• Lemon Press
  • Posts
  • 🤫 Нууцаас гарсан нууц

🤫 Нууцаас гарсан нууц

Спортын тэрбумтан | Hang Seng Bank хаалттай болох уу? | iPhone 17 Монголд

POWERED BY

Баасан гаргийн мэнд! Өнөөдөр Монголын улс төрд халуухан үйл явдлууд болж өнгөрөх төлөвтэй байна. Магадгүй ирэх Даваа гарагт шинэ ЗГ-ын бүтэц бүрэлдэхүүн яригдах эсвэл нүүрсний хэргийн эздийн талаарх асуудал хурцдах биз ээ. Юутай ч манай сошиал сувгуудтай ойрхон байгаарай. ✌🏻

*Нэг өдрийн өөрчлөлт.

BOM: Монголбанк 2025-2026 оны эдийн засгийг өсөлтийг 5%-6% тогтвортой өсөхөөр тооцоолж, ирэх саруудад хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын түвшинд нөлөөлж болзошгүйг анхаарууллаа.

MRT: Агаарын тээврээр оны эхнээс өссөн дүнгээр 1.9 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 12.3% өсжээ.

CUS: Энэ оны эхний 9 сарын гадаад худалдааны ашиг жилийн өмнөхөөсөө 31.5% буурч $2.2 тэрбум болов.

🤫 Нууцаас гарсан нууц

Ойрын өдрүүдэд дээгүүрээ ширүүн маргаантай байна даа. Одоогийн ЗГ өмнөх ЗГ-ын улсын нууцад авсан нүүрсний гэрээнүүдийг ил болгох ажилдаа ханцуй шамлаж орлоо. Ил болсон гэрээнд юу байв? 

😞 $4.3 тэрбумын нүүрс

Одоогоос 3 жилийн өмнө буюу 2022 онд ЗГ адаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталж байв. Энэ хүрээнд 2019-2022 онд байгуулагдсан Off-take нөхцөлтэй гэрээнүүдийн хэрэгжилтийг зогсоож, дуусгавар болгосон аж. Өөрөөр хэлбэл, 4 бүлгийн нийтдээ 38 гэрээний гүйцэтгэлийг 2023 онд зогсоосон байгаа юм. 

  • 28.4 сая 🆚 10 сая: Уг гэрээнүүдэд нийт 28.4 сая тн нүүрс нийлүүлэхээр тусгасан бөгөөд 2023 онд хэрэгжилтийг зогсоох хүртэл 10 сая тн нүүрс нийлүүлэгдсэн буюу гүйцэтгэл нь 35.1%-д хүрсэн аж. Нийт нийлүүлсэн нүүрсний үнийн дүнг 2022 оны хамгийн өндөр дүн буюу $425-оор нийлүүлсэн гэж бодвол $4.3 тэрбум болж байна даа. 

  • 📌 Бодь Интернэшнл: Ил гаргасан 38 гэрээний 95% нь Бодь Интернэшнлтэй хамааралтай. Улмаар тус компани нийт 28 сая тн нүүрсний 22.5 сая тн-г урьдчилан борлуулах эрхтэй болж 8.2 саяыг нь хэдийн нийлүүлжээ.

  • ‼️ Унагасан ашиг: Гол нь тухайн үеийн нүүрсний зах зээлийн үнэ тн тутамд $110 байсан ч гэрээний үнэ үүнээс доогуур. Нэмээд 2022 онд буюу нийлүүлэлт хийж байх үед $425 хүрч өссөн. Тэгэхээр энэ гэрээ зах зээлийн үнээс нэлээд доогуур хийгдсэн буюу гүйцэтгэгчид ашигтай байсан хэрэг.

  • 🔍 Norinco & Glory: Тэдний хувьд энэ гэрээ хийгдэхээс ч өмнө буюу ЭТТ-н 2018-2022 онд борлуулсан 21 сая тн нүүрстэй хамааралтай байсан аж. 

🧐 Асуудал нь юундаа байна?

Энгийнээр хэлбэл, Бодь Интернэшнл Off-take гэрээний хүрээнд нүүрсийг урьдчилан борлуулж, авсан урьдчилгаагаараа ТТ-ГС болон Богдхан төмөр замыг санхүүжүүлж, дараа нь нийлүүлэлтээрээ өрөө барагдуулна гэсэн зарчмаар ажиллах ёстой байсан. Богдхан төмөр замд л гэхэд $734.6 саяын эх үүсвэр өгөх байж.

  • Гэтэл гэрээний үнийн дүнг багаар хийж ашиг сая $-оор хэмжигдэх ашиг унагаасан байж болзошгүйгээс гадна төмөр замын төслүүдийн хэрэгжилт удааширч, бүрэн дуусаагүй байна. 

Эцэст нь… Цаашид Эрдэнэс Тавантолгой ХК, Тавантолгой төмөр зам ХХК болон Чайна Энержи компани хооронд хийсэн гэрээнүүд ч ил болох хүлээлттэй байна. Ай даа ил, далдаар юу, юу болоод байна даа. 

  • 👑 23 настай AI судлаачийн гайхалтай алсын хараа. (Fortune)

  • 🎳 Хөрөнгө оруулагчид цагаан алт руу хошуурч эхэллээ. (BusinessInsider)

  • 📜 Мега төслүүд үү? Хүслийн жагсаалт уу? (Ikon

  • 🎣 Хятадын хувьцааны зах зээлд амжилттай тоглолт хийсэн хөрөнгө оруулагчийн туршлага. (CNBC)

🏦 Hang Seng Bank хаалттай болох уу?

0011.HK: Дэлхийн томоохон банкнуудын нэг HSBC (HSBC.L) өөрийн охин компанийн нэг болох Хонконгийн биржид бүртгэлтэй Hang Seng Bank-г хаалттай компани болгох саналыг гаргажээ. HSBC нь 011.HK-н 63% эзэмшдэг бөгөөд зах зээлийн үнэлгээ нь HK$280.6 аж. Үүнтэй холбоотой өчигдрийн арилжаагаар компанийн нэгж хувьцааны үнэ 25.9% өсөж HK$149.8-т хүрээд байна.

⚽️ Тэрбумтан гэхдээ спортын

Спортын түүхэнд гаргасан амжилтаараа домог болсон тамирчид олон ч хөрөнгөөрөө тэрбумтан болсон нь саяхныг хүртэл гарын 5 хуруунд багтаж байлаа. Тэгсэн шинэхэн тэрбумтан төрөн гарч, энэ тоо 6 болсон гэнэ дээ.

🙌🏻 Тавтай морил

Домогт Кристиано Роналдогийн нийт хөрөнгө $1.4 тэрбумд хүрснийг Bloomberg-с мэдээлээд байна. Тэрээр 2002-2023 он хүртэлх хугацаанд $550 саяыг зөвхөн цалингаасаа олжээ. Мөн сурталчилгааны орлого тэр дундаа Nike (NKE)-тэй байгуулсан гэрээний хүрээнд жил бүр дунджаар $18 саяыг олсон аж. 

  • ✍🏻 Тэрбумд хөтөлсөн гэрээ: Роналдо нь 2022 онд Саудын Арабын Аль-Насср багтай жилийн $237.5 саяын гэрээ байгуулсан бөгөөд өнгөрсөн 6-р сард гэрээгээ сунгаж дахин 2 жилийн гэрээ байгуулж, нийт хөрөнгөө $400 саяар нэмэгдүүлжээ.

  • 🐐 Нөгөө домог: Түүний гол өрсөлдөгчдийн нэг Лионель Мессигийн хувьд тоглох хугацаандаа $600 саяыг олсон ба 2023 оноос хойш Америкийн Интер Майми багт тоглохдоо жилийн $20 саяын баталгаат цалин авсан аж.

💰 Чинээлэг 6

Өмнөх гарын 5 хуруунд багтаж байсан тамирчид бол домогт Майкл Жордан, Мэжик Жонсон, Леброн Жеймс, Тайгер Вүүдс болон Рожер Федерер нар. Эдгээр 5 тамирчдын 3 нь сагсан бөмбөгийн спортынх бол Тайгер Вүүдс гольф, Рожер Федерер газрын теннисний тамирчид юм. Роналдогийн хувьд анхны хөлбөмбөгийн спортоос төрсөн тэрбумтан болж буй гэдгээрээ онцлог.

  • 🥃 Шуугиант мэдэгдэл: Өдгөө 23 дахь улиралдаа тоглож буй Леброн Жеймс саяхан сенсацтай мэдэгдэл гаргасан. Тэрээр зодог тайлах талаар бичлэгээ өөрийн цахим хуудсандаа оруулсан ч тэр нь үнэндээ "The Decision" хэмээх Hennessy-н шинэ сурталчилгаа болоод дуусжээ.

Эцэст нь… 2023 оноос хойших Мессигийн нийт авсан цалин нь Роналдогийн цалингийн ердөө 10%-д ч хүрэхгүй дүн аж. Гэвч Мессигийн Интер Маймитай хийсэн гэрээнд зодог тайлсны дараа багийн хувь эзэмших, Apple TV-н хөлбөмбөгийн шууд дамжуулалтын орлогоос хувь хүртэх зэрэг заалтууд багтсан. Тэгэхээр Мессигийн тэрбумтан болох нь зөвхөн цаг хугацааны асуудал бололтой. ⏳

💡 Таавар таацгаая. 

Хөрөнгө оруулагч байсан 42 настай нэгэн танилцуулга буюу “slide presentation”-с бизнес хийх санаагаа олжээ. Өдгөө тус бизнесийн бүтээгдэхүүнийг дэлхий даяар 50 сая гаруй хүн туршиж үзсэн бөгөөд Amazon, Zoom зэрэг компаниудад нэвтрээд буй. Энэ ямар бизнес вэ? Таасан бол хариултаа хуваалцаарай.

Жич: Тус бизнесийн нэр 5 үсэгтэй. 🤭

iPhone 17 албан ёсны эрхтэйгээр Монголд

Оройтох нь байна шүү! Технологийн барааны ITStore дэлгүүрийн ITStore Business салбарт 10 сарын 12-ныг дуустал iPhone 17-н Монгол дахь албан ёсны нээлт болж буй. 📢

Тус салбар дээр эдийн засагч ажиллаж байгаа тул iPhone 17-оо газар дээр нь урьдчилгаагүй, лизингээр худалдан авах боломжтой. Өөр юу хүлээж байгаа гээч?

  • 😎 Бэлэг өгнө: Ийнхүү шинэ утас худалдан аваад оригинал AirPods 4 болон Кейс бэлгэнд авах юм.

  • 🤝 Баталгаатай шүү: Цаашлаад ITStore-н хамт олон дэлгэц, арын шил тус бүр 1 удаа солиулах эрх болон нэмэлт 1 жилийн баталгаа амлаж буй.

Гэснээс ITStore Business салбар 22:00 цаг хүртэл ажиллах тул дэлгүүр хаачихна гэж санаа зоволтгүй шүү. Гол нь хэдхэн өдөр үлдээд байгааг санаарай. ⌛

📍 Хаяг: СБД I хороо, International Trade Center-н II давхарт
📞 Холбогдох: 75-888-555

ABB

🍋 Softbank (SFTBY) ABB (ABB.ST)-н роботын бизнесийг $5.4 тэрбумаар худалдан авна. Угаас ABB-н хувьд роботын бизнес нь бусад салбаруудтайгаа холбогдолгүй агаад уналттай байсан тул харьцангүй ашигтай наймаа болж байна. Нөгөө талаар Softbank 10 жилийн өмнө роботикийн салбарт хөл тавьж байсан замналаа үргэлжлүүлэн, AI болон роботикийг нэгтгэх стратеги хэрэгжүүлэхээр зорьж буй. 

🍋 Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын бэлтгэл ажил 80%-тай байна. Бэлтгэл ажлын хүрээнд пүүний барилга угсралт, хаалттай бүсийн хашаа болон өргөст тор татах ажлууд бүрэн дуусжээ. Харин ажилчдын кемпийн барилга 83.3%, арматур бэлтгэх талбай 81.5%, бетон зуурмагийн үйлдвэрийн угсралт 70.5% гүйцэтгэлтэй байгаа аж. 

🍋 Google (GOOG) 2027 он хүртэл Бельгид €5 тэрбумаар AI дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийхээ зарлалаа. Үүгээр тэд Бельги дэх дата төвөө өргөтгөх бөгөөд үр дүнд нь тус дата төв орон нутгийн хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс Google-н дэлхий даяарх супер үйлчилгээтэй 42 дата төвийн эгнээнд нэгдэх юм. Үүнийг дагаад Бельгид шинээр 300 ажлын байр бий болно.  

🍋 ОНӨААТҮГ-ын нийт ажилчдын үндсэн цалинг 50%-60% нэмэгдүүлж, дундаж цалинг ₮3.3 сая болгов. Тодруулбал, өнгөрсөн 5 жилд тус газрын ажилтнуудын үйлчилгээ үзүүлдэг өрхийн тоо 32% нэмэгдэж 145 мянга болсон ч инженер, техникийн ажилчдын тоо нэмэгдээгүй аж. Ийн цалингийн асуудал хөндмөгц, эмч, багш нарын цалин өдгөө ₮1.5 сая ч хүрэхгүй байгаа нь харамсалтай.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц. Цэлмэг

Reply

or to participate.