• Lemon Press
  • Posts
  • ✋🏻 Үггүй мордсон сайдууд

✋🏻 Үггүй мордсон сайдууд

Үнийн өсөлт үргэлжилсээр | Nokia-н эргэн ирэх боломж | Зэсийн үнийн рекорд

POWERED BY

Өглөөний мэнд! Өдөрт 10 мянга алхах нь эрүүл мэндэд тустай гэсэн санаа нь шинжлэх ухаанд үндэслэсэн бус Японы зар сурталчилгаанаас гаралтай гэнэ шүү. Үнэндээ бол тасралтгүй дор хаяж 15 минут алхах нь хамгийн тохиромжтой бөгөөд зүрхэнд сайн дасгалд болдог ажээ. 🚶🏻

*Нэг өдрийн өөрчлөлт.

CU: Америк болон Хятад худалдааны маргааны асуудлаар хэлэлцээ хийхэд ойрхон байгаагаас шалтгаалан Лондоны Металлын бирж дээрх 3 сарын хугацаатай зэсийн фьючерс тн тутамд $11,142-т хүрч түүхэн дээд үнээ шинэчлэв.

TGI: Тэнгэр Даатгал ХК (TGI) энэ оны III улиралд ₮16.2 тэрбумын орлого олж ₮6.6 тэрбумын цэвэр ашигтай ажиллажээ.

GOV: Энэ онд Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын орон сууц ашиглалтад орж ирэх 3 жилд нийт 12,619 айлын орон сууц ашиглалтад оруулна.

🇲🇳 Үнийн өсөлт үргэлжилсээр

Багш нарын цалинг нэмсэн нэмээгүй, цалин нь хүрсэн хүрээгүй, нэмээд тор хүнс авахад ₮50 мянга болдог байсан, одоо ₮300 мянга хүрэхгүй байна гэсэн постууд олширчээ. Яг юу буруу байна вэ?

📈 2.6 дахин нугарав

2015 онд 1 кг үхрийн цул мах ₮8 мянга байж. Харин одоо ₮23 мянга. Өөрөөр хэлбэл, одоогоос 10 жилийн өмнө 1 кг мах, сүү, төмс, гурил, будаа, талх, өндөг, ургамлын тос гээд огт тансаг биш энгийн л хэрэглээгээ хангахад ₮20 мянга хангалттай байж. Харин одоо ₮50 мянга хэрэгтэй. 

  • 📌 Сүүлийн 5 жилийн хямрал: Дээрх зөрүүний ихэнх хэсэг нь сүүлийн 5 жилд үүссэн. Тодруулбал, уг 8 барааны нийт үнэ 2015 оноос 2020 он хүртэлх 5 жилд ердөө ₮6 мянгаар нэмэгдсэн бол 2020 оноос өдийг хүртэлх 5 жилд ₮27 мянгаар нэмэгдсэн хэрэг. 

🔍 Хямралын цаана

Сүүлийн жилүүдэд манай эдийн засаг болон цалин нэрлэсэн утгаараа л өсөж буй. Гар дээр тоологдох нь хэвэндээ шахуу. Учир нь энэ хугацаанд нүүрсний үнэ унаж, геополитикийн олон асуудал тулгарснаар инфляц өдөөгдсөн. 2021 оны сүүлээс 2023 оны 9-р сар хүртэл инфляцын түвшин 2 оронтой тооноос буугаагүй байх жишээний. Ингэснээр ₮-ийн хүч суларч импортын бараа үнэд орсон.

  • ‼️ Улмаар нэг талд барааны үнэ 113% өссөн хэдий ч нөгөө талд бодит цалин ердөө 37% өссөн байгаа юм. Цалингийн өсөлтийн 61% нь инфляц, үнийн өсөлтөд идэгдсэн аж.

🔻 Асуудлаас асуудал

Өнгөрсөн 5 жилд түмэн асуудал ар араасаа богино хугацаанд хурцаар хөндөгдөв. Улс төр хэд эргэж, барааны үнэ 2, 3 нугарч, нүүрсний үнэ хэдэнтээ шал арчиж, авлигын асуудал улам хурцадлаа. Нэг асуудлаас нөгөө асуудал үүссээр тоолж барахгүй олон болж. Одоо бидэнд сайн шийдэл чухал. Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар шатахууны нөөц, багш эмчийн цалин, баялгийн хулгай гээд одоо цагт тулгарч байгаа асуудлуудад шийдэл эрэлхийлэв. Олон ч ажлын хэсэг нэмэгдэж байна. Гол нь хэмжигдэхүйц үр дүн хэрэгтэй. 

Эцэст нь… Асуудал байгааг хүлээн зөвшөөрч сайн шийдлийг хурдан хэрэгжүүлэхгүй бол эцсийн дүндээ бидний худалдан авах чадвар буурч, түрийвч нимгэрч, итгэл унтарч байна даа.

  • 🛰️ iPhone 18 хиймэл дагуулын интернэт дэмждэг болох уу? (Macrumors)

  • 🇲🇳 Үндэсний үйлдвэрлэгчид Өмнөд Солонгост. (Gogo)

  • ♻️ Марокко 2040 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээнд бүрэн шилжинэ. (SDGNews)

  • Netflix стриймингийн үеэр үзэгчдээс санал хураадаг болох нь. (TechCrunch)

🇫🇮 Nokia-н эргэн ирэх боломж

NKO: Цагтаа гар утасны зах зээлд ноёлж явсан Nokia Oyj-д одоо цагийн технологийн акул Nvidia (NVDA) чип нийлүүлэхээр тохиролцжээ. Үүний хүрээнд $NVDA $1 тэрбумын хөрөнгө оруулалтыг $NKO-д оруулж, компанийн 2.9%-ийг эзэмших аж. Тус мэдээнээс улбаалж, нэг өдрийн дотор $NKO нэгж хувьцааны үнэ 22.8% өсөж $7.8-т хүрчээ.

✋🏻 Үггүй мордсон сайдууд

Өчигдөр Ерөнхий сайд Шадар сайд С.Амарсайханыг “хариуцлагын гэрээг зөрчсөн” гэх үндэслэлээр албан тушаалаас нь огцруулсан билээ. Монголын улс төрчид өдөр өдрөөр огцордог болоод байна уу даа.

💼 Шадар sad

Шадар сайд асан С.Амарсайхан нь 2021 оноос хойш 3 дараалан энэ албыг хашсан нэгэн. Саяхан тэрээр ЕС-ын огцруулах саналд гарын үсэг зурсан бөгөөд энэ үйлдлийг ЕС урвалт хэмээн үзэж, түүнийг огцруулжээ. Гэвч С.Амарсайханы зүгээс хуралдааныг орхисны дараахан огцорсон явдлаа өөрийн хүсэлтээр гарсан мэтээр сошиал хуудсаараа мэдэгджээ. Аль нь түрүүлж огцрохын “О” үсгийг дурлдсан юм бол доо.

🕰️ Өнгөрсөн түүх 

2016 оноос хойш Монголчууд дөрвөн ЗГ-ын нүүрийг үзсэн ба энэ хугацаанд нийт 9 сайд ЗГ-ын кабинетаасаа сугарч огцроод байна. Эдгээр сайд нар дундаас хамгийн удаан ажилласан нь БСШУС-ын сайд асан Ц.Цогзолмаа буюу тус албыг 1.3 жил хашжээ. Түүнийг ЗГ-ын эсрэг ажилласан гэх үндэслэлээр, УИХ-ын нийт гишүүдийн 71%-ийн саналаар сайдын суудлаас буулгаж байв. 

  • 👁️ Хамгийн богино: Тэртээ 2022 онд ХНХ-ын сайд асан Д.Сарангэрэл нэн ядуу 1,500 өрхийг “улны айл” гэж нэрлэсэн нь олны эсэргүүцэл дагуулсан. Улмаар ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн 28 өдрийн дараа огцруулсан. Энэ нь түүнийг хамгийн богино хугацаанд сайдын алба хашсан нэгэн болгож.

🚓 Улс төрийн зодоон

Олон хоног үргэлжилж буй улс төрийн дайн хэзээ дуусах нь тодорхойгүй байна. Үүний сацуу нүүрсний хэрэгтэй холбоотойгоор УИХ-ын экс дарга Д.Амарбаясгаланг авлигын хэргээр яллагдагчаар татжээ. Мөн өчигдөр ЗГ “Баялгийн хулгай”-тай тэмцэхийн тулд ТЕГ, АТГ, ЦЕГ, Сангийн яам, АҮЭБЯ зэрэг байгууллагуудыг хамарсан тусгай ажлын хэсэг байгуулаад байна.

Эцэст нь… Дараагийн Шадар сайдаар УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуягийн нэр яригдаж буй. Тэрээр УИХ-д 2 дахь удаагаа сонгогдсон ба өмнө нь сайдын суудалд очиж байгаагүй аж. 👀

21,694 айл
2025-2028 оны хооронд Нийслэлийн хэмжээнд нийт 21,694 айлын орон сууц ашиглалтад орохоор баригдаж буй.
5%-10%
Тэгвэл ЗГ-аас дээрх орон сууцуудыг тэргүүн ээлжид багш, эмч, төрийн албан хаагч нар 5%-10%-ийн урьдчилгаа төлөөд ипотекийн зээлээр авах боломжтой зохицуулалт хийхээр хэлэлцэж байгаа аж. 
2 байршилд
Энэ оны хувьд 2 байршилд буюу Баянхошуу, Шархаданд тус бүр 110 айлын орон сууц ашиглалтад орох төлөвтэй байна.

Saudi2034

🍋 Саудын Араб 2034 оны ДАШТ-ийг зохион байгуулах бүтээн байгуулалтад нийт $26 тэрбум гаруйг хөрөнгө оруулжээ. Бүтээн байгуулалтын хүрээнд 5 хотод нийт 15 төсөл хэрэгжүүлж буй бөгөөд үүнд цоо шинэ 8 цэнгэлдэх хүрээлэн, 4 өргөтгөл, шинэчлэл хийсэн цэнгэлдэх хүрээлэн, мөн дэд бүтцийн төслүүд багтсан байна. Хамгийн сонирхолтой нь, $1 тэрбумаар баригдах газрын түвшнээс дээш 350 м өндөрт байрлах NEOM цэнгэлдэх хүрээлэн юм. 

🍋 “Egune AI” болон “Uwish” төслүүд Узбекистанд болох “Digital Startup Awards 2025” хөтөлбөрийн финалын шатанд шалгарчээ. Тэд хагас шигшээ шатанд Монголын нийт 15 стартап-тай өрсөлдсөн бөгөөд финалын шатанд 7 улсаас шалгарсан стартап-уудтай өрсөлдөх аж. Хөтөлбөрийн хувьд Төв Азийн 8 улсын стартап-уудын инновац болон технологийн салбар дахь шилдэг санаа, шийдлүүдийг ОУ-ын түвшинд дэмжих зорилготой гэнэ. 

🍋 ХХААХҮЯ, НҮБ-ын ХХААБ, Хятадын ХААЯ хамтран Монголд хөрсний менежментийн чадавх сайжруулах төсөл хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд 2025-2028 оны хооронд Монголд хөрсний зураглал болон лабораторийн чадавхыг сайжруулах тэргүүтэй хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд Хятадаас хөрс хамгаалах чиглэлээр техникийн туслалцаа үзүүлэх аж. Тэгвэл энэ төслийг Монголоос гадна Шри Ланка, Фижи, Угандад хэрэгжүүлж буй. 

🍋 OpenAI ашгийн төлөө бүтцэд шилжиж, Microsoft (MSFT)-той стратегийн хамтын ажиллагааны гэрээ үзэглэлээ. Тодруулбал, Microsoft OpenAI-д $250 тэрбумын Azure үүлэн тооцооллын үйлчилгээ үзүүлсний хариуд ойрын хэдэн жилийн орлогынх нь 20%-ийг авах юм. Microsoft 2019 оноос хойш OpenAI-д $13.8 тэрбумын хөрөнгө оруулсан бөгөөд одоогоор $135 тэрбумын хувьцаа эзэмшиж буй. 

🍋 ЗГ “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц”-ын Нарийн бичгийн дарга нарын газартай COP17-н бэлтгэл ажилд хамтарна. Үүнд дотоод зохион байгуулалт, төлөөлөгчдийг хүлээн авах, Монголыг олон улсын арга хэмжээнд хамтран сурталчлах ажлуудыг хэрэгжүүлэх бөгөөд ирэх Даваа гарагт ирэх жилд хийх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг танилцуулах аж. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.