсэн ус үйлдвэрлэгчид “RO” буюу урвуу осмос, аргаар усаа цэвэршүүлдэг. Гол асуудал нь тус аргаар усыг уухад тохиромжтой болтол цэвэршүүлэхээс гадна кальци, магни зэрэг эрдэс бодисын агууламжийг 92%-99% цэвэршүүлчихдэг аж.
Ийм ус бараг эрдэсгүй байдаг тул нэмэлтээр эрдэсжүүлэх нь олонтоо. Энгийн усан дах эрдэс бодисын нийлбэр хэмжээ (TDS) ихэвчлэн 50 мг/л хүртэл байдаг бол булаг шанд, уул нуруудаас эрдэсэжсэн байгалийн эрдэст усных ихэвчлэн 300+ мг/л-тай байдаг гэнэ.


Quartz
🍋 JPMorgan Chase (JPM) ирэх 10 жилд Америкт цутгах хөрөнгө оруулалтын хэмжээгээ 50% нэмж $1.5 их наяд болголоо. Хөрөнгө оруулалтыг ашигт малтмал, эм, робот технологи, Батлан хамгаалах, эрчим хүч тэргүүтэй гол салбаруудыг 4 гол чиглэлд хуваан цутгах бөгөөд энэ нь дотоодын үйлдвэрлэлийг дэмжих Трампын зорилттой яв цав нийцэж буй. Тэр дундаа эдгээр салбарын стартапуудад $10 тэрбум хүртэлх ШХО хийх нь.
🍋 Монгол Улс ЕХОБ-наас €1 тэрбумын зээл авна. Үүнийг дижитал шилжилт, уур амьсгал ба эрчим хүч, тээвэр, эрүүл мэнд, боловсрол зэрэг тэргүүлэх чиглэлд зарцуулахаар төлөвлөж буй гэдгээс өөр тодорхой мэдээлэлгүй байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд Монгол Улс тус банкнаас нийт €144 саяын зээл болон буцалтгүй тусламж авсан юм.
🍋 Goldman Sachs (GS) хөрөнгө оруулалтын групп Industry Ventures-г $965 саяар худалдан авахаар тохиролцжээ. Industry Ventures нь ойролцоогоор $7 тэрбумын актив удирддаг бөгөөд $GS-н ойролцоогоор $540 тэрбумын активтай хөрөнгө удирдлагын бизнесийг тэлэх хүрээнд ажиллах юм. Тус компани нь венчурын хоёрдогч хөрөнгө оруулалт болон эхний үе шатны холимог сангуудыг зах зээлд анхлан нэвтрүүлсэн билээ.
🍋 Орон сууцны үнэ сүүлийн 4 жилд 44.2% өсжээ. Тодруулбал, 2022 оны 9-р сард орон сууцны дундаж үнэ ₮3.32 сая байсан бол өдгөө ₮4.79 сая болсон байна. Энэ нь өнгөрсөн оныхоос 14.7%, өнгөрсөн сарынхаас 1.3% өссөн үзүүлэлт юм. Тэгвэл энэ хугацаанд дундаж цалин 76% өсөж ₮2.7 сая болсон ч, бодит байдал дээр хамгийн өндөр цалинтай уул уурхайн салбарын ажилтан 41 сар чардайж байрны урьдчилгаа цуглуулахаар байгаа.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply