😥 Баян ходоод

Эрүүл мэндийн жил | Нүүрсний 581 гэрээ | $SPHR: Тасалбараар цөм хийв

POWERED BY

Hey! Өчигдөр The MongolZ баг IEM Chengdu 2025 тэмцээний шигшээ шатанд шалгарлаа. Фенүүд нь шинэ гишүүн controlez-д ам сайтай байна даа. Нөгөөдрийн тоглолт дээр гал асах биз ээ. 🔥

*Нэг өдрийн өөрчлөлт.


CSG: TMK Energy (TMK.AX)-н Гурвантэс XXXV төслийн хийн олборлолт өнгөрсөн сард 12.2 мянган метр³ болсноор 9-р сараас 25%, 8-р сараас 2 дахин өсөж рекорд тогтоолоо

GOV: ЗГ Эрдэнэс Тавантолгой ХК-ийн сүүлийн 3 жилийн үйл ажиллагаанд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус хөндлөнгийн аудитын байгууллагаар аудит хийлгэнэ

BTC: Өчигдөр Биткойн (BTC)-н үнэ 2025 оны 6-р сараас хойш анх удаа $100 мянгаас доошилж криптовалютын зах зээл $1 их наядаар агшсан. Үүний дараа Монголын цагаар 23 цагийн үед буцаад $103 мянгад хүрэв.

🇲🇳 Дижитал өрсөлдөөнд маруухан

Дэлхийн дижитал өрсөлдөх чадварын 2025 оны тайлан танилцуулагдлаа. Энэ жил Монгол дижитал өрсөлдөх чадвараар 69 орноос 67-д жагсаж, 2024 оноос 3 байр ухраад байна. 

  • 🧮 Тооцох арга: Улс орнуудын дижитал өрсөлдөх чадварыг тооцохдоо мэдлэг, технологи, ирээдүйд бэлэн байдал гэсэн 3 үндсэн, 9 дэд үзүүлэлт дээр тулгуурлан тооцдог бөгөөд 1-100 хүртэлх оноогоор хэмждэг аж. 

😥 Баян ходоод

Монголын хувьд дижитал өрсөлдөх чадвараар 39.9 оноо авч, Ази болон Номхон Далайн бүс нутгийн 14 орноос хамгийн сүүлд эрэмбэлэгджээ. Мөн энэхүү оноог дэлхийн бусад 68 орны дундажтай харьцуулахад 29.6-гаар бага үзүүлэлт юм. Дижитал өрсөлдөх чадвараар сүүл мушгисан үзүүлэлтүүд нь апп хөгжүүлэлт, оюуны өмч, мэдлэг түгээлт, төр хувийн хэвшлийн түншлэл, кибер аюулгүй байдал байв.

  • Гялтайх үзүүлэлт: Монгол эмэгтэй судлаачдаар дэлхийд 1-т, харилцаа холбооны салбарын хөрөнгө оруулалтаар 5-д, технологийн экспортоор 10-т тус тус бичигджээ. Мөн эмэгтэйчүүдийн боловсрол, дээд боловсролын хамрагдалтаар эхний 30 дотор багтсан нь бидний гялайж, гялтайх үзүүлэлт байлаа.

  • 🕰️ Өнгөрсөн 5 жил: Энэ жилийн Монголын дижитал өрсөлдөх чадварыг 2021 онтой харьцуулахад 5 ухраад байна. Энэхүү бууралтад хамгийн их нөлөө үзүүлсэн дэд үзүүлэлт нь 27 байраар ухарсан шинэ зүйлд нээлттэй байдал буюу дасан зохицох чадвар аж. 

  • 🤝🏻 Хамтрагч байгууллага: Дижитал өрсөлдөх чадварыг Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс танилцуулдаг. Ингэхдээ улс орнуудын судалгааны байгууллагатай хамтардаг ба Монголоос Эдийн засгийн бодлого өрсөлдөх чадварын судалгааны төв хамтрагч байгууллагаар ажиллажээ

Эцэст нь… Дижитал үндэстэн болох том амбицтай манай орны дижитал өрсөлдөх чадвар бодит байдал дээр тун маруухан ажээ. Цаашид дижитал өрсөлдөөнөө дорвитой сайжруулахад хаанаас нь эхэлбэл зүйтэй вэ? Манай лимончууд аль асуудлыг хамгийн түрүүнд шийдэх боломжтой гэж харж байна? 🤔

  • ☀️ Дэлхийн эрчим хүчний шилжилт ба Монгол. (ThinkMongol)

  • 🦂 ГШХО-ыг боомилсон гэнэтийн хуулиуд. (Ikon)

  • 💻 Төсөвт ээлтэй MacBook айсуй. (Engadget)

  • 🎨 Бүтээлч сэтгэхүйгээ дизайн сэтгэхүйгээр тэтгэх нь. (HBR)

🎲 $SPHR: Тасалбараар цөм хийв

SPHR: Өнгөрсөн III улиралд Америкийн энтертайнмент салбарын аваргуудын нэг Sphere Entertainment-н орлого 2024 оны мөн үеэс 15.2% өсөж $262.5 саяд хүрснээр алдагдал нь 3.9% буурч $101.2 саяд хүрчээ. Гол өсөлтийг The Sphere арена дахь The Wizard of Oz тоглолт авчирсан ба нээлтээсээ хойш 1 сая орчим тасалбар борлуулагдаж, $130 саяын орлого олоод байна. Ингэснээр $SPHR-н нэгж хувьцааны үнэ 4.7% өсөж $69.5 дээр хаагджээ.

🏥 Эрүүл мэндийн жил

Ирэх онд бид “Боловсролын” гэж зарласан жилүүдийг элээнэ. Харин 2027 онд “Эрүүл мэндийн жил” эхлэх нь ээ.

🧐 Юу хийх вэ?

ЗГ эрүүл мэндийн жил гэж зарласан хэдий ч одоогоор юу хийх нь тодорхойгүй. Зарласан шалтгаан нь 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрүүл монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх. Эрүүл мэндийн сайд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах үүрэг хүлээгээд буй. Төлөвлөгөө гарах үед улсын хэмжээнд нэгдсэн зохион байгуулалттайгаар хэрэгжүүлж, шаардлагатай санхүүжилтийг 2027 оны улсын төсөвт тусгаж, салбар хоорондын уялдааг ханган ажиллах гэнэ.

‼️ Үр дүн юу байв аа?

Нийслэл хот өнгөрсөн 1-р сард 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгож зарласан. Энэ хүрээнд оны эхний 10 сарын байдлаар улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр ₮598.4 тэрбумын 154 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлээд байна. Энэ төсвийн талаас их буюу 52%-ийг дэд бүтцэд зарцуулсан. Гэсэн ч одоо ч гэсэн эвдэрсэн бродюртай, түгжирсэн замтай, суунагласан утаатай байгаа билээ.

  • 🔍 Боловсрол сайжрах уу? Боловсролын чанарыг хэмжих нэг хэмжүүр нь ЭЕШ-ын дундаж оноо. 2025 онд 10 голлох хичээлийн ЭЕШ-ын дундаж оноо 39.9 буюу “F“-р үнэлэгдсэн. Тэгэхээр ирэх онд боловсролын чанар болон багш ажилчдын ажиллах орчныг сайжруулах шаардлагатай байгаа юм.

  • 📌 Эрүүл мэндийн салбарын асуудал: ЭМДС-гийн алдагдал жил бүр нэмэгдэж байгаагаас гадна 2021 оноос хойш ₮1 их наядын өр бүртгэгдсэн. Одоо ч ₮140 тэрбумын өртэй байгаа. Нэмээд эмнэлгийн чанар, хүртээмж асуудалтай буюу 114 хүнд ганц л ор, 226 хүнд 1 сувилагч л ногдож буй. Ядаж эдгээр асуудлыг шийдэх төлөвлөгөө хэрэгтэй.

Эцэст нь… Цаасан дээр бичсэн зорилгоо биелүүлнэ гэхээсээ илүү хамгийн асуудалтай байгаа салбарынхаа асуудал болон шийдлийг жагсаан хэлэлцэх нь зүй. Ядаж л боловсролын жил гэж зарласан жилд нь тус салбарын төсөв, хөрөнгө оруулалт илүү өндөр байх буюу нэг шийдвэр нөгөө шийдвэртэйгээ уялдаж үр дүн гаргах хэрэгтэй байна даа.

162 мянган тн
Мах, махан бүтээгдэхүүн экспортлогч ААН-үүд 2025-2026 онд нийт 162 мянган тн мах, махан бүтээгдэхүүн экспортлох нөөцтэй байна. 
$211.2 сая
Одоогоор 59 ААН үүний 31% буюу 51 мянган тн мах, махан бүтээгдэхүүнийг $211.2 саяар экспортолжээ. 
213.3 мянган малчин
Тэгвэл энэ жил улсын хэмжээнд 213.3 мянган малчин өрхөд 65.7 сая толгой мал өвөлжиж, хаваржих нь.

The Conversation

🍋 Нью-Йорк хотын захирагчаар Угандагаас гаралтай Зохран Мамдани сонгогдлоо. Ийнхүү тус хот 100 жилийн түүхэндээ анх удаа хамгийн залуу, муслим, Өмнөд Азиас гаралтай захирагчтай болж буй. Нью-Йорк хотын хувьд жилийн $112 тэрбумын төсөвтэй бөгөөд Дональд Трамп хэрэв тус хотын захирагчаар Зохран Мамдани сонгогдвол хотын санхүүжилтийг танахаа мэдэгдсэн.

🍋 Өргөө зочид буудлыг Нийслэлийн өмчид эргүүлэн авна. Тус зочид буудлыг Хар дун ХХК зохих үнэлгээгүйгээр авч эзэмшиж байсан ч 2012 онд Нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр гарсан аж. Тэгвэл Нийслэл тус зочид буудлыг өмчлөн авч дуудлагаар худалдаж олсон орлогыг ирэх онд баригдах сургууль, цэцэрлэг болон нийтийн эзэмшлийн 32 талбайд байгуулах паркт зарцуулах юм гэнэ.

🍋 Лхагва гарагт Азийн хувьцааны зах зээлийн сүүлийн 6 сарын хугацаан дахь хамгийн том уналт тохиов. Ялангуяа KOSPI (^KS11) хамгийн их буюу 6.2% унасан бол араас нь Nikkei 225 (^N225) 4.5% унажээ. Учир нь Америкийн томоохон хөрөнгө оруулалтын банкнуудын зах зээлийн хөөс хагарахаас сэрэмжилсэн мэдэгдлүүдээс үүдэн хөрөнгө оруулагчид хувьцаагаа борлуулж эхэлсэн байна. 

🍋 Монгол Улс АХБ-ны $475 саяын санхүүжилтээр урт, дунд хугацааны хөгжлийн бодлогын төслүүдийг хэрэгжүүлнэ. Үүнд аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүлэх, ЭЗ-ийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, ажиллах хүчний ур чадварыг хөгжүүлэх, гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төслүүд багтаж буй. Гэснээс АХБ сүүлийн 34 жилийн хугацаанд Монголд $2 тэрбум гаруйн санхүүжилт олгосон. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.