- Lemon Press
- Posts
- 🥶 Хөлдөх үү, эс хөлдөх үү?
🥶 Хөлдөх үү, эс хөлдөх үү?
Нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөө | Олон янзын туршилттай $RDDT | Нисдэг такси тун удахгүй
POWERED BY
Happy Friday! Хэн нэгэн таныг 3 сарын турш зүрх дараад аниад байсан юм биш биз. Тийм хүн байгаа бол маргааш Налайх руу явж MiningWeek & MinePro арга хэмжээнд оролцож, “Уурхайчдын наадам” цуг үзэх үү гээд нэг асуугаарай. Хэрэв дахиад зүрх дарах юм бол тэр хүн танд дургүй байж юуны магад. 😂


*Нэг өдрийн өөрчлөлт.
BOND: Өчигдөр “Шунхлай Бонд 2.0” хоёрдугаар транчийн өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжаа амжилттай явагдаж, ₮10 тэрбумыг татан төвлөрүүллээ.
FRC: Санхүүгийн зохицуулах хорооноос Говь ХК (GOV) хэлбэрээ өөрчилж ХХК болох хүсэлтээ албан ёсоор ирүүлээгүй тул тус компанитай холбоотой ямар нэг шийдвэр гараагүй гэдгээ мэдэгдэв.
GOV: ЗГ “Digital First” бодлогын хүрээнд уул уурхайн салбарт их өгөгдөл, AI-г хослуулан ашиглах, геологи, хайгуул, олборлолтод цахим шийдлийг хурдтай нэвтрүүлэхээр “Mining AI” санаачилгыг хэрэгжүүлнэ.

🫏 Нийслэлийг хөгжүүлэх төлөвлөгөө

Өнгөрсөн Лхагва гарагт Нийслэлийн хөгжлийн 2026 оны төлөвлөгөөний төслийг өргөн бариад буй. Тун удахгүй хэлэлцэж эхэлнэ. Юутай ч ирэх онд ₮10.9 их наядаар Улаанбаатарыг хөгжүүлэхээр төсөвлөөд байна.
📝 Ерөнхий тойм ба санхүүжилт
2026 оны Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө бүсчилсэн хөгжил, хүний хөгжил, эдийн засаг, засаглал, ногоон хөгжил гэсэн 5 бодлогоос бүрдэж буй. Эдгээрээс нийт төсвийн хамгийн их буюу 85% нь бүсчилсэн хөгжлийн бодлогыг дэмжих 67 төсөлд зарцуулагдана. Үүнд ₮9.3 их наядыг зарцуулах аж. Нийтдээ 449 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээс хүний хөгжилд 115 төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх бол үлдсэн 3 бодлогын хүрээнд тус бүр 50 орчим төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх юм.
⛑️ Гол зорилт: Ирэх онд нийслэлийн хөгжлийн томоохон төслүүдийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, нийт бэлтгэл ажлын явцыг 53%-д хүргэхээр төлөвлөжээ. Харин энэ онд тендерийг нь зарласан Туулын хурдны зам, I тойрог замын барилга угсралтын ажлыг 2026 онд эхлүүлж, үндсэн авто замын уртыг 107 км-ээр нэмэгдүүлэхээр тусгав.
🙋♀️ Эргэн дүгнэе!
2021-2025 он буюу өнгөрсөн 5 жилийн Нийслэлийн хөгжлийн төлөвлөгөө гэхэд үндэсний нэгдмэл зүйл, хүний хөгжил, амьдралын чанар ба дундаж давхарга гэхчлэн 9 зорилго, 66 зорилтын хэрэгжилтийг 355 гаруй шалгуур үзүүлэлтээр хэмжихээр боловсруулж байв. Тус тайланг эргэн харахад Нийслэлийн дэд бүтэц рүү чиглэсэн бодлого, алсын хараа хэр тогтворгүй вэ гэдэг нь харагдана.
Тодруулбал: Тухайн үед Богд уулыг тойрсон “Хөгжлийн алтан тойрог” төсөл, зарим их дээд сургуулийг хотоос гаргах асуудлуудыг шийднэ гэж төлөвлөж байжээ. Хэрэгжсэн үү гэвэл, мэдээж үгүй. 2026 онд Улаанбаатар хот дэд бүтэц, зам харгуйгаа холбоход дийлэнх хөрөнгөө зарцуулах нь ээ. Мега төсөл ярьдаг хэр нь явган хүний эвдрэлгүй замыг солиод байдаг нь хачирхалтай.
Дүгнэхэд… Танилцуулсан төлөвлөгөөнөөс нь харахад Нийслэл явган хүний замаас илүүтэй анхаарал хандуулах өчнөөн асуудал байна. Үүний сацуу бодлогын хүрээгээ 5, 5 жилээр нэмж, хасах бус илүү тогтвортой тодорхойлж, хэрэгжүүлэхгүй бол бодлого хоорондын уялдаа, хэрэгжилт гэх юм юу ч алга. Гол нь оновчтой төлөвлөөд хэрэгжүүлдэг баймаар байна аа. Замыг минь засаач ээ, түгжрэлийг минь багасгаач ээ, амьжиргааг минь сайжруулаач ээ гэж санал тавьж байна.

🚁 Нисдэг такси тун удахгүй… (TechCrunch)
🫚 Бизнес эхлүүлэхдээ AI-г суурь элементээ болгохуйд. (HBR)
🪨 Марс гараг дээр урьд нь амьдрал байсныг илтгэх хамгийн тод шинж тэмдэг. (Axios)
🪥 Амны хөндийн өвчлөл Алцгеймерийн өвчин тусах шалтгааны нэг үү? (ScienceAlert)

🧑🏻💻 Олон янзын туршилттай $RDDT
RDDT: Олон нийтийн сүлжээнүүд дундаас гялалзаж буй Reddit нийтлэгч нартаа зориулж AI-д суурилсан Reddit Pro хэмээх контент хуваалцах, оролцоог нэмэгдүүлэх шинэ хөгжүүлэлтийг танилцуулжээ. Үүнтэй холбоотой компанийн нэгж хувьцааны үнэ 7.8% өсөж $259-т хүрсэн бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс тус хөгжүүлэлт нь цаашид $RDDT-н орлогыг тогтмол өсөхөд нөлөөлнө хэмээн харж буй.

🥶 Хөлдөх үү, эс хөлдөх үү?

Халаалт ирэх хүртэл, гэртээ даарч суух 3 өдөр байна даа. Ер нь дулаан байхын эргэн тойронд юу болж байна вэ?
🔗 Юутай ч өргөн сүлжээтэй хө
Одоогоор хотын хэмжээнд шугам сүлжээ, инженерийн байгууламжийн шинэчлэл сүүлийн 30 жилд байгаагүйгээр өргөн цар хүрээтэй хийгдсэн байгаа гэнэ. Нийтдээ 87.8 км шугам сүлжээ шинэчлэгдсэн бол 200 орчим угсармал орон сууц дулаалга хийлгэж 10 МВт эрчим хүч хэмнэнэ гэж байгаа.
🧐 Үнэ яах вэ? Уг нь бол энэ оны 5-р сараас дулааны үнэ өсөхөөр байсан юм. Хэрэв тэгвэл 50 м.кв орон сууцны дулаан 2 дахин өсөж ₮84 мянга болох байлаа. Юутай ч ЗГ-ын үнэ нэмэхийг хориглосон шийдвэрийн дагуу энэ оныг дуустал дулааны үнэ нэмэгдэхгүй. Огцом хазайсан шийдвэр гаргачихгүй бол шүү дээ.
🪵 Түлшний шинэ сонголт
Энэ өвөл нийслэлд түүхий нүүрс огт хэрэглэхгүй. Айл өрхүүд ₮3,750-ийн сайжруулсан шахмал түлш болон шинээр хэрэглээнд нэвтрүүлэх ₮5,000-ийн хагас коксожсон нүүрснээс сонгоно. Хагас коксожсон нүүрс нь шахмал түлшнээс 2-4 цагаар илүү шаталттай бөгөөд лабораторийн шинжилгээгээр хүхэрлэг хий 89.2%, азотын исэл 72.6%, угаарын хий 24.5%, тоосонцор 68% бууруулдаг нь тогтоогдсон л гэнэ.
🔍 Чанартай байж чадах уу? Нэмээд хагас коксожсон нүүрс утааг 40%-50% бууруулах тооцоо гарчээ. Тиймээс нийслэл энэ өвөл 306 мянган тн хагас коксожсон нүүрс, 40-45 мянган тн шахмал түлш нийлүүлэх бэлтгэлээ хангаад буй. Гэхдээ нэг том “НО” бий. Түлшээ дотоодоосоо биш, Хятадаас ₮226 тэрбумаар импортлохоор болчхоод байна.
📱 Түлш авах шинэ дэглэм: Цаашлаад, иргэд түлшээ апп-аар дамжуулж нүүрс худалдан авах бөгөөд картын системийг ирэх 12-р сараас бүрэн халах аж. Уг нь апп-аар худалдан авалт хийгээд байгааг нь харахаар улс минь хөгжөөд ч байгаа юм шиг. Нүүрс түлээд байгааг нь харахаар бахь байрандаа ч байх шиг.
⚡ Том зураг
Ямартай ч Бөөрөлжүүтийн цахилгаан станц 12-р сараас ашиглалтад орох тул энэ өвөл цахилгаан тасрах эрсдэл энэ хэрээр багасна. Харин дулаан асуудалтай хэвээр. Үүнийг шийдэж байгаа царай нь валютын урсгалыг гадагшлуулах, нөгөө талаар улсын дотоодын аж үйлдвэрийн өсөлтийг хойш татах шийдвэр болчхоод байна даа.

💡 Таавар таацгаая!
Найдвартай, өндөр түвшинд үнэлэгддэг компанийн бондын эрсдэл нэмэгдэж, хувьцааны үнэ эрс унах үзэгдлийг … гэж нэрлэдэг. Зөв хариултыг олсон бол бидэнтэй хуваалцаарай.

🆕 Nano International: SAP ERP цогц систем Монголд

Нано Интернэйшнл ХХК дэлхийн шилдэг ERP систем SAP-н SuccessFactors (HCM) болон Sales Cloud (CRM) модулиудыг Монголд анх удаа иж бүрнээр нь нэвтрүүлжээ. 📢
Компани байгууллагын бүх процессыг нэгтгэн автоматжуулах тус системийн модулиудыг ийн Монголд нутагшуулахад ₮3 тэрбумыг цутгасан байна. Тус цогц систем нь доорх олон талт үйл ажиллагааг нэгэн зэрэг дэмждэгээрээ онцлог.
🧑💻 Ажилтан: Хүний нөөцийн процессыг автоматжуулж ажилтнуудын бүтээмж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх,
🤝 Хэрэглэгч: Харилцагчийн мэдээллийг нэгтгэн хурдан шуурхай, харилцагч төвтэй үйлчилгээ үзүүлэх,
🏢 Байгууллага: Дата анализыг сайжруулж бизнесийн үйл ажиллагааны 30%-ийг автоматжуулах
Гэснээс Нано Интернэйшнл ХХК хэдийнээ SAP-н санхүүгийн систем болон агуулахын менежментийн иж бүрэн системүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, үйл ажиллагаа, ажлын бүтээмж нь 20%–30% өссөн гэнэ шүү.


Forbes
🍋 Alibaba (BABA) үүлэн тооцооллын үйлчилгээгээ бэхжүүлэх зорилгоор хөрвөх бонд гаргаж $3.2 тэрбумыг босгоно. Бонд нь Америкт бүртгэлтэй хувьцааны үнээс 27.5%-32.5%-ийн нэмэгдэлтэйгээр хөрвөх нөхцөлтэй 2032 оны 9 сарын 15-нд дуусгавар болж хувьцаанд хөрвөх юм. Ийнхүү тус бонд дэлхийн хэмжээнд энэ жил гарсан хамгийн том хөрвөх бонд болж байна.
🍋 Макс Групп Говь-Алтайд Монголын шохойн хэрэгцээний 25%-ийг хангах “Тайшир шохойн үйлдвэрлэл” байгуулав. Тус үйлдвэр нь MNS 0347:2002 стандартын дагуу жилд 120 мянган тн кальцийн I, II зэргийн шохой үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд үйлдвэр ашиглалтад орсноор тус бүс нутагт 150-200 ажлын байр шинээр бий болж буй. Үүнтэй зэрэгцэн тэд “Евро Блок үйлдвэр”-ийн шавыг тавьжээ.
🍋 OpenAI Oracle (ORCL)-с ирэх 5 жилийн хугацаанд $300 тэрбумын тооцоолох хүчин чадал худалдаж авахаар тохиролцлоо. Энэ хэмжээний дүнд OpenAI тус хугацаанд 4 сая өрхийн жилийн эрчим хүчний хэрэглээ буюу 4.5 ГВт-ын хүчин чадал авах юм. Нүд гялбам энэ хэлцлийн ард одоогоор жилийн $10 тэрбумын орлоготой болоод буй OpenAI энэ дүнг дор хаяж 7 нугалах ёстой болж байна даа.
🍋 Төмөртэйн овооны цайрын ордын үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлнэ. “Монгол эрдэнэ” улсын үйлдвэрийн газрын удирдлагууд стратегийн ач холбогдолтой тус ордын тусгай зөвшөөрлийг хууль бусаар хувьд шилжүүлэн авч, нийт ₮479.1 тэрбумын өгөөж хүртжээ. 30 жилийн өмнө ордын хайгуул болон бүтээн байгуулалтын ажилд төрөөс ₮33.5 тэрбумыг зарцуулсан ч, нөхөн төлбөр авч чадалгүй өдийг хүрч.


Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг
Reply