😎 Lemon Press IPO хийнэ

Өртэй нийслэл | Тэнгэр Капитал ҮЦК-ийн шинэчлэлт | $TTL: ЦА агшив

POWERED BY

Happy April Fools’ Day! Одоо биш ч ирээдүйд нэг нартай өдөр Lemon Press IPO хийнэ гэдэг мэдээ гарах байх. Тэр болтол та хэд маань товхимлоо сайн уншиж, ажлаа сайн хийгээрэй. Мөн 4 сарын 1 тул хэн нэгэнд хууртахаас илүү, түрүүлээд хуурчихвал амар байх шүү. Тэгээд ажлынхныгаа нэг сайн чадахыг хүсвэл ЭНД-ээс хөгжилтэй санаа аваарай. 🤪

*Нэг өдрийн өөрчлөлт.

UB: 2025 онд Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын цэвэр ашиг өмнөх оноос 76.5% өсөж ₮2.7 тэрбумд хүрчээ.

JPN: Санаэ Такайчигийн ЗГ 2026 оны төсвөө хугацаандаа батлуулж чадаагүйн улмаас парламент нь улсын зардлыг түр санхүүжүүлэх ¥8.6 их наядын нөөц төсвийг батлав

EEAS: Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Европын өдөрлөг” арга хэмжээ ирэх 5 сарын 23-нд Дархан-Уул аймагт болно. 

💫 Тэнгэр Капитал ҮЦК-ийн шинэ цаг

Тэртээ 2007 онд үүсгэн байгуулагдсан Тэнгэр Капитал ҮЦК 19 жилийн дараа шинэ өнгө төрх, менежментийн багтайгаар үйл ажиллагаа үргэлжлүүлэхэд бэлэн болжээ. Тэгвэл яг юу өөрчлөгдсөнийг хамтдаа харъя. 

🆕 Удирдлагын өөрчлөлт

Дотоодын хөрөнгийн зах зээлд хэдийн танил болсон захирлуудын нэг С.Ган-Эрдэнэ Тэнгэр Капитал ҮЦК-ийн ТУЗ-ийн даргаар сонгогдсон. Тэрээр өмнө нь Голомт Капитал ҮЦК-ийг 4 гаруй жил амжилттай удирдсан бөгөөд одоо Тэнгэр Капитал ҮЦК-ийг удирдаж, менежментийн багтаа шинэчлэлт хийгээд байна. Түүнчлэн, Тэнгэр Капитал ҮЦК-ийн шинэ Гүйцэтгэх захирлаар хөрөнгийн зах зээлд 7 жил ажилласан туршлагатай Н.Гомбодорж, тус компанийн дэргэдэх Тэнгэр фанд менежмент ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар Р.Дарханбаяр томилогджээ. 

  • 🎨 Рибрэндинг: Өмнөх логонд ХасБанк (XAC)-ны өнгө аяс давамгайлж, компанийн нэр кирилл бичлэгтэй байсан бол шинэ лого англи нэршил болон serif фонт бүхий минимал хэв маяг руу шилжжээ. Мөн эрхэм зорилго “Үнэ цэнийг эрхэмлэнэ”-ээс “Хөрөнгө оруулалтаар үнэ цэнийг бүтээнэ” болж өөрчлөгдөв.

📊 Төлөв байдал

2025 онд Тэнгэр Капитал ҮЦК-ийн арилжааны дүн өмнөх оноос 13.7 дахин өсөж ₮1 их наядад хүрчээ. Ингэснээр компанийн ашигт ажиллагаа алдагдлаас ашиг руу шилжиж, МХБ (MSE)-д бүртгэлтэй 30 ҮЦК-иас ашгаараа 3-рт буюу нийт ашгийн 27%-ийг бүрдүүлэх болсон аж. Сонирхуулахад, өнгөрсөн онд компани OTC бондын анхдагч зах зээлийн арилжааны 20.8%-ийг бүрдүүлсэн бөгөөд зах зээлээс нийт ₮674.9 тэрбум,  олон улсын зах зээлээс $120 саяыг татан төвлөрүүлжээ. 

  • 👀 2026 оны хүлээлт: Компанийн тухайд энэ онд гадаад харилцааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт болон брокерын цогц платформтой болох, зах зээлд эзлэх байр сууриа нэмэгдүүлэх гэсэн 3 үндсэн том зорилтыг тавиад байна.

Эцэст нь… Хөрөнгийн зах зээлийн хөгжилд ҮЦК-иудын оролцоо ус, агаар мэт чухал. За тэгээд энэ хөгжилд шинэчлэгдсэн Тэнгэр Капитал ҮЦК ямар нөлөө үзүүлэх бол гэдэг тун сонирхолтой. 🤔 

  • 📚 Үндэсний Номын Сангийн шинэ салбар эртэч уншлагын цагтай боллоо. (NationalLibrary)

  • ⛺️ Мега майхан ба ₮90 саяын төсөв. (eagle.mn)

  • 👩🏻‍⚖️ Австралийн Цагаачлалын хуульд нэмэлт өөрчлөлт орлоо. (MongolianEmbassyinAustralia)

  • 🫣 AI эринд бэлэн үү? Хятадын их сургуулиуд урлагийн чиглэлийн хөтөлбөрүүдээ танаж эхлэв. (SixthTone)

🥊 $TTL: Цэвэр ашиг 55.6%-иар агшив

TTL: 2025 онд Тавантолгой ХК ₮183 тэрбумын цэвэр ашигтай ажилласан нь өмнөх оноос 55.6% буурсан дүн ажээ. Үүнд борлуулалтын орлого 37.2% буурч ₮727.4 тэрбумд, хүүний орлого 39.2% багасаж ₮2.5 тэрбумд, бусад орлого 95.8% агшиж ₮0.1 тэрбумд хүрсэн нь жинтэй нөлөө үзүүлжээ. Үүний үр дүнд компанийн нийт өр төлбөрийн дүн 20.6% өсөж ₮330.6 тэрбумд хүрсэн аж. Сонирхуулахад, $TTL-н нэгж хувьцааны үнэ он гарснаас хойш 7.8%, 2025 оны мөн үеэс 16.6% буурч ₮29 мянгаар арилжаалагдаж байна.

🏙️ Өртэй нийслэл

Энэ 7 хоногт нийслэлээс ДЦС-5 барина гээд МХБ (MSE) дээр ₮200 тэрбумын бонд гаргаж санхүүжилт босгосныг дуулсан байх. Ер нь бидний өр шир юу болж байна вэ? 

  • 📌 Тоо тайлах нь: Сангийн яамнаас улирал бүр өрийн статистикийн товхимол гаргадаг. ЗГ өр гэдэгт ЗГ, аймаг, нийслэлээс бусдын өмнө хүлээсэн төлбөрийн үүргийг оруулж тооцдог. Тэгэхээр үүнд нийслэлийн бонд хамаарагдаж байгаа шүү. 

🫨 Нийслэлийн нөлөө

Нийслэл 2 дахь удаагаа дотоодын зах зээл дээр бонд гаргаж байгаа нь энэ. Өмнө нь Бөөрөлжүүтийн 300 МВт-н цахилгаан станцыг барина, хотын авто замыг сайжруулна, бусад дэд бүтцийн төсөлд зарцуулна гээд 12%-14%-ийн хүүтэй, ₮500 тэрбумын бонд гаргасан. Үүний нөлөөгөөр 2024 оны эцэст ЗГ-ын дотоодын өр жилийн өмнөхөөсөө 71.1% нэмэгдэж ₮400 тэрбумын босгыг давж байв. 

  • ‼️ Гадаадаас ч: Нэмээд 2024 онд Австрийн хөрөнгийн бирж дээр 7.75%-ийн купонтой, 2027 оны 8-р сард хугацаа нь дуусах $500 саяын бонд гаргаад амжсан. Оны сүүлээр гарсан тул 2025 оны гадаад өрийн 6%-ийн өсөлтөд нөлөөлсөн хэрэг. Нийслэл ингэж ихээр бонд гаргасан ч жил бүр төсвөө тодотгож, 2024-2025 онд алдагдалтай ажилласан. Ай даа. 

📐🎯 Ерөнхий өр

Одоогийн Z үеийнхнийг балчир байхад дөнгөж төрсөн хүүхэд ч өртэй гэж толгой угаалт явдаг байсан. Үнэхээр ч нэг үе улсын өр туйлдаа тулж 2016 онд л гэхэд нийт өр ДНБ-ий 93%-тай дүйж байсан гашуун үе бий. Харин одоо бондын өрөө бондын өрөөр төлсөөр энэ харьцаа харьцангуй гайгүй болж 39.4%-д хүрээд байгаа. Нийт өр нь ₮35.4 их наяд гэсэн үг.

  • ⚡️ Нөхцөл байдал: ЗГ-ын өрийн багцыг харвал эргэн төлөгдөх дундаж хугацаа нь 7.2 жил, дундаж хүү нь 3.8% аж. Гэхдээ хүү шинэчлэгдэх дундаж хугацаа нь 6.3 жил. Өрийн менежментээ сайн хийхгүй бол хүүгийн төлбөр хэцүү. Тодруулбал, 2021 онд хүүгийн төлбөрт ₮829.6 тэрбумыг төлж байсан бол өнгөрсөн онд энэ дүн 50.7% өссөн. 

Эцэст нь… ЗГ-ын 2026-2028 оны өрийн удирдлагын стратегийн баримт бичигт нийслэлийн гаргасан үнэт цаасны нэрлэсэн үлдэгдлийг тухайн жилийн төсвийн орлогын 50%-д барихаар зорьж байгаа. Одоогоор бол нийслэлийн бонд нь ч төсөв нь ч замбараагүй тэлж байна. Гол нь үр дүн л нэхмээр байна даа. 

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ

Шинэ Ерөнхий сайд Н.Учрал хамтарсан ЗГ байгуулахаар ХҮН намд саналаа явуулаад буй. Шинэ ЗГ-ыг хамтарсан байдлаар байгуулах асуудлыг юу гэж харж байна?

Login or Subscribe to participate in polls.

Frame

🍋 Хятадын хамгийн том ачааны машин үйлдвэрлэгч Sinotruck Group Монголд салбараа нээх сонирхлоо илэрхийлэв. Тэд Монголд уул уурхай, ХАА, МАА, хил дамнасан ачаа тээвэрлэлт гэсэн 4 чиглэлийн ачаа тээврийн машин угсрах үйлдвэр барихаар төлөвлөж байгаа аж. Уг асуудал дээр АҮЭБЯ-тай хамтран судлахаар тохиролцжээ.

🍋 Jade Gas Holdings Монгол дахь хий олборлолтын төслөө урагшлуулахын тулд A$1.8 саяыг босголоо. Тус санхүүжилтийг “Улаан нуур” нүүрсний давхаргын метан хийн төслийг бодит олборлолтын шатанд хүргэх зорилгоор татаад буй. Улмаар ордын анхны нөөцийн тооцоолол болон үйлдвэрлэлийн лицензийн хүсэлтээ бэлтгэх ажлаа эрчимжүүлж байгаа аж.

🍋 Хаврын тариалалт эхлэхтэй холбогдуулан газар тариалан эрхлэгч ААН-үүд ₮3,400-өөр шатахуун нийлүүлнэ. Өчигдөр АҮЭБЯ ХХААХҮЯ болон шатахуун импортлогч компаниудтай хуралдаж газар тариалан эрхлэгчдэд тогтмол дүнгээр шатахуун нийлүүлэхээр тохиролцсон байна. Уг шийдвэр хэзээг хүртэл үргэлжлэх нь тодорхойгүй байгаа юм. 

🍋 Уул уурхайн бус салбарын ААН-үүдийн татварыг 1% болгох боломжтой юу? Тус агуулга УИХ-ын Эдийн засаг, бизнес, банк, санхүүгийн асуудлаарх ажлын хэсгийн боловсруулж буй Татварын багц хуульд тусгагдсан бөгөөд энэ хаврын чуулганаар өргөн барих төлөвтэй байна. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.