• Lemon Press
  • Posts
  • 🅕 ХО-ын орчин: Суу, муу

🅕 ХО-ын орчин: Суу, муу

Наран улсын 2026 оны сонгууль | Хотын төсөв торгуулиас хамаарах болсон уу? | $AIC & $TGI: Ногдол ашиг тараана

POWERED BY

Hey! Энэ оны 11-р сард нийт 24 улсын шигшээ багийн хоорондын $1.3 саяын шагналын сантай CS тоглоомын аварга шалгаруулах тэмцээн болохоор товлогджээ. Тухайлбал, Саудын Арабын Esports World Cup Foundation-с 2 жилд нэг удаа зохион байгуулагдах eSport-н олимп болгох зорилготой Esports Nations Cup-д CS тоглоом багтсан аж. Дүрмийн хувьд багуудад мэргэжлийн багаас 3 хүртэлх тоглогч орох боломжтой гэнэ шүү. 🏅🔫

*Нэг өдрийн өөрчлөлт.

ETT: Эрдэнэс Тавантолгойн уурхайд 12.6 км үргэлжлэх байгууламж ашиглалтад орсноор жилд 10 сая тн нүүрс авто тээврээр тээвэрлэж байсан зардал 78% буурч, жилд дунджаар ₮267.5 тэрбумын хэмнэлт хийх боломжтой болжээ

MSE: Ган хийц ХК (GHC), Эрдэнэс сольюшинс ХК (AMT), Стандарт ноос ХК (ALI) болон Эм Жи Эл Акуа ХК (MGLA) зэрэг компаниуд ногдол ашиг тараахгүй байхаар шийдвэрлэлээ.  

OTC: Өнгөрсөн 7 хоногт ББЗЗ дээр ₮80.9 тэрбумын болон $245.4 мянгын арилжаа явагджээ. Нийт ₮-ийн арилжааны 40.2%-ийг анхдагч зах зээлийн арилжаа бүрдүүлсэн байна. 

POL: Энэ оны НДС-гийн орлого ₮7.8 их наяд, зардал нь ₮6.6 их наяд, төсвөөс өгөх татаас ₮1.6 их наяд байх бол ЭМДС-гийн орлого ₮2.7 их наяд, зардал ₮2.5 их наяд байх нь ээ. 

Татварын асуудал #1: Хотын төсөв торгуулиас хамаарах болсон уу?

Нийгэмд мэргэжилтнүүдийн дуу хоолойг хүргэх зорилготой Lemon Press Opinions-н ээлжит дугаарт тавтай морил. Энэ удаа бид Өмгөөллийн Виндекс ХХН-ийн өмгөөлөгч Д.Баттулгын “Нийслэлийн төсвийн хүү торгуулийн орлогын чиг хандлага”-ын талаарх нийтлэлийг хүргэж байна. Бид Виндекс ХХН-тэй хамтран татварын асуудлаар цуврал нийтлэл гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд эхний дугаарыг тухлан сууж таалан уншина уу!

Нийслэлийн төсөв томрохтой зэрэгцэн иргэд, аж ахуйн нэгжүүдийн халааснаас гаргах татвараас гадна татварын бус төрөлд хамаарах хүү торгуулийн орлого ч их хэмжээгээр нэмэгдэж байна. Улаанбаатар хотын нийт үндсэн төсвийн орлогод эзлэх хүү, торгуулийн орлогын хувь хэмжээ 2021-2025 оны хооронд 5%-22% хүртэл өсжээ.

‼️ Уул уурхайн ХО-ын орчин: Дүнгэн данган дундаж

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барих гэж буй. Энэ удаад уг хуулийн 50%-д өөрчлөлт оруулах аж. Харин нөхцөл байдал ямар байна вэ? 

📝 Доошоо орохгүй шүү хө

Өөрчлөлтийн хүрээнд хуулийн үндсэн санаа үлдэх бөгөөд өөрчилж байгаа зорилго нь одоо байгаагаасаа доош орохгүй байх юм гэнэ. Сүүлийн 10 жилийн нийт ₮99.38 их наядын ГХО-ын 80% нь уул уурхайн салбарынх. Тэгвэл ирэх жилүүдэд уул уурхайг илүү секси болгох “амин сүнс” нь Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлт байх аж.

  • 📌 Юу өөрчлөх юм? Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох сонголтыг бий болгож, чухал ашигт малтмалын зохицуулалтыг тусгаж,  АМНАТ тооцох аргачлалыг шинэчилж, орон нутгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтүүд орох нь. 

😬 Одоогийн нөхцөл байдал: Дунд

Хуулийг өөрчилж сайжруулна гээд байгаа салбарын хөрөнгө оруулалтын орчин 2025 оны байдлаар “Дунд” гэсэн үнэлгээ авчээ. Уг үнэлгээг 20 үзүүлэлтэд тулгуурлаж гаргасан бөгөөд салбарын төлөөллүүдийг судалгаанд хамруулж 20 үзүүлэлтийг 0-100 оноогоор үнэлүүлсэн байна. Ингэхэд геологи, хайгуулын ажлын үр дүн, тэдгээрийн үнэмшилтэй байдал хамгийн өндөр буюу 61.2 оноо авсан байгаа юм. 

  • 🤧 Харамсалтай: Уг 20 үзүүлэлтэд сайн эсвэл маш сайн гэсэн дүгнэлтэд хүрсэн үзүүлэлт байхгүй. 20 үзүүлэлтийн 70% нь “Дунд” түвшинд үнэлэгдсэн бол үлдсэн 30% нь “Муу”-гаар үнэлэгдсэн. Улмаар дундаж нь ердөө 53.5 оноонд хүрч.

  • 🤥 Хамгийн хэцүү нь улс төр: Муу доторх хамгийн муу үзүүлэлт нь улс төрийн тогтвортой байдал. Үүний дараагаар уул уурхайн талаарх олон нийтийн хандлага, дэд бүтцийн хөгжил, нутгийн иргэд болон уул уурхайн компаниудын харилцаа гэсэн үзүүлэлтүүд орно.

  • 🅵 Суу, муу: Хамгийн чухал нь өнөө хөрөнгө оруулагчдыг татах буюу эрх ашгийг нь хамгаалсан байдлын үзүүлэлт ч “F” дүн авсан аж. 

Эцэст нь… Мэдээж бид уул уурхайн салбараа тултал хөгжүүлж байж дараагийн эдийн засгийн боломжуудыг нээнэ. Үүний хүрээнд АМНАТ-ийн хуулийг шинэчлэх асуудал оновчтой хийгдэх ёстой. Гэхдээ энэ бол салбарын асуудлыг шийдэх ердөө 1 алхам. Цаана нь төр өөрөө тогтвортой байх, хөрөнгө оруулагчдын эрхийг хамгаалах, уялдаа холбоотой, ойлголцож ажиллах гээд шийдэх олон чухал асуудал байна даа.

  • 🔐 Удирдлагын гайхалтай арга ухаан гэж… (WSJ)

  • 📜 "Эдийн засгийн эрх чөлөөний тухай" хуулийн төслийн хэлэлцүүлэг болно. (BCM)

  • 😷 Агаарын бохирдол 26% буурсан гэсэн ч бохирдлын хэмжээгээр дэлхийд толгой цохисон хэвээр. (IQAir)

  • 🏋️ 1 хүний бизнесийн 80%-ийг нь ганцаараа хангалттай дөнгөнө л гэнэ. (Entrepreneur)

$AIC & $TGI: Ногдол ашиг тараана 

AIC & TGI: Ногдол ашгийн цуваа үргэлжилсээр. Ард Даатгал ХК болон Тэнгэр Даатгал ХК шийдвэрээ гаргалаа. Ард Даатгалын хувьд 2025 оны цэвэр ашгийн 28% буюу нийт ₮1 тэрбумын ногдол ашиг тараахаар болов. Ингэснээр нэгж хувьцаанд ₮40 тараагдах юм. Мөн Тэнгэр Даатгал ХК 2025 оны цэвэр ашгийн 65% буюу ₮6.9 тэрбумыг нэгж хувьцаанд ₮114.4-ийн ногдол ашиг болгон хуваарилна. $AIC-н ногдол ашгийн өгөөжийг өчигдрийн хаалтын үнээр тооцоход 6.5%, $TGI-г тооцвол 13.9% байна. Цаашлаад, ногдол ашиг хүртэх эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдрийг 2 компани хоёулаа Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлын бүртгэлийн өдрөөр тогтоосон аж.

🗳️ Наран улсын 2026 оны сонгууль

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Японы парламентын доод танхимын ээлжит бус сонгууль болж өнгөрлөө. Энэхүү сонгуульд эрх баригч Либерал Ардчилсан нам дангаараа 316 суудал авч, үнэмлэхүй ялалт байгуулжээ.

🗞️ Сонгуулийн тойм

Японы парламентын доод танхимын сонгууль 4 жил тутамд зохион байгуулагддаг бөгөөд нийт 465 суудлаас бүрддэг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд Ерөнхий сайд Санаэ Такаичигаар удирдуулсан Либерал Ардчилсан нам Инновацын намтай эвсэн орж, танхимын 465 суудлын 352 буюу нийт суудлын гуравны хоёрын саналыг авсан аж. Харин сөрөг хүчний Төв шинэчлэлийн эвсэл 49 суудал авсан нь өмнөх сонгуулиар авсан суудлынхаа тоог эрс алдсан явдал байв.

🧭 Ялалтын хөтөч

Наран улсын анхны эмэгтэй ЕС Санаэ Такаичи нь ажлаа хүлээн авснаас хойш 110 өдрийн дараа ээлжит бус сонгууль зарласан. Түүний мөрийн хөтөлбөрт төрөөс бизнесүүдийг дэмжих, татварын дарамтыг бууруулах, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх талаар тусгагджээ. Үүнээс гадна цагаачлал болон Хятадын эсрэг хатуу бодлогыг хэрэгжүүлэх талаар орсон нь сонгогчдын дэмжлэгийг авахад томоохон нөлөө үзүүлсэн аж. 

  • 💹 ХЗЗ-д ээлтэй мэдээ: Сонгуулийн мэдээний дараа өчигдөр Nikkei 225 (^N225) индекс огцом 5.7% өсөж түүхэндээ анх удаа 57 мянгыг давсан бол ЗГ-ын 10 жилийн хугацаатай бондын өгөөж 0.051 нэгж хувиар нэмэгдэн 2.3%-д хүрчээ. 

Эцэст нь… Японы эрх баригчид Хятадаас хамаарлаа бууруулахын хүрээнд гуравдагч хөршүүдийн уул уурхай, сэргээгдэх эрчим хүч, дэд бүтэц, тээвэр логистикийн зэрэг салбаруудад стратегийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүлээлттэй байна. Тэгвэл тус боломжийг Монголын зүгээс овжин байдлаар ашиглаж Японтой эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлэх бүрэн боломжтой юм. 

Гэснээс тэнгэрт хөвөх үүлийг ялихгүй жаахан жинтэй гэж боддог хэр олон хүн байна даа? Энэ бодлыг тань няцаах нэг факт байна. 😌👀

Tenor

☁️ Үнэндээ үүл нь ойролцоогоор 1 сая тн жинтэй бөгөөд түүний эзлэхүүн болон нягтралын харьцаа энэ их жинг агаарт хөвөхөд тусалдаг аж. Тодруулбал, үүлний нийт эзлэхүүн ойролцоогоор 1 км³ бол нягтрал нь ойролцоогоор 1.003 кг/м³ байдаг. Энэ нь агаараас ойролцоогоор 0.4% бага нягтралтай гэсэн үг юм. Interesting, huh?

🏪🛒 Сар шинийн бэлтгэлээ хамгийн ойроос

Баярын бэлтгэл гээд гадуур ч хөл хөдөлгөөнтэй байна даа. Тэгвэл энэ үеэр гэрийнхээ хажуугаас баярын бэлтгэлээ базаах боломжтой болжээ. Яаж вэ гэж үү? 👀

Үндэсний сүлжээ дэлгүүр М Март хэрэглэгчдэдээ зориулан “Амар байна уу” сар шинийн урамшуулалт худалдаа зарлаад буй. Урамшууллын хүрээнд, 👇

  • 💯 Өргөн сонголт, хямд үнэ: M Mартын бүх салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж буй бүтээгдэхүүнээс М Март апп ашиглан ₮30 мянгаас дээш худалдан авалт хийх тутамд 1 урамшууллын эрхтэй болох бөгөөд ингэснээр М Мартын ₮1 саяын эрхийн бичиг, “Samsung”-н аяга таваг угаагч, “Амтшил” брэндийн бүтээгдэхүүн тэргүүтэй хөөрхөн хөөрхөн бэлгүүдийн эзнээр тодрох боломжтой болох нь ээ.

Гэснээс зочдынхоо гарыг юугаар цайлгах вэ гэж толгойгоо гашилган суугаа бол М Мартын бүх салбараар ₮10, ₮30, ₮50 мянгын “Амар байна уу” дугтуйтай бэлгийн картыг худалдаалагдаж байгаа гэсэн шүү.

BeInCrypto

🍋 Өмнөд Солонгосын криптовалютын бирж Bithumb 2,000 ширхэг Биткойн санамсаргүй тараажээ. Улмаар хэрэглэгчийн их хэмжээний Биткойныг шууд зарж эхэлснээр тус бирж дээрх биткойны ханш 10% унасан байна. Угтаа Bithumb хэрэглэгч тус бүрт ₩2,000-ыг олгох ёстой байсан ч, нэг ажилтан андуурч шилжүүлэг хийснээс бирж ойролцоогоор $25 саяын алдагдал хүлээгээд буй. 

🍋 Евразийн худалдааны түр хэлэлцээрийг Монголоос гадна 3 орон соёрхон батлаад байна. Үүнд Орос, Беларусь, Казакстан багтсан бөгөөд Армени, Киргизэд парламентын хэлэлцүүлгийн шатанд байгаа аж. Хэлэлцээрийн хүрээнд Монголоос ЕАЭЗХ-ны зах зээлд экспортлох 367 барааны 97.5% нь ХАА, МАА-н гаралтай бүтээгдэхүүнүүд эсрэгээрээ эрдэс, химийн салбарын бүтээгдэхүүнүүдийг түлхүү импортлох юм гэнэ.

🍋 Билл Гейтсийн сан $38 тэрбумын хөрөнгийнхөө 59%-иар нийт 3 компаниас хувьцаа худалдан авчээ. Үүнээс хамгийн их буюу 28.5%-ийг Berkshire Hathaway (BRK-B)-н 21.8 сая ширхэг хувьцаа эзэлж буй бол 17%-ийг Waste Management (WM)-н 28.9 сая ширхэг хувьцаа, үлдсэн 13.3%-ийг Canadian National Railway (CNI)-н 51.8 сая ширхэг хувьцаа бүрдүүлжээ. Эндээс харахад тус сан өндөр үнэлгээтэй, удаан өсөлттэй компаниудад түлхүү хөрөнгө оруулдаг байна.

🍋 БОУАӨЯ ирэх хичээлийн шинэ жил эхлэх хугацааг 15 хоногоор хойшлуулахыг Боловсролын яаманд уламжлав. Учир нь COP17-г 8 сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар товлосон бөгөөд энэ нь сургууль, цэцэрлэгийн бэлтгэл хангадаг үетэй ид давхцаж байна хэмээн үзжээ. Хурлаар 197 орны 10 мянга гаруй хүн ирэх бөгөөд хурлын бэлтгэл ажилд 2025 оны улсын төсвөөс ₮50 тэрбум, энэ жилийнхээс ₮200 тэрбумыг зарцуулж байгаа аж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй 
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.