- Lemon Press
- Posts
- 🧠 Оюун санааны хөрш
🧠 Оюун санааны хөрш
10,000 цагтай HBO Max | $XAC-н ашиг ₮124.9 тэрбум | Хятадын худалдааны өсөлт
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Сүүлийн үед цахим орчинд Хятадын экспортын татвар 40%, 100% гэхчлэн нэмэгдсэн гэх мэдээлэл тархаад буй. Тус мэдээллийг няцааж, Эдийн засаг хөгжлийн яамнаас ямар ч хувь хэмжээгээр нэмэгдээгүй хэмээлээ. 🍋


*Нэг өдрийн өөрчлөлт.
FRC: Санхүүгийн хууль бус үйлчилгээ нэмэгдэж буйтай холбоотойгоор СЗХ 21 аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга болон бүртгэлийн мэргэжилтнүүдэд улсын байцаагчийн эрх олгохоор шийдвэрлэлээ.
XAC: ХасБанк ХК-ийн ашиг III улиралд өсөн нэмэгдэх дүнгээр өмнөх жилийн мөн үеэс 2.9% буурч ₮124.9 тэрбумд хүрэв.
CN: Энэ оны эхний 9 сарын байдлаар Хятадын нийт гадаад худалдааны эргэлт өнгөрсөн оны мөн үеэс 4% өсөж $4.7 их наядад хүрлээ. Харин Америктай хийсэн худалдаа нь 15.6% буурч, $425.8 тэрбум болжээ.

🇲🇳 Дэлхийн платформын цуваа

Дэлхий даяар 122.3 сая хэрэглэгчтэй, видео стримингийн акулуудын нэг HBO Max 10 сарын 15-н буюу нөгөөдрөөс эхлэн Монголд нэвтрэхээр болжээ. Ер нь өнгөрсөн хугацаанд энтертайнмент салбарт гадаадын ямар платформууд орж ирсэн бол?
✌🏻 HBO Max: Юу байна?
Warner Bros. Discovery (WBD)-н дор үйл ажиллагаа явуулдаг 500 гаруй телевизийн цуврал, 2 мянга гаруй бүрэн хэмжээний киног багтаасан HBO Max нь энэ удаад Зүүн Ази, Номхон далайн бүсийн 14 улс оронд зэрэг нээлтээ хийх ба Монгол тэдний нэг юм. Ингэснээр HBO Max-н The Sopranos, Succession, Sex and the City, Euphoria гэх мэт цувралууд Монголд албан ёсны эрхтэйгээр нэвтэрч байна.
😵💫 10 мянган цаг: HBO Max нь нийт 10 мянган цагийн контенттой. Энэ нь Friends цувралыг 11 удаа бүтнээр үзэх эсвэл 8 цагийн ажлын өдрөөр тооцвол тасралтгүй 5 жил ажиллахтай тэнцэх хугацаа аж.
🕰️ Түүхийн жимээр
2015 онд Apple Music Монголд нэвтэрснээс хойш стриминг платформуудын урсгал тасралтгүй өргөжиж, өдгөө 6 дахь том платформ болох HBO Max дотоодын зах зээлд үүд хаалгаа нээж байна. Эдгээр платформын 4 нь видео буюу энтертайнмент салбарынх, үлдсэн 2 нь хөгжмийн платформ юм.
🏷️ Дундаж үнэ: Монголд үйл ажиллагаа явуулж буй томоохон стриминг платформуудын 1 сарын дундаж үнэ $6.39 буюу ойролцоогоор ₮22.9 мянгаар худалдаалагддаг.
⚔ Дотоодын зах зээл
Сүүлийн жилүүдэд дотоодын стримингийн зах зээл дэх тоглогчид өссөөр, одоогийн байдлаар видео платформ 14-т, хөгжмийн платформ 3-т хүрээд байна. Видео стримингийн платформуудаас томоохон тоглогчид болох LookTV болон Ori-н хувьд Google Play дээрх нийт апп таталтын тоо тус бүр 1 саяыг давжээ.
Эцэст нь… 2026 он гараад НӨАТ-ын нэмэлт өөрчлөлттэй холбоотой Монгол гадаадын стриминг платформуудад татвар ногдуулахаар төлөвлөөд байна. Үүнээс харахад HBO Max яг энэ хууль хэрэгжихийн өмнөхөн Монголд нэвтэрч байгаа нь жоохон буруу цаг үеэ сонгосны дохио юу? 😜

⚠️ Асуудалтай XIAOMI-н EV
1810.HK: Өчигдөр Хонгконгийн бирж дээр Хятадын технологийн томчуудын нэг XIAOMI-W-н нэгж хувьцааны үнэ огцом 5.7% унаж HK$49.1-т хүрчээ. Энэхүү уналт нь өнгөрсөн 4-р сард Хятадын Чэндү хотод гарсан ослын дараа тэдний SU7 EV автомашины хаалга онгойхгүй байсан тухай мэдээлэл гарсантай холбоотой аж. Үүнтэй холбоотойгоор SU7 загварыг хориглох магадлал өндөр байна.

⚠️ Хөрөнгө оруулалт хийхдээ 7 хэмжиж нэг огтлохуйд… (BusinessInsider)
🎤 Монгол уран бүтээлч Казакстанд гялалзаж явна. (JibekJolyTV)
🧓 Дэлхий даяар дундаж наслалт нэмэгдсэн ч, залуусын тоо хорогдсоор. (CNN)
⌚ Маргааш Монгол Улсыг хөгжүүлэх ирэх 5 жилийн төлөвлөгөөтэй танилцах нь. (ЭЗХЯ)

🇮🇳 Монголын оюун санааны хөрш

Энэ 7 хоногт Ерөнхийлөгч Монгол болон Энэтхэг дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан тус улсад айлчилж байгаа билээ.
🤞 Чухал айлчлал: 2015 оны Ерөнхий сайд Нарендра Модигийн Монголд хийсэн айлчлалаар 2 орны харилцаа стратегийн түвшинд хүрч байсан бол энэ удаагийн Монголын талаас хийж буй айлчлал ч түүнээс дутуугүй ач холбогдолтой байх хүлээлт үүсээд байгаа билээ.
🧐 Хүлээлт
Айлчлалын хүрээнд талууд 10 гаруй баримт бичигт гарын үсэг зурж, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалах, дижитал шилжилт зэрэг чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ Энэтхэгийн санхүүжүүлж буй төслүүдийн явцыг дүгнэх юм.
🛢️ Хамгийн том хамтарсан төсөл: Энэтхэг бол манай улсыг гаднын нефтийн хамаарлаас гаргах газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжүүлэгч улс. ЗГ-ын 14 мега төслийн нэгээр нэрлэгдэж, цаасан дээр 2027 онд ашиглалтад орох товтой байгаа үйлдвэр хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй.
🫢 Атгаж чадаагүй боломж: Энэтхэгийн гангийн томоохон компаниуд болох JSW Steel, Sail Монголоос коксжсон нүүрс авахаар эрчимтэй яригдаж байсан ч логистикийн хүндрэлээс болж төлөвлөгөөгөө түр зогсоогоод байгаа.
Хэрэв уг ажил амжилттай хэрэгжвэл 2 орны эдийн засгийн харилцаа шинэ шатанд гарч, $30.3 саяар хэмжигдэж буй худалдааны эргэлт үлэмж нэмэгдэх боломжтой.
🏃♂️ Энэтхэгийн байр суурь өөрчлөгдөж байна…
Ерөнхийлөгчийн айлчлал өргөн хүрээгээрээ Энэтхэгийн геополитикийн чухал өөрчлөлтийн үетэй давхцаж байгаа. Учир нь нэгэн цагт найрсагт тооцогдох Энэтхэг болон Америкийн харилцаанд бодлогын зөрчилдөөн нэмэгдэж, итгэлцэл нь илт сулрах болсон. Цаашид, Энэтхэгийн БРИКС дэх оролцоо нэмэгдэж, Хятад болон Оростой илүү ойр түншлэх ч магадлалтай болоод буй. Маргаангүй бидний анхаарах ёстой асуудал.
Эцэст нь… Энэтхэг ойрын жилүүдэд Ази төвтэй бодлогоо эрчимжүүлэх төлөвтэй байна. Үүний сацуу 2030 он гэхэд газрын ховор элементийн үйлдвэрлэлээ 2 дахин нэмэгдүүлэх зорилт тавьж, Австрали, Аргентин зэрэг оронтой стратегийн түншлэл байгуулаад буй. Энэтхэг Монголын нүүрсийг сонирхож байгаа шиг ГХЭ сонирхож байгаа эсэх нь Ерөнхийлөгчийн айлчлалаас мэдэгдэх биз ээ.

Excel дээр Copilot лицензтэй бол Excel Labs суулгаад AI ашиглах боломжтой болсон шүү. Ингэхдээ:
Home➡️Add-Ins➡️Excel Labs➡️Add гэсэн дарааллаар Excel Lab-г суулгаад,
“Accept and Continue” дарна. Дараа нь Excel Labs➡️Agent Mode➡️Open сонгоод AI ашиглах боломжтой болох нь.
Ингээд текст талбарт зааварчилгаа өгөөд өгөгдлийг анализ хийх, график үүсгэх, тайлан гаргах гэхчлэн үйлдлүүдээ AI-р хийлгэх боломжтой болох юм.

🤝📦 Black Week-р PickPack-тай

Жил бүрийн хамгийн халуухан 7 хоног айсуй! Black Week-р нэг ч захиалгыг алдахгүйгээр, хэрэглэгч бүртээ шуурхай, найдвартай хүргэхэд PickPack-н "Хүргэлтийн үйлчилгээ" тусална. 📢
Онлайн дэлгүүрүүдийн хувьд хамгийн оргил ачаалалтай энэ үед PickPack-г логистикийн түншээрээ сонгосноор,
🅰️ Супер хүргэлтийн баг: Хүссэн байршлаасаа барааны тоо ширхэг, овор хэмжээ харгалзахгүйгээр татан авалтыг хийлгэж, нарийн боловсруулсан маршрутын дагуу шууд хүргүүлэх нь.
🫡 Бүх юм хяналтад: Ингэхдээ хэрэглэгчийн гарт хүрэх хүртэлх бүх үйл явцыг бараа удирдлагын платформ PP Business-р хянах боломжтой юм.
За тэгээд хүргэлтээ PickPack-д даатгаад борлуулалтаа санаа амар хийнэ биз ээ!
📞 Холбогдох: 7777-6090


WSJ
🍋 Kalshi $300 саяын санхүүжилт татсанаар зах зээлийн үнэлгээгээ 2.5 нугалж $5 тэрбумд хүргэлээ. Тус компани нь ийнхүү 3 сарын дотор үсрэнгүй томорсноор дэлхийн таамаглалын зах зээлийн 62.2%-ийг дангаар эзлэх болов. Өнгөрсөн сард л гэхэд Kalshi дээрх арилжааны нийт эргэлт гол өрсөлдөгч болох Polymarket-нхаас 1.6 дахин их буюу $1.3 тэрбумд хүрсэн билээ.
🍋 Монгол Улсын хэмжээнд хураасан үр тариа 9-р сард өнгөрсөн оны мөн үеэс 54.2% буурчээ. Мөн хураасан төмс 36.3%, таримал тэжээл 20.5%, хүнсний ногоо 17.4% тус тус буурсан аж. Тодруулбал, 9-р сарын байдлаар улсын хэмжээнд нийт нутгийн 46%-д гантай болон гандуу буюу сүүлийн 3 сард 35%-иас дээш газар нутагт ган нүүрлэсэн байна.
🍋 Эммануэль Макрон ажлаа өгсөн Себастьен Лекорнюг Францын Ерөнхий сайдаар эргэн томилов. Энэ шийдвэрийг сөрөг хүчний зүгээс мөн л эрс эсэргүүцэж байгаа бөгөөд яаралтай шинэ ЗГ-ыг огцруулах эсвэл Ерөнхийлөгчийг огцрохыг шаардах болов. Ажлаа яаралтай хүлээн авч, ЗГ-аа байгуулсан Лекорнюгийн хувьд 2026 оны төсвийг батлуулах нь нэн тэргүүний ажил.
🍋 3-р сард эхэлсэн "Дүүжин замын тээвэр" төслийн барилга угсралтын ажил 18%-тай байна. Барилга угсралтын ажлыг Францын Poma групп болон “Моннис инженеринг” ХХК ЕХ-ны 15 стандартын дагуу гүйцэтгэж байгаа бөгөөд Дүүжин замын тээврийн материал, тоног төхөөрөмжүүдийг Францаас импортолж буй аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply