🌊 Өсөлтийн цунами

Зээлийн эргэн тойронд | БЗС-гийн шинэчлэл | Шинэ ГХЭ хэлцэл

POWERED BY

Баасан гаргийн мэнд! Казахстан хөрөнгө оруулагчдад зориулсан 10 жилийн хугацаатай "алтан виза" хөтөлбөрийг нэвтрүүлжээ. Тэдэнд $300 мянгаас дээш хөрөнгө оруулсан хэнбугай ч уг визийг авах боломжтой. Гэтэл бид гаднын хөрөнгө оруулагчдаа зодож нүдээд байдаг. Бусдаас суралцаж, наана цаанатай байхгүй бол улс орнууд чинь байдгаа бариад араас нь гүйгээд байна шүү, нөхөд өө. 🧐😑   

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: Засгийн газрын дотоод үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаа эхэллээ

MSE: Өчигдрийн арилжаагаар I ангиллын компаниуд дундаас Монголын Хөрөнгийн Бирж (MSE)-ийн хувьцааны үнэ хамгийн их буюу 8% өссөн бол Мах Импекс (MMX)-ийн үнэ хамгийн их буюу 13.2% унав. 

US: ​2025 оны I улиралд Америкийн эдийн засаг 0.3% агшсан нь 2022 оноос хойших анхны уналт байлаа. Харин Трамп энэ уналтыг өмнөх Ерөнхийлөгчийн бодлоготой холбож, тарифуудын нөлөөг үгүйсгэв.

📌 Зээлийн эргэн тойронд 

Өнгөрсөн улиралд том банкнууд ААН-ийн зээлийн шалгууртаа өөрчлөлт оруулаагүй бол иргэдийн зээлийн шалгуураа бага зэрэг чангаруулжээ. Ер нь энэ талбарт юу болж байна вэ? 

🌊 Өсөлтийн цунами

Арилжааны банкнууд дахь зээлийн үлдэгдэл өнгөрсөн улирлын байдлаар жилийн өмнөхөөсөө 33.5%, 10 жилийн өмнөхөөсөө 216.1% өсөж ₮38.6 их наядад хүрээд буй. Энэ дундаас иргэдийн зээлийн үлдэгдлийн өсөлт харьцангуй өндөр байгаа. Тодруулбал, сүүлийн 1 жилийн хугацаанд 36.3%, 10 жилд 321.6% тус тус өсөж ₮23.1 их наяд болжээ. 

  • 🌱 Ногоон, ногоон: Эндээс олзуурхууштай нь нийт ногоон зээлийн үлдэгдэл нийт зээлийн үлдэгдлийн 4.1%-д хүрсэн буюу ₮1.6 их наяд болжээ. Эрчим хүчний хэмнэлттэй барилга гэдэг ангилалд хамгийн их ногоон зээл олгосон аж. 

🧐 Харин цаашид яах вэ? 

Нэг талаас инфляц нэмэгдэж худалдан авах чадвар буураад байгаа энэ үед хэрэглээний зээлийн эрэлт өндөр хэвээр байна. Нөгөө талаас бодлогын хүү одоо ч өндөр байгаа тул зээлийн шалгуур чангарах, хүү буурах боломжгүй нөхцөл байдалд байгаа билээ. 

  • 📈📉 Салбар, салбараар нь хандана: Харин банкнуудын хувьд энэ оны II улиралд худалдаа, үйлчилгээний салбарын зээлийн шалгуурыг хэвээр нь хадгалах, уул уурхайн салбарын зээлийн шалгуурыг бага зэрэг чангаруулах, бусад салбарт олгох зээлийн шалгуурыг бага зэрэг сулруулах төлөвтэй байгаа аж. 

  • 🔍 Иргэдийн хувьд: 2022 онд иргэдийн зээлийн шалгуур нэлээд чангарсан байсан ч 2023 оны I улирлаас сулруулж эхэлсэн. Харин тус оны сүүлээр эргээд бага зэрэг чангаруулснаар 2025 оны I улиралд иргэдийн зээлийн шалгуурын индекс 0.33 буюу тус хугацаа хүртэл шалгуурыг бага зэрэг чангалсан хэрэг. Харин энэ улирлаас эргээд бага зэрэг сулруулахаар байгаа юм. 

Эцэст нь… Сайдын маань хэлдгээр амаргүй үеийг туулж байгаа энэ хугацаанд ББСБ-уудын ч зээлийн шалгуурт өөрчлөлт ороод ороо бусгай л байна даа. Юутай ч энэ улиралд банкнуудын зээлийн шалгуур буурна гэсэн хүлээлттэй байж болох нь ээ. 

  • 👀 Дональд Трамп засаглалынхаа эхний 100 өдрийг хэрхэн дүгнэв? (Time)

  • 📜 Монгол Улс “Тогтвортой Уул Уурхайн Төлөө” стандартыг нэвтрүүллээ. (MiningMongolia)

  • ⛈️ Японыг зорих жуулчдын тоог цөөрүүлсэн ванга зөгнөл.  (JapanToday)

  • 📱 Apple App Store-д тоглоом, апп хөгжүүлэгчдээс 30%-ийн шимтгэл авдаг нь тогтоогджээ. (MorningStar) 

💸 Ипотекийн зээлийн 67.4% 

MIK: Лхагва гарагт Мик Холдинг ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болсон бол өчигдөр үйл ажиллагааны тайлангаа байршуулжээ. Өнгөрсөн оны эцсээр ипотекийн зээлийн үлдэгдэл ₮6.1 их наяд байгаагийн 67.4%-ийг $MIK худалдан авч үнэт цаасжуулсан байна. Түүнчлэн МИК ОССК 2024 онд $225 саяын бондыг ОУ-ын зах зээл дээр арилжаалсан билээ. Харин $MIK-н санхүүгийн үзүүлэлтийн хувьд цэвэр хүүгийн маржин нь 0.21%, өөрийн хөрөнгийн өгөөж нь -0.44% байгаа аж. Харин компанийн ТУЗ-ийн 2025 оны төсөв ₮20.2 саяар тогтоогдсон байна

🆕 Боловсролын зээлийн сангийн шинэчлэлт

Боловсролын зээлийн сан (БЗС)-гийн журам шинэчлэгдэж, 2+2, зээлээ төлөөгүй бол Монголбанкны мэдээллийн санд орох тэргүүтэй шинэчлэлүүд хийгдлээ. Ирэх жилээс хэрэгжиж эхэлнэ. 

💬 Хэрхэн өөрчлөв?

Юун түрүүнд БЗС-гийн зээлийн багцад магистр, докторын түвшинд 2+2 буюу Монголд 2, гадаадад 2 жил суралцах шинэ зохицуулалт орж ирсэн. Цаашлаад, 

  • 👪 Өмнө нь 1 өрхийн 3 хүүхдийн зөвхөн 1 нь БЗС-гийн зээлээр суралцах боломжтой байсан бол шинэ журмаар тэнцсэн л бол зээл, тэтгэлэг олгох боломжтой. 

  • 🦆 Гадаадад төгсөгчдийн зээлийн эргэн төлөлтийг 20 жил хүртэл сунгах, эсвэл гадаадад 3 жил ажиллах нөхцөлтэй болгов. 

  • 🧑🏻‍🦼‍➡️ Дэлхийн шилдэг сургуулиудад суралцах урилга авсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сургалтын зардлыг хариуцахаар болов. 

📝 2024 оны тайлан

Харин одоо БЗС-гийн өнгөрсөн оны гүйцэтгэлийг харвал, дотоодын их дээд сургуулийн 12,762 суралцагчдад ₮22.1 тэрбумын зээл, тэтгэлэг олгосон бол гадаадад суралцаж буй 2,030 хүнд ₮34.9 тэрбумын санхүүжилтийг тус тус олгоод буй. 

  • 📥 Зээлийн эргэн төлөлт нь дотоодынх ₮10.7 тэрбум, гаднынх ₮1.8 тэрбум байв. 

Цаашлаад, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ЗГ-ын тэтгэлгээр нийт ₮15.2 тэрбумыг олгосон байна. Энэ дундаа Ерөнхийлөгчийн дотоодод олгосон тэтгэлэг цар хүрээ болон дүнгээрээ тэргүүлж тус онд 1,152 суралцагч ₮10.2 тэрбумын тэтгэлэг авсан. 

  • 🤌🏻 Бяцхан тодотгол: Ерөнхийлөгчийн дотоодын тэтгэлгийн санхүүжилт дутсаны улмаас төсвийн тодотгол хийж, ₮23.3 тэрбумын санхүүжилтийг олгохоор тооцоолол хийгдсэн. Улмаар нийт төсөв ₮37.5 тэрбум болсон ч, үүнээс ₮4 тэрбум дутаж төсвийн ангилал шилжүүлэхээр хүлээгдэж байна гэнэ ээ.

Эцэст нь… БЗС-гийн хэрэг гараад 2 жил өнгөрсөн байна. Тус хэрэг БЗС ямар ч хүртээмжгүй буюу  нийт санхүүжилтийн 90% гаруйг эрх мэдэлтэй, мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авдаг гэдгийг харуулж байсан. Энэ удаагийн журмын шинэчлэлээр зээл, тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг хүний оролцоогүйгээр автоматаар явуулах талаар яригдсан. Хэрэгжилт нь хэр байх, өнгөрсөн түүхээ ахиад давтах эсэхийг харж л байя даа.

💡 Таавар таацгаая

… нь хөрөнгө оруулалтын актив, үнэт цаас эсвэл тухайн багцыг тодорхой хугацаанд эзэмшиж байх үед олсон орлого (жишээ нь, ногдол ашиг) болон үнийн өсөлтөөс үүссэн өгөөжийг нийт хөрөнгө оруулалтын зардалд харьцуулж тооцдог үзүүлэлт юм. Тэр юу вэ? Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

Financial Times

🍋 Америк болон Украин стратегийн ашигт малтмалын 10 жилийн хугацаатай гэрээ үзэглэлээ. Ийнхүү Америк тэндхийн газрын ховор металл, ашигт малтмалыг ашиглах боломжтой болов. Украин эхэндээ энэ гэрээг “Газар нутгаа худалдаж буйтай адил” гэж байсан ч гэрээний нөхцөлд 2 улсын ЗГ тэнцүү оролцох, баялгийн эзэмшлийг Украин бүрэн хадгалах заалт тусгагдсанаар яах ч аргагүй зөвшөөрчээ.

🍋 Сэлбэ дэд төвийг барих 2 багц тендерт гаднын 14 компани үнийн санал ирүүлэв. Тодруулбал ₮373.6 тэрбумын төсөвт өртөгтэй I багцад Хятадын 9 компани, харин ₮453.4 тэрбумын төсөвт өртөгтэй II багцад мөн Хятадын 5 компани санал тавьсан байна. Гэснээс уг тендерт Монгол компаниудыг оролцуулаагүй сурагтай. 

🍋 Google (GOOG)-н Play Store өнгөрсөн жилээс эхлэн нийт апп-ийнхаа 47% буюу 1.6 сая апп-ийг устгажээ. Учир нь тэд апп бүртгэхдээ хатуу шалгалт хийдэггүй тул ийн шаардлага хангаагүй апп-уудыг олноор нь устгах хэрэг гарав. Мөн 2.36 сая апп-ийг бүртгэлгүй хоригложээ. Нөгөө талд апп бүртгэхдээ хатуу шалгалт хийдэг App Store-н апп-ийн тоо 2.5% нэмэгдэж 1.6 сая болсон байна. Гол нь тоо биш чанар шүү дээ. 

🍋 СЕХ Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын энэ оны нөхөн сонгуулийн зохион байгуулалтын тухай хэлэлцэв. Үүнд сонгуулийн автоматжуулсан системийг хянаж баталгаажуулах ажлын хэсэгт Мэдээллийн технологийн төв, ТЕГ, ЦХИХХЯ, И-Монгол академи, Үндэсний дата төв УТҮГ-ын төлөөлөл ажиллахаар тогтжээ. Мөн сонгууль зохион байгуулах хороодын дэргэд 59 төрийн албан хаагчтай мэдээллийн технологийн баг ажиллах аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.