• Lemon Press
  • Posts
  • 😈 Санхүүгийн хар дарсан зүүд

😈 Санхүүгийн хар дарсан зүүд

$KHAN: ₮5 тутмын ₮1 ногоон шилжилтэд | $ALI-н огцом өсөлт | Playtime айсуй

POWERED BY

Өглөөний мэнд! Дэлхийн хамгийн том шар айраг үйлдвэрлэгч Anheuser-Busch (BUD)-н борлуулалт өнгөрсөн улиралд 3 жилийн дараа анх удаа нэмэгджээ. Үүнтэй холбоотой хувьцааны үнэ нь ч мэдэгдэхүйц өссөн аж. Үүнийг шинжээчид согтууруулах ундааны зах зээлд шар айргийн эрин үе дахин ирсэн байж магадгүй хэмээн үзээд байна. За тэгээд ер нь дэлхий даяар хамгийн их зарагддаг шар айргийн жагсаалтыг харах ЭНД дарж танилцаарай. 🥴🍺

*Нэг өдрийн өөрчлөлт.

MNG: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд, түүний үүсмэл ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоож, Үндэсний баялгийн санд хуваарилах тухай хуулийн төслийг боловсруулахаар болов.

BOM: Монголбанкны нийт хөрөнгийн хэмжээ өнгөрсөн онд жилийн өмнөхөөсөө 25.3% нэмэгдэж ₮35 их наядад хүрч, ашиг нь 270% өсөж ₮1.1 их наядыг давсан аж. 

UBX: Улаанбаатар Үнэт Цаасны Биржид бүртгэлтэй Анд Энерги ХК (AND) 2025 оны цэвэр ашгаасаа нэгж хувьцаанд ₮1.2 буюу нийт ₮93.6 саяын ногдол ашиг тараахаар болжээ. Мөн компани ТУЗ-ийн гишүүдээ шинэчлэн томилсон байна.

MSE: Ард Инвестмент групп (AIG)-ийн үнэт цаасны арилжааг дахин нээлээ. Арилжаа зогссон хугацаанд компанийн HVL үсгэн кодыг AIG болгон өөрчилжээ.

 🌱 $KHAN: ₮5 тутмын ₮1 ногоон шилжилтэд

ХААН Банк ХК (KHAN) 2050 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлаа цэвэр дүнгээр "тэг" болгох зорилт тавин ажиллаж буй. Тэгвэл тэд өнгөрсөн онд энэ зорилтынхоо төлөө ямар алхам хийв?

🌾 ХАА-г дэмжсэн $90 сая

$KHAN-н хувьд тайлант хугацаанд олон улсын зах зээлээс $530 саяын урт хугацаат эх үүсвэрийг татан төвлөрүүлсэн. Үүний 17% буюу $90 сая нь ХАА-н чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг ААН-үүдийг тусгайлан дэмжих зориулалттай аж. 

  • 📊 Зээлийн чанар: Том зургаараа тус банкны нийт зээлийн багцын 22.1% нь тогтвортой санхүүжилтэд зориулагджээ. Энэ нь ₮5 тутмын ₮1 нь ногоон бизнес, байгальд ээлтэй төсөл эсвэл нийгмийн болон жендэрийн асуудлыг шийдвэрлэхэд зарцуулагдаж байна гэсэн үг юм.

🇲🇳 Нийгмийн хариуцлага: Монголчуудын ⅙ 

Цаашлаад, ХААН Банк сан 2007 оноос хойш нийт 536 төсөлд ₮27.7 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн байна.

  • 👥 Хүртээмж: Эдгээр төслүүдийн үр шимийг 528,000 гаруй хүн хүртсэн гэнэ. Энэ нь Монгол Улсын 6 хүн тутмын 1 нь тус банкны нийгмийн хариуцлагын хөтөлбөрөөс ямар нэг байдлаар дэмжлэг авсныг харуулж буй.

  • ☯️ Тэгш байдал: Мөн байгууллага дотроо ялгаварлан гадуурхалтаас ангид, ижил тэгш байдлыг эрхэмлэх индекс нь 78.6%-д хүрсэн аж. 

Ногоон эрчим хүч

ХААН Банк ногоон шилжилтийг санхүүжилтээр дэмжихээс гадна өөрсдийн салбар нэгжүүдийнхээ эрчим хүчний хэрэглээг ногоон болгож байгаа. Тодруулбал, Сөүл оффис болон бусад 34 салбар нь нарны эрчим хүчээр 217 мВт.ц цахилгаан үйлдвэрлэжээ. Энэ нь хэрэглээний хэв маягаас хамаарч 90-ээс 220 орчим өрхийг бүтэн жил цэвэр эрчим хүчээр хангахтай дүйцэхүйц үзүүлэлт юм. Үүнээс гадна ХААН Банкны ой хөтөлбөрөөр 1 сая мод тарьж, цөлжилтийн эсрэг хувь нэмэр оруулжээ.

Эцэст нь… ХААН Банкны тогтвортой байдлын тайлан байгаль орчин, нийгэм, засаглал, хариуцлагатай банкны үйл ажиллагаа гэсэн хэсгээс бүрдсэнээс хамгийн чухал үзүүлэлтийг танилцууллаа. Тус банкны харилцагч болон хөрөнгө оруулагч нар ЭНД дарж бүрэн эхээр нь танилцвал зохилтой биз ээ.

  •  🤷🏻‍♂️ Хэдий болтол, хэдэн Ерөнхийлөгч хуульгүй ажиллах вэ? (Eagle.mn

  • 🏀 Энэ жилийн NBA-н драфтад Mongolian Mike нэрээ өгсөнгүй. (news.mn)

  • 📸 Artemis II хөлгийн шинээр дарсан 12 мянган зургийг NASA танилцууллаа. (Space)

  • 🇲🇳 Манайд ашиглагддаг Төгсбуянтын тооллыг математик загвараар тайлбарлахуй. (arXiv)

 🐑 $ALI: Тайлангийн дараах огцом өсөлт

ALI: Өчигдөр Стандарт ноос ХК 2025 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулсны дараа компанийн нэгж хувьцааны үнэ 14.8% өсөж ₮449 хүрчээ. Өнгөрсөн онд компанийн тухайд бүтээмж сайтай техник, технологи нэвтрүүлэх бодлогыг баримталсан бөгөөд үүний үр дүнд ₮144.4 саяын борлуулалтын орлоготой, ₮307.1 мянгын цэвэр ашигтай ажилласан байна. Тайланд дурдсанаар, 2025 онд техник, технологийн шинэчлэлд зориулан ₮422.1 саяын сонирхлын зөрчилтэй зээлийг 1 удаа авчээ.

🤖 Кибер аюулгүй байдал ба AI

Ирэх Лхагва гарагт буюу 5 сарын 13-нд ITZone ХХК-ийн жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Security Transformation Forum 2026" болох гэж байна.

  • 🏃‍♀️‍➡️ Энэ жилийн форум “Human + AI | Redefining Cybersecurity” уриан дор кибер аюулгүй байдалд хүний туршлага, шийдвэр гаргалтыг AI-н хурд, автоматжуулалт, анализын чадамжтай хослуулах шинэ хандлагыг танилцуулах төдийгүй кибер хадлагыг хэрхэн илрүүлж, хэрхэн хариу арга хэмжээ авч байгааг бодит орчинд туршиж танилцуулах "Demo stage"-тай гэдгээрээ онцлог.

Мөн Fortinet, Thales Group, Cisco Systems, SailPoint Technologies тэргүүтэй олон улсын технологийн компаниудын төлөөллүүд оролцоно гэсэн шүү. 

 😈 Санхүүгийн хар дарсан зүүд

Энэ долоо хоногийн хамгийн сенсацтай мэдээний нэг бол Anthropic-н танилцуулсан 10 шинэ AI агент болоод байна. Товчхондоо энэ агентууд нь компаниудад инээдэм, санхүүчдэд ханиадам болох нь гарцаагүй ажээ.

🦸🏻‍♂️ Есөн шид нь бүрдлээ

Өнгөрсөн Мягмар гарагт Нью-Йорк хотод болсон нэгэн арга хэмжээний үеэр AI-н зах зээлийн тэргүүлэгчдийн нэг Anthropic санхүүгийн салбарт зориулсан 10 шинэ AI агентаа олон нийтэд танилцуулжээ. Тус агентууд нь pitch бэлтгэх, компанийн үнэлгээ хийх, санхүүгийн тайланд анализ хийх зэрэг санхүүгийн гол ажлуудыг гүйцэтгэнэ гэдгээрээ давуу талтай бөгөөд өгөгдлийн хувьд Moody's агентлагийн 600 сая гаруй компанийн мэдээлэлд суурилсан аж.

  • 🧮 Сонирхолтой тоо: Anthropic-н ТОП-50 харилцагч байгууллагын 40% нь санхүүгийн байгууллагууд эзэлж байна. Цаашлаад, тэдний орлогын гол эх үүсвэрийн удаах байранд санхүүгийн байгууллагуудаас олсон орлого нь ордог гэнэ.

🫶🏻 Томчуудын шохоорхол

Санхүүгийн салбарын томчууд болох Goldman Sachs (GS), JPMorgan (JPM), Citi (C), AIG (AIG), Visa (V) зэрэг байгууллагууд аль хэдийн өдөр тутмын үйл ажиллагаандаа Claude-г нэвтрүүлээд байна. Өмнө нь дурдсан арга хэмжээний үеэр эдгээр томчуудын захирлууд AI-г хэрхэн ашиглаж буй талаараа анх удаа хүмүүст мэдэгджээ.   

  • 💵 $1.5 тэрбум: Түүнчлэн Anthropic нь Blackstone (BLK), $GS, Hellman & Friedman нарт тулгуурлан $1.5 тэрбумын хөрөнгөтэй зөвлөх компани байгуулахаар болжээ. Одоогоор нэрээ нууцалсан тус компани нь бизнесүүдэд Claude-г нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм. 

Эцэст нь… Anthropic-с гадна зах зээлийн томоохон тоглогчдын нэг OpenAI ч тэдний замаар хөрөнгө оруулалтын сангуудтай уулзаж, адил зөвлөх үйлчилгээг үзүүлэхээр хөөцөлдөж эхэлжээ. Энэ бүгдээс харахад AI бага багаар салбар бүрийн ажлын байрыг булаасаар байна. Ер нь дараагийн сенсац тарих салбар юу байх бол? 🤔

18,249 ихэр хүүхэд
2025 оны байдлаар Монгол Улсад 18,249 ихэр хүүхэд байгаагийн 98.3% буюу 17,934-ийг 2 ихэр хүүхэд эзэлж байна.
1.6 сая ихэр
Дэлхий даяар жил бүр ойролцоогоор 1.6 сая 2 ихэр хүүхэд мэндэлдэг бөгөөд энэ нь дэлхийн хэмжээнд төрж буй 42 хүүхэд тутмын 1-тэй тэнцэх дүн юм.
42%
Судалгаагаар, 1980-1985 оноос 2010-2015 он хүртэлх 40 жилд дэлхийн нийт төрөлт 8% өсөхөд ихэр төрөлт 42% өссөн нь судлаачдын анхаарлыг ихээр татжээ. 

🦄 Playtime айсуй. Бэлэн үү? 

Playtime болоход сар гаран үлдлээ. Хоног тоолон хүлээгээд л байна уу? 

💎 Жил жилээр шат ахисаар

Ирэх 7 сарын 2-4-ны хооронд зохиогдох Playtime Festival-н хувьд Азийн ТОП фестивалиудын эгнээнд багтах амбицтайгаар жил бүр фестивалийн цар хүрээ, артистууд, дуу, дүрслэлийн чанараа шат ахиулан зохиогдох болсон. Энэ жилийн хувьд Нидерланд, Японы мэргэжлийн багуудтай хамтран зохион байгуулалтыг шинэчилж, тайзны дизайн, ерөнхий визуал концепц, тайз хоорондын дууны давхцалыг багасгах шийдлүүдийг нэвтрүүлсэн байгаа. 

  • 👉 Мөн наадмын өдрүүдэд фестивалийн талбайд байрших сонирхолтой хүмүүстээ зориулан “Glamping” майхан, Монгол гэр болон Camper Van санал болгож буйгаараа шинэлэг. Цаашлаад, тасалбарын хувьд сонголттой болж, анх удаа 2 аль эсвэл 3 хоногоор авах боломжтой болсон. 

За тэгээд тасалбараа аваагүй бол эртхэн аваад, биеэ бас хувцсаа бэлдэж эхлэхгүй бол мөдхөн л тулчихна шүү. 

Эрчим хүчний яам 

🍋 Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 80 МВт хүртэлх чадлыг нийлүүлэх Зэс оюу станцыг 8-р сараас өмнө ашиглалтад оруулна. Энэ нь ирэх өвлийн оргил ачааллыг аргалах төлөвлөгөөний нэг хэсэг бөгөөд үүнээс гадна Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд баригдаж буй 70 МВт ДЦС-ыг энэ оны III улиралд ашиглалтад оруулах, батарей хуримтлуурын төслийг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийгдэнэ гэнэ дээ. 

🍋 Өнгөрсөн онд хийгдсэн сэжигтэй гүйлгээний тоо жилийн өмнөхөөсөө 84% өсөж 5,204-т хүрчээ. Үүний 53.3%-д дүн шинжилгээ хийж, нийт 2,657 сэжигтэй гүйлгээг хууль сахиулах байгууллагууд руу шилжүүлсэн гэнэ. Улмаар хууль сахиулах байгууллагад шилжүүлсэн гүйлгээний тоо 2022-2024 оны дундажтай харьцуулахад 4.6 дахин өсжээ.

🍋 Узбекистан Улс төрийн хөрөнгө оруулалтын сангийнхаа ~30%-ийг IPO-р санал болгож, олон улсын хөрөнгө оруулагчдад зах зээлээ нээлээ. Тодруулбал, Лондон, Ташкентын бирж дээр ~$1.95 тэрбум үнэлгээтэй IPO хийгдэх бөгөөд хөрөнгө оруулагч татахын тулд хувьцааг сангийн цэвэр хөрөнгийн үнэлгээнээс (NAV) ~20% хямд санал болгож байгаа аж.

🍋 Монгол Улсын 2027 оны хөгжлийн төлөвлөгөөнд ТТБЗ-өөс өгсөн дүгнэлтээр санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, эдийн засгийн тооцоо дутуу байна. 5 төсөл санхүүжилтгүй, олонх нь бүтэц тодорхойгүй, хэт өөдрөг төсөөлөлтэй тул хэрэгжилтийн эрсдэл өндөр байгаа аж. Мөн мега төслүүдийн өртөг, үр өгөөж тодорхойгүй, ахиц сул байна гэжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.