• Lemon Press
  • Posts
  • 🦸 Бүтээмж нэмэх татар ажиллагаа

🦸 Бүтээмж нэмэх татар ажиллагаа

СЗХ-ны 20 жилийн ой | $TAND: Дээд үнэдээ хүрлээ | Ким Гён Хи авлигын хэрэг

POWERED BY

Өглөөний мэнд ээ! Шадар сайд Т.Доржханд өнгөрсөн жил тогны мөнгө нэмсэн тулдаа өнөөдөр нийслэлчүүд 6 биш 2 цаг л тогоо таслуулж байна хэмээв. Он удаан жил хямарч буй эрчим хүчний салбарын шинэчлэлийг өвлөөс бусад улиралд мартаж, бүх нийтээрээ хөлдөх дээрээ тулах үед л санах юм даа. 😪

*Нэг өдрийн өөрчлөлт.

MSE: Дэвшил Мандал ХК (DMA) өнгөрсөн онд ямар ч үйл ажиллагаа явуулаагүйн сацуу өр, төлбөр тооцоо ихтэй тул ногдол ашиг хуваарилахгүй байхаар шийдвэрлэжээ

MNG: Монгол болон Өмнөд Солонгос жижиг, дунд үйлдвэрлэлийн эко инновацын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр 2 жилийн хугацаатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

MSE: Инвескор өсөлт ТЗК ХХК-ийн олон нийтэд санал болгосон ₮50 тэрбум үнийн дүн бүхий "Инвескор өсөлт" ХБҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаа INVG-BD-29/07/27-C0094-18.5 үсгэн кодтойгоор эхэллээ

TTZ: Тавантолгой төмөр зам ХХК энэ онд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг 70%-д хүргэхээр ажиллана.

🏦 СЗХ ба өнгөрсөн 20 жил

Монгол Улсад санхүүгийн зах зээлийн орчин үеийн зохицуулалтын тогтолцоо бүрэлдэн тогтоход онцгой үүрэг гүйцэтгэж буй Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны 20 жилийн ой тохиож байна.

⏳ Өнгөрсөн хугацаанд

Анх 2006 онд банкнаас бусад санхүүгийн зах зээлийг нэгтгэн зохицуулах бие даасан байгууллага болон байгуулагдсан СЗХ нь өнөөдөр зах зээлийн тогтвортой байдал, ил тод байдал, хөрөнгө оруулагчдын итгэлийг хангах үндсэн тулгуур институт болон хөгжсөн байна.

  • 📌 Тэдний хувьд санхүүгийн зах зээлийн эрх зүйн суурийг тавих, хяналтын тогтолцоог бүрдүүлэхэд төвлөрч ажилласан. 2012 онд дунд хугацааны стратегиа баталж, зээлийн батлан даалт, хөрөнгийн зах зээлийн хөгжлийг дэмжих бодлогын үндсийг тодорхойлов. Энэ үеэс зах зээлийн зохицуулалт илүү системтэй, бодлогын түвшинд шилжсэн нь дараагийн өсөлтийн суурь болжээ.

📈 Үйл ажиллагааны тэлэлт

Одоогоор СЗХ-ны ажлын алба 9 газар, 4 алба, 4 хэлтсээс бүрдэж буй. Энэ хүрээнд хөрөнгийн зах зээл, даатгалын зах зээл болон банк бус санхүү, хадгаламж зээлийн хоршоо, үнэт металл, ҮХХ, ВХҮҮ, мөнгөн зээлийн үйлчилгээ үзүүлэгчийн салбар зэрэгт хяналт тавьж ажилладаг. 2024 онд л гэхэд СЗХ-ны 23 удаагийн хуралдаан болж 542 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж 657 тогтоол гарсан байдаг

👀 Ойг угтах уралдаан

Сонирхуулахад, СЗХ 20 жилийн ойгоо угтан “Санхүүгийн Инновац ТекСпринт” уралдааныг 2 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Энэ удаад уг уралдааны хамтран зохион байгуулагчаар Lemon Press ажиллаж байгаа бөгөөд уралдааны бүртгэл 2 сарын 1-нд эхлэх юм шүү.

  • 📝 Ямар учиртай уралдаан бэ? ТекСпринт 2026 нь санхүүгийн салбарт тулгамдаж буй өрийн дарамт, хариуцлагагүй зээлийн эрсдэлийг технологид суурилсан ухаалаг шийдлээр бууруулах зорилготой. 3-5 хүний бүрэлдэхүүнтэй багууд оролцох бөгөөд шалгарсан багууд богино хугацаанд өөрсдийн технологийн шийдлийг хөгжүүлж, мэргэжлийн менторуудын дэмжлэгтэйгээр өрсөлдөнө. 

Эцэст нь… Уралдааны талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хуваалцъя. 2023 оны ТекСпринт уралдаанд 34 оролцогч оролцон санхүүгийн луйвар, зохицуулалтгүй үйл ажиллагааг илрүүлэх технологийн шийдлүүдийг хөгжүүлэн өрсөлдсөн. Энэ удаад ч хэрэгцээт шийдлүүд танилцуулагдана гэдэгт итгэлтэй байна. Stay tuned!

  • ⚒️ Боломж байсан, алдаа гарсан, популизм давамгайлсан. (MineProTV)

  • 💵 TikTok-н одын зангаргатай хэлэлцээр. (Mashable)

  • 🪹 Тэргүүн хатагтайн тухай баримтат киног хэн ч үзэхийг хүссэнгүй. (TheIndependent)

  • 🗣️ Монгол Улс олон улсын стандартаар баталгаажсан аялал жуулчлалын бүс нутагтай болно. (Gogo)

🤯 Бүх цаг үеийн дээд үнэдээ хүрлээ!

TAND: Тандэм Инвест ББСБ ХК-ийн хувьцааны үнэ өчигдрийн арилжаагаар 15% өсөж бүх цаг үеийн дээд үнэдээ хүрлээ. Тодруулбал, $TAND-н үнэ ₮57.5 болсон нь өнгөрсөн оны хаалтын үнээс 72.5%, өмнөх рекорд үнээс 15% өссөн дүн юм. Өөрөөр хэлбэл, $TAND-н дээд үнэ 14 жилийн дараа дахин эвдэгдээд байгаа нь энэ юм.

🦸‍♂️ Монголчуудын бүтээмжийг нэмэх татар ажиллагаа

Азийн бүтээмжийн байгууллага (APO) Монгол Улсын 2026-2035 оны бүтээмжийн мастер төлөвлөгөөг боловсруулж, ЗГ-т хүлээлгэн өглөө

  • 🔍 Хэр том байгууллага вэ? APO нь Японд төвтэй, Азийн 21 гишүүн оронтой бүс нутгийн түвшний байгууллага юм.  

📃 Мастер төлөвлөгөө 

APO-н тооцооллоор Монгол Улс бүтээмжийн томоохон шинэчлэл хийхгүйгээр урсгалаараа явбал 2000-2024 онд дунджаар 6.2% өссөн эдийн засаг удааширч, 2026-2035 онд 4.2%, 2036-2050 онд 2.8%-д хүрэх эрсдэлтэй тулна. Ижил хугацаанд хөдөлмөрийн бүтээмж 4%-иас 1.4% болж буурах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлт удаашрахад томоохон нөлөө үзүүлэхээр байна.

  • Цаашлаад, ЗГ-ын эдийн засгийн өсөлтийг 6 ба түүнээс дээш хувьд хадгалах зорилт бодитоор хэрэгжихийн тулд Монгол Улс бүтээмжээ 3% нэмэгдүүлэх шаардлагатай байгаа аж. 

  • Улмаар зах зээлийг хүртээмж, технологи ба цахимжилт, хүний нөөцийг чадавхжуулах гэхчлэн 5 стратегийн чиглэлийг тодорхойлж, бүтээмжид хамгийн өндөр нөлөөтэй 8 салбарыг тодорхойлжээ. 

😪 Бодит байдал дээрх монголчуудын бүтээмж… 

Өнгөрсөн оны III улирлын байдлаар 1 ажилтанд ногдох ДНБ өмнөх оноосоо 1.3% өсөж ₮5.9 саяд хүрсэн. Энэ нь дэлхийн дунджаас 3.6 дахин бага үзүүлэлт төдийгүй бид бүтээмжээрээ 181 орноос 105-т жагсдаг. Задалбал, капитал хамгийн их төвлөрсөн уул уурхайн салбар, дараад нь санхүү, даатгалын үйлчилгээний салбарт бүтээмж хамгийн өндөр, харин ажиллах хүчин ихээр төвлөрсөн ХАА, төрийн алба зэрэг нийтийн салбарт хөдөлмөрийн бүтээмж сул явж ирсэн.  

  • Сүүлийн 10 жилийн трэнд: 2015-2024 онд улсын хэмжээнд бүтээмж 21% өсөж жилийн ₮22.5 саяд хүрчээ. Хэдий уул уурхайн салбарын бүтээмж улсын дунджаас 2.5 дахин их байгаа ч 2015 онд ₮97.3 саяд хүрч байснаасаа 1.8 дахин буураад буй.

  • Өөр нэгэн онцлох үзүүлэлт нь 2022 оноос эхлэн санхүү болон даатгалын салбарын бүтээмж уул уурхайн салбарын бүтээмжийг давах болов. 

Гэхдээ… Монголчууд залхуу гэхээсээ илүү бүтээмжийн үзүүлэлт тухайн салбарын хөрөнгө оруулалт татах, технологи нэвтрүүлэлт, баялаг бүтээх чадварыг харуулж буй. Гэтэл манай улсын эдийн засаг баялаг бүтээх бус, уул уурхайгаас орж ирсэн мөнгийг дахин хуваарилах замаар он удаан жил явж ирсэн. Ядаж л жижиг, дунд бизнес эрхлэгчдийн баазаа өргөсгөх чиглэлд ажиллахгүй бол бүхэл бүтэн салбарын бүтээмжийг шууд нэмнэ гэж байхгүй. Ер нь тэгээд эргээд л “Монголд бизнес эрхлэх хэр билээ” гэх асуудал дээр бууж байгаа юм даа. 

💡 Таавар таацгаая. 

1999 оноос хойш романтик комеди төрлийн кинонуудад дүр бүтээж олноо танигдсан … нь 2008 онд өөр нэгэн жанрын кинонд бүтээсэн дүрээрээ 2009 оны Оскарын шилдэг туслах дүрийн жүжигчнээр тодорчээ. Харамсалтай нь тэрээр шагналаа хүртэж чадалгүй 2008 онд таалал төгссөн юм. Тэр хэн бэ? Таасан бол хариултаа бидэнтэй хуваалцаарай. ✌️

SCMP

🍋 Өмнөд Солонгосын тэргүүн хатагтай асан Ким Гён Хи авлигын хэргээр 20 сарын хорих ял сонслоо. Прокурорын зүгээс түүнийг нийт 3 хэрэгт буруутгаж 15 жилийн хорих ял, ₩2 тэрбумын торгууль ногдуулах хүсэлтийг шүүхэд гаргаад байсан ч 2 хэргийг цагаатгаж, зөвхөн Эв Нэгдлийн Сүм шашны байгууллагаас авлига авсан хэрэгт буруутгасан байна. Ийнхүү тус улсын түүхэнд анхны яллагдагч Ерөнхийлөгчийн гэр бүл төрөв. 

🍋 ҮХХ борлуулахад төлдөг 2%-ийн татварын асуудлаар холбогдох хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдав. Ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ ахлах бол Э.Болормаа, Х.Жангабыл, Г.Лувсанжамц тэргүүтэй УИХ-ын нийт 10 гишүүн бүрэлдэхүүнд ажиллахаар багтжээ. Тус ажлын хэсэг холбогдох судалгаа, дүн шинжилгээг хийхээс гадна иргэд, мэргэжлийн байгууллагуудаас санал хүсэлтийг авч хуулийн төсөлд тусгах нь.

🍋 Tesla (TSLA) 2 загварын цахилгаан автомашины үйлдвэрлэлээ зогсоож, оронд нь xAI-д $2 тэрбумын хөрөнгө оруулна. Энэ шийдвэр нь компанийн IV улирлын тайлангаар ашиг нь 61%-ийн алдагдалтай гарсан үетэй давхцаж буй бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс ихэд эсэргүүцсэн байр суурьтай байгаа. Урьд SpaceX ч мөн xAI-д адил дүнгээр хөрөнгө оруулсан юм.

🍋 Хүнсний хувьсгалын хүрээнд 2022-2025 онд 2,500 гаруй ААН ₮1.3 их наядын хөнгөлөлттэй зээл авчээ. Улмаар ААН-үүд шинээр 53 үйлдвэр ашиглалтад оруулан үр дүнд нь хүчин чадал нь доод тал нь 2 дахин нэмэгдэж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж эхэлсэн гэнэ. Хамгийн сүүлд Грийн групп хөнгөлөлттэй зээл авч Талын Монгол гоймонгийн экспортын үйлдвэрээ ашиглалтад оруулаад байгаа аж.

🍋 Америкчуудын валентины баярын зарцуулалт энэ онд өнгөрсөн оноос 5.8% өсөж $29.1 тэрбумд хүрэх төлөвтэй байна. Үүнээс хамгийн их буюу $7 тэрбумыг үнэт эдлэл худалдан авах, $6.3 тэрбумыг оройн хоол идэхэд зарцуулах бол бусад зардалд хувцас, цэцэг, чихэр зэргийг худалдан авах зардлууд багтжээ. Ийнхүү зөвхөн бэлэг худалдан авахад 1 хүн дунджаар $199.78-ыг зарцуулах төлөвтэй байгаа юмсанж.

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.