- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Монголын анхны хувьцаа солилцоо
🇲🇳 Монголын анхны хувьцаа солилцоо
Баяртай, Skype | Гавьяат Биржийн бус зах зээл | Алтыг тойрсон өсөлт, бууралт
POWERED BY
Баяртай, Skype. Баярлалаа! Өнөөдрөөс эхлэн Skype албан ёсоор үүрд хаагдаж байна. Хэдэн арван жилийн турш дэлхий даяар хүмүүсийг холбож, хайртай дотнын хүмүүстэйгээ харилцах, албан ажлаа амжуулах гүүр болсоор ирсэн энэ платформдоо хүндэтгэлтэйгээр “баяртай” гэж хэлье. Харин Skype for Business бидэнтэй үлдэх нь ээ. 🥹👋


*Нэг өдрийн өөрчлөлт.
BRK-A: Уоррэн Баффет Монголын ЗГ-т валютын ханшийг урт хугацаанд тогтвортой хадгалж, олон улсын итгэл, нэр хүндийг бий болгохыг зөвлөв.
MSE: Өнгөрсөн Баасан гарагт УУББ-ээр Хангад Эксплорэйшн ХХК-ийн 2 багц, нийт 12,800 тн баяжуулсан сул коксжих нүүрс ₮4.1 тэрбумаар арилжаалагдлаа.
MFA: Энэ онд Испани Улсад Монгол Улсын элчин сайдын яам байгуулна.
MGL: Оюу толгойн бүлэг ордын доторх Онтрэ ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаар ажлын хэсэг байгуулахаар болжээ.

🎖 Гавьяат Биржийн бус зах зээл

Улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүст гавьяат зүтгэлтэн цолыг олгодог. Санхүүгийн зах зээлийн хөгжлийг арилжаалагдаж буй хэрэгслийн тоо, хөрөнгө оруулалтын дүнгээр хэмжиж болно. Хэрэв эдгээр хэмжүүрээр харвал Биржийн бус зах зээл (ББЗЗ)-д гавьяатын тодорхойлолт гаргаж өгөхөд бэлэн байна. Учир нь 2024 онд ББЗЗ дээр 131 бонд арилжаалагдаж ₮1.7 их наядын санхүүжилт татагджээ.
🔍 Том зургаар
2024 онд ББЗЗ дээр нийт 95 үнэт цаас гаргагч оролцсон нь 2023 оноос 51% нэмэгдсэн бол бондын тооны хувьд 33% буурч 131 болсон аж. Тоо буурсан ч чанар гэгчээр татан төвлөрүүлсэн үнийн дүн огцом нэмэгдэв. Тухайлбал 2024 оны бондуудын татан төвлөрүүлэлт жилийн өмнөхөөсөө 101% нэмэгдэж ₮1.7 их наядад хүрчээ. Нэмээд $-ын бондуудын татан төвлөрүүлэлт ч 115% өсөж $71.9 саяд болсон байна.
📊 Арилжааны хувьд
₮ хувьд: Анхдагч арилжааны хувьд нийт ₮1.6 их наядын дүнтэй тэнцэх арилжаа явагдсан буюу 7 хоногийн арилжааны дундаж нь ₮31.1 тэрбум байсан хэрэг. Харин хоёрдогч зах зээл дээр 7 хоногт дунджаар ₮21.1 тэрбумын арилжаа явагдсан байна. Өнгөрсөн жилийн хамгийн өндөр дүнтэй арилжаа 6 болон 12 саруудад явагдсан нь “Бөөрөлжүүтийн цахилгаан станц бонд 2” болон “Улаанбаатар хот ЭХХС бонд 1”-тэй холбоотой аж.
$ тухайд: Өмнөх онд анхдагч арилжаа нийт $69.8 саяар арилжаалагдсан ба 7 хоногийн дундаж дүн $5 сая. Хоёрдогч арилжааны тухайд ₮12.7 саяын дүнтэй тэнцэх арилжаа хийгдсэн аж. Сонирхуулахад, өнгөрсөн онд хоёрдогч арилжааны хувьд $-ын бонд нийтдээ 20 долоо хоногт л арилжаалагдсан бол төгрөгийн бонд жилийн 52 долоо хоногийн турш идэвхтэй байв.
💵 Бондуудыг шинжих нь
Салбар: Зах зээлд гаргасан бондуудыг салбараар нь харвал нийт бондын хамгийн их буюу 46.9% нь санхүүгийн салбарт хамаарах аж. Удаах байранд 38.4% нь эрчим хүчний салбарынх байлаа. Санхүүгийн салбар дундаа бонд гаргалтаар тэргүүлж байгаа нь ББСБ-ынхан аж.
Төрөл: Нийт бондын 4% нь 36 ба түүнээс дээш сарын урт хугацаатай бондууд байв. Үүний араас 24 сарын хугацаатай бонд 13%, 18 сарын хугацаатай бонд 24%, 3-12 сарын хугацаатай бонд 59%-ийг тус тус бүрдүүлжээ. Хэрэв уншигч та бонд гаргахаар бол 3-12 сарын хугацаатайгаар бондоо гаргавал оновчтой байж болох юм.
Эцэст нь… Сүүлийн 4 жилд ББЗЗ дээр нэг талаасаа хөрөнгө оруулалт босгож санхүүжилт татах боломжтой болсон. Нөгөө талаас хөрөнгө оруулагчид ашиг орлого олж буй нь зах зээлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буйн илрэл билээ.

👁️ Нүдний цөцгийгөө сканердуулбал криптовалют өгнө… (FoxBusiness)
🆚 Орос, Монголын өсвөрийн геологичдын олимпиад болно. (АҮЭБЯ)
🧨 Галууг дуурайж хэрээ хөлөө хөлдөөх нь ээ. (StraitsTimes)
💭 Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн өөрчлөлт судлаачийн өнцгөөр. (iSee)

🔍 Монголын анхны хувьцааны солилцоо
AARD: Ард Санхүүгийн Нэгдэл ХК өөрийн гаргасан нийт хувьцааны 15% буюу ₮12.7 тэрбумтай тэнцэх хувьцааг ₮2,920-өөр халаасална. Уг захиалга 5 сарын 30 хүртэл үргэлжлэх бөгөөд халаасалж байгаа хувьцааг Хөвсгөл ХК (HVL)-ийн хувьцаагаар солих боломжтой. Учир нь $AARD өөрийн хөрөнгө оруулалтын багц дахь ТэнГэрЛиг Медиа Нэгдэл, ГрэйпСити Монгол, Крипто Үндэстэн зэрэг компаниуд болон тэдний хөрөнгө оруулалттай компаниудыг Хөвсгөл ХК-руу шилжүүлсэн аж. Тэгэхээр $AARD-н хөрөнгө оруулагчид өөрийн эзэмшлийн хувьцааны 50% хүртэлхийг $HVL-н хувьцаагаар 1:20 харьцаатайгаар буюу 1 ширхэг $AARD-г 20 ширхэг $HVL-ээр сольж болох нь.

🏅 Алтыг тойрсон өсөлт, бууралт

Алтны үнэ зах зээлийн эвгүй, огцом хөдөлгөөнийг даган түүхэн дээд хэмжээгээ дахин, дахин эвдэж байсан бол өчигдрийн байдлаар 4-р сарын оргил үнээсээ 4.3% уналаа. Харин манай Монголын алтны зах зээл юу болж байна вэ?
78% 🆚 128%
Алтны фьючерс гэрээний үнэ (GC=F) 2021 оны 5-р сараас хойш 78% өссөн. Харин Монголбанкны алт худалдан авах үнэ 128% өссөн аж. Монголбанк уг үнийг Лондоны металлын биржийн үнээр тогтоодог буюу фьючерс биш, спот үнэд суурилж буй. Өөрөөр хэлбэл, Монголбанкны үнэд ханшийн хэлбэлзэл, татвар, логистикийн зардал зэрэг нэмэлт хүчин зүйлс нөлөөлж байгаа хэрэг.
📉 Үнийн өсөлт, худалдааны бууралт: Монголбанкны алт худалдаж авах үнэ 2021 оны 10-р сарын дунд үеэс хойш тасралтгүй өсөж буй. Харин үнэт металл худалдан авалтын хэмжээ 2010-2022 он хүртэл тасралтгүй өсөж байсан ч үүнээс хойш жил бүр буурсаар. 2024 оны дүн 2022 оны түүхэн өндөр цэгээс 27.9% бага байх жишээний.
🔄 Ерөнхий зургаар: Монголбанк нөөцөө төрөлжүүлэх, гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зорилгоор алт, мөнгө худалдаж авч, гадаадын цэвэршүүлэх үйлдвэрт цэвэршүүлдэг. Энэ утгаараа 2018-2023 оны хугацаанд нийт 122.2 орчим тн үнэт металл худалдан авч ГВУН-ийг өссөн дүнгээр $4.8 тэрбумаар нэмэгдүүлсэн байдаг.
🎢 Нөгөө талын хэлбэлзэл
Цаашлаад, алтны экспортын хувьд 2018 оноос хойш савлагаа ихтэй байгаа. 2020 онд хамгийн их буюу 30.5 тн алт экспортолж $1.8 тэрбумын орлого олж байсан бол 2024 онд харгалзан 11.65 тн, $899 сая болж буурсан. Угаас бид алтныхаа 90% орчмыг ганц улс буюу Швейцар руу гаргадаг тул тус улсын эрэлт хамгаас чухал.
Эцэст нь… Монголын алтны зах зээл дэлхийн зах зээлтэй холбоотой, өргөн хүрээг хамарсан динамик системтэй. Нэмээд алтны үнийн хэлбэлзэл, худалдан авалт, экспортын хандлага нь эдийн засгийн байдал, валютын ханштай холбогдож байдаг. Тэгэхээр бид өнгөрсөн жил попроод байсан алт цэвэршүүлэх үйлдвэрийн асуудлаа урагшлуулж, 1 улсын хамаарлыг бууруулах хэрэгтэй байна даа.

ГБХНХЯ энэ онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барина. Үүнтэй холбоотой хэдэн тоо, баримт танилцуулжээ.
Монголд хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 17% буюу 224 мянган хүн өндөр эрсдэлтэй ажлын байранд ажилладаг байна.
Өнгөрсөн онд Монголд үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ. Өдөрт ойролцоогоор 2 үйлдвэрлэлийн осол гардаг аж.
Тэгвэл тус салбарын ААН болон ажилтнууд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс болж жилд ₮127 тэрбумын бодитой хохирол амсдаг гэнэ.

🏗️🏷️ Бэлэн тоног төхөөрөмжүүдийг өртөг үнээр
Уул уурхайн салбарынхандаа дуулгах таатай мэдээтэй! Соёолон Интернэшнл ХХК агуулах чөлөөлөх худалдаа зарлаж, баяжуулах үйлдвэрийн тоног төхөөрөмжүүдээ өртөг үнээр худалдаалж эхэлжээ. 📢
🫴 Шууд ав: Үүнд 100-750 тн/ц-ийн хүчин чадалтай бөгөөд чичиргээнд тэсвэртэй их биетэй чичиргээт шигшүүр, соронзон оронгийн олон туйлт системтэй соронзон сепаратор гэхчлэн өндөр чанартай тоног төхөөрөмжүүдийг бэлэн худалдаалж буй.
🤝 Тусалъя: Цаашлаад компани төхөөрөмжийн угсралт суурилуулалт, тохиргоо жигдрүүлэлт, ашиглалтын үйлчилгээ үзүүлдэг гэнэ шүү.
Бяцхан танилцуулахад, Соёолон Интернэшнл ХХК нь уул уурхайн салбарын дэлхийн ТОП тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн Монгол дахь онцгой эрхтэй төлөөлөгчөөр 13 дахь жилдээ 196 гаруй байнгын харилцагчтай ажиллаж буй.

TechCrunch
🍋 Amazon (AMZN) Hollywood-н хөгжилд жил бүр $1 тэрбумын хөрөнгө оруулалт хийнэ. Үүнд зориулж тэд оны эхээр Prime Video стриминг платформ болон MGM студийг худалдан авсан бөгөөд ирэх жилээс жилд 12-оос дээш кино бүтээх аж. Кино салбарынхны жиг жугаас, Amazon-н энэ амбиц 2019 онд Walt Disney (DIS), 20th Century Fox-н нэгдлийн дараа тэдний жилд бүтээдэг киноны тоо 10-15-аар цөөрсөн орон зайг нөхөх юм гэнэ.
🍋 Нарантуул, Да хүрээ, Өгөөмөр захуудыг хотоос гаргаж, буурин дээр нь орон сууц барина. Тодруулбал, Нийслэлээс Нарантуул захыг Туулын хурдны замын хойно баригдах Хайрхан худалдааны төв рүү нүүж ор, эсвэл эдгээр 3 захыг тус хурдны замын төгсгөл, 22-ын товчоо хавьцаа нүүх санал тавив. Газар дээр нь Өмнөд Солонгосын 2 компани 100% өөрийн хөрөнгөөр 392 айлын орон сууц барих санал тавьсан байна.
🍋 Дональд Трамп Америкийн үндэсний аюулгүй байдлын зардалд $1.01 их наядыг төсөвлөжээ. Үүгээр пуужингийн довтолгооноос хамгаалах хөтөлбөр, хөлөг онгоцны үйлдвэрлэл гэхчлэн ажлуудыг хийхээс гадна цэргийн албан хаагчдын цалинг 3.8% нэмэх аж. Хэрэв дэмжигдвэл 10 сарын 1-нээс Америкийн ҮАБ-ын төсөв одоогийн төсвөөс 13% их буюу түүхэнд байгаагүй дүнгээр данхайх нь. Юу л болох гээд байна даа, Бумаа минь.
🍋 Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсаас 102-т бичигдлээ. Хэдийгээр өнгөрсөн оны үзүүлэлтээс 7 байр урагшилсан ч “хүнд” ангилалд багтсаар байгаа юм. Ойр хавийн улсуудыг харвал, Монгол Улс Серби, Бруней, Мозамбикийн ард, Зимбаб, Өмнөд Судан, Чад гэхчлэн орнуудын урд байна даа.
🍋 Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлэв. Уг хуулийн төсөлд аймаг, нийслэлийн аливаа хот, суурин газрын төлөвлөлтөд суурьшлын бүсийг шинээр төлөвлөхдөө нэн тэргүүнд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг харгалзаж, 250 өрх бүрд 1 цэцэрлэг, 1000 өрх бүрд 1 төрийн өмчийн сургууль байхаар тусгажээ.

Даваа: Төлбөрийн тэнцлийн статистик гарна.
Мягмар: УУББ-ээр 2 удаагийн нүүрсний 1 удаагийн төмрийн арилжаа зохион байгуулагдах нь ээ.
Лхагва: Казахстаны хөрөнгийн биржийн амралтын өдөр тохионо.
Пүрэв: NYSE дээр 3 компани IPO хийх өдөр.
Баасан: Дэлхийн II дайны дурсамж, эвлэрлийн өдөр тохиох нь.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: А.Бат-Эрдэнэ
Reply