- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Монголын нүүрс Энэтхэг рүү
🇲🇳 Монголын нүүрс Энэтхэг рүү
DeepSeek Өвөр Монголд | $ADB: ЦА 3.5 дахин нугарчээ | АМНАТ-ийг дэлхийн жишигт
POWERED BY
Өглөөний мэнд! Өчигдөр ЗГ-ын шийдвэрийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд ажлын 4 өдрийн горимд шилжлээ. Ингэснээр төрийн албан хаагчид 4 өдөр биечлэн, 1 өдөр цахимаар ажиллаж, бүтээмжээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ түгжрэлийг бууруулах аж. Одоогийн байдлаар дэлхийн 20 гаруй улс ажлын 4 өдөртэй болсон бөгөөд аль улс орнууд ийм нөхцөлөөр ажиллаж буйг мэдэх бол ЭНД дараарай. Ер нь манай лимонууд энэ шийдвэр дээр ямар бодолтой байна? 🤔


*Нэг өдрийн өөрчлөлт.
MED: Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвөөс зохион байгуулж буй ээлжит салбарын арга хэмжээ болох “Эрчим хүчний салбарын 7 хоног” эхэллээ.
UBX: Үнэт Секьюритис ҮЦК нь Улаанбаатар Үнэт Цаасны Биржийн Арилжааны гишүүн болжээ.
OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ-д нийт ₮66.2 тэрбумын болон $8.9 саяын арилжаа явагдсан байна. ₮-ийн арилжааны 46.3%-ийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлэв.
MPP: Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөр геологийн судалгаа, хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй, ил тод олгох болон зэсийн АМНАТ-ийг дэлхийн жишигт хүргэх гэхчлэн одоо байгаа хуулийн 40%-д өөрчлөлт хийхээр боловсруулжээ.

🔮 Гишүүдийн хувь заяа хэрхэх вэ?

Энэ Пүрэв гарагт олны хэл ам дагуулсан Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төслийн санал хураалт явагдана. Хэрэв энэхүү хуулийн төсөл батлагдвал олон хачирхалтай үйл явдлууд тохиох нигууртай гэж УИХ-ын гишүүд хийгээд олон судлаачид үзжээ.
🔦 Огцрох нөхцөл: Хуулийн нэмэлт өөрчлөлтөд УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцсан, ээлжит чуулганы хуралдааны 30%-иас дээшид хүрэлцэн ирээгүй, санал хураалтын 30%-иас дээшид биечлэн оролцоогүй, ёс зүйн дүрмийг ноцтой болон удаа дараа зөрчсөн бол эргүүлэн татахаар тусгагджээ.
🚫 Таслагчдын цуваа
УИХ-ын өнгөрсөн хавар намрын 3 чуулганыг таслалтаараа экс Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүлсэн ба тэрээр нийт чуулганы хуралдааны дунджаар 34.7%-д суугаагүй аж. Түүний араас 14.9%-ийн таслалттай Сангийн сайд асан Б.Жавхлан, 14.3%-ийн таслалттай ХББОС-ын сайд асан Ж.Батсуурь нар бичигдээд байна. Ажиглаад үзвэл, ихэвчлэн Засгийн газарт ажилласан гишүүд чуулганыг таслах тохиолдол олон аж.
😬 Татагдахад ойр 34: 2025 оны намрын чуулганы 36 хуралдааны ирцээс харахад өөрийн биеэр очиж оролцсон тоогоор Ерөнхийлөгчийн санаачилсан хуульд 34 гишүүн тэнцэхгүй буюу эргүүлэн татагдахаар байна. Эдгээр гишүүдийг Л.Гантөмөр, Х.Баттулга, М.Нарантуяа-Нара нар өнгөлжээ.
🗣️ Намуудын байр суурь
Өчигдөр УИХ-д суудалтай 2 томоохон нам уг хуулийг эрс шүүмжиллээ. Тухайлбал, АН-аас бүлгийн хуралдаа оролцсон 25 гишүүн бүгд энэ хуулийн төслийг үзэл баримтлалынх нь хувьд дэмжихгүйгээ мэдэгдсэн бол ХҮН-аас УИХ-ын гишүүнийг эргэн татах саналыг зорилгын хувьд дэмжих ч өргөн барьсан хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ илэрхийлжээ. Мөн өнгөрсөн 7 хоногт тус хуулийн төсөлд МАН-ын нэр бүхий гишүүд болон хэд хэдэн иргэний нийгмийн байгууллагууд эсрэг байр суурьтайгаа хэлээд амжсан.
Эцэст нь… Ерөнхийлөгчийн санаачилсан гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл батлагдвал хүмүүсийн ярьдаг парламентын дархлаа ороо бусгаа, засаглалын тогтолцоо шалдар булдар болох эрсдэлтэй байна. Одоо хэдүүлээ энэ Пүрэв гаргийн 10 цагт УИХ-ын гишүүд ямар шийдвэр гаргахыг харах л үлдлээ. 👀

🇲🇳 Нэг эмэгтэйд ногдох төрөлтийн тоо 2.6 буюу хөгжингүй орны адилаар буурах болов. (iKon)
🥦 Хөгширсөн хойноо ч ногоо сайн идэх нь зөнөхөөс сэргийлдэг. (CNN)
🛜 The Mongolz-с шалтгаалж улсын хэмжээнд интернэт сүлжээ гацаж байна. (FreezeTime)
🏀 NBA-н 2025-2026 оны улирлын Playoff-н тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо. (NBA)

🤑 $ADB: ЦА 3.5 дахин нугарчээ
ADB: Энэ оны I улиралд Ард Кредит ББСБ ХК-ийн цэвэр ашиг өмнөх оны мөн үеэс 3.5 дахин өсөж ₮579.4 саяд хүрлээ. Үүнд хүүгийн орлого 21.2% өсөж ₮6.2 тэрбумд, хүүгийн зарлага 1.3% буурч ₮3.1 тэрбумд, эрсдэлийн сангийн зардал 51.5% багасаж ₮1 тэрбумд тус тус хүрсэн нь томоохон нөлөө үзүүлжээ. Сонирхуулахад, компани 15 жилийн ойгоо тохиолдуулан 15 долоо хоногийн урамшуулал, зээлийн хэмжээг нэмэгдүүлэх, хүүгээ 1% хүртэл бууруулах гэх мэт маркетингийн компанит ажлуудыг гүйцэтгэсэн аж.

🏭 DeepSeek Өвөр Монголд дата төвтэй…

Хятадын өнөө алдарт AI хөгжүүлэгч DeepSeek анх удаа өөрийн дата төвийн байршлыг нийтэд ил болголоо.
⚖️Албаар уу, азаартав уу?
Тэд саяхан Өвөр Монголд дата төвийн инженер болон хүргэлтийн менежер гэсэн 2 ажлын байр зарласны улмаас дата төв нь Өвөр Монголд байдаг гэх хардлагад өртөөд буй. Ажлын зарын агуулга ч үүнийг бататгах мэт инженерийн орон тоо нь сервер, сүлжээний тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ, оновчлол, зохицуулалтыг хариуцах үүрэгтэй аж.
👀 Юу нь буруу байгаа юм бэ?
Уг асуудал олны анхаарлыг татаж буй гол шалтгаан нь өмнө нь Reuters DeepSeek хамгийн сүүлийн үеийн гэгдэж буй Трампын экспортын хориг тогтоосон Nvidia (NVDA)-н Blackwell line чип байж магадгүй гэх хардлагыг буцаан сэдрүүлээд байгаа. Сүүлийн жилүүдэд Өвөр Монгол ялангуяа Хөх хот болон Улаанцав орчимд Хятадын дата төвүүд эрчимтэй төвлөрөх болсон.
🎡 Тухайлбал, Хөх хотын орчимд хэд хэдэн асар том хүчин чадалтай дата төвүүд ажиллаж байгаа бол Улаанцав орчимд 10 орчим томоохон дата төв бүртгэлтэй байгаа юм. Бодит байдал дээр үүнээс ч их байх магадлалтай.
🫢 Цаашлаад, нээлттэй мэдээллүүдээс харахад зөвхөн Улаанцав хотод л гэхэд дата төвийн 17 төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулсан бөгөөд үүнээс дор хаяж дөрөв нь аль хэдийн ашиглалтад оржээ.
👉 Өсөх ирээдүйтэй бүс
Хэдий Хятадын дата төвүүд Бээжин, Шанхай, Шензэнь тэргүүтэй мужуудад төвлөрч байгаа ч Өвөр Монголын хүйтэн, сэрүүн цаг уурын онцлог, нэмээд сэргээгдэх эрчим хүчний эрчимтэй хөгжил, хямд өртөг гэхчлэн Өвөр Монгол Хятадын дата төв болох хангалттай боломжтой гэгдэж байгаа.
Эцэст нь… Өвөр Монголд дэлхийд томд тооцогдох газрын ховор элементийн уурхай байршдаг. Энэ ч утгаараа уул уурхайн автоматжуулалт, сүүлд AI-н туршилт, хэрэглээ эрчимжих хандлага ажиглагдаж буй. Магад бид ирээдүйд уул уурхай болон AI-н хослолыг Өвөр Монголоос харах ч магадлал ихэссээр.

Яагаад Apple (AAPL)-н зар сурталчилгаа дээрх бүх бүтээгдэхүүнүүд өглөөний 9 цаг 41 минутыг заадгийг мэдэх үү?

Apple
📱 2007 онд Стив Жобс анхны iPhone-г танилцуулахад түүний гартаа барьж байсан туршилтын гар утас 9 цаг 42 минутыг зааж байв. Харин 2010 онд анхны iPad-г танилцуулахад цагийг 9 цаг 41 минут болгожээ. Үүний шалтгаан нь тун энгийн. Apple-н дизайнерууд Стив Жобс тайзнаас бүтээгдэхүүнийг гаргах яг тэр мөчид слайд дахь цаг бодит цагтай таарч байхаар урьдчилан тооцдог байсан аж. Түүнээс хойш 9 цаг 41 минут нь энгийн цаг биш Apple-н түүхэн мөчийг илтгэх брэндийн бэлгэдэл болж үлджээ.


CSEP
🍋 Энэтхэг рүү коксжих нүүрсний дээж туршилтаар тээвэрлэхээр болов. Энэтхэгийн талаас өнгөрсөн оноос эхлэн Монголоос нүүрс авах саналаа хэд хэдэн удаа илэрхийлж байлаа. Энэ удаад газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийг амжилттай хэрэгжүүлэхэд Эрдэнэс Монгол нэгдэл дэмжиж ажиллах тохироогоор тээвэрлэлтээ эхлүүлэх гэж байгаа юм байна.
🍋 Нано Интернэйшнл ХХК Төв Азийн зах зээлд хөл тавилаа. Тодруулбал, компанийн 20 жилийн хамтрагч Японы алдарт Kao корпорац тэдэнд Төв Азийн бүс нутгийг хариуцсан албан ёсны дистрибьютер хийх онцгой эрхийг олгосон байна. Компани экспортын анхны орноороо Узбекистаныг сонгосон бөгөөд эхний захиалгаа амжилттай хүлээн авч, тээвэрлэлтийн шатандаа орсон аж.
🍋 Малайзын SMTrack Berhad (0169.KL) болон Монголд төвтэй зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулалтын компани Madyna Global хамтарч тусгай зориулалтын компани (SPV) байгууллаа. Гол зорилго нь Улаанбаатар хотод байрлах Z Terra Event Hall-н эзэмшигч Голд мүүн ДТТ-г худалдан авахад чиглэж буй. Тус SPV-н 90%-ийг SMTrack Berhad эзэмших бөгөөд 10%-ийг Madyna Global эзэмших аж.
🍋 Боловсролын зээлийн сангийн 2025 оны санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд нийт ₮10.6 тэрбумын зөрчил илэрчээ. Аудитын тайланд дурдагдсан хамгийн том зөрчил нь 2025-2026 оны хичээлийн жилд суралцах 258 оюутанд ₮9.3 тэрбумыг гэрээ байгуулахгүйгээр олгосон, 7 суралцагч ₮1.1 тэрбумын зээл авсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй, эргэн төлөх хуваарь хийгдээгүй зөрчлүүд байв.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply