- Lemon Press
- Posts
- 🎭 Нэг сайн, нэг муу мэдээ
🎭 Нэг сайн, нэг муу мэдээ
Ерөнхий сайдын сандрал | Эрчим хүчний хямрал | Хамтын ажиллагаагаа зогсооно
POWERED BY
Өглөөний мэнд ээ! Нийслэлийн засаг дарга ойрын 20 болон түүнээс дээш жил бордюр солихгүй, хотод 30-50 жилийн насжилттай бордюр тавьсан талаар ярьж байх юм. Тэгэхээр ирэх зунаас эхлээд Улаанбаатарчууд минь бордюрын асуудалд санаа чилээх хэрэггүй болох нь ээ. Үнэн л байгаасай… 🥹


*Нэг өдрийн өөрчлөлт.
G7: Их 7-гийн бүлгийн дээд хэмжээний уулзалт Канадад болж байна.
MNG: Монгол болон Их Британи чухал ач ашигт малтмалын салбарт стратегийн түвшинд хамтран ажиллах замын зураглалыг үзэглэлээ.
JPN: Японы төв банкны зах зээл дэх оролцоогоо аажмаар хумихаар бондын худалдан авалтаа бууруулж, жишиг хүүг 0.5% хэвээр үлдээх төлөвтэй байна.

💸 Голч цалин ₮2.2 сая
Өнгөрсөн улиралын байдлаар нэрлэсэн дундаж цалин улсын дунджаар өмнөх оны мөн үеэс 14.8% өсөж ₮2.6 саяд хүрсэн бол голч цалин 24.8% нэмэгдэж ₮2.2 саяд хүрээд байна. Өөр сонин сайхантай юу байна вэ?
1️⃣ Улирлын тойм
2024 оны мөн үеэс НДШ төлсөн ААНБ-ын тоо 8.9% өсөж 53.7 мянгад, ажиллагчдын тоо 7.7% ихсэж 811.6 мянгад хүрчээ. Том зургаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4 сарын 1-ээс эхлэн 20% нэмж ₮792 мянгад хүргэх шийдвэр ААНБ-уудад цалингаа нэмэгдүүлэх мессежийг өгсөн нь лавтай.
Харин дундаж цалинг салбаар харвал мэдээж уул уурхай, олборлолтын салбарынхных ₮4.9 сая буюу улсын дунджаас даруй 88.2% өндөр. Эсрэгээрээ хамгийн бага нь зочид буудал, байр, сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарынхан буюу ₮1.7 сая.
☀️ Сайн мэдээ
Дундаж болон голч цалингийн зөрүү холдох тусам орлогын тэгш бус байдал нэмэгддэг. Харин I улиралд дундаж болон голч цалингийн зөрүү ₮376.6 мянгад хүрсэн нь өмнөх улирлаас 14.9%, 2024 оны мөн үеэс 22.4% буураад байна. Ямартай ч ойрын 3 жилд байгаагүй хамгийн бага цалингийн зөрүү ажиглагдсан нь дундаж давхаргын орлого өсөж, хөдөлмөрийн зах зээл илүү шударга, өрсөлдөөнт болж буйн дохио хэдий ч 2015 оноос 87% өндөр байгааг мартах ёсгүй.
💼 Цалин сайтай төр: Цаашлаад, ТӨҮГ-т ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин ₮3.5 сая байгаа нь улсын дунджаас 34% буюу ₮919.8 мянгаар өндөр гэсэн үг. Ийм болохоор л төр хамгийн том бизнес эрхлэгч болоод байна гэж шүүмжлээд байгаа хэрэг.
🫠 Муу мэдээ
Нөгөө талаас цалин өсөж байгаа ч инфляцын нүргээнд идэгдсээр. Тухайлбал, ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс I улиралд 214.8-д хүрсэн бол худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 138.9 байв. Энгийнээр 2022 оны I улирлаас хойш цалин 2 дахин өссөн ч, амьдрал дээр хүмүүсийн худалдан авах чадвар ердөө 38.9% нэмэгджээ. Тэгэхээр цалин өсөөд байгаа ч инфляцын нөлөөгөөр худалдан авах чадвар дорвитой өсөөгүй байгаа юм.
Эцэст нь… Ямар ч сэдэв тоймлосон эргээгээд өнөө инфляц, экспорт, нүүрс, зэс, гадаад худалдаа, валютын нөөцтэй холбогдчихдог хорвоо доо. Уг нь бидний шийдэх ёстой асуудал маш тодорхой байгаа ч шийдэл нь тодорхойгүй юм даа.

👊🏻 Ахиад нэг удаа оролдъё
STO.AX: Абу Дабигийн үндэсний нефтийн компани ADNOC, Abu Dhabi Development Holding болон Америкийн хөрөнгө оруулалтын сан болох Carlyle-с бүрдсэн консорциум Австралийн хамгийн том эрчим хүчний компаниудын нэг Santos-г $19 тэрбумаар худалдан авах санал гаргалаа. Тус консорциум $STO-н нэгж хувьцааг $5.8 буюу компанийн өнгөрсөн 7 хоногийн хувьцааны хаалтын үнээс 28% давсан дүнгээр авахыг санал болгожээ. Бүр бэлэн мөнгөөр худалдан авах хүсэлтэй байгаа аж. Өмнө нь ADNOC тус компанийг худалдан авах талаар яригдаж байсан билээ.

🌐 Тэд эх орон руу гаа байдгаа шавхан илгээсээр… (Ikon)
🪩 Шоу нэвтрүүлгүүд моодноос гарах шалтгаан. (Entertainment.Substack)
🙋 Нийслэлийн 3 дүүрэгт дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх ААН-үүд шалгарав. (Ulaanbaatar)
🔋 Айлын хүүхдүүд сэргээгдэх эрчим хүчээ элсэнд хуримтлуулан ашигладаг болжээ. (TheNextWeb)

🎭 Ерөнхий сайдын сандрал
Шинээр томилогдсон Ерөнхий сайдын хамгийн эхний сорилт кабинетаа бүрдүүлэх ажил болоод байна.
🫸🏻 Тэрбээр өнгөрсөн Баасан гарагт кабинетын бүтцээ танилцуулахаар яригдаж байсан ч эрх баригч намын талцал, гаднаас сөрөг хүчин болсон Ардчилсан нам (АН)-ын шахалт, шаардлага тус асуудлыг энэ 7 хоног руу шилжүүлээд буй.
⬇️ АН: Тоогоо бууруул!
Өчигдөр буюу Даваа гарагт АН шинэ Ерөнхий сайдад цомхон засаглах агуулга бүхий 3 бүлэгт шаардлага хүргүүлсэн. Шаардлагын хамгийн гол агуулга нь яамдын тоог 50% бууруулах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20% бууруулах байв. Үүний хажуугаар шинэ Ерөнхий сайд Иргэний Зориг Ногоон Намтай хамтран засаг байгуулах урилгаа албан ёсоор өгсөн сурагтай.
🤔 Дэлхийд данстай
Үе үеийн ЗГ нүсэр бүтэцтэй сүндэрлэдэг гэдгийг олон жил ярьж ирсэн ч аль ч Ерөнхий сайд улс төрийн зориг гаргаж кабинетаа цомхон цогцлоож чадаагүй. Хэдий 3.5 сая хүн амтай ч 16 яамтай байгаа нь бусад орнуудтай жишин харахад андашгүй нүсэр харагдана. Товчхондоо хүн ам цөөтэй Монгол Улсад 1 сайд 218,750 иргэнийг төлөөлж байхад Америкт 13 сая, Хятадад 59 сая иргэнийг төлөөлж байх жишээтэй. Яамдын тоогоор манайхтай хамгийн ойр Германд л гэхэд 1 сайд 4.9 сая иргэнийг төлөөлж байна.
🍜 Хачир: Уг тоо нь зөвхөн кабинет дахь яам удирдаж буй сайдуудын тоо хэдий гэдгийг анхаараарай. Үүн дээр нэмээд сайдын дэргэдэх, сайдын доор, ЗГ-ын тохируулагч болон хэрэгжүүлэгч 25 агентлаг тус бүр дээрх нэмэлт хачир болсон албан тушаалтнуудыг тооцож үзвэл манай дарга нарын тоо асар их.
Мартсанаас мал мэнд үү, гэгчээр өнгөрсөн сарын улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл ₮259.9 тэрбумын алдагдалтай гарлаа гэж. Уг тооны ард татварын орлого өнгөрсөн оны мөн үеэс 11.3% буюу бүхэл бүтэн ₮1.3 их наядаар буурсан болон эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 9.2% буюу ₮927.7 тэрбумаар өссөн үзүүлэлтүүд явж байгаа шүү. Дарга нар олшроод, татвар төлөгч нар буураад…
Эцэст нь… Нам доторх, намын гаднах зодоон үргэлжилж байгаа энэ үед шинэ Ерөнхий сайд бүгдэд нь бялуу өгөх сонголт хийх үү, улс орноо бодсон шийдэмгий сонголт хийх үү гэдэг нь бараг л тодорхой болов. Юутай ч эцсийн найдлага тавин харж сууя.

Excel дээр давхардсан утгуудыг нэгд нэгэнгүй устгаж цагаа үрэх шаардлагагүй ажээ. 👇
Жижиг өгөгдлийн хувьд тайлбарлавал, жишээ нь, хүснэгтэд Бат, Сүхээ, Бат, Оюунаа гэх өгөгдлүүд байна. Үүнээс Батын давхардсан утгыг устгах шаардлагатай.
Үүний тулд Home➡️Data➡️Remove Duplicates сонгоод аль багануудаар давхардал шалгах вэ гэдгээ сонгоод OK.
🔗 ЭНД дарж бичлэгээр үзээрэй.

🎤⛺ Playtime хаяанд ирлээ!
Мөн ч ойрхон байна даа. “Playtime Festival 2025” болоход 16 хоног үлдлээ! 📢 Энэ жилийн фестиваль ОУ-ын жишигт нийцсэн шинэчлэл, технологийн дэвшлүүдийг нэвтрүүлжээ.
🤌 Төгс дуугаралт: Наадмын дууны инженерийн багт Нидерландын мэргэжилтэн нэгдсэн тул тайз, дуугаралтын чанар янзтай болж.
💳 Хялбар төлбөр, тооцоо: Фестивалийн бугуйвч NFC технологитой болсон тул бүх төрлийн бараа, үйлчилгээний төлбөрийг түргэн хялбар хийхээс гадна зарцуулалтаа хяначхаж болох нь.
⌚ Түргэн нэвтрэлт: Түүнчлэн тасалбар баталгаажуулалтын системтэй болсон тул хуурамч тасалбарын асуудлууд гарахгүй, иймд тасалбараа идэвхжүүлээд наадмын талбай руу гялс гялс нэвтрэх боломжтой болсон байна.
За тэгээд дэд бүтэц ок, ногоон орчин ок, зохион байгуулалт ок болсон шүү. Final Lineup-тай танилцаагүй бол ЭНД дараарай.

Tenor
🍋 Google (GOOG), Microsoft (MSFT), xAI нар Scale AI-тай хамтын ажиллагаагаа зогсоохоор төлөвлөж байна. Учир нь саяхан Scale AI-н Meta (META)-тай хийсэн аварга хэлцлийн дүнд Meta тэдний судалгааны чиглэл, бүтээгдэхүүний зураглал руу нэвтрэх эрхтэй болно гэж хардаж буй. Өнгөрсөн онд Scale AI $870 сая орлого олсны 17%-23%-ийг Google-с орж ирсэн үйлчилгээний орлого бүрдүүлсэн байна.
🍋 Нийтийн тээврийн орлого энэ оны эхний 5 сард өнгөрсөн оны мөн үеэс 24% өсөж ₮16.1 тэрбум болжээ. Задлан харвал, нийт зорчилтын тоо мөн хугацаанд 12.5% өсөж 68.4 сая болсон бол нийт зорчилтын орлого 70% өсөж ₮22 тэрбумыг давсан байна. Үүнд нэг талаар Нийслэл нийтийн тээврийн үйл ажиллагаанд зохицуулалт хийж эхэлсэн нь нөлөөлсөн үү, эсвэл иргэд автомашинаас татгалзаж эхэлсэн үү гэдэг сонирхолтой.
🍋 Amazon (AMZN) Австралид ирэх 5 жилд $13 тэрбумын хөрөнгө оруулна. Энэ хүрээнд тэд тус улс дахь дата төвүүдээ өргөтгөн засварлаж шинэ серверийн хүчин чадал нэмэх, AI-д зориулж сайжруулах нь. Үүнээс гадна компани Пенсильванид $20 тэрбум, Хойд Каролинад $10 тэрбум, Тайваньд $5 тэрбумын хөрөнгө оруулах төлөвлөгөөтэй байгаа.
🍋 Шинэчлэгдсэн зээлийн мэдээллийн тухай хууль энэ сарын 26-наас хэрэгжиж эхэлнэ. Шинэ хуулиар зээлдэгч зээлээ хугацаанд нь төлөөгүйгээс, 6 жилийн турш хар жагсаалтад ордог зохицуулалтыг халж онооны системд шилжүүлсэн байна. Түүнчлэн зээлээ цаг хугацаанд нь төлсөн тохиолдолд оноо нь нэмэгдэж, таатай нөхцөлөөр санхүүгийн үйлчилгээ авах боломж бүрджээ.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг
Reply