• Lemon Press
  • Posts
  • 🐏 Ноолуур моодонд оров

🐏 Ноолуур моодонд оров

Мөнгөний моод | Монгол коксон шахмал түлш үйлдвэрлэнэ | Өмнөговь бонд

POWERED BY

Өглөөний мэнд! Төр засаг түгжрэл, агаарын бохирдлыг иргэдийн оролцоотой шийдэхээр нийслэлийн иргэн бүрийг оноожуулахаар судалж эхэлжээ. Яах вэ гэхээр та түгжрэлийг бууруулахад хувь нэмэр оруулж автобус, дугуйгаар зорчвол оноо авах аж. Мөн зүгээр алхсан ч оноо авах гэнэ шүү. Уншигч та хоёр зээрдээрээ хорооллоос хотын төв ороход овоо хэдэн оноо цуглуулах нь лавтай бололтой. 🥸🚶🏻

*Нэг өдрийн өөрчлөлт.

UB: Багахангай-Хөшигийн хөндий хүртэлх төмөр замын барилга угсралтын ажил 90%-тай үргэлжилж байна.

MSE: Монголын Хөрөнгийн Бирж ХК (MSE) “Өмнөговь бонд” өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлдээ бүртгэжээ

ONH: Өндөрхаан ХК (ONH)-ийн ТУЗ Ард Даатгал ХК (AIC)-тай ₮380 саяын авлагын гэрээ байгуулахыг зөвшөөрчээ.

🐏 Ноолуур моодонд оров 

Өнгөрсөн жил бид $15.7 тэрбумтай тэнцэх бүтээгдэхүүн экспортолжээ. Мэдээж экспортын орлогын дийлэнхийг түүхий эд бүрдүүлж буй. Тэгвэл сүүлийн хэдэн жилийн трэндээс сонирхолтой анализ хийе. 

🫗 Жилээс жил нэмэгдэх хэдэн сая тн

Өнгөрсөн онд Монгол Улс бараг л 90 сая тн нүүрс экспортолж. Тодруулбал, чулуун нүүрсний экспорт 4.4 сая тн-оор өссөн байна. Харин үнийн дүн нь $3 тэрбумаар буурчээ хөөрхий. Хилийн дундаж үнэ нь $41.1-оор багассан хэрэг. Мэдээж энэ бүгдийг 100% Хятад руу гаргасан байна.

  • 🎭 Эсрэг дүр: Харин зэсийн хувьд сайшаалтай. Зэсийн баяжмалын экспорт жилийн өмнөхөөсөө 586.5 мянган тн-оор өссөн. Үнийн дүнгийн хувьд хилийн дундаж үнэ $587.8-оор нэмэгдсэн тул Монгол Улсад оруулж ирсэн нийт орлого нь $2.5 тэрбумаар ихэсжээ. 

🥇 Ноолуурын цойлолт

2020 оноос хойш алтны экспортын хэмжээ ч экспортын үнийн дүн ч буурсан аж. Алт-3 гэх мэт хөтөлбөр санаачилсан ч бодит байдал дээр байдал бишидсэнийг үүнээс харж болох. Төмрийн хүдэр, баяжмалын экспорт ч овойж оцойтлоо нэмэгдээгүй. Харин энэ дундаас ноолуур экспортыг онцлууштай. 2020 онд 500 хүрэхгүй ноолуур гаргаж $18 саяыг олж байсан бол өнгөрсөн онд гаргасан ноолуурын хэмжээ 8.2 дахин, орлого нь 18.2 дахин тус тус өсөөдөхжээ.

  • 📌 Нэг талаасаа зэс болон ноолуурын гаралт нэмэгдэж байгаа ч нөгөө талаасаа экспортын сагсны гол бүтээгдэхүүн болох нүүрсний үнэ шал арчсаар байгаа тул экспортын орлого нэмэгдэхгүй байна. Нэмээд өнгөрсөн 1 жилийн хугацаанд алтны үнэ хэд хэдэн удаа дээд утгаа шинэчилсэн байхад манай алтны экспортын биет хэмжээ буурсаар байгаа нь харамсалтай. 

Цаашид экспортын тогтвортой өсөлтийг хангахын тулд зөвхөн үнийн мөчлөгт найдах бус, биет хэмжээ, нэмүү өртөг, бүтээгдэхүүний төрөлжилтийг бодлогоор дэмжих шаардлагатай байна. Ядаж алт, мөнгөний үнэ нэмэгдэж байхад гарцыг бууруулмааргүй байгаа юм даа.

  • 🏆 Энэ жилийн Golden Globe Awards-г ямар эрхмүүд өнгөлөв? (NPR)

  • 🧊 Ирэх амралтын өдрүүдээр -45 хэм хүртэл хүйтэрнэ. (Ikon)

  • 🌹 Сошиал медиа хэрэглэгчдийг татах X-н шинэ алгоритм. (Hypebeast)

  • 📖 Монгол Улсын Үндсэн хуулийг Монгол брайль үсгээр хэвлэжээ. (Parliament)

🏦 $XAC: ₮172.6 тэрбумын ашигтай

XAC: Монголын томоохон банкнуудын нэг ХасБанкны цэвэр ашиг өнгөрсөн онд ₮172.6 тэрбумд хүрсэн нь 2024 оны мөн үеэс 0.5% өссөн дүн болжээ. Түүнчлэн компанийн зээлийн багц оны эхнээс 13.1% өсөж ₮4.2 их наядад хүрсэн бөгөөд 2025 оны ІѴ улирлын байдлаар өөрийн хөрөнгийн өгөөж (ROЕ) 21.8%, нэгж хувьцаанд ногдох ашиг (ЕРЅ) ₮164.1-т тус тус хүрсэн аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар $XAC-н нэгж хувьцааны үнэ 2% өсөж ₮969.2 дээр хаагдаад байна. 

🩶 Мөнгөний моод

Өнгөрсөн Баасан гарагт мөнгөний үнэ 5.5%, он гарснаас хойш 8.2% өсөж анх удаа $80-ын босгыг давав. UBS-н шинжээчдийн таамаглалаар тус үнэт металл одоогийн өсөлтөө хадгалсаар энэ онд $100-ыг давах төлөвтэй байгаа юм

🤓 Мөнгө ямар үед өсдөг вэ? 

2025 оны эхэнд $32-оор арилжаалагдаж байсан мөнгө жилийн турш 169% өсөж, өнгөрсөн 7-р сараас эхлэн түүхэн өндөр үзүүлэлтээ ойр, ойрхон эвдэх болсон. Үүнээс өмнө мөнгө 2011 онд түүхэн өндөр түвшинд хүрч байсан ч түүнээс хойш 2024 он хүртэл сүртэй өсөлтгүй буюу $20-$33-т хэлбэлзэж байсан билээ. 

  • 🎤 Хариулт: Энэ удаагийн мөнгөний өсөлтөд геополитикийн тодорхойгүй байдлаас үүдэлтэй хөрөнгө оруулалтын шийдвэрээс гадна цэвэр эрчим хүчний шилжилт ихээхэн нөлөөлж буй. Тодруулбал, мөнгөний нийт эрэлтийн 50%-иас дээш хувийг аж үйлдвэр бүрдүүлдэг. 

  • 😮‍💨 Стратегийн түүхий эд: Энэ дундаа нарны эрчим хүчний салбар эрэлтийн ихэнх хувийг бүрдүүлэх төлөвтэй байгаа юм. Одоогийн байдлаар, нарны эрчим хүчний салбар мөнгөний эрэлтийн 25%-30%-ийг эзэлж байгаа бөгөөд 2030 он гэхэд 2 дахин өсөх боломжтой гэх тооцоолол бий. 

☝️ Эрчим хүний шилжилт дагасан хөөргөдөл 

Том зургаараа, мөнгөний эрэлтийн 50.7%-ийг аж үйлдвэр, 24.5%-ийг хөрөнгө оруулалт, 22%-ийг гоёл чимэглэл, мөнгөн эдлэл бүрдүүлж байгаа. Ирэх 10 жилд уг үнэт металл уламжлалт буюу хөрөнгө оруулалт, гоё чимэглэлийн зорилгоор ашиглагдахаасаа илүүтэй аж үйлдвэрлэлийн салбарт илүү үүрэг рольтой түүхий эд болох магадлалтай. 

  • 🔙 Оны өмнөхөн Хятад 2026 оны 1 сарын 1-нээс эхлэн мөнгөний экспортдоо хориг тавих магадлалтай гэх шуум гарч, үнэ ханшинд нь ч овоо нөлөөлсөн. Мөнгөний экспортыг хориглоогүй ч 44 компанид л мөнгө экспортлох зөвшөөрөл олгосон буюу хязгаарлалттай болгосон юм. 

  • 🤔 Гэсэн ч зах зээлд Хятад мөнгийг “Dual use” буюу энгийн хэрэглээнд болон батлах хамгаалах салбарт ашиглах боломжтой түүхий эдийн жагсаалтдаа оруулах уу гэх хүлээлт байсаар байгаа. Ингэснээр экспортод нь хориг тавих нөхцөл бүрэлдэх юм. 

Ер нь энэ таамаглал ч магадлалтай буюу Хятадын сэргээгдэх эрчим хүчний тэлэлт, тэр тусмаа нарны эрчим хүчний үйлдвэрлэлд мөнгө чухал үүрэг гүйцэтгэнэ. Хятадаас гадна дэлхий даяар л их, бага хэмжээнд цэвэр эрчим хүчний шилжилтийг урагшлуулж байгаа гэхээр эрэлт их байх нь лавтай. 

🖨️ ITStore-с принтер аваад бэлэгтэй 

Шинэ оны салхийг хагалж Canon брэндийн албан ёсны дистрибьютер ITStore урамшуулалт худалдаа зарлажээ. Тэд хэвлэх, хувилах, сканердах төхөөрөмжүүддээ хямдралтай, бэлэгтэй худалдаалж байгаа гэнэ. 📢

Canon брэндийн цувралуудтай танилцъя.

  • 🏠 Гэртээ хэрэглэх принтер хайж байгаа бол, Pixma G цувралын төхөөрөмжүүд тохиромжтой. Эдгээр нь хэвлэх, хувилах, сканердах бүх хэрэглээг нэг дор багтаасан төдийгүй хэрэглэхэд хялбар, авсаархан онцлогтой юм.

  • 🏢 Харин ажил дээрээ Maxify GX цувралын төхөөрөмжүүдийг сонгоорой. Maxify GX нь 2 жилд ердөө 4 удаа хороо солихоос гадна 2 талдаа хэвлэж, сканерддаг тул байгууллагын хэрэглээний зардал, цагийг хэмнэх нь. Гэснээс, тус загварын худалдан авалтад 4+4 ш хор бэлэглэх юм байна шүү.

 За тэгээд принтерүүдээ шинэчилж аваад ажлын бүтээмжээ нэмэгдүүлээрэй. 😉

The Economist

🍋 Америкийн Хууль зүйн яам ХНС-гийн дарга Жером Пауэллд эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж эхэллээ. Хэргийн үндэслэл нь Пауэллийг Конгресст ХНС-гийн төв байрны засварын ажилтай холбоотой худал мэдээлсэн гэж үзэж буй бол үүнийг Пауэллийн зүгээс улс төрөөс хараат бусаар бодлогын хүүг тогтоосонтой холбон тайлбарлаж буй. Түүний ХНС-гийн даргын бүрэн эрхийн хугацаа 5-р сард дуусах бөгөөд тэрээр 2028 он хүртэл УЗ-ийн гишүүнээр үлдэх юм.

🍋 Монгол Улс ирэх жилээс хагас коксон шахмал түлшийг дотооддоо үйлдвэрлэнэ. Үүнд үйлдвэрлэл, технологийн парктай ирэх 10 сарын 1-нээс үйлдвэрлэл эхэлсэн байхаар урьдчилсан худалдан авах гэрээ байгуулах эсвэл Эрдэнэс Тавантолгой ХК-тай хамтран Багануурын нүүрсний уурхайг түшиглэн үйлдвэр барих сонголт байгаа аж. Үр дүнд нь нэг дахин хямд үнээр хагас коксон түлш хэрэглэх боломж бүрдэх юм гэнэ.

🍋 “Bill & Melinda Gates” сан нийт хөрөнгийнхөө 59%-иар 3 компанийн хувьцаанд хөрөнгө оруулжээ. Одоогоор тус сан нийт $38 тэрбумын хөрөнгөтэй бөгөөд үүний 29.1% буюу $11 тэрбумыг Berkshire Hathaway (BRK-B)-д, 16.7% буюу $6.3 тэрбумыг Waste Management (WM)-д, харин 13.6% буюу $5.1 тэрбумыг Canadian National Railway (CNR.TO)-д төвлөрүүлжээ. Тус сан хурдан өсөлттэй технологийн хувьцаа бус тогтвортой үнэ цэнтэй, урт хугацааны хувьцаанд хөрөнгө оруулж буй.

🍋 Замын-Үүд сумыг худалдаа, тээвэр логистикийн зангилаа хот болгон өргөжүүлнэ. Энэ хүрээнд ЕС тус сумын удирдлагуудад ирэх 6 сарын 1-ний дотор хотын статус авах бэлтгэл ажлыг бүрэн хангаж дуусах хугацаатай үүрэг өгсөн бөгөөд нэн түрүүнд сумын хэмжээнд газар олголтыг шалгуулахаар АТГ, ЦЕГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэжээ. Одоогоор Замын-Үүдэд ердөө 25 мянган иргэн оршин суудаг аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.