- Lemon Press
- Posts
- 🇲🇳 Оюу толгойгүй Монгол
🇲🇳 Оюу толгойгүй Монгол
Монголчуудын AI хэрэглээ | 67.7 мянган мал хорогдов | $ORCL-н сонин хачин
POWERED BY
Өглөөний мэнд! Аз жаргалыг хүн бүр өөрөөр мэдэрдэг. Тэгвэл тэр олон янзын аз жаргалыг харуулсан нэгэн сонирхолтой вэбсайт цаана чинь байна. Энэ вэбсайт нь 2017 онд 10 мянган хүний дунд явуулсан судалгааны үр дүнд үндэслэж, аз жаргалтай мөчийг нэг газар дүрсжүүлжээ. Тэрхүү 10 мянган хүний 100 мянган аз жаргалтай мөчтэй нь танилцахыг хүсвэл ЭНД дараарай. 🤗


*Нэг өдрийн өөрчлөлт.
GOV: Өчигдөр Сангийн яам болон Рио Тинто группийн төлөөлөгчид Оюу толгой төслийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүг бууруулах хэлэлцээг үргэлжлэхээр тохиролцлоо.
NSO: Том малын буюу 5 хошуу малын зүй бус хорогдол энэ оны эхний 2 сард улсын хэмжээнд 67.7 мянгад хүрсэн нь 2025 оны мөн үеэс 53.3% өссөн үзүүлэлт болжээ.
UB: 2026 онд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 16 байршилд автозамын борооны ус зайлуулах шугам сүлжээ угсарна.

🔎 Монголчуудын AI хэрэглээ

Хүмүүсийн ярианы гол сэдэв болсон AI-г өнөө цагт 8 настай балчраас 80 настай буурал хүртэл өдөр тутамдаа ашиглах болсон. Тэгвэл дэлхийн улс орнууд хийгээд монголчуудын AI хэрэглээ ямар түвшинд байгааг хамтдаа харцгаая.
🌏 6 хүн тутмын 1
Microsoft AI Economy Institute-н судалгаагаар, 2025 оны сүүлийн хагасын байдлаар AI-г бөмбөрцгийн хүн амын 16.3% ашиглаж эхэлжээ. Энэ нь 2025 оны эхний хагасаас 1.2 нэгж хувиар өссөн үзүүлэлт аж. Судалгаанд оролцсон 147 орноос AI нэвтрэлтийн түвшнээр хүн амын 64% нь хэрэглэх болсон АНЭУ тэргүүлж байна.
🇲🇳 Дундаас дээгүүр
Монголын AI нэвтрэлтийн түвшинд 2025 оны эхний хагаст 12.6% байсан бол сүүлийн хагаст 1.7 нэгж хувиар өсөж 14.3%-д хүрчээ. Энэ нь дэлхийн 147 орноос 69-д жагсах үзүүлэлт болоод байна. Харин Google Trends дээрх сүүлийн 1 жилийн ChatGPT-тэй холбоотой хайлтын дундаж идэвх 68/100 оноод хүрээд буй нь хүмүүсийн сонирхол нэлээд тогтвортой, өндөр түвшинд хүрснийг илтгэх аж.
🧑🏻💻 Залуусын хэрэглээ: Судалгаагаар, Улаанбаатарын 15-34 насныхан долоо хоногт 3-4 удаа AI-г ашигладаг ба оюутнуудын хувьд ихэвчлэн хичээл номдоо AI-г хэрэглэх болжээ.
🧿 Аль AI найдвартай вэ?
Одоогоор олон төрлийн AI-н зарим нэг нь мэдээллийн аюулгүй байдлаар асуудал дагуулдаг. Жишээлбэл, технологийн томчуудын хөгжүүлсэн Gemini, Copilot, Meta AI зэрэг нь хэрэглэгчдийн мэдээллийг гуравдагч этгээдэд хуваалцаж байх талтай гэх судалгаа гарсан. Эсрэгээрээ хамгийн найдвартай нь Le Chat бөгөөд тэд хэрэглэгчийн мэдээллийг бусадтай харьцуулахад бага хэмжээгээр цуглуулдаг байна.
Эцэст нь… Саяхан Америкийн төр засгаас бүх холбооны агентлагт Anthropic-н Claude AI-г ашиглахыг түр зогсоох чиглэл өгсөн. Шалтгаан нь тус компанийн AI модель батлан хамгаалах болон засгийн газрын хэрэглээнд болзошгүй эрсдэл дагуулна хэмээн үзсэнтэй холбоотой аж. Энэ хооронд OpenAI тэдний орон зайг булаахаар Пентагонтой хамтрах талаар судалж эхэлжээ. Үүнтэй холбоотой олон нийтийн ChatGPT-н хэрэглээ буурч, Claude-г ашиглах нь эрс нэмэгдээд байна.

😎 Парисын загварын 7 хоногоор гялалзсан 10 настай дизайнер. (WashingtonPost)
🎓 Польшийн ЗГ-ын тэтгэлэг зарлагджээ. (БоловсролынЯам)
🏋️ Ираны мөргөлдөөн Америкийн татвар төлөгчдийн нуруун дээр... (USAToday)
💰 100 хоног ганцаар тусгаарлагдаад $25 мянгатай болоорой гэнэ. (DailyMail)

🗿 $ORCL-н сонин хачин
ORCL: Технологийн луугар Oracle-н TikTok платформ дахь хувь эзэмшлийн дүн ойролцоогоор $2 тэрбумд хүрчээ. Энэхүү мэдээ нь 2 өдрийн өмнө гарсан 2025 оны IV улирлын $ORCL-н санхүүгийн тайланд тусгагдсан аж. Цаашлаад, компани өнгөрсөн улирлын нийт орлого бүтэн жилийн дүнгээр өмнөх оны мөн үеэс 22% өссөнтэй холбоотой цэвэр ашгийн хэмжээ 26.5% нэмэгдэж $3.7 тэрбумд хүрсэн байна. Эдгээр мэдээлэлтэй холбоотой Лхагва гаргийн арилжаагаар $ORCL нэг өдөрт огцом 9.2% өсөж $163.1 дээр хаагдлаа.

🇲🇳 Оюу толгойгүй Монгол

Хэрвээ Монгол Оюу толгойн ордыг ашиглаагүй бол ямар байдалтай байх байсан бол? Энэ талаар бодож байсан уу? MMCG компанийн энэ талаар хийсэн судалгааны үр дүнг сонирхъё.
🔻 Агшиж хатангирших байж гэнэ
2010 оноос хойших бодит эдийн засгийн өсөлтийг харвал жилийн дундаж нь 6.2% байж. Үүнд мэдээж Оюу толгойн нөлөө буюу татсан хөрөнгө оруулалт, гаргасан экспорт, төлсөн татвар, хийсэн худалдан авалт зэрэг нь орж тооцогдсон гэсэн үг. Харин энэ бүх нөлөөг нь авч хаяад харвал тус 15 жилийн 8-д нь эдийн засаг агших байсан буюу дундаж нь -3.8% байх байсан гэсэн үр дүн гарчээ.
🧠 Нөөцөд эзлэх хувь: Цаашлаад 2010-2024 онд Оюу толгой төсөлд орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалт $19.2 тэрбум байж. Энэ нь улсын нийт гадаад валютын нөөцийн дунджаар 41.9%-ийг бүрдүүлж иржээ.
⛏️ Уул уурхайн хамаарал
Ганц Оюу толгой гэлтгүй уул уурхайн салбарын томоохон компаниудын төсвийн орлого, экспортод оруулж буй хувь нэмэр асар их. Тус салбарын ТОП-10 ААН-ийн 2024 онд бүрдүүлсэн татварын орлого л гэхэд ₮8.2 их наяд байгаа нь улсын нийт татварын орлогын ⅓-тэй дүйнэ. Лавшруулаад харвал, уг ₮8.2 их наядын орлогын ихэнх буюу 69.4%-ийг ЭТТ, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой гэсэн 3 компани л бүрдүүлжээ.
🧶 Үүнээс гадна уул уурхайн компаниудын татварт АМНАТ хамгийн том хэсгийг бүрдүүлдэг. Энэ утгаараа ҮСХ-ны статистикаас уул уурхайн салбарын төсөв төвлөрүүлсэн АТЗТ болон АМНАТ-ийн нийлбэр дүнг харвал 2025 онд 8 жилийн өмнөхөөсөө 6.7 дахин нэмэгдэж ₮2.4 их наяд болсон аж.
📌 Боломж ба эрсдэл: Уул уурхайн төслүүд Монголын эдийн засгийг чирч байгааг ердөө 1 төслийн нөлөөнөөс харж болж байна. Гэхдээ 1, 2 том төсөлд хэт төвлөрөх нь эдийн засгийг түүхий эдийн үнийн савлагаанд эмзэг болгодог. Тиймээс стратегийн ач холбогдолтой бусад орд, дэд бүтцийн төслүүдийг үе шаттай хөдөлгөх нь илүү тогтвортой өсөлтийн үндэс болохоор байна даа.
Нэмж дурдахад, MMCG-н энэхүү судалгаа нь зөвхөн Оюу толгойн эдийн засагт үзүүлж байгаа хувь нэмрийг дата дээр тулгуурлан олон үзүүлэлтээр гаргасан бөгөөд гэрээний маргаантай холбоотой ямар нэгэн дүгнэлт байгаагүй гэдгийг санаарай. 📝

💡 Таавар таацгаая.
…-н хөрөнгө 2023 онд $1 тэрбумыг давснаар хөгжмийн салбараас төрсөн цөөн хэдэн тэрбумтнуудын эгнээнд шилжсэн бөгөөд үүнээс 3 жилийн дараа буюу энэ онд нийт хөрөнгө нь $2 тэрбумыг давжээ. Тэр хэн бэ? Хариултыг олсон бол бидэнтэй хуваалцахаа мартуузай. ✌️

🍕🍴 Жинхэнэ Итали пиццаг амтал!

Mamma Mia! Италид пицца идээд сууж байна гэж зүүдэлж сэртэл хотын төвд жинхэнэ Итали пиццаны ресторан үүд хаалгаа нээсэн байжээ. Айхтар зөнтэй зүүд байна шүү. 🤭
POCA Pizzeria нь жинхэнэ Итали пиццаны сонгодог орц, уламжлалт аргаар пиццагаа бэлтгэн гаргадаг аж.
Wood-fired + Sourdough = Төгс хослол 🤌
🥖 Handmade Sourdough: 100% гар аргаар бэлтгэсэн, байгалийн хөрөнгөөр удаан исгэсэн гурилтай.
🔥 Wood-fired oven: Пиццагаа уламжлалт сонгодог хэв маягаар буюу модоор галласан ил зууханд бэлтгэдгээрээ онцлог.
За тэгээд Итали найзыгаа дагуулж очоод taste-test хийлгээд үзээрэй. Гэснээс, POCA Pizzeria-г талбайн чанх хойно ЗГ-ын ордны ард, Flora цэцгийн дэлгүүрээс баруун тийш хэд алхаад олох нь ээ.
🤙 Захиалга өгөх: 7777-1088


Freepik
🍋 Хонконгийн Авлигын эсрэг Хараат бус комисс (ICAC) $300 саяын дотоод мэдээлэлд суурилсан хувьцааны арилжааны хэргийг илрүүлжээ. Тэд Citic Securities, Guotai Junan International Holdings гэх зөвшөөрөлтэй ҮЦК-иуд, Infini Capital Management гэх ХОС-д хяналт шалгалт хийж гүйцэтгэх удирдлагууд болон брокеруудыг баривчилсан байна. Брокерууд нууц мэдээллийг HK$4 саяар өгч HK$315 сая ашиг олсон нь тогтоогдсон байна.
🍋 ЗГ төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журмыг батлав. Журамд төрийн албан хаагчийн квотыг 35%, үүнээс төрийн үйлчилгээний албан хаагчдын квотыг 20% байхаар тогтжээ. Мөн бага, дунд орлоготой болон зорилтот бүлгийн иргэдийг урт хугацаатай, урьдчилгаа болон хүү багатай орон сууцны зээлээр дэмжих, орон сууцыг хөлслүүлэх үнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулахыг тусгажээ.
🍋 Казакстан үндэсний бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд сурталчлах дижитал платформ Exporter Showcase-г нээлээ. Тодруулбал, тус платформ дээр Казакстаны хүнс ХАА, барилгын материал тэргүүтэй нийт 5 салбарын баталгаажсан үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ байршуулан сурталчлах аж. Платформ нь Казакстаны экспортын стратегийг дэмжихэд чиглэсэн арга хэмжээний нэг хэсэг бөгөөд Baiterek Holding-н харьяа Export Credit Agency бүтээсэн байна.
🍋 ОУОХ-ны Гишүүн Б.Баттүшиг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр улиран сонгогджээ. Санал хураалтад нийт гишүүний 89% буюу 153 нь оролцсон бөгөөд тэрээр тус албан тушаалд ганцаар өрсөлдөн нийт санал өгсөн гишүүдийн 96.7%-ийн дэмжлэгийг авч ийнхүү МҮОХ-ны 13 дахь Ерөнхийлөгч болсон байна. Харин Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгчөөр Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч Ц.Гантулга нар сонгогдсон аж.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг


Reply