• Lemon Press
  • Posts
  • У🕯️баатарын эргэн тойронд

У🕯️баатарын эргэн тойронд

$KHAN-н ашиг нэмэгдсээр | Америкчууд намд бус өөртөө итгэдэг | $1 тэрбумын хувьцааэы урамшуулал

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Ерөнхий сайд Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр сурагч бүрийн онцлогт нийцүүлсэн AI туслах багш нарыг хөгжүүлж байгаагаа зарлаж, AI-д суурилсан боловсролын систем рүү шилжиж байгаа хэмээсэн байна. Бодоод байсан ирээдүйд AI асрагчтай, AI багштай бараг л AI-р өсөж, өндийх бүхэл бүтэн үе гарч ирнэ гээд бод доо. 🤔😮

*Нэг өдрийн өөрчлөлт.

MED: Тусгай стратегийн түншлэлийн хүрээнд Японтой эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ.  

U.S.: Доналд Трамп иргэдэд зориулсан орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд Wall Street-н томоохон хөрөнгө оруулагчдыг хаус худалдан авахыг хориглох захирамжид гарын үсэг зурав

MSE: Ард Кредит ББСБ ХК (ADB)-ийн өнгөрсөн оны засаглалын кодекс хэрэгжилт 98.6%-тай үнэлэгдлээ

У🕯️баатарын эргэн тойронд

Гадаа хүйтэн, гэрт харанхуй, зэврүүн өдрүүд үргэлжилсээр. Сүүлийн 2 өдөр хэдэн айл лаатай хонов доо. Эрчим хүчний асуудал хурцдаж, олон ч мэдээлэл гарлаа. Тоймлож базъя. 

😵‍💫 Ээлжилсэн тасралтын цаана

7 сарын өмнө ДЦС III-т осол гарсан бол одоо 43 жил шинэчлэл хийгээгүй ДЦС IV-т гэмтэл гараад буй. Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд 69 зуух залгаатай ажиллаж байгаагийн 4 нь гэмтсэн гэнэ. Уг нь $90 саяар 1.6 жилийн хугацаанд шинэ зуух ашиглалтад оруулах ТЭЗҮ гаргаж. Гэвч одоог болтол ашиглалтын хугацаа нь дууссан хэдийгээ зүтгүүлсээр.

  • 🤢 Талхны мөнгөгүй ч татаасны мөнгөтэй: Станцуудаа засварлах мөнгөгүй хэр нь дарга нарын хумслах мөнгө дундрахгүй юм. Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Н.Тавинбэх ₮7 тэрбумаар хэмжигдэх авлигын асуудалд холбогдчихоод байдаг. Гэвч одоогийн сайд нь Н.Тавинбэхэд тун чиг итгэдэг бололтой.  

🌗 20 жилийн үйл явдал 

ДЦС IV-н гэмтэл анх удаагийнх биш. Өмнө нь  2006, 2015, 2018 онуудад ч бас энэ станц тэг зогсолт хийж байв. Яаралтай шинэчлэл хийхгүй бол өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэгцээ л гэхэд 2024 онд 2015 оныхоос 47% нэмэгдсэн. Энэ жилийн эрчим хүчний хэрэглээний өвлийн оргил ачаалал өнгөрсөн Даваа гарагт дээд цэгт буюу 1,803МВт хүрэв.   

  • ⛳️ Аврал эрсэн алдагдал: Энэ бүхний үр дүнд ЦЭХ-ний үйлдвэрлэлийн 77%-ийг хангадаг III болон IV ДЦС-уудын алдагдал тартагтаа тулсан. ДЦС IV өнгөрсөн оны эхний хагас жилийн байдлаар л гэхэд ₮10.8 тэрбумын алдагдал хүлээж. Үйл ажиллагаа нь ч санхүү нь ч бүрэн доголдов.

🫣 Арга ядсан амлалтууд

Энэ бүх нөхцөл байдлын дараа салбарын сайд Б.Чойжилсүрэн 10 аймгийн дулааны станцын тендерийг дахин зарлаж, хавраас үргэлжлүүлнэ, 2027 оноос эрчим хүч хүндрэлд орохгүй гэж ам гарав. Гэхдээ анхны ам биш тул найдвар төрүүлэхгүй л байна. Шадар сайд Т.Доржханд өнгөрсөн онд манай улс эрчим хүчийг 100% өөрсдөө үйлдвэрлэж, цаашлаад хөрш хоёр орондоо экспортолдог болно гэж байсан сан. Одоо тэрбээр өөрийн дэргэд "Эрчим хүчний экспортыг дэмжих" хэлтэс байгуулжээ. 

Эцэст нь та бүгдээс нэг зүйл асууя. Энэ улсын асуудал хэзээ цэгцрэх бол, авлига нь хэзээ зогсох бол, цэвэр агаараар амьсгалах, дулаан гэрэлтэй орчинд амьдрах, амар тайван аж төрөх энгийн хэрэгцээ хэзээ хангагдах вэ? Хамгийн чухал нь саруул ухаант Монгол хүн та Монгол Улсынхаа ирээдүйг гэрэлтэнэ гэдэгт итгэж байна уу? 

  • 🛏️ Стресст өртсөн залуучууд ч бас амрах хэрэгтэй шүү дээ. (RelevantMagazine)

  • 📃 СЗХ-ны 2026 оны статистик, тайлангийн хуваарь. (СЗХ)

  • 🏴 Хар тамхины хэрэглээ Монголын нийгмийн бүх давхаргад нэвчжээ… (Ikon)

  • 🧿 Уул уурхайн орлогын зөв менежментийн ач холбогдол. (ThinkMongol)

🤑 $KHAN-н ашиг нэмэгдсээр

KHAN: ХААН Банк ХК өнгөрсөн онд ₮695 тэрбумын цэвэр ашигтай ажиллав. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8.8% өссөн дүн юм. Түүнчлэн нийт хөрөнгийн хэмжээ нь 8% нэмэгдэж ₮21.9 их наяд болсон байна. Нийт зээлийн багц 21.3% өссөн нь хөрөнгийн өсөлтөд нөлөөлсөн байна. Улмаар тус банкны нэгж хувьцаанд ногдох ашиг ₮363 болжээ. Харин өчигдрийн арилжаагаар $KHAN-н үнэ ₮8-өөр буурчээ. 

🤔 Америкчууд намд бус өөртөө итгэдэг!?

Аль ч намыг дэмждэггүй насанд хүрсэн америкчуудын хувь түүхэн дээд түвшинд хүрчээ

  • ✏️ Gallup 1988 оноос хойш америкчуудын улс төрийн үзэл бодол, намын харьяаллын судалгааг гаргаж ирсэн бөгөөд энэ удаагийн судалгаанд нь 13,000 гаруй хүн оролцжээ. 

🙅 Нам бус

Өнгөрсөн оны байдлаар америкчуудын 45% нь өөрийгөө аль нэг намд харьяалалгүй, улс төрийн бие даасан үзэл баримтлалтай гэж тодорхойлсон бол Ардчилсан намыг дэмжигчид 27%, Бүгд найрамдахчууд мөн 27%-ийг эзэлж байна. Улс төрийн бие даасан үзэлтэй хүмүүс дундаа Z үеийнхэн хамгийн өндөр буюу 56%, миллениал үеийнхний 54%-тай байна. Уг үзүүлэлт нь баруун, зүүнд хуваагдсан, ганц намын харьяаллаар бие биеэ ялгаварлан гадуурхах чинээнд тулдаг америкчуудын хувьд маш том өөрчлөлт гэж харж болно.  

  • ☝️ Ер нь л Gallup-н 1988 оноос хойш хийсэн судалгаануудад улс төрийн бие даасан үзэл баримтлалтай хүмүүс аль нэг намыг дэмжигчдээс өндөр байсан ч сүүлийн 15 жилд тэдний эзлэх хувь 40%-иас дээш тогтмол хадгалагдаж явсаар 2025 онд түүхэн дээд түвшинд хүрээд буй. 

  • 🪧 Хэдий аль ч намыг дэмждэггүй хүмүүс нэмэгдэж байгаа ч аль нэг намд санал өгөх дээрээ тулбал Бүгд найрамдах намаас илүүтэй Ардчилсан намыг сонгох хандлага давамгайлж байгаа юм. 

👈👉 Улс төрийн үзэл баримтлал

Цаашлаад, тус онд америкчуудын улс төрийн үзэл баримтлалын зөрүү хамгийн бага түвшинд хүрээд буй. Тодруулбал, судалгаанд хамрагдагсдын 35% нь өөрийгөө консерватив, 28% нь либерал, 33% нь дундыг барьсан үзэл баримтлалтай хэмээсэн байгаа юм. Судалгаа эхэлсэн буюу 1988 оноос хойш америкчуудын дунд консерватив болон дундыг барьсан үзэл баримтлал давамгайлж ирсэн ч тэднийг бага багаар буурч байх зуур нөгөө талд асар зөрүүтэй байсан либерал үзэлтнүүд нэмэгдсээр зөрүү нь асар бага болоод буй. 

Эцэст нь… Америкчуудын дунд улаан, цэнхэр буюу улс төрийн туйлшрал маш гүнзгий байдаг. Гэтэл нөгөө талд залуу үеийнхэн намд бус асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаад нь тулгуурлаж сонголтоо хийх сонирхолтой байгаад байдаг. Үүний сацуу Америк гэлтгүй дэлхийн даяар улстөрчдөд итгэх итгэл түүхэн доод түвшинд хүрээд байгаа. Тэгэхээр итгэж ч чадахгүй байж яаж дэмжих билээ дээ.

Гэснээс манай уншигчид аль намыг дэмждэг вэ?

Бяцхан судалгаа авчихъя.

Login or Subscribe to participate in polls.

50% 
НҮБ-ын тайланд дурдсанаар, 1990 оноос хойш дэлхийн томоохон цэнгэг устай нууруудын 50%-иас илүү нь устаж үгүй болжээ. 
25%
Дээрх нууруудын цэнгэг ус дэлхийн нийт хүн амын 25% буюу ойролцоогоор 3 тэрбум хүний цэвэр усны хэрэглээтэй дүйх аж.
3 тэрбум
Мөн дэлхий даяар 3 тэрбум хүн нийт цэвэр усны нөөц багасаж буй эсвэл тогтворгүй бүсэд амьдардаг бөгөөд эдгээр бүсэд дэлхийн хүнсний 50%-иас илүү нь үйлдвэрлэгддэг гэнэ.

🍋 Bank of America (BAC) гүйцэтгэх удирдлагаас бусад бүх ажилтнуудаа нийт $1 тэрбумын хувьцаагаар урамшуулна. Банк ажилтнуудыг хувьцаагаар урамшуулах “Sharing Success” хөтөлбөрийг ийнхүү 9 дэх жилдээ хэрэгжүүлж буй бөгөөд энэ жилийн урамшууллыг тооцоод нийт $6.8 тэрбумаар ажилтнуудаа урамшуулаад буй. Тэгвэл энэ жилийн урамшууллаар тус банкны 213 мянга гаруй ажилтан нийт 19 сая ширхэг хувьцаатай болох нь.

🍋 ЗГХХГ төрийн хяналт шалгалтын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг ААН-үүдэд танилцуулав. Үүнд худалдаа үйлчилгээ, эрүүл мэнд, хүнс, хүнд болон хөнгөн үйлдвэр, мэдээлэл технологийн салбарын ААН-үүд оролцжээ. Улмаар Зөвшөөрлийн тухай хууль, Зөрчлийн тухай хууль болон бусад холбогдох дүрэм журмуудын уялдаа холбоог хангах, хуулийн төслийг бодит нөхцөлд нийцүүлэх шаардлагатайг онцолсон байна. 

🍋 K-Beauty дэлхий даяар тахснаар Өмнөд Солонгосын эмчилгээний аялал жуулчлалыг дерматологийн салбар тодорхойлох болжээ. Өнгөрсөн онд л гэхэд Өмнөд Солонгосын эмчилгээний аялал жуулчлалын салбар 2024 оноос 65.3% их буюу ₩2.08 их наядын орлого олсон бөгөөд үүний 57.4%-ийг дерматологийн салбар бүрдүүлсэн байна. Эсрэгээрээ гоо сайхны мэс засалд орохоор ирж буй жуулчдын тоо багасаад буй.

🍋 Чингис хаан Үндэсний музей Олон улсын Өвийн хүрээлэнтэй хамтран ажиллана. Хамтын ажиллагаагаар музейн үзмэр цуглуулгыг дижитал хэлбэрт оруулж олон улсын соёлын платформуудад нэгтгэх, эрдэмтэн, куратор, мэргэжилтнүүдийн хооронд хамтарсан судалгааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх тэргүүтэй өргөн хүрээний ажлыг хэрэгжүүлэх аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.