!!️ Дайн дээр дажин

AI шуурга санхүүчдийг дайрна | $MSE: ₮21.1 тэрбумын ашиг | Цэцийн шийдвэр

POWERED BY

Өглөөний мэнд! Өнөөдөр дэлхийн цоохор ирвэс хамгаалах өдөр тохиож байна. Цоохор ирвэс нь Монгол орны “Улаан ном”-д орсон дархан цаазтай амьтан бөгөөд дэлхий дээрх нийт ирвэсийн 20% нь Монголд амьдардаг аж. Судалгаагаар, 2100 он гэхэд дэлхий дээрх цоохор ирвэсийн одоогийн тархац нутгийн 39% нь алдагдах эрсдэлтэй гэж үзжээ. ❤️‍🩹 😥 

*Нэг өдрийн өөрчлөлт.

CC: Үндсэн Хуулийн Цэцээс УИХ-ын Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулсан чуулганы хуралдаан Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ.

MSE: Өнгөрсөн 5-р сард ₮12 их наяд болж унаад байсан зах зээлийн үнэлгээ өчигдрийн арилжааны дараа ₮13 их наядыг давав

UB: 2026-2028 онд Хог шатааж эрчим хүч гаргах үйлдвэрийг $205 саяар Морингийн давааны 10 га газарт барина.

⛽️ Шатахуун байна уу, хө!

Улс төр нь ороо бусгаа, дарга нарын суудал эзгүйн дээр хэсэг айл нь цахилгаангүй, хэдэн машин нь шатахуунгүй байна даа. XXI зуунд Улаанбаатарт Porsche машин уралдаанд биш шатахуун түгээх станц руу түрүүлж байхыг харлаа даа. 

‼️ Дайн дээр дажин

Энэ сарын 6-ны өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд нь “Бидэнд 30 хоногийн нөөц байна. Битгий сандралд, шатахуун огт тасалдахгүй” гэж ам өчиг өгч байв. Гэтэл 20 ч хоноогүй байхад байдал дордож зарим ШТС-д 2 км-н дугаарлалт үүсэв. Шалтгааныг нь иргэд шатахуунаа өмнө нь авдаг байсан хэмжээгээрээ биш банкаа дүүртэл нь аваад байна гэж тайлбарлах. 🤦‍♀️    

  • 🇲🇳 Хаданд хавчуулагдсан: Сүүлийн саруудад Украин Оросын эрчим хүчний байгууламжууд руу халдаж, 8-р сараас хойш 20 гаруй удаагийн халдлагаар нефть боловсруулах үйлдвэрүүдийг онилоод буй. Энэ нь Москвагийн дайныг санхүүжүүлж буй гол орлогын эх үүсвэрт дарамт үзүүлэх зорилготой. Гэтэл хоморгод нь бид өртөв. 

  • 😞 Байн байн байн тасалдана, бөн бөн бөн цухалдана: Ер нь Монголд жилдээ 1 удаа, ядах нь ээ 2 жилдээ 1 удаа шатахуун тасалддаг болоод удаж байна. 2 жилийн өмнө нийт шатахууны нөөц оны өмнөхөөсөө 42.4% буурч байлаа. Харин одоо байгаа АИ-92 шатахууны нөөц 2023 оны нөөцөөс ч бага. Гэтэл энэ хугацаанд хэдэн автомашин нэмэгдлээ дээ.  

📌 Гаргалгаа байна уу?

Үүсээд байгаа асуудлыг түрдээ Хятадын хаялгаар аргалах юм байх. 78 вагонд ачсан 4,680 тн АИ-92 шатахуун ирж байгаа гэнэ. Яваандаа Хятадаас авах АИ-92 шатахууныхаа хэмжээг 2 дахин нэмнэ гээд байгаа. Уг нь бид чинь жилдээ 3-4 сая баррель түүхий нефтийг урд хөрш рүү гаргачихдаг нөөцтэй улс. Гэсэн хэр нь ганц газрын тосны үйлдвэртэй болох гэж бараг 10 жил мунгинаж байна. Аргацаадаг биш шийддэг гаргалгаа хэрэгтэй байна даа. 

  • ✍️ Бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалъя гэнэ. (ЭЗХЯ)

  • 😈 JPMorgan-н өндөр ур чадвартай ажиллах хүч татах төлөвлөгөө. (Finimize)

  • ⚖️ Төсвийг хэр оновчтой байдлаар зарцуулж байна вэ? (Ikon)

  • ❤️‍🩹 Хөгжмөөр бие махбодын өвдөлтийг намдаахуй. (APNews)

📈 $MSE: Тайлан дагасан хувьцааны өсөлт

MSE: Өнгөрсөн III улиралд Монголын Хөрөнгийн Бирж ХК-ийн ₮6.6 тэрбумын борлуулалтын орлоготой ажиллаж, ₮23.7 тэрбумын хүүгийн орлого олсноор цэвэр ашгийн хэмжээ нь ₮21.1 тэрбумд хүрчээ. Хэдий энэ нь биржийн хувьд өндөр дүн ч гэлээ 2024 оны мөн үетэй харьцуулахад буурсан үзүүлэлт. Тодруулбал, тэдний борлуулалтын буюу үйл ажиллагааны орлого жилийн өмнөхөөсөө ₮4 тэрбум, хүүгийн орлого ₮2 тэрбум, цэвэр ашиг ₮4.6 тэрбумаар тус тус буурсан байна. Гэсэн хэдий ч өчигдрийн арилжаагаар $MSE-н нэгж хувьцааны үнэ 1.2% өсөж ₮274.6 дээр хаагдсан аж.

🌪️ AI шуурга санхүүчдийг дайрна

OpenAI-н зүгээс олон хоногийн хүч хөдөлмөр зарцуулж хийгддэг санхүүгийн моделийг хөнгөвчлөхөөр “Project Mercury” гэх төслийг хөгжүүлж эхэллээ. Нэг ёсондоо санхүүгийн салбарыг AI-н шуурга дайрахад тун ойртжээ.

🧠 Project Mercury

OpenAI энэхүү төслийг урагшлуулахаар Wall Street-н томоохон банкнуудад буюу Goldman Sachs (GS), JPMorgan (JPM), Morgan Stanley (MS)-д ажиллаж байсан 100 орчим банкир, санхүүгийн шинжээч нарыг ажилд аваад байна. Эдгээр мэргэжилтнүүдийг цагийн $150-оор цалинжуулж байгаа бөгөөд тэд AI-д зориулж prompts бичих, Microsoft Excel дээр суурилсан санхүүгийн моделиудыг боловсруулж буй аж.

👀 Ажлын байр аюулд орох уу?

Хэрэв “Project Mercury” зах зээлд амжилттай нэвтэрвэл AI-р IPO, компанийн санхүүгийн дахин зохион байгуулалт, leveraged buyout гэх мэт нарийн ажлуудыг хийлгүүлж болдог болно. Нөгөөтээгүүр, санхүүгийн салбарын ажлын байранд нөлөөлөх нь гарцаагүй ч одоогийн байдлаар хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна. Ямартай ч Morgan Stanley туршилтаар ашиглаад эхэлсэн гэнэ шүү.

🔎 OpenAI-н сонин хачин

Технологийн ертөнцийг шуугиулж яваа OpenAI-тай холбоотой мэдээ тасрахгүй үргэлжилсээр байна. Тухайлбал, компанийн зүгээс AI-н дэд бүтэцдээ зориулж $1 их наядын хөрөнгө оруулалт хийхээр  төлөвлөсөн ба “Stargate” хэмээх уг төсөлд Oracle (ORCL), SoftBank (9984.T), AMD (AMD), Nvidia (NVDA) зэрэг томчууд оролцож байгаа гэдгээрээ онцлог юм.

  • 🐝 Шинэхэн хөтөч: Өчигдөр OpenAI технологийн олон салбарт хүчтэй өрсөлдөх амбицаа дахин баталж, ChatGPT Atlas хэмээх AI веб хөтчөө танилцууллаа. Үүнээс улбаалан салбарын акул Chrome-г эзэмшигч Google (GOOG)-н нэгж хувьцааны үнэ 2.2% унажээ.  

Эцэст нь… ChatGPT 3 жилийн өмнө танилцуулагдаж, өдгөө долоо хоногт 800 сая хүн ашиглаж байна. Үүнээс харахад OpenAI дан ганц технологиас гадна бусад олон салбарт тэсрэлт хийх нь цаг хугацааны асуудал бололтой. 😵‍💫

19.4%
Өнгөрсөн сарын байдлаар улсын хэмжээнд 2024 оны мөн үеэс 19.4% их буюу 376 удаагийн мал хулгайлах гэмт хэрэг бүртгэгдсэн байна
187 
Үүнээс цагдаагийн байгууллага 187 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа аж. 
18-55 нас 
Тэгвэл энэ төрлийн хэргийг голчлон 18-55 насны ажилгүй эсвэл туслах малчид үйлдэж буй нь тогтоогджээ. 

Nippon

🍋 Японы анхны эмэгтэй сайд нар: Сангийн сайдаар Сацүки Катаяма, ЭЗ-ийн аюулгүй байдлын сайдаар Кими Оноода томилогдов. Угтаа Санаэ Такаичи Ерөнхий сайдаар томилогдохын өмнө ЗГ-таа Финланд лугаа тэн хагас нь эмэгтэй сайд томилохоор амлаж байсан ч ийн Шигэрү Ишибагийн түүхийг давтлаа. Сонирхуулахад, Япон энэ онд ДЭЗФ-ын жендерийн зөрүүтэй байдлын индексээр 148 улсаас 118-т жагссан. 

🍋 Нийтийн тээврийн төрөлжүүлэх санд энэ оны эхний 9 сарын байдлаар ₮29 тэрбумын орлого төвлөрөх тооцоотой байна. Үүнийг улсын төсвийн хөрөнгөөр авсан автобусны элэгдлийн зардлыг хураан төвлөрүүлэх бөгөөд цаашлаад энэ хөрөнгөөр шинэ автобус худалдан авах аж. Гэснээс өнгөрсөн оны 1-р сард авсан 600 автобусны элэгдлийн зардлаар нийт 41 автобус худалдан авсан гэнэ. 

🍋 Amazon (AMZN) нийт ажилтнуудынхаа 40% гаруйг буюу 500 мянга гаруй ажилтнаа роботуудаар орлуулна. Ингэснээр бүртгэгдсэн, савлагдсан, хүргэгдсэн бүтээгдэхүүн бүрээс ойролцоогоор $0.3 хэмнэж, 2033 он гэхэд борлуулалтын орлогоо 2 дахин нугалах тооцоо гарсан байна. Ийнхүү урт хугацаандаа тэд хүн багатай, бүрэн автомат агуулахуудынхаа тоог нэмж нийт үйл ажиллагааныхаа 75%-ийг автоматжуулах төлөвлөгөөтэй байгаа. 

🍋 Энэ оны эхний 9 сард цахим залиланд өртсөн иргэд нийт ₮53 тэрбумын хохирол амсжээ. Гэмт этгээдүүд хохирогчдын мөнгийг богино хугацаанд криптовалют болгон хөрвүүлэх хандлагатай байдаг бөгөөд одоогоор ₮3 тэрбум энэ байдлаар алдагдсан байж болзошгүй байгаа аж. Харин шуурхай дуудлага өгсөн 1,500 хохирогчийн алдсан ₮11.1 тэрбумд шилжилт хөдөлгөөний хязгаарлалт тогтоосон байна. 

Publisher: Ц.Анхбаяр
Editor: С.Ангирмаа
Writers: М.Хулан, Б.Эмүжин, Б.Эсүхэй
Graphics by: Ц.Цэлмэг

Reply

or to participate.