• Lemon Press
  • Posts
  • 🇲🇳 Улаанбаатар Арена айсуй

🇲🇳 Улаанбаатар Арена айсуй

Галзуу технологи | Тэтгэвэр хүрч байгаа юу? | Ford-н онцгой амжилт

POWERED BY

Өглөөний мэнд! Энэ жил Их Монгол Улсын 820 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ЗГ-аас ойг тэмдэглэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталжээ. Тэгэхээр энэ жилийн 1,024 бөхийн барилдаанд хэн түрүүлэх нь тун сонирхолтой. 810 жилийн ой тохиосон 2016 онд Улсын аварга Ч.Санжаадамба 10 давж, аварга цолоо авсан түүхтэй билээ. 🇲🇳 

*Нэг өдрийн өөрчлөлт.

GOV: ЭМД-ын даатгуулагчийн сард төлөх шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4%, үүнээс ажил олгогч 2%, ажилтан 2% байхаар тогтоов.

FE: Төмрийн хүдрийн үнэ нэг тн нь $108-ыг давснаар 2025 оны 2-р сараас хойших дээд түвшиндээ хүрчээ

GCA: Гаалийн Ерөнхий Газрын даргаар 2020-2025 онуудад Сонгуулийн Ерөнхий Хороог удирдаж байсан П.Дэлгэрнаранг томиллоо.

💭 Нэм, нэм бас дахин нэм

Энэ сарын 1-нээс ахмад настны тэтгэврийн хэмжээ ₮80 мянгаар нэмэгдсэн. Гэвч ахмадууд 2026 онд тэтгэврийн доод хэмжээг 50% нэмэгдүүлэхийг шаардаж байгаа аж. Ер нь бидний нөхцөл байдал ямар байгаа вэ? 

🤔 Жил бүр өсдөг 

Сүүлийн 6 жилд сарын дундаж тэтгэвэр 121.6%, нийт зарцуулалт 207.6% өссөн. Өөрөөр хэлбэл, нэг ахмадын сарын тэтгэвэр жилд дунджаар ₮72 мянгаар өссөн хэрэг. Нөгөө талд ахмадын тэтгэвэр авагчдын тоо ч сүүлийн 6 жилд дунджаар 20 мянгаар нэмэгдсэн байна. Улмаар тэтгэвэрт зарцуулах нийт дүн нэмэгдсээр энэ онд ₮5 их наяд болох нь.

📌 Тэтгэвэр хүрч байгаа юу? 

Нэг талдаа ахмадын тэтгэвэр нэмэгдэж байгаа юм шиг хэр нь тэтгэвэр барьцаалсан зээлийн дүн өссөөр. Бүх төрлийн тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл өнгөрсөн оны III улирлын байдлаар жилийн өмнөхөөсөө 42.2% өсөж ₮2.3 их наядад хүрсэн байна. Үүний дийлэнх хэсгийг ахмадын тэтгэврийн зээл бүрдүүлж буй. Өөрөөр хэлбэл, зээлийн үлдэгдлийн хэмжээ жилээс жилд рекорд тогтоосоор 2025 онд анх удаа 1 биш ₮2 их наядад хүрчхээд байгаа нь энэ. 

🔍 Еэвэнгийн нөгөө тал

Нөгөө талд тэтгэврийг нь боломжит хэмжээгээр өсгөчхөж болохгүй юу гэдэг асуудал бий. Энэ утгаараа ахмадууд ч төсөвтөө тодотгол хийж тэтгэврийг минь 50% нэмэгдүүл гэж шаардаж буй. Гэтэл тэтгэврийг ногдуулж буй нийгмийн даатгалын сан нь тогтмол алдагдалтай ажилладаг буюу нэмж зарцуулалт гаргах боломжгүй. Өнгөрсөн оны 11-р сарын байдлаар л гэхэд улсын төсвөөс ₮1.3 их наядыг уг санд хуваарилсан ч ₮747 тэрбумын алдагдал хүлээсэн

  • 💀 Бүр дор: Тэтгэврийн даатгалын сан бол бүр ₮1.1 их наядын алдагдалтай ажиллаж. Тэгэхээр улсын төсвөөс уг сан руу хуваарилах төсвийг нэмэгдүүлж байж л тэтгэврийг дахин нэмэх боломжтой гэсэн үг. 

Эцэст нь… Цаашид ахмад настны тэтгэвэр авагчдын жилийн өсөлт улам бүр нэмэгдэнэ. 2019 онд 14.5 мянгаар нэмэгдсэн бол 2024 онд 31.5 мянгаар нэмэгдсэн байх жишээний. Энэ трэндээр бол 2028 он гэхэд тэтгэвэр авагчдын тоо 500 мянгад хүрнэ. Тэр үед НДС, тэтгэврийн сангийн нөхцөл байдалтай байх вэ? Өнөө реформ хийнэ гэж шуугьж байсан шуум ч дарагдлаа даа. 

  • 🤳 Xiaomi-г олны анхаарлын төвд авчирсан селфи. (TheKoreaTimes)

  • 🩱 Тураах бүтээгдэхүүний зах зээлд шинэ тоглогч мэндэллээ. (Independent)

  • 🧩 Lego-н шинэхэн бүтээгдэхүүн Технологийн мэргэжилтнүүдийн зэмлэлийг хүртэв. (BBC)

  • 🗣️ 1,072 хувьцааны ногдол ашгийн талаарх сураг ажиг. (Ikon)

🚘 Ford-н онцгой амжилт

F: Автомашин үйлдвэрлэгч Ford-н Америк дахь борлуулалт 2025 онд мөн үеэс 6% өсөж 2.2 саяд хүрчээ. Энэ нь 2019 оноос хойших хамгийн сайн үзүүлэлт болсон бөгөөд үүнд IV улирлын борлуулалт мөн үеэс 2.7% нэмэгдэж 545.2 мянгад хүрсэн нь голлон нөлөөлөв. Ингэснээр Ford борлуулалтаараа Америкийн зах зээлд Toyota (TM) болон General Motors (GM)-н дараа 3-т бичигдэж байна. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 2.5% өсөж $13.8-т хүрсэн аж.

💥 Галзуу технологийн нээлтүүд

Энэ долоо хоногт 1960-аад оноос эхлэн шинэхэн технологи, цахилгаан бараануудыг танилцуулж ирсэн 56 дахь удаагийн CES буюу Consumer Electronics Show Америкийн Лас Вегаст хотноо зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнгээр ямар технологиуд хүмүүсийн хорхойг хөдөлгөж буйг харцгаая.

🌊 AI-н дайвалгаа

Технологийн нээлтүүд дундаас юун түрүүнд AI-г дурдахгүй бол алдас болох биз ээ. CES 2026 дээр NVIDIA (NVDA) дараагийн үеийн 6 чипээс бүрдэх, AI супер компьютерыг бүтээх зориулалттай Nvidia Rubin платформыг танилцууллаа. Nvidia Rubin нь AI системүүдийг ажиллуулах, аюулгүй байлгах шинэ стандартыг тогтоох бөгөөд AI-тай холбоотой зардлыг хамгийн бага түвшинд байлгах зорилготой аж.

  • 🔮 Алсын хараа: Үүнээс гадна Samsung Electronics (005930.KS) ирээдүйн AI-д суурилсан алсын хараагаа танилцуулж, хэрэглэгчийн дуу хоолойгоор ажиллах Vision AI Companion-г нэвтрүүлэхээ мэдэгджээ.

Онцгой бөгөөд содон

Технологийн хорхойтнуудын харцыг булаах CES 2026-н үеэр Hyundai Motor (005380.KS) 2028 оноос эхлэн Америкийн зах зээлд хүнтэй төстэй Atlas роботыг үйлдвэрүүддээ ашиглаж эхлэхээ зарлалаа. Хүнтэй адил өндөртэй, 50 хүртэлх кг ачааг өргөх чадалтай Atlas робот нь эхний ээлжид эд анги бэлтгэх аж. Үүнээс өөр ямар технологиуд олны анхаарал татаж буйг харвал, 

  • 🧠 Ухаалаг блок: Дэлхийн алдарт тоглоом үйлдвэрлэгч Lego 2x4 хэмжээтэй блок дотор NFC технологийг шингээсэн SMART Brick бүтээгдэхүүнээ танилцуулав. Бүтээгдэхүүний урьдчилсан захиалга маргааш эхлэх бол олон улсад худалдаанд 3 сарын 1-нээс гарах гэнэ.  

  • 🚕 Дэлхийн роботакси: EV үйлдвэрлэгч Lucid, автомат жолоодлогын технологийн Nuro болон Uber (UBER) нар хамтран Lucid Gravity SUV-д суурилсан роботакси загварыг ил болгов.

  • 🕶️ Догь нүдний шил: ASUS (2357.TW)-н зүгээс ROG XREAL R1 буюу дэлхийн анхны 240 Hz micro-OLED дэлгэцтэй тоглоомын зориулалттай нүдний шилийг танилцуулжээ.

Эцэст нь… CES 2026 нь маргааш буюу 1 сарын 9-нд өндөрлөнө. Манай лимонуудад аль технологийн нээлт нь таалагдав? Алийг нь худалдан авах сонирхолтой байна? 😎

25 жил 
Дэлхий даяар сүүлийн 25 жилд хувьцааны үнэ нь <100 мянга гаруй % өссөн 3 компани байна. 
189,597.4%
Тэдгээрийг Monster Beverage Corporation (MNST) тэргүүлж байгаа бөгөөд хувьцааны үнэ нь мөн хугацаанд 189,597.4% өсжээ. 
1.19 дахин 
Түүний араас Nvidia (NVDA)-н хувьцааны үнэ 136,572.09%, Apple (AAPL)-нх 102,213.01% өссөнөөр удаалжээ. Тэр дундаа Apple-н хувьцааны бодит өгөөж 1.19 дахин илүү байна даа.

Tekedia

🍋 Хиймэл оюун ухааны салбараас өнгөрсөн онд 50 гаруй $-ын тэрбумтан төрөн гарчээ. Тэднээс онцолбол, 2025 оны эхээр Claude AI-г хөгжүүлэгч Anthropic 3.5 тэрбумыг босгож $61.5 тэрбумын үнэлгээнд хүрснээр хамтран үүсгэн байгуулагч 7 эрхэм тэрбумтны эгнээнд шилжсэн билээ. Мөн нийт шинээр төрөн гарсан тэрбумтнуудаас Surge AI-н Гүйцэтгэх захирал Эдвин Чен хамгийн их буюу $18 тэрбумын хөрөнгөтэй болсон байна. 

🍋 “Улаанбаатар Арена” төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Төслийг Шунхлай Холдинг компани санаачилсан бөгөөд төсөл хэрэгжсэнээр жил бүр $15-$26 саяын орлого олох эдийн засгийн тооцоо гарчээ. Тэгвэл хувийн хэвшлийн зүгээс “Улаанбаатар Арена” төслийг хэрэгжүүлэхэд нийт $74 саяын хөрөнгө оруулалтыг бүрэн хариуцах аж.

🍋 Венесуэл Америк руу $2 тэрбумын газрын тос экспортлох хэлэлцээр байгууллаа. Хэлэлцээрийн хүрээнд Америкийн боомтууд руу 30-50 сая баррель газрын тос зах зээлийн үнээр экспортлох бөгөөд орлогын хяналтыг Америкийн ЗГ хэрэгжүүлэх юм гэнэ. Хүчний тэнцвэр Америкийн талд илт төвлөрсөн энэ загварт Америкийн газрын тосны экспортын хоригт өртсөн бусад орнууд ч мөн өртөх магадлалтай юм.

🍋 Зочлох үйлчилгээний байгууллагын “од”-ны зэрэглэл тогтоох журмыг шинэчлэн батлав. 2002 онд батлагдсан хуучин журмын хүрээнд дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад ангилал зэрэглэл тогтоодог байсан бол журмын шинэчлэлээр аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазуудад ангилал зэрэглэл тогтоодог болжээ.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.