• Lemon Press
  • Posts
  • 🧿 Зөгнөл биеллээ олох уу?

🧿 Зөгнөл биеллээ олох уу?

OT-н III улирал | $XOC: Нэгж эрхээ эргүүлэн авна | Валютын нөөц $5.9 тэрбум

POWERED BY

Лхагва гаргийн мэнд! Хэдхэн жилийн дараа Instagram Reels телевизийн зар сурталчилгааны орлогыг давна гэвэл та итгэх үү? Одоогийн байдлаар Instagram-н Reels жилд $50 тэрбумыг олж байгаа бол Америкийн телевизийн зар сурталчилгааны салбар нийтдээ $65 тэрбумын хэмжээтэй аж. Манай лимонууд Instagram-н Reels хэзээ телевизийн зар сурталчилгааны салбарыг гүйцээд ирнэ гэж бодож байна? 🤔

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Өнгөрсөн 10-р сарын байдлаар гадаад валютын нөөц өмнөх оны мөн үеэс 25.7% өсөж $5.9 тэрбумд хүрэв.

MSE: Өчигдрийн арилжаагаар ТОП-20 индекс 4 сарын дараа анх удаа 50 мянган нэгжийг давлаа.

GOV: Энэ жилийн ургац хураалт 10 сарын 27-ны байдлаар 762.5 мянган тн-д хүрснээр улаан буудайн 62.5%, төмсний 78.5%, хүнсний ногооны 72.6%-ийг дотоодын ургацаар хангахаар болжээ

COP: Ирэх оны 8-р сард болох COP17 хурлын бэлтгэл ажлын хүрээнд ₮200 тэрбумын өртөг бүхий 18 түр байгууламж барина.

⛏️ Оюу толгой: Олборлолт өссөөр

BOOM! Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл 5 жилийн өмнөхөөс 2.5 дахин нугарлаа. Тайлангийн гүн рүү шумбая. 

📈 Сүүлийн 2 жилийн нөлөө

2023 оны 3-р сард Оюу толгойн гүний уурхай ашиглалтад орсноос хойш улирал бүр л шинэ рекорд тогтож буй. Тэд энэ оны зөвхөн III улиралд л гэхэд 89.3 мянган тн буюу жилийн өмнөхөөсөө 78.5%-иар илүү зэс үйлдвэрлэсэн байна. 

  • 💥 9 сарын гүйцэтгэл 1 жилийнхээс давав: Улмаар тэдний энэ оны эхний 9 сард үйлдвэрлэсэн нийт зэсийн хэмжээ 241 мянган тн-д хүрсэн нь 2024 оны нийт дүнгээс давсан дүн болоод байна. Тэгэхээр оны сүүлд илүү том тоо гарах биз ээ. 

  • 📌 Алт цойлов: Мөн Оюу толгойн III улиралд үйлдвэрлэсэн алтны хэмжээ жилийн өмнөхөөсөө 2.7 дахин нэмэгдэж 138.2 мянган унцад хүрчээ. 

  • 🔍 Нөлөө нь юу байх вэ? Оюу толгойн зэс болон алтны үйлдвэрлэл нэмэгдэж байгаа нь эдийн засагт маш том нөлөөтэй. Учир нь нүүрсний үнэ буурч экспортын орлого багасаж, гадаад худалдааны ашиг буурч байгаа. Үүний эсрэг зэс, алт зэрэг өндөр үнэтэй түүхий эдийн экспортын өсөлт энэ бууралтыг нөхөж, эдийн засгийн орлогыг тогтвортой байлгах гол эх үүсвэр болж байгаа юм.

🫸 ₮40 тэрбумын гэнэтийн зогсолтоос сэргийлэв

Цаашлаад Оюу толгойн III улирлын онцлох үйл явдал руу өнгийе. Тэдний хувьд 2023 оноос хиймэл оюунд суурилсан, тоног төхөөрөмжийн төлөвийг хянаж, эвдрэлээс урьдчилсан сэргийлэх Smart Plant системийг хөгжүүлж эхэлсэн. Уг системийн хөгжүүлэлтийг сүүлийн 2 жилд эрчимжүүлсний үр дүнд энэ оноос үйлдвэрлэлд бүрэн нэвтрүүлснээр $12 сая буюу ₮40 тэрбумаар хэмжигдэх зогсолтоос сэргийлсэн байна. Түүнчлэн, 

  • 💰 ₮13.7 их наядын татвар: Оюу толгой тайлант улиралд ₮587 тэрбумын татвар хураамж, бусад төлбөрийг төлснөөр 2010 оноос хойш нийт ₮13.7 их наядыг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. Үүнээс гадна III улиралд нийт худалдан авалтынхаа 90%-ийг дотоодын 553 ханган нийлүүлэгчээс хийсэн аж. 

  • 0️⃣ Тэглэнэ: 2050 он гэхэд хүлэмжийн хийн цэвэр ялгарлыг тэглэх зорилгынхоо хүрээнд 91 тн-ы даацтай 8 өөрөө буулгагч машин, 800 кВт.цаг хүчин чадал бүхий 13 батарей, автоматажсан батарей солих, цэнэглэх станц энэ төслийн хүрээнд ашиглаж буй. 

Эцэст нь… Эдийн засгийн үзүүлэлт, цаг үеийн нөхцөл байдал, улс төр хэцүү байгаа энэ үед амжилттай, урагштай яваа төслийн тайланг тоймлож сэтгэлээ дэвтээлээ. Гэснээс Оюу толгой оргил үедээ өдөрт 17,000 орчим цахилгаан автомашин үйлдвэрлэхэд хүрэлцэхүйц хэмжээний зэс нийлүүлнэ. Тэр цагийг л хүлээж сууя даа. 

  • 💭 Ертөнцийг үзэх үзэлд тань ямар ном хамгийн ихээр нөлөөлсөн бэ? (TomMorgan)

  • 📱 Alpha үеийнхнийг шууруулж буй цоо шинэ сошиал апп. (TechCrunch)

  • 🌦️ Цаг агаарын мэдээг 3 цагийн нарийвчлалтай харах боломжтой болжээ. (ЦУОШГ)

  • 🥤 Энэ шинэ жилийн Коланы сурталчилгаа хэрэглэгчдийг гонсойлгов уу?  (TheVerge)

🔙 $XOC: Нэгж эрхээ эргүүлэн авна

XOC: Үндэсний Хувьчлалын Сан хамтын ХОС нь өөрийн нэгж эрхийг зах зээлээс эргүүлэн худалдан авахаар болжээ. Ингэхдээ 12 сарын 31-н хүртэлх хугацаанд нэгж эрхийн зах зээлийн үнэ тухайн үеийн цэвэр хөрөнгийн үнэлгээ (NAV)-нээс 15 ба түүнээс дээш хувиар бага үнэлэгдэж байгаа тохиолдолд эргүүлэн худалдан авах аж. Мөн нийт гаргасан нэгж эрхийн 5% буюу 2.5 сая ширхэг хүртэлхийг эргүүлэн авахаар шийдвэрлэв. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар $XOC-н нэгж эрхийн үнэ 1.3% өсөж ₮88.6-т хүрч хаагдаад байна.

🔮 Зөгнөл биеллээ олох уу?

The Big Short нэрээрээ танигдсан алдарт Майкл Бурригийн эзэмшдэг Scion Asset Management хедж сангийн III улирлын тайлан олны анхаарлыг татлаа. Энэ нь зах зээлд эрчийг аваад буй томчуудын уналт удахгүй ирэхийг зөгнөсөн дохио байв.    

😰 Хар дарсан зүүд

Энэ оны III улирлын 13F тайландаа Scion Asset Management хөрөнгө оруулалтын багцдаа томоохон өөрчлөлт оруулсан ба AI-н тэргүүлэгч Nvidia (NVDA), Palantir (PLTR) нарын эсрэг “Short” арилжаа нээсэн буюу компаниудын нэгж хувьцааны үнэ унана гэсэн бооцоо тавьсан нь ил болжээ. Задлаад харвал, $PLTR-н 5 сая ширхэг хувьцаанд $912 сая, $NVDA-н 1 сая ширхэг хувьцаанд $186 саяыг тус тус байршуулсан аж.

  • 🧭 Бусад хөдөлгөөн: Бурригийн хедж сан уламжлалт эрчим хүчний Halliburton (HAL), эрүүл мэндийн Pfizer (PFE) болон Molina Healthcare (MOH) компаниудын хувьцаанд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн аж. 

  •  Түүх давтагдах уу? Тэртээ 2008 оны Санхүүгийн хямралыг таамаглаж чадсан Майкл Бурригийн энэхүү үйлдэл нь зах зээлд дахин шинэ хямрал нүүрлэж болзошгүйг анхааруулсан дохио болоод байна. 

🔎 Нөхцөл байдал

Саяхан $NVDA-н зах зээлийн үнэлгээгээр $5 их наядын босгыг давсан анхны компани болоод амжсан бол $PLTR-н III улирлын тайлан Даваа гарагт танилцуулагдаад байна. Тэдний хувьд нийт орлогын хэмжээ 2024 оны мөн үеэс 63% өсөж $1.2 тэрбумд хүрсэн нь түүхэн дээд амжилт болсон аж. Үүнтэй холбоотой нэгж хувьцааны үнэ 3.5% нэмэгдэж $207.2-т хүрчээ. Сонирхуулахад, сүүлийн нэг жилд $NVDA-н нэгж хувьцааны үнэ 52.8%, $PLTR-н нэгж хувьцааны үнэ 394.2% тус тус өсөөд байна. 

Эцэст нь… AI-с улбаалсан зах зээлийн хөөсрөл үүссэн эсэх тун сонирхолтой. Жишээлбэл, $NVDA-н нэгж хувьцааны үнэ 4% өсөх үед зах зээлийн хэмжээ ойролцоогоор $200 тэрбумаар нэмэгдэж байна. Энэ нь McDonald’s (MCD)-н нийт зах зээлийн үнэлгээтэй тэнцэх дүн аж. За тэгээд Майкл Бурригийн зөгнөл биеллээ олох эсэхийг харах л үлдэж байна даа. 🤷🏻‍♂️

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ

Энэ сарын 1-нээс иргэд замын хөдөлгөөний зөрчлийг баримттай мэдээлж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн 3 хоногт 12.8 мянга гаруй зөрчлийн мэдээлэл ирсэн байна. Замын хөдөлгөөний зөрчлийг бууруулах энэ арга хэр үр дүнтэй байх бол? Энэ тал дээр таны байр суурь?

Login or Subscribe to participate in polls.

💧 Ус ба нойр

Ус нь биеийн олон үйл ажиллагаанд чухал үүрэгтэй төдийгүй нойрны чанарт шууд нөлөөлдөг. Өөрөөр бол усны дутагдал нойрны чанарт сөргөөр нөлөөлдөг бол нойр дутуу явах нь шингэний алдагдалд нөлөөлдөг байх нь.

🧪 Туршилт

Хоногт 6 цагаас бага унтдаг хүмүүсийн шингэн алдагдал 8 цаг унтдаг хүмүүсийнхээс 16%–59% өндөр байдаг аж. 20,000 хүний шээсний дээжээс “vasopressin” хэмээх биеийн шингэнийг зохицуулдаг дааврын түвшинг хэмжихэд, 6 цагаас баг унтдаг хүмүүсийн биед тус даавар хангалттай ялгардаггүйг тогтоожээ. 

  • 🗝️ Учир нь шөнө тархи “vasopressin” дааврыг ялгаруулж, биеийг ус хадгалахад тусалдаг. Нойр дутуу байх нь уг дааврын ялгаралтыг багасгаж, усны дутагдалд орох, ядрах, толгой өвдөх, анхаарал төвлөрөл буурахад нөлөөлдөг аж.   

  • 😴 Нойрны мөчлөг: Хүний бие шингэнийхээ ердөө 1.5%-ийг алдахад л тархин дахь хариу урвал, сэтгэл санаа, анхаарал төвлөрөлд нөлөөлж байдаг. 

INC

🍋 Starbucks (SBUX) Хятад дахь бизнесээ удирдах хамтарсан компани байгуулж Boyu Capital-д 60% хүртэлх эзэмшлийг худалдана. Ийнхүү удаан хугацаанд хайсан “нутгийн түнш”-ээ олсноор Starbucks Хятад дахь нийт салбарын тоогоо 2.4 дахин нэмэгдүүлж 20 мянга болгох зорилтоо хэрэгжүүлж эхлэх нь. Компанийн Хятад дахь бизнесийн үнэлгээ $13 тэрбум бөгөөд Boyu Capital эзэмшлээ $4 тэрбумын бэлэн мөнгөөр худалдан авахаар болжээ.   

🍋 Очирдагинас ХХК-ийн экспортын үйлдвэрийн цогцолбор албан ёсоор ашиглалтад оржээ. Компани 2018 онд хиам, махан бүтээгдэхүүний үйлдвэр, 2023 онд нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрээ ашиглалтад оруулсан бол ийнхүү анхан шатны мах боловсруулах үйлдвэрээ байгуулснаар нийт 9,145 м² талбайд үйлдвэрлэл эрхлэх болов. Шинэ үйлдвэр нь өдөрт 20 тн гулууз мах боловсруулж экспортод гаргах хүчин чадалтай аж.

🍋 OpenAI Amazon (AMZN)-той $38 тэрбумын үүлэн үйлчилгээний гэрээ үзэглэлээ. Улмаар OpenAI ирэх 7 жилийн хугацаанд Amazon-н дата төвүүдэд байрших Nvidia (NVDA)-н хэдэн зуун мянган чипийг ашиглах боломжтой болох юм. OpenAI цаашид нийт $1.2 их наядыг үүлэн үйлчилгээнд зарцуулахаар төлөвлөж буй бөгөөд одоогоор Amazon-с гадна Alphabet (GOOG), Oracle (ORCL), Microsoft (MSFT)-той ойролцоогоор $600 тэрбумын гэрээ үзэглээд буй. 

🍋 “E-Business” платформыг ашиглан 1,000 гаруй бизнес эрхлэгч шинээр ААН байгуулав. Тус платформ нь анх 2023 онд хэрэглээнд нэвтэрсэн бөгөөд өнөөдрийг хүртэл давхардаагүй тоогоор нийт 40 мянган орчим хэрэглэгч ашиглажээ. Цаашид “E-Business”-д Монголын хөдөлмөрийн зах зээлийн 40% гаруйг бүрдүүлж буй албан бус хөдөлмөр эрхлэгчдийг хамруулах зорилготой байгаа аж. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.