• Lemon Press
  • Posts
  • !? Асуудал нэгээр нэмэгдлээ

!? Асуудал нэгээр нэмэгдлээ

Банк болон уул уурхайн салбарын хамаарал | GOV: Засаглал сайжрав | OT-н шинэ төхөөрөмж

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Өнөөдөр “Дэлхийн Инээмсэглэлийн Өдөр” тохиож байна. Түгжрэлтэй, утаатай Улаанбаатараа инээмсэглэлээрээ чимнэ шүү хэдүүлээ. 🤣

POL: УИХ-ын Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг боллоо.  

CHN: Канадын Засгийн газар Хятадаас оруулж ирж буй цахилгаан тээврийн хэрэгслүүдэд 100%-ийн татвар ногдуулна

MSE: Өчигдрийн арилжаагаар 17 компанийн хувьцааны ханш өсөж, 22 компанийн хувьцааны ханш буурлаа. Энэ дундаа Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн (ERDN)-ий хувьцааны үнэ хамгийн их буюу 6.75% өссөн бол Бодь Даатгал (BODI)-ынх хамгийн ихээр буурав.

 

 Банк 🤝 Уул уурхай 

“Mining Week & Mine Pro” 2024 арга хэмжээнд уул уурхайн томчуудаас гадна ОУ-ын байгууллага, банк санхүүгийн төлөөллүүд оролцож байна. Энэ дундаа Худалдаа Хөгжлийн Банк (TDB) уг арга хэмжээний Платинум спонсороор оролцож буй. Уул уурхай болон банкны салбарын хамтрал хэр өргөжиж байна вэ? 

💰 Банк: Санхүүжилтийг дэмжинэ

Банкны салбарынхны эдийн засагт нөлөө бүхий салбаруудыг дэмжсэн бизнесийн зээл олголт эрчимжиж буй. Улмаар уул уурхайн салбарт шинээр олгосон зээлийн хэмжээ энэ оны эхний хагаст жилийн өмнөхөөсөө 85.8% нэмэгдэж ₮942 тэрбумд хүрээд байна. Түүнчлэн энэ ₮942 тэрбумын зээлийн жигнэсэн дундаж хүү 16.15% байгаа нь ББЗЗ дээрх уул уурхайн компаниудын бондоос даруй 4 нэгж хувиар бага байгаа юм. 

  • 📈 TDB-н хувь нэмэр: Банкны салбар дундаа ХХБ-ны уул уурхайн салбарт олгосон зээл нийт зээлийн 40%-ийг бүрдүүлж байгаа. Энэ ч утгаараа тус банкны уул уурхай, олборлолтын салбарт олгосон зээлийн хэмжээ ₮595 тэрбумд хүрсэн аж. Түүнчлэн ХХБ ашигт малтмал, уул уурхайн салбарыг дэмжих зорилгоор 2007 онд Уул уурхайн банкны газрыг байгуулж байсан түүхтэй. 

🎲 Happy zone-н хувьд

Том зургаараа уул уурхайн салбар болон банкны салбарын харилцаа сайжрах нь гадаадын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой. Нэмээд уул уурхайн салбар өсөхийн хэрээр түүнийг дагасан бизнес, үйлчилгээний салбарууд хөгжсөнөөр банкны зээлийн эрэлт болон эдийн засгийн урсгалд эерэг нөлөө үзүүлнэ.

  • Иймд уул уурхайн салбарын банкны санхүүжилтэд томоохон хувь нэмэр оруулагч ХХБ “Mining Week & Mine Pro” 2024 арга хэмжээнд Happy zone асраа засан санхүүжилтийн бүтээгдэхүүнүүдээ танилцуулахын хажуугаар сонирхолтой хөтөлбөр гарган ажиллаж буй. 

Эцэст нь… Энэ жилийн “Mining Week & Mine Pro” арга хэмжээ илүү өргөн цар хүрээтэй болсноор уул уурхайн салбарынхныг банк, санхүү болон бусад салбарынхантай ойртуулж буй бөгөөд оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй. Олон чухал илтгэл, хэлэлцүүлэг сонсохоос гадна Happy zone гэх мэт сонирхолтой хэсгүүдээр зочлоорой. 

🅰 Засаглал сайжрав

GOV: Говь ХК компанийн засаглалын үнэлгээний тайлангаа гаргалаа. Тус компанийн засаглалын кодексийн хэрэгжилт жилийн өмнөхөөсөө 1.4 нэгж хувиар сайжирч 98.6%-д хүрчээ. Говь ХК-ийн хувьд сүүлийн 1 жилийн хугацаанд ТУЗ-ийн дэргэдэх хороод, тэдгээрийн чиг үүргийг сайжруулснаар засаглалын кодексийн хэрэгжилт нь сайжирсан байна. Хэрэв компани ТУЗ-ийн бүтэц, зохион байгуулалтын үзүүлэлтээ сайжруулбал засаглалын кодексийн хэрэгжилт нь 100%-д хүрэх нь. Сонирхуулахад, Говь ХК-ийн хувьцааны үнэ он гарсаар 7.3% унаад байна. 

🙄 Монголд лити хайж буй компанид юу тохиолдов?

Цилиндр батарейны үйлдвэрлэлээрээ алдартай Өмнөд Солонгосын Kumyang (001570.KS) Монгол дахь литийн төслийн үйлдвэрлэлийн төсөөллөө бууруулсны араас Солонгосын хөрөнгийн биржээс шалгаж эхэллээ

📰 Үйл явдал

Тодруулбал, компани Монголын уурхайн борлуулалтын таамаглалаа ₩402.4 тэрбумаас ₩6.6 тэрбум болгож, үйл ажиллагааны ашгийн төсөөллөө мөн ₩161 тэрбумаас ₩1.3 тэрбум болгон эрс бууруулаад буй. Улмаар хөрөнгө оруулагчид нь тэдний гаргасан таамаглалд цочирдож, гомдол тасрахгүй байгаа тул хөрөнгийн биржээс нь 2-3 өдрийн дотор уг мэдэгдэлдээ хариу тайлбар өгөх, үгүй бол шаардлага хангаагүй мэдээллээр хангасан гэж үзэн арга хэмжээ авах аж. 

  • 🤝 Kumyang хэрхэн Монголтой холбогдов? Компани өнгөрсөн онд Мон Лаа ХХК-ийг $60 саяар худалдан авч байсан. Ингэснээр Kumyang Мон Лаа ХХК-ийн эзэмшиж байсан Дорноговь аймгийн Хатанбулаг суман дахь Элстэйн төмрийн хүдрийн ордод литийн хайгуул хийж эхэлсэн юм. 

  • ⚒️ Элстэйн орд: Тус орд нь 360 мянган тн лити, 650 мянган тн вольфрам, 200 мянган тн молибден, 33 сая тн төмөр, 2 сая тн цайр гэхчлэн асар их нөөцтэй орд аж. Тэд Монгол дахь төслийн хүрээнд вольфрамын экспорт, боловсруулалтаас гадна литийн хайгуул, олборлолт явуулж, эцэст нь литийн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой. Гэсэн хэдий ч Монголын талаас лити боловсруулах зөвшөөрлөө хараахан аваагүй байгаа тул энэ ондоо багтаан шаардлагатай зөвшөөрлүүдээ авахаар төлөвлөжээ

Kumyang-н үндсэн бизнес бол цилиндр батарейн үйлдвэрлэл. Харин цилиндр батарейн гол түүхий эд нь лити тул Монгол болон Конгод литийн хайгуулын төсөл хэрэгжүүлж байгаа. Гэтэл гол төслөөсөө төдийлөн ашигтай ажиллахгүй гэх таамаглал гаргасан нь өнөөдрийн асуудлыг үүсгээд буй. 

🔅 Монголын литийн ирээдүй

Одоогийн байдлаар Монгол 656 мянган тн литийн нөөцтэй гэж тогтоогдсон төдийгүй хайгуулын явцад литийн 4 орд илрээд буй. Хайгуулын хувьд Канадын Ion Energy, Их Британийн Doriemus тэргүүтэй компаниуд хайгуулын ажил хийж эхнээсээ хайгуулын ажлаа дуусгаж ордуудын нөөцийг тогтоож буй. 

Эцэст нь… Лити бол Монголын чухал ашигт малтмалын жагсаалтад гол байр эзлэх элемент. Харин хайгуулын ажлууд дуусаж литийн нөөц бүрэн тогтоогдсоны дараа нөөцөө хэрхэн ашиглах, Монголд болон хөрөнгө оруулагч нарт хэр ээлтэй бодлого баримтлах зэргээс цааш, цаашдын бүтээн байгуулалт, уул уурхайн салбарын хөгжилд ихээхэн нөлөөлнө дөө. 

🕵️ Таавар таацгаая. … бол хөрөнгө оруулагчдын мөнгийг удирдахад зориулагдсан хөрөнгө оруулалтын сан. Түүний үндсэн зорилго нь бизнесийн, хөрөнгө оруулалтын, эсвэл санхүүгийн шийдвэрүүдтэй холбоотой эрсдэлийг удирдах эсвэл багасгах явдал. Тэр юу вэ?

Таасан бол хариултаа бидэнд илгээгээрэй. 😉

Solid Ground

🍋 “Оюу толгой” ХХК гүний уурхайдаа дизель хөдөлгүүрийг бүрэн орлох Sandvik TH550 батарей цахилгаан төхөөрөмж ашиглана. Тус төхөөрөмжийг ашиглаж эхэлснээр компани 2030 он хүртэлх нийт хүлэмжийн хийн ялгаруулалтаа 50% хүртэл бууруулах юм. Сонирхуулахад, уг төхөөрөмж нь 50 тн хүртэлх чулуулаг болон хүдрийг гүний уурхайгаас тээвэрлэх зориулалттай аж. 

🍋 Монгол Улс ОУЭЗХАБ-н Татварын суурийг багасгах, ашиг шилжүүлэх явдлаас урьдчилан сэргийлэх BEPS конвенцыг соёрхон баталжээ. Уг конвенц нь 950 орчим татварын гэрээний стандартуудыг хамардаг бөгөөд Монголд ирэх жилийн 1 сарын 1-ээс хэрэгжиж эхлэх юм. Гэснээс, Герман Улс BEPS конвенцын заалтыг хүчин төгөлдөр болгох дотоод журмаа дуусгасан гэнэ. 

🍋 OpenAI $6.6 тэрбумын хөрөнгө босгож $157 тэрбумын үнэлгээтэй болов. Ийнхүү тус хөрөнгө оруулалт нь бүх цаг үеийн хамгийн том венчур капиталын хэлцэл болоод буй. Гэвч OpenAI нь 2 жилийн дотор ашгийн төлөөх бүтэц рүү шилжих төлөвлөгөөгөө биелүүлэхгүй бол хөрөнгө оруулагчид мөнгөө буцааж татах эрсдэлтэй байна.

🍋 Bitwise (BITW) SEC-д XRP токены ETF гаргах хүсэлт гаргалаа. Үүний өмнөхөн тэд Биткойны болон эфериумын ETF арилжих зөвшөөрлөө авч байсан бол одоо $30 тэрбум давсан зах зээлийн үнэлгээтэй 7 дахь том криптовалют болох XRP-н ETF-н араас хөөцөлдөж байна. Сонирхуулахад, Bitwise XRP-н ETF гаргах зөвшөөрөл хүссэн анхны компани шүү.

  • 🔪 iOS 18-н сошиал апп хөгжүүлэгчдэд халтай шинэчлэлт. (NYTimes)

  • 🗃️ Gmail мэдээллүүдээ худалдан авалт, арга хэмжээ, төлөлт, аялал зэрэг хураангуй картууд үүсгэн ангилдаг болно. (TechCrunch)

  • 🔁 Euro Chamber Монголын эрчим хүчний салбар нүүрснээс нарны эрчим хүч рүү шилжих боломжийн талаар уулзалт зохион байгуулна. (EuroChamber)

  • 💭 Орост Монгол яагаад хэрэгтэй гээч. (TelanganaToday)

Reply

or to participate.