• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳🏦 Гаднын банктай болох уу?

🇲🇳🏦 Гаднын банктай болох уу?

Милан-Кортина 2026 | $BTC: Навс унав | Зардлаа нугалах $GOOG

POWERED BY

Morning! Урд хөршид маань Цагаан сар дөхсөнтэй холбоотой энэ жилийн маскот буюу бэлгэдэл дүрээр Харри Поттер киноны Драко Малфой сонгогдоод байна. Учир нь “Malfoy” нэрийг Хятад ханзаар галиглан бичихэд морь болон аз жаргал гэсэн утгатай болдог аж. Одоо Хятадад хаа сайгүй л түүний царай харагдаж байгаа сурагтай шүү.  🪄🐎

MCA: $350 саяын өртөг бүхий Мянганы сорилтын сангийн II компакт гэрээ буюу Улаанбаатар хотын усан хангамжийг нэмэгдүүлэх төсөл ирэх 3 сарын 31-нд хэрэгжиж дуусна

SWF: Чингис Хаан Үндэсний баялгийн санд өнгөрсөн онд ₮6.7 их наяд төвлөрч, энэ оны эцэс гэхэд орлого төвлөрүүлэлт ₮9.6 их наядад хүрэх төлөвтэй байна

GOV: Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо ЗГ-ын багш, эмч нарын цалинг нэмэх шийдвэрийг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг шалгуулахаар Үндсэн хуулийн цэцэд өргөдөл гаргалаа

BTC: Өчигдөр Биткойн (BTC)-н үнэ 2024 оны 11 сараас хойш анх удаа $70 мянгаас доошилж, бүх цаг үеийн дээд үнээсээ ойролцоогоор 45% унав. 

🇲🇳🏦 Гаднын банктай болох уу? 

Унгарын томоохон банк болох OTP Bank Nyurt (OTP.BD) Монгол Улсыг банкны тухай хуулийг шинэчилбэл үйл ажиллагаа явуулах хүсэлтэй байгаагаа албан ёсоор илэрхийлэв. Тус банк 2002 оноос гадагш тэлж, одоогоор Төв болон Зүүн Европ, Төв Азийн 11 оронд үйл ажиллагаа явуулж буй. 

📜 Банкны тухай 

OTP анх 1949 онд байгуулагдаж, 1995 онд Будапештын хөрөнгийн биржид бүртгэлтэй болж байжээ. Эзэмшлийн хувьд 54.9%-ийг олон улсын хөрөнгө оруулагчид, 45%-ийг дотоодын хувьцаа эзэмшигчид бүрдүүлж буй

  • 🎯 Зорилго: OTP Монголд орж ирэхийн тулд банкны тухай хуулийг стратегийн хөрөнгө оруулагч нарт ойлгомжтой, тогтвортой, хувьцаа эзэмшлийг уян хатан болгож шинэчлэхийг гол нөхцөл болгон тавиад буй. Тэгвэл уг шаардлага хэр бодитой вэ? 

🔎 Хууль тогтоомж асуудалтай юу? 

Угтаа одоог болтол Монголд гаднын банк орж ирээгүй шалтгаан нь манай улсын хөрөнгө оруулалт, бизнесийн орчин, зах зээлийн багтаамж хэт жижиг байгаатай холбоотой. Хэрэв банкны салбарт өрсөлдөөн үүсгэж, гаднын банкийг оруулж ирэхдээ монголчуудын хэрэгцээ шаардлагыг хангахуйц түвшний банкийг оруулж ирэх, мөн зохицуулалт, бодлогоороо татахаас өөр аргагүй гэсэн үг. 

  • 🪨 Том тээг: 2023 оны банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгаар банкны энгийн хувьцааны 20% буюу түүнээс дээш хувийг 1 этгээд эсвэл холбоо хамаарал бүхий этгээд хамтран эзэмших боломжгүй болсон. Одоогоор 20%-ийн шаардлагыг ганц ХасБанк (XAC) л биелүүлсэн байгаа. 

  • 🤔 Харин гаднын банкны хувьд гадаадад үйл ажиллагаа явуулахдаа хяналтын багц, стратеги, эрсдэлээ өөрөө хариуцах сонирхолтой байдаг төдийгүй үүнийгээ ч шаарддаг. Уг шаардлагыг дан ганц OTP биш, бараг бүх Tier-1, Tier-2 олон улсын банк тавьж буй.

  • 📍 Зөвшөөрөл: Одоогийн банкны тухай хуульд зааснаар гадаадын банкны салбар, төлөөлөгчийн газар байгуулахыг зөвшөөрдөг ч Монголбанкны зөвшөөрлөөс шууд хамааралтай. Дотоодын банкны хувьцааг худалдан авсан ч мөн л 20%-ийн хязгаарлалттай тулах тул үүнийг гаднын банк төдийлөн сонирхохгүй. 

Угтаа бол улстөрчид гаднын банк орж ирвэл зээлийн хүү буурна гээд байгаа. Гэвч зээлийн хүү бодлогын хүүтэйгээ уялдана. Бодлогын хүү инфляцтай уялдана. Инфляц төсвийн зарцуулалттай ч уялдана. Үндсэн шалтгааныг нь засахгүй бол 2 оронтой тоотой инфляцтай улсад хэн 1 оронтой тоотой хүүгээр зээл өгөх вэ дээ. Өрсөлдөөн үүсгэлээ ч бодит нөхцөлтэйгөө л уялдана.

Эцэст нь… Бодит байдал дээр өөрсдийн зах зээл, бодлого, зохицуулалтаа боловсронгуй болгохгүй бол гаднын банк орж ирээд гоё сайхан болох нь юу л бол. Тэглээ ч OTP банкны хувьд Узбекистанаас бусад бараг бүх улс дахь охин компаниудаа 98%–100% эзэмшдэг компани гэхээр Монголд ч энэ жишгээрээ л орж ирэхийг эрмэлзэх биз ээ. 

  • 🚆 Дараагийн Ерөнхийлөгчийн сонгуулиар өрсөлдөхөөр бэлтгэж буй нэгэн. (Ubn)

  • 🎭 Уул уурхай ба нийгмийн сэтгэл зүй. (MineProTV)

  • 🧶 Польш Эпштейний файлыг шалгаж улсаас нь хохирогч байгаа эсэхийг тогтооно. (ABCNews)

  • 🧨 Нийслэлд энэ онд газар чөлөөлөх байршлууд. (Ulaanbaatar)

📈 Зардлаа нугалах $GOOG

GOOG: Технологийн акул Alphabet-н цэвэр ашиг өнгөрсөн IV улиралд 2024 оны мөн үеэс 30% өсөж $34.5 тэрбумд хүрчээ. Үүнд зар сурталчилгааны орлого 13.5%, YouTube-н сурталчилгааны орлого 9% нэмэгдсэн нь жинтэй нөлөө үзүүлсэн аж. Гэвч $GOOG 2026 онд хөрөнгө оруулалтын зардлаа 2 дахин ихэсгэж, $175–185 тэрбумыг зарцуулахаар төлөвлөж байгаа нь хөрөнгө оруулагчдын санааг зовоож байна. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 2.2% унаж $333.3 дээр хаагджээ.

🎿 Өвлийн олимп эхэллээ!

Өнөө шөнө хүн төрөлхтний эв нэгдлийн бэлэг тэмдгийг илэрхийлэгч Өвлийн олимпын XXV наадмын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа тохиож байна. Тэгвэл одоо энэ удаагийн олимпын наадмын талаарх сонирхолтой мэдээллийг хүргэе. 

🇮🇹 Милан-Кортина 2026

Дэлхийн 93 улсын 3,500 гаруй тамирчин оролцох Өвлийн олимпын XXV наадам Италийн Милан болон Кортина хотноо 2-р сарын 5-аас эхлэн 22-ныг хүртэл үргэлжлэх хуваарьтай байна. Ингэхдээ Италийн хойд хэсэгт буюу Альпийн уулархаг бүс нутгаар зохион байгуулагдах ба улс орнуудын тамирчид 6 хотод байрлах аж.

  • 💸 Өртөг тооцоо: Энэ олимпын наадмыг ойролцоогоор $6.2 тэрбумаар хийхээр төлөвлөжээ. Үүний $4.2 тэрбумыг наадмын дэд бүтцэд зориулж Италийн төрөөс гаргах бол үлдсэн $2 тэрбумыг хувийн хэвшлийн санхүүжилтээр шийдсэн аж. Том зургаар, энэхүү олимпын наадам нь нийт өртгөөрөө 3-т буюу 2018 оны Пёнчаны олимпын наадмын ард бичигджээ.

🇲🇳 Талын хөх чононууд

Монголчууд хамгийн анх 1964 онд Австрийн Инсбрук хотноо зохиогдсон Өвлийн олимпын IX наадамд оролцсон түүхтэй. Үүнээс хойш хугацаанд 1976 оны олимпоос бусад бүх наадамд авхаалж самбаагаа зорьсон бөгөөд энэ удаагийн наадамд Монголоос 3 тамирчин гүйлтийн цана болон уулын цанын төрлөөр оролцоно.

  • 🧤 Ганган хувцас: Саяхан Милан хотод олимпд оролцож буй улсуудаас шигшмэл байдлаар 17 орны тамирчдын хувцсыг танилцуулах арга хэмжээ болоод амжлаа. Энэ үеэр алдарт Emporio Armani, Adidas, Ralph Lauren зэрэг томоохон брэндүүдтэй зэрэгцэн Монголын багийн хувцас загварын тайзнаа гарсан ба Гоёл кашмерын урласан тус хувцас нь цахим ертөнцийг шуугиулж, олон нийтэд ихээхэн таалагдаад байна. 

Эцэст нь… Манай тамирчдаас Э.Ариунтунгалаг, Б.Ачбадрах нар цанын богино зайн төрөлд ирэх 10-ны өдөр өрсөлдөх бол А.Ариунбатын хувьд 2-р сарын 16-ны өдөр уулын цанын слалом төрөлд хурд, хүчээ сорьно. Тамирчиддаа тэмцээнд нь өндөр амжилт хүсье. ⭐️ 

💡 Таавар таацгаая. 

… нь алдартай цуврал киноны гол дүр амьдарч буйгаар гардаг байшин бөгөөд цувралын нэр хүндийн ачаар байшинг өдөрт 300-аас дээш жуулчин үзэхээр ирдэг болжээ. Улмаар байшингийн эзэд тус байшинг музей болгон ашиглах боломжтой гэсэн тооцооллоор $4 саяар худалдаанд гаргасан боловч орон нутгийн эрх баригчид зөвшөөрөөгүй тул үнэлгээ нь 10 дахин унажээ. Энэ ямар цувралын байшин бэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. 

Жич: Байшин Альбукерке хотод байрладаг. 🗺️

💞🎤 Төгс болзоог амьд тоглолттой

Догдлон хүлээж байна уу? 🙂‍↔️ Хэрэв Валентины баяраа хэрхэн тэмдэглэхээ төлөвлөөгүй байгаа бол анхаарлаа нааш. 📢

Тус баярыг тохиолдуулан уран бүтээлч Чойжоо амьд хөгжим, оркестр хосолсон “Unplugged” бие даасан тоглолтоо толилуулах гэж буй. Тоглолтод хосоороо, хонгор андуудтайгаа, бүр ганцаараа ирсэн ч  тохиромжтой гэдгээрээ онцлог:

  • 💃 Ганц бие байсан ч Оk: Тоглолтоос өмнө Dately болзооны шоу, Quiz Night тэргүүтэй ганц бие залуус хоорондоо танилцах үйл ажиллагаануудыг багтааснаараа онцлог. Цаашлаад тоглолтын дараа бүх үзэгчид Cante клубт үнэ төлбөргүй нэвтрэх эрхтэй гэсэн шүү.

  • 💏 Харин дурлалын шувуухайнууддаа зориулаад бейкэри, ресторан, тоглоомын машин, шоколадны урлан, хосоороо канва бүтээх гэхчлэн маш олон үйл ажиллагаа, орчин нөхцөлийг бүрдүүлж өгөх нь.

Гэснээс тоглолтын зочин уран бүтээлчдээр дуучин Michelle, Хонх хамтлаг ирнэ гэсэн шүү. Фенүүд нь яараарай! 

📍 Хаана: AIC Steppe Arena

Asiana Times

🍋 TSMC (TSM) Японы Кумамото дахь үйлдвэртээ ¥2.6 их наядын хөрөнгө оруулна. Хөрөнгө оруулалтаар үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж хамгийн сүүлийн үеийн, “AI-н гол тархи” болсон 3 нанометр чип үйлдвэрлэх бөгөөд тус төрлийн чипийг компани одоогоор зөвхөн Тайванд үйлдвэрлэдэг. Японоос гадна Америк 2027 оноос 3 нанометр чип үйлдвэрлэж эхлэхээр зэхэж буй. 

🍋 Монгол, Өмнөд Солонгосын нийт худалдааны хэмжээ сүүлийн 5 жилд 2 дахин нэмэгджээ. Тодруулбал, нийт худалдааны эргэлт 2020 онд $291.7 сая байсан бол жил бүр дунджаар 15% өссөөр өнгөрсөн жил $693 саяд хүрсэн байна. Тэгвэл худалдааны эргэлтийн 95%-ийг Өмнөд Солонгосын экспорт бүрдүүлж буй. Мөн тус улсын 774 компани Монголд $1.1 тэрбумын хөрөнгө оруулан, үйл ажиллагаа явуулж байгаа аж.

🍋 Монголын ЗГ “The Asset Triple A Awards”-с “Best deals” шагнал хүртжээ. Энэ нь жил бүр Азийн санхүүгийн салбарын шилдэг хэлцлүүдэд олгодог шагнал бөгөөд Монголоос гадна Камбож, Лаос, Мьянмар, Шри Ланка тус төрөлд шалгарсан байна. Монголын хувьд тус шагналыг хүртэхэд 2025 оны 2-р сард “Сенчири IV” төслийн хүрээнд 5 жилийн хугацаатай $500 саяын бондыг 6.625%-ийн хүүтэйгээр арилжаалсан хэлцэл шалгарсан гэнэ.

🍋 Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар Өмнөд Солонгосын Pineco компанитай санамж бичиг үзэглэв. Энэ хүрээнд талууд Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор гэр хорооллын айл, өрхийн гэр, байшин сууцны дулаалгыг сайжруулах төсөл хэрэгжүүлэх нь. Тус компани нь 2021 онд байгуулагдсан бөгөөд эрчим хүчний үр ашиг сайтай, байгальд ээлтэй барилгын технологи бий болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.