🤑 ББСБ-ын түүхэн жил

Цаг агаар ба эдийн засаг | НА үргэлжилсээр | 26 жилийн дараах огцом уналт

POWERED BY

Morning! Өвлийн хүйтэн биднийг орхин одох болоогүй гэдгээ өнөөдрийн цаг агаараар баталж буй бололтой. Учир нь өнөөдөр Улаанбаатарт өдөртөө -16°C, шөнөдөө -21°C хэмийн хүйтэн хонох төлөвтэй байна. Тиймээс ханиад томуу тусахаас сэргийлж, дулаан хувцсаа өмсөхөө мартуузай. 🧤

MSE: Жуулчин Дюти Фрий ХК (SUL) 2025 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд ₮4,280, Баянтээг ХК (BTG) ₮3,960, Мах Импекс ХК (MMX) ₮100, Хөвсгөл Хүнс ХК (HVL) ₮30-ийг ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэлээ.  

MNG: Батлагдаад 2 сар өнгөрч буй 2026 оны нийслэлийн төсвийг ₮1 их наяд гаруй дүнгээр нэмэгдүүлж, ₮5.4 их наядад хүргэхээр тооцжээ.

UB: Нийслэл ₮8.9 тэрбумын өртөг бүхий Ерөнхий боловсролын сургуулиудыг сүүгээр хангах төсөлд нэмж ₮5 тэрбумыг зарцуулна.

🤑 ББСБ-ын түүхэн жил

Улиран өнгөрсөн 2025 он ББСБ-уудын хувьд түүхэн гэмээр жил байжээ. Энэ өсөлтийг дагаад эрсдэл ч нэмэгдсэн харагдав. Анхаарлаа нааш нь. Маш сонирхолтой тайлан хуваалцъя. 

🚀 Хөрөнгө ₮9.1 их наяд

Өнгөрсөн онд 575 ББСБ-ын удирдаж буй нийт хөрөнгө өмнөх оноосоо 27.4% өсөж ₮9.1 их наяд буюу нэрлэсэн ДНБ-ий 10.1%-тай тэнцэхүйц хэмжээнд хүрсэн байна. Уг салбарын нийт хөрөнгө тэртээ 2016 онд ₮787.2 тэрбум буюу ДНБ-ий 3.3%-тай тэнцэхүйц хэмжээнд хэлбэлздэг байв. Өөрөөр бол 11 жилийн дотор 11.6 дахин өсжээ.    

🔻 Харилцагч буурсан ч зээлдэгч нэмэгдэв

Хэдий ББСБ-уудын нийт харилцагчийн тоо 23.9% буурч давхардсан тоогоор 4.1 саяд хүрсэн ч зээл авагсдын тоо 36.6% өсөж 3.2 сая, нийт зээлийн хэмжээ 25.5% өсөж ₮7.2 их наядад хүрээд буй. Энэ нь мэдээж тэдний орлогыг 50% өсгөж ₮2.7 их наядад хүргэж. Улмаар цэвэр ашиг ч 35.6% дээшилж ₮946.1 тэрбумд хүрсэн гэхээр ашигт ажиллагаа тун боломжийн буюу 35%.

  • 😵 Чанаргүй зээл огцом өсөв: ББСБ-уудын зээлийн хэмжээ жилийн дотор бараг ₮1.5 их наядаар нэмэгдсэнтэй холбоотойгоор 2020 оноос хойш тасралтгүй 8%-иас доош түвшинд хэлбэлзэж явсан чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь тус онд 8.4%-д хүрч, жилийн дотор 2.3 нэгж хувиар огцом нэмэгджээ. 

  • 💴💵 Өнгөлөг, мөнгөлөг сагс: Цаашлаад, ББСБ-уудын нийт орлогын 97%-иас дээш хувийг бүрдүүлж ирсэн хүүгийн орлого анх удаа 88%-руу буурч, хүүгийн бус орлого 10%-д хүрчээ. 

🤔 Том дүнтэй зээлдэгчид нэмэгдсэн үү? 

Гэснээс тухайн онд 1 зээлдэгчийн дундаж зээлийн хэмжээ 8% буурч ₮2.3 сая болсон. Зээл авагчдын тоо нэлээд өссөн тул дундаж хэмжээ буурсан буюу жижиг дүнтэй зээлүүдийн эзлэх хувь нэмэгдсэн байж болзошгүй.

  • 🪢 Бодлогын өөрчлөлт нөлөө: Санаж байгаа бол өнгөрсөн жилийн 3-р сард СЗХ ББСБ-ын өр, орлогын дээд хязгаарыг 70%-иас 60% болгож бууруулсан. Энэ жил 55% болгон бүр ч чангалсан. Тэгэхээр орлого багатай, аль хэдийн зээлтэй хүмүүс ахин зээл авах боломжгүй болж байна л гэсэн үг. 

Ер нь л банк бус санхүүгийн салбар эрчимтэй тэлж, жил ирэх тусам түүхэн дээд үзүүлэлтүүдээ эвдэж байгаа. Ирэх жил цэвэр ашиг нь ₮1 их наядыг давах ч магадлалтай л харагдаж байна даа. Юутай ч ойрын жилүүдэд зохицуулалтын орчин хэрэглээний зээл бус бизнесийн зээлийг нэмэгдүүлэх чиглэлд түлхүү анхаарах төлөвтэй байгаа. Ямар үр дүн гарах бол? 

  • 💡 Хөрөнгө оруулалтыг татах нь… (Untie)

  • 🌀 Meta-н платформууд донтуулдаг байдлаар төлөвлөгдсөн үү? (CNN)

  • 🙄 AI ч гэсэн хүн шүү дээ. (Techspot)

  • 🪪 Ирэх сараас шахмал түлш авахдаа иргэний үнэмлэхээ ашигладаг болно. (Ulaanbaatar)

📉 26 жилийн дараах огцом уналт

IBM: Өнгөрөгч Даваа гарагт IBM-н нэгж хувьцааны үнэ огцом 13% унаж $223.3-т хүрснээр 2000 оны 10-р сараас хойших хамгийн тааруу нэг өдрийн гүйцэтгэлээ үзүүллээ. Үүнд Anthropic-н Claude Code IBM-н бизнесийн томоохон хэсэг бүрдүүлэгч COBOL системийг илүү автоматжуулах боломжтой гэх мэдэгдэл хүчтэй нөлөөлжээ. Сонирхуулахад, Америкийн ATM гүйлгээний 95% нь COBOL дээр суурилдаг ба хэрэв Claude Code энэ зах зээлд амжилттай нэвтэрвэл зардлыг бодитой бууруулах боломжтой аж.

🌧️ Цаг агаар ба эдийн засаг

Саяхан болж өнгөрсөн "Милан-Кортина 2026" өвлийн олимпоос Норвеги 18 алтан медаль халаасалж, 92 орныг амжилтаараа тэргүүлсэн. Ердөө 5.7 сая хүнтэй хэр нь ДНБ-д ногдох медалийн тоогоор ч 1-т жагсаад буй тэдний амжилтын ард олон хүчин зүйл байгаа ч цаг агаар, температур бол MVP. 

  • 🥇 Амжилт цаана: Өвлийн олимп нь цаг агаар тухайн улсын эдийн засаг, бүтээмжид хэрхэн нөлөөлдгийг хэмжиж болох нэгээхэн жишээ. Өвлийн олимпод өндөр хөгжилтэй орнууд медалийн тоогоор тэргүүлсээр ирсэн ч зүгээр нэг тохиолдол биш. 

🔻 Тэнгэр, хангайн жатга

Судалгаанаас үзэхэд, тухайн улсын дундаж температур 1°C нэмэгдэхэд нэг хүнд ногдох ДНБ 8.5%-иар буурдаг. Түүнчлэн дундаж температур 27ºC-аас дээш +1ºC нэмэгдэх тутам үйлдвэрлэлтэй холбоотой хөдөлмөрийн бүтээмж 4% багасдаг аж. Үүнээс яагаад ихэнх дулаан орнууд буурай хөгжилтэй байгааг харж болмоор. Мөн чийглэг уур амьсгал нь эрүүл мэнд болон хөдөлмөрийн бүтээмжид сөргөөр нөлөөлдөг байх нь. Улс орнууд өөрийн чийглэг сул талыг AC-р шийдэж, бүтээмжээ өсгөх арга хэмжээ авсан туршлага цөөнгүй. 

  • 🇸🇬 Бодит жишээ: Дийлэнх монголчууд тарни мэт уншсан  “Сингапурын хөгжлийн нууц” номын гол баатар Ерөнхий сайд асан Ли Куан Ю нь ажлаа авсны дараахан AC-г Сингапур даяар нэвтрүүлэхэд анхаарч ажилласан аж. Түүний энэ шийдвэрээс өмнө Сингапурчууд үүрийн жингээр эсвэл үдшийн бүрийгээр л ажлаа амжуулдаг буюу бусад цаг нь тэр хэмжээнд ажиллах аргагүй халуун байсан аж.

🇲🇳 Манай нөхцөлд

2025 оны жилийн агаарын дундаж температур 1.6°C байсан нь 1961-1990 оны дунджаас 2.23°C-аар дулаан буюу 1940 оноос хойш ажиглагдсан 6 дахь дулаан жил болж өнгөрчээ. Үүнийг дагаад цаг агаарын эрс тэс үзэгдлүүд тохиох нь элбэг болоод байна. Эергээр харвал, манай дундаж температур нэмэгдэх нь ажиллахад таатай орчныг бүрдүүлж болох талтай л юм. 😬

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

Иргэн цалинтай ээжийн ₮50 мянгыг 10 дахин нэмэгдүүлэх өргөдөл гаргаж, олон нийтийн саналыг авч буй сурагтай. Өргөдлийг байршуулсан цагаас 20 хоногийн дотор нийт 167 гарын үсэг цугларчээ. Энэ тал дээр таны байр суурь?

Login or Subscribe to participate in polls.

📶♾️ Утас аваад жилийн турш дататай 

Hey! Гар утсаа шинэчлэх бодолтой байгаа бол анхаарлаа нааш! Unitel тун дажгүй нөхцөлтэй гар утасны урамшуулал зарлажээ. 👀📢

Урамшууллын хүрээнд Unitel-н салбарууд болон Toki апп-аас гар утас худалдан авсан хүн бүрд үнийн дүнгээс шалтгаалан бүтэн жилийн турш хэрэглэх дата бэлэглэх нь.

  • 📲 Сар бүр дататай: ₮1 саяас дээш шаталсан үнээр гар утас худалдан аваад сарын турш ашиглах 3GB-30GB хүртэлх дата бэлгэнд авах боломжтой. Ингэснээр та жилд 36GB-360GB хүртэлх датаг бэлгэнд авах нь ээ. 

  • 💡 Сонирхуулахад, Монголчуудын сарын дундаж дата хэрэглээ 2024 онд 15.9 GB-д хүрч байж. Тэгвэл Unitel-с ₮3.2 саяас дээш үнээр гар утас худалдан аваад сар бүр үүнээс 2 дахин их буюу 30GB дата бэлгэнд авах нь байна шүү дээ. 

Мэдээж гар утасны брэндийн хувьд Samsung, Apple, Huawei тэргүүтэй өргөн сонголттой гэсэн шүү.

📆 Урамшуулал үргэлжлэх хугацаа: 3 сарын 5 хүртэл

Fortune

🍋 Anthropic $6 тэрбумын хувьцааны хоёрдогч зах зээлийн арилжаа эхлүүллээ. Үүгээр компани дор хаяж сүүлийн 12 сарын турш компанид ажилласан болон өмнө нь ажиллаж байсан ажилтнууд $350 тэрбумын зах зээлийн үнэлгээгээр хувьцаагаа зарах боломж олгож буй. Тэдний өрсөлдөгч OpenAI ч энэ төрлийн арилжааг тогтмол хийдэг бөгөөд өнгөрсөн жил $500 тэрбумын үнэлгээгээр $6.6 тэрбумын хувьцаагаа зарсан билээ.

🍋 Монгол, Өмнөд Солонгос иргэдийн виз мэдүүлэх болон зорчих нөхцөлийг хөнгөвчлөх арга хэмжээ хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд талууд “Immigration dialogue”-г нэвтрүүлэх бөгөөд Монголын талаас визийн хянан шалгах үйл явцыг хялбаршуулах, эрүүл мэндийн аяллын визийн нөхцөлийг хөнгөвчлөх санал тавьжээ. Харин Өмнөд Солонгос тус улсад хууль бусаар оршин сууж буй Монгол иргэдийн тоог бууруулах тал дээр анхаарахыг хүссэн байна. 

🍋 JPMorgan (JPM) энэ онд технологийн хөгжүүлэлтэнд $20 тэрбумыг зарцуулахаар төлөвлөжээ. Энэ нь өнгөрсөн оноос ойролцоогоор 10% өссөн дүн бөгөөд ихэнх хөрөнгө оруулалтыг AI төслүүд рүү ам.доллараар цутгах аж. JPMorgan-н хувьд технологидоо их зардлаар анхаарч буй ганц банк биш бөгөөд Bank of America (BAC) ч энэ онд технологид ойролцоогоор $14 тэрбумыг зарцуулах нь. 

🍋 ГИХГ олон улсын болон гаднын 6 ТББ-ын салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болгов. Үүнд Оросын “Силквей Ралли”, Чехийн “Caritas Czech Republic”, Америкийн “Ла Миссион дэ Жуа” багтсан бол үлдсэн тэн хагас нь “Рафаэл интернэйшнл” тэргүүтэй Өмнөд Солонгост төвтэй компаниуд аж. Одоогоор Монголд ОУ-ын болон гаднын 70 ТББ-ын салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа явуулдаг. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.