• Lemon Press
  • Posts
  • 🍎 Хэрүүлийн алим = Такси үйлчилгээ

🍎 Хэрүүлийн алим = Такси үйлчилгээ

Нийслэлийн бүтээн байгуулалт | Газрын тосныхны халуурал | $NVDA робот таксины зах зээлд

POWERED BY

Өглөөний мэнд! 2026 ондоо гуалиг, чийрэг биетэй болохоор Gym-д бүртгүүлсэн хэр олон хүн байна даа. Сонирхолтой факт хэлэхэд гадаадад 1-р сард Gym-д бүртгүүлсэн хүмүүсийн ойролцоогоор 80% нь 5 сарын дотор Gym-ээ хаягдаг аж. Манайхан битгий шантраарай. 💪🏼 

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Оллоо ХК (OLL)-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал 2 сарын 27-нд зохиогдохоор товлогдлоо.

ETT: Эрдэнэс Тавантолгой ХК 2025 оны урьдчилсан гүйцэтгэлээр $1.7 тэрбумын орлого олж, улсын төсөвд ₮1.7 их наядын татвар төлжээ

NVDA: Nvidia 2027 оноос эхлэн робот таксинд өөрийн AI чип болон Drive AV программ хангамжийг нэвтрүүлэх робот таксины компаниудтай хамтран ажиллаж эхэллээ

🍎 Хэрүүлийн алим = Такси үйлчилгээ

Сүүлийн үед нийслэл хот өөрийн такси үйлчилгээтэй болох төлөвлөгөө олон нийтийн дунд жинхэнэ хэрүүлийн алим болоод байна. Улаанбаатар хотод таксины хэрэгцээтэй 3 иргэн тутамд 1 такси ногддог бөгөөд ₮77 тэрбумаар такси үйлчилгээгээ сайжруулахад нийт хотын таксины нийлүүлэлт ердөө 1.9% нэмэгдэх ажээ. 

🌀 Түүхийн эхлэл

НИТХ 2025 оны төгсгөлд ₮77 тэрбумын өртөгтэй УБ хотын такси үйлчилгээг сайжруулах төслийг баталсан түүхтэй. Тус төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд анхны хөрөнгө оруулалтын ₮57 тэрбумыг хувийн хэвшил гаргаж, үлдсэн ₮20 тэрбумыг Нийслэлийн Нийтийн Тээврийг Хөгжүүлэх Сангаас хүүгүй, 6 жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй олгохоор тооцжээ.

  • 🫶🏻 Нинжин сэтгэл: Уг төслийн хүрээнд УБ хотын түгжрэл буурч, иргэд нь тохь тухтай цахилгаан болон шатахуун хосолсон 2,000 таксигаар зорчих боломж бүрдэх аж. Мөн агаарын бохирдол, таксины үнэ буурах, аюулгүй байдал сайжрах хэмээн тайлбарлаж байна. Өнгөцхөн харвал ногоон автобус лугаа адил иргэдээ бодсон нинжин сэтгэлийн илрэл гэлтэй. 

🕵🏻‍♂️ Гол асуудал

Такси үйлчилгээтэй болох төлөвлөгөө нь улс төрчдийн амны уншлага болсон төрөөс бизнесийн үйл ажиллагааг дэмжин хэмээх амлалттай огт нийцсэнгүй. Учир нь төслөөр дамжин автомашины парк шинэчлэлт, нэгдсэн удирдлагын системтэй болох аж. Өөрөөр хэлбэл, төр зах зээлийг зохицуулах бус таксины зах зээлд өөрөө орж ирэх шийдвэр гаргалаа. Түүнчлэн хямд үнэтэй, дотоодоос нийлүүлэх, үйлдвэрлэгчээс нийлүүлэх боломжтой гэсэн 3 төрлөөр судалгаа хийжээ. Ингээд бодохоор ₮77 тэрбумын такси үйлчилгээний хөрөнгө оруулалтын хэрхэн тооцсон нь тун сонирхолтой.

  • 📢 Тэмцэл: Тус төлөвлөгөө батлагдсаны араас хувийн хэвшлийнхэн дуу хоолойгоо нэгтгэн нэгэн дуугаар нийслэлийг уг шийдвэрээ эргэн нэг харахыг аминчлан хүссэн. Тэр дундаа 100 мянган бүртгэлтэй жолоочтой UBCab-г 1,000 гаруй жолооч нар нийслэлийн удирдлагуудад санал, шүүмжлэлээ хүргүүлжээ.

Эцэст нь… Өнгөрсөн жилээс Азийн цагаан дагиныг түгжрэлээс салгах $8.2 тэрбумын өртөгтэй метро, трамвай, хурдны зам гэх мэт 10 мега төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Тэгэхээр таксины төсөл бол түгжрэлийн бууруулахад хувь нэмрээ оруулах жижигхэн хэсэг нь бололтой шүү. 🥴

  • 📝 ОУВС болон Монголбанкны судлаачдын хамтарсан судалгаа нийтлэгджээ. (IMF)

  • 🐢 YouTube дээр 1 бичлэг постлоод $-н саятан болов. (DailyMail)

  • 🗂️ Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэнэ. (ЦХИХХЯ)

  • 🧑‍⚕️ ChatGPT-с хэр их эрүүл мэндийн зөвлөгөө авч байна даа? (Axios)

♨️ Газрын тосныхны халуурал

VLO: Америк Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог баривчилсантай холбоотой Даваа гаргийн арилжаагаар газрын тосны салбарын компаниудын хувьцааны үнэ огцом өслөө. Эдгээр компаниудыг нэгж хувьцааны үнэ нь 9.2% өсөлттэй Valero Energy тэргүүлсэн бол Halliburton (HAL) 7.8%-ийн өсөлтөөр удаалсан аж. Цаашид Америк Венесуэлийн газрын тосны салбарт хөрөнгө оруулахаа мэдэгдсэн нь хувьцааны үнэ өсөх томоохон хөшүүрэг болоод байна. Сонирхуулахад, Blue chip хувьцаанд төвлөрсөн Dow Jones Industrial Average (^DJI) индекс 1.2% өсөж, түүхэндээ анх удаа 49 мянгыг давжээ.

🏗️👷‍♂️ Нийслэлийн их бүтээн байгуулалт

Өчигдөр цахим орчинд Соёлын төв өргөөний барилгыг нурааж, оронд нь 2 блок бүхий 50 давхар бүхий барилга барих төсөл нэлээн олон хүний мэдрэлээр наадаад амжлаа. Угтаа хотын гол ажил болгон ярьдаг 24 мега төслийн бүтээн байгуулалт энэ онд эхлэл товтой байгаа. Эхнээс нь сайхан танилцаад явъя. 

  • 🛣️ 85.8 км зам: Сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын бүтээн байгуулалтыг зам засваргүйгээр төсөөлөх боломжгүй болсон. Энэ жишгээрээ 2026 онд 85.8 км буюу Төв аймаг руу ирж, буцах дайны замыг шинээр тавьж, бас засах нь ээ. Үүний 52 км нь шинэ, 33.8 км нь зам засвар аж. Мөн Энхтайваны гүүрийг өргөтгөх, шинэчлэхэд ₮1.5 тэрбумыг зөвлөх үйлчилгээнд зарцуулахаар болоод буй. 

😮‍💨 Хот: Бүтээн байгуулалтаар бөмбөгдөнө

Энэ оны анхны бүтээн байгуулалтын тов нь гарсан мега төсөл бол Туулын хурдны замын төсөл. 6 эгнээ бүхий 32 км тус замын барилгын ажил ирэх 3 сарын 15-нд эхлэх аж. Улмаар бүтээн байгуулалт нь 1.3 жил үргэлжилж, 2027 оны 7 сарын 1-нд нээхээр төлөвлөж буй. Уг зам нь нисэхийн замын дараа орох 2 дахь 6 эгнээ бүхий хурдны зам болох учиртай. 

  •  Дуусах: Харин бусад төслөөсөө нэлээн урьд хэрэгжиж эхэлсэн дүүжин замын тээврийн эхний шугамын бүтээн байгуулалт 2026 онд дуусах товтой байгаа. Барилгын ажил нь 40%-тай явж байгаа аж. Мөн л энэ онд дуусах товтой Баянхошуу хот орон сууцжуулах төслийн эхний үе шат 36%-тай явагдаж байгаа юм байна. 

Угтаа 2028 он хүртэл зөвхөн хотын түгжрэлийг бууруулах 10 мега төсөлд $8.2 тэрбумыг төсөвлөсөн. Танилцуулга дээрээ тус 10 төслийн бүтээн байгуулалт 2026 оноос эхлэхээр харагдаж байгаа ч метро, трам, Туулын хурдны зам гэхчлэн 4 төслийн л ТЭЗҮ бүрэн дууссан байгаа юм. 

Ай тэгээд Улаанбаатар хотын мега төслүүдийн танилцуулгыг эргэн харахад хүүхдийн тоглоомын талбай шиг санагдсаныг нуух юун. Автобуснаас өөр нийтийн тээвэргүй байсан бид доогуур, дээгүүр, зам дээр явдаг олон төрлийн сонголттой БОЛНО гэдэг нь сайхан ч эдгээр төслүүд хөрсөн дээрээ хэрхэн бууж, жижигхэн хотод маань багтаж шингэх эсэх нь эргэлзээтэй. Гэтэл бараг бүгд зэрэг эхэлчихсэн байдаг. Төлөвлөсөн хугацаандаа дуусах эсэх нь ч эргэлзээтэй. Хотын даргынхаа вант улсад амьдарч байгаа мэт л байна даа.

💭 Сонсоно, цуглуулна, түгээнэ.

ЗГ энэ оноос 16 мянган хүүхэд тутамд 1 хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллах тогтоол гаргаад буй. Улмаар улсын хэмжээнд ажиллаж буй хүүхдийн эрхийн улсын байцаагчдын тоо ойролцоогоор 48% нэмэгдэж 71 болж байна. Энэ тал дээр таны байр суурь?

Login or Subscribe to participate in polls.

Shutterstock

🍋 Дижитал хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд өнгөрсөн онд $47.2 тэрбумын хөрөнгө босгожээ. Энэ нь 2024 оны дүнгээс 3% буурсан үзүүлэлт бөгөөд үүнд хөрөнгө оруулагчдын сонирхол шилжиж биткойны хөрөнгө оруулалт 35% буурсан нь нөлөөлсөн байна. Эсрэгээрээ тус зах зээлд алткойны хөрөнгө оруулалт нэмэгдэж Ethereum дээр л гэхэд 138% өсөж $12.7 тэрбум болжээ.

🍋 М банк анх удаа Сингапурын хөрөнгийн бирж (SGX)-ээр дамжуулан $100 саяын бонд гаргаж, амжилттай татан төвлөрүүллээ. Энэхүү санхүүжилт нь банкны зээлийн эх үүсвэр, бүтцийг төрөлжүүлэхийн зэрэгцээ үйл ажиллагааг тэлэх, цаашлаад жижиг, дунд бизнесүүдэд чиглэсэн зээлийн багц тэр дундаа ногоон зээл болон бусад тусгайлсан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломжийг нээж байна. Бондын зохион байгуулагч, агентын үүргийг J.P. Morgan (JPM) болон Seaport Global хамтран гүйцэтгэсэн аж.

🍋 Хархорум хотыг хөгжүүлэхэд нэн яаралтай төсөл, арга хэмжээнүүдийг 2026 оны төсөвт тусгуулна. Үүнд ХАА-н кластер, Хог хаягдлыг ангилан боловсруулах үйлдвэр, ОУ-ын нисэх онгоцны буудал, ил музей байгуулах төслүүдийн ТЭЗҮ байгуулах ажлууд багтсан бөгөөд Тэргүүн Шадар сайд бодлогоор дэмжин хэрэгжүүлэх аж. Одоогоор тус хотын суурь судалгаа, баримт бичгүүдийг боловсруулсан байгаа гэнэ. 

🍋 AI дэд бүтцийн эрэлтээс үүдэн санах ойн чип үйлдвэрлэгч компаниудын хувьцааны үнэ 2027 он хүртэл өсөх төлөвтэй. Онцолбол, Samsung (005930.KS)-н хувьцааны үнэ нэг нугарсан бол SK Hynix (000660.KS)-нх 4 нугарсан амжилттай өнгөрсөн оныг үдээд буй. Мөн жижиг компаниудын хувьцааны үнэ 2.5%–4.5% өсжээ. Гэхдээ санах ойн бүтээгдэхүүний зах зээл үнэ нь огцом өсөж буурах боломжтой буюу хурц хэлбэлзэлтэй, тогтворгүй гэдгийг санах нь зүй.

🍋 ЗГ хэрэглэгчдийн сэргээгдэх эрчим хүчний үүсгүүртэй холбоотой журмыг шинэчилнэ. Журмын шинэчлэлийн хүрээнд иргэн, аж ахуйн нэгж сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээс үйлдвэрлэсэн эрчим хүчийг түгээх сүлжээнд холбох, үйлдвэрлэсэн эрчим хүчээ нийлүүлэх үйл явц илүү ойлгомжтой, хялбар, шуурхай болох аж. Тэгвэл энэ сард багтаан хэрэглэгчдийн саналыг авч, олон нийтийн хэлэлцүүлэг өрнүүлэх нь.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.